2023/12/14
2609.0 USD
-9c

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Үндэсний бүтээгдэхүүнүүд Төв Азийн орнуудыг “зорьдог” болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөлөө.  Айлчлалын сүүлийн өдөр  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан байна.  Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзжээ.

Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ  хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм.Одоогоор манай улсын  10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо. Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм. “Таван богд солюшнс” ХХК, “Монгол базальт” ХК, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс”  зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ, хэлцэл хийсэн байна.Тухайлбал, эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг “NURA” төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо.

“Монгол Базальт” ХК, “Базальт Узбекистан” групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45 мянган тонн юм.

Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм.

 Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа.Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг  экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо  сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг  арилгах шийдэмгий алхам авч байна.Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ.2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 127 (7371)