2023/12/14
2609.0 USD
-9c

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Хөвсгөл далайгаас татан гаргасан техникүүдээр музей байгуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан ЗХЖШ, ОБЕГ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, “Геомастер” компанийн хайгуул, судалгааны баг хамтран Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргаж, дууслаа. Алба хаагчид техник, хэрэгслүүдийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн юм. Хөвсгөл далайгаас татан гаргасан автомашин техникүүдийг орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгсөн бөгөөд дээрх техникүүдээр музей байгуулахаар төлөвлөөд байна.   Техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцож цаашид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв. 

Мөн тус ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, ЗХЖШ-ын Барилга, инженерийн цэргийн удирдах газрын холбогч, хурандаа М.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг, орон нутгийн холбогдох удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Танилц: Хөвсгөл далайн гүнээс татан гаргасан техникүүд

Ийнхүү эдгээр техник хэрэгслүүдийг татан гаргаснаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож далайг бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна. Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин км талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч бохирдуулах байжээ. Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Энэ их эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадсаныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолсон билээ.

 

Л.Сэмжид: 44 жилийн өмнө болсон явдал нүдэнд харагдаж байна

1981 онд Хөвсгөл нуурт живсэн УАЗ-469 маркийн автомашинд сууж явсан эмч, Тариалан сумын иргэн Л.Сэмжид энэ үеэр хүрэлцэн ирж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзлаа.  Тэрээр “44 жилийн тэртээ энэхүү харамсалтай үйл явдал болсон. Тухайн үед бид Ханх суманд урьдчилан сэргийлэх үзлэгээр явж байлаа.  Гэвч машин маань далайн хил рүү жолоочийн талаар нууранд цөмөрч орсон.   Би урд сууж явсан учраас үсэрч буугаад хойд хаалгаа онгойлгож, сувилагч, лаборант, машинд дайгдаж явсан нэг залууг гаргаад эргээд харахад машин минь орчихсон байсан.  Ёстой нүд эрмэхийн зуурт болдог юм билээ.   Манай машинд найман хүн сууж явсан түүний дөрөв нь машинтайгаа хамт живсэн дээ хөөрхий.  Өнгөрсөн жил машиныг татан гаргасан гэдгийг сонсоод энд ирсэн.  Гэхдээ уйлаад юм ярьж чадаагүй.  Амьд гарсандаа гутарч хэдэн жил явлаа.  Одоо л жаахан онгойж байна даа” гэж байв.

 

Ж.Чүлтэмсүрэн: Усчин дайчдад маань маш том сургууль болж, чадлаа

Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

 

-Хөвсгөл далай дээр дөрвөн жилийн хугацаанд явагдсан ажиллагаа амжилттай өндөрлөж байна.  Ажиллагааны нөхцөл байдал ямар байв?

-Далайг цэвэрлэх, экосистемийг хамгаалах ажил урд өмнө олон удаа яригдаж байсан. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг хангаж байдаг Хөвсгөл далайгаа цэвэрлэх үйлс бол хүн бүрийн эрхэм үүрэг байсан.  Олон жил яригдсан асуудал 2020 оноос биелэлээ олж Хөвсгөл далайн бохирдлыг арилгах, экосистемийг тэнцвэртэй байлгах, далайд живсэн хортой хог хаягдал буюу автомашин техникүүдийг зайлуулах, татан гаргах үүрэг даалгаврыг манай онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан.  Энэхүү ажлыг манай онцгой байдлын албаныхан, Зэвсэгт хүчний тодорхой анги салбар тухайлбал, 234 дүгээр ангийн усчин дайчидтайгаа хамтран амжилттай гүйцэтгэж дууслаа.  Мөн ҮБХИС-ийн цэргийн зөвлөх инженерүүд, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар маань манай ажиллагаанд оролцож, Хөвсгөл далайн гүнээс Сүхбаатар онгоц болон 11 техник хэрэгслийг татан гаргаж чадлаа.

-Хүндрэл бэрхшээлтэй олон тулж байв уу?

-Алхам тутамдаа эрсдэлтэй нүүр тулж байсан. Гэвч өнөөдөр ард нь гарсныг харах сайхан байна.  Эрдэмтэн багш нар маань маш нарийн тооцоо судалгаа хийсэн. Түүнийгээ 50-200 хувь багасгасан хувилбар гаргаж туршилтуудыг хийж байлаа.  Тэгээд туршилтынхаа дагуу дэлхий дахинд татан гаргах ажиллагааг зохион байгуулдаг татан гаргах ажиллагааны технологийн картыг  ашиглаж, монгол орныхоо онцлогт, яг өөрсдийн ашиглаж чадах боломжит машин техникийг тооцож, технологийн картыг батлуулсан.  Энэ технологийн картын дагуу татан гаргах ажиллагаа ямар нэгэн эрсдэлгүй, осол авааргүй амжилттай болсныг тэмдэглэх нь зүйтэй.

-Монголд анх удаа явагдсан ажиллагаа гэж ойлгосон.  Энд ажилласан албан хаагчдын туршлага нэлээд зузаарсан байх?

-ЗХЖШ, ОБЕГ-ын усчин дайчдад маань маш том сургалт дадлага боллоо.  Цаашид энэ чиглэлд хаана ч, хэзээ ч үүрэг гүйцэтгэх боломжтой. Туршлагатай баг хамт олон бүрдүүлж  чадсандаа баяртай байна.  Хамгийн эхлээд бид Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан.  Маш хүнд жинтэй. Оосорлогооны асуудал амаргүй байв.  Бидний ажиллагаа далайн ил харагдах түвшинд хийгддэггүй.  Дандаа усны мандлын гүнд явагдаж байгаа учраас нэг хийгдсэн оосорлогоог усчин аврагч минь дахин дахин усны гүнд камертай орж шалгадаг.  Тэгээд хийсэн оосорлогоогоо инженерүүд багийнхантайгаа ярьж зөвлөж байгаад татах эсэхээ шийдэж, команд хэрэгжүүлнэ.  Татах командын үед ч маш олон эрсдэлүүд бий.  Оосор тасрахаас эхлээд бидний ажиллагаанд янз бүрийн л асуудал тулгарч байв.   Сүхбаатар хөлөг онгоцны өөрийн жин гэхэд 309 тонн.  Усан дор байрлах эзлэхүүний жин нь 1200 тонн.  Энэ объектыг хэрхэн татан гаргах вэ гэдэг тооцоо судалгааг хийж хамгийн хүчтэй чадалтай текникүүдийн судалгаа хийсэн.  Тэгэхэд уул уурхайн тоног төхөөрөмжөөс эхлээд 60 гаруй эксковартор, бульдозерыг ашиглах тооцоо гарч байсан.  Гэтэл энэ орчинд тэр олон техникийг байрлуулж ашиглах ямар ч боломж байхгүй.  Манай инженер, эрдэмтэд гарц гаргалаа гаргаж, цэргийн татах чадвартай, өөр дээрээ хүч нэмэгдүүлдэг зарчимтай чирэгчийг бүтээж ашигласан.  Гурван чирэгч маань өөр дээрээ 200 гаруй тонн татах хүчин чадалтай юм. Таталтын явцад Сүхбаатар хөлөг онгоцыг  13 см хөдөлгөөнд оруулахад байрнаас нь хөдөлгөж чадлаа гэж манай эрдэмтэн судлаачид үзэж байсан.  Яагаад гэхээр далайн ёроолд олон жил болсон техникийг нэг хөдөлгөөн оруулсан байхад дараагийн удаад татахад жин арай хөнгөрсөн байна гэж үздэг.  Ер нь бүх тооцооллыг манай эрдэмтэн судлаачид, инженерүүд багш нар минь өдөр тутамд хийж, гүйцэтгэж байлаа. Ингэсний хүчинд 36 жил далайн ёроолд байсан хөлөг онгоцоо ажиллагаа эхэлснээс хойш 36 дахь хоног дээр татан гаргаж байсан.

-“Сүхбаатар” хөлөг онгоцноос хойш явагдсан ажиллагаануудын талаар тодруулахгүй юу?

-Энэ жилийн хувьд далайд живсэн зарим автомашин техникүүдийг гаргасан. Харин өнгөрсөн жил хамгийн эрсдэлтэй буюу шатах тослох материал ачиж явж байгаад живсэн цистерн маркийн автомашиныг гаргасан байгаа.  Хайгуул судалгааны ажлыг “Геомастер” компанийнхан маань явуулж, эрсдэл бүхий техникийн байршлуудыг илрүүлдэг.  Тэр дагуу манай багийнхан татан гаргах ажиллагаагаа явуулна.  Хөвсгөл далайд живсэн техник хэрэгслүүдийн тухай янз бүрийн тоо мэдээлэл бий.  60 орчим ч гэж ярьдаг.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд санаачлага гарган энэ чиглэлийн судалгаа хийлгэж, тал талын оролцоотой форум зохион байгуулсан.  Энэ форумаас зөвлөмж гарсан.   Энэ зөвлөмжийн хэрэгжилтийг  бид амжилттай хэрэгжүүлж, 33.4-171 метрийн гүн хүртэл нийтдээ 11 объектыг татан гаргалаа.

-Гаргасан техникүүдийг орон нутгийн мэдэлд өгч байгаа юм байна?

-Тийм ээ. Хөвсгөл далай маань Байгал далайд цутгаж байна.  Дэлхийн цэнгэг усны нөөцийн бүрдүүлдэг энэ цэнгэг нуураа ямартай ч цэвэрлэж чадлаа.   Одоо иргэд маань хариуцлагатай байх хэрэгтэй.  Далай дээр өвлийн нөхцөлд цөмрөх эрсдэл их байна.  Нэгдүгээрт, амь насаа хамгаалах, хоёрдугаарт, эд хөрөнгөөрөө хохирох, гуравдугаарт, дэлхийн цэнгэг усны нөөцийг хамгаалах ухамсартай байх хэрэгтэй. Далай дээгүүр тээвэр хийхгүй, бохирдуулахгүй байх энэ ажилд иргэн бүр онцгойлон анхаараарай гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)