Төмөрбаатарын БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонины Улс төр, шуурхай мэдээллийн албаны дарга

2009 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Сэтгүүл зүйн магистрант.

-Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Урлаг, соёлын албаны сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж, тус сонинд 12 дахь жилдээ ажиллаж байна.

-Улс төрийн чиглэлээр нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэн ажиллаж байна. Сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд илүү сонирхолтой.

-Алдар хүндтэй 50 эрхмийн тухай “Бид жолоочийн хүүхдүүд” номын редактораар ажиллаж байсан.

-“Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” шагналтай.

-Сонгодог урлагт дуртай. “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатарын үнэнч сонсогч.

Я.Батсуурь: Улсын баяр наадамд монгол адууны стандартад нийцсэн монгол морьд уралдах ёстой

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Я.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар баяр наадмын хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжсэн байна. Харин та бүхэн үүнийг эсэргүүцэж байгаа. Анхнаасаа танай холбооныхноос санал аваагүй юм уу?

 -Одоогоор биднээс албан ёсоор санал аваагүй байна. Зохион байгуулах хорооноос дэмжсэн шийдвэрээ Засгийн газарт өргөн барих ёстой. 2022 онд Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн 10.1-д Үндэсний их баяр наадмаар Монгол адууны стандартад нийцсэн, зургаан насны морьдын уралдаан зохион байгуулна гэсэн заалт тусгаж өгсөн.  Гэвч хуулийн хэрэгжилт одоог хүртэл биелээгүй. Монгол адууны стандартаа өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж, батлагдаагүй байна.

Уг нь стандартыг яаралтай тогтоож, хуулийг хэрэгжүүлэх ёстой байсан ч холбогдох байгууллагууд, ялангуяа салбарын яам болон холбоодын зүгээс “Их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай” гэх шалтгаанаар асуудлыг хойшлуулсаар дөрвөн жилийн хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд түр журам хэрэгжиж, адууг сэрвээний өндрөөр нь ялган уралдуулах аргачлал ашиглаж байна.

Гэвч бодит байдал дээр энэ нь төдийлөн оновчтой шийдэл болж чадаагүй.  Баяр наадамд уралдах адууны тоо буурч, эрлийз адуу давамгайлах хандлага ажиглагдаж байна. Ялангуяа сэрвээний өндрөөр ялгах шалгуур нь намхан биетэй эрлийз адуунд илүү тохирч, зарим том биетэй болон жинхэнэ монгол адуу шахагдах нөхцөл үүсээд байна. Анх түр хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ түр зохицуулалтын хугацаа аль хэдийн дууссан. Өнгөрсөн хугацаанд Монгол адууны стандартыг баталж, хууль хэрэгжих ёстой байсан ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй хэвээр байна.

-Яагаад хуулиа хэрэгжүүлэхгүйгээр 3-4 жил болсон юм бэ. Монгол адууны стандартыг хаанаас, хэрхэн батлах ёстой вэ?

-Монгол адууны стандартыг батлах үүрэг ХХААЯ-ны харьяа мэргэжлийн байгууллагуудад ногддог. Тухайлбал, эдгээр холбогдох байгууллагууд энэ ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулж, батлуулах ёстой. Стандартыг тогтоох аргачлал нь тодорхой. Улсын хэмжээний 300 гаруй сумын адуунаас төлөөлөл сонгон авч, сум бүрээс тодорхой тооны адууны цусны дээж цуглуулж, ДНК-ийн шинжилгээ хийх шаардлагатай. Ингэснээр Монгол адууны генетикийн нийтлэг онцлог, дундаж үзүүлэлт бүхий үндэсний хэмжээний стандарт бий болно. Өөрөөр хэлбэл, ямар адуу жинхэнэ Монгол адуу вэ гэдгийг гадаад төрх, сэрвээний өндрөөр бус, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ДНК-ийн түвшинд тогтоох боломж бүрдэх юм.  Үүний дараа баяр наадамд уралдах хурдан мориноос дээж авч, тогтоосон стандарттай нийцэж байгаа эсэхийг шалгах замаар оролцоог нь шийдэх нь хамгийн бодит, маргаангүй шийдэл юм. Энэ нь спортын допингийн хяналттай адил, ил тод эцсийн шалгуур болж чадна.  Өмнө нь энэ стандартыг батлах ажлыг эхлүүлж,  улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт авч байсан удаатай.  Гэвч зарим нэг албан тушаалтны буруу үйлдлээс болж,  адууны цусны дээж авах, шинжлэх ажлыг хангалттай түвшинд зохион байгуулаагүй.  Авсан дээжийг шаардлага хангахгүй нөхцөлд хадгалсны улмаас чанар нь алдагдаж, дахин дээж авах шаардлага үүссэн гэх мэдээлэл ч бий. Энэ нь нэг талаас стандарт тогтоох ажлыг зориудаар саатуулсан ажил болсон гэж үзэж байна.  Нөгөө талаас улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан ноцтой асуудал хөндөгдөж байгаа. Иймээс Монгол адууны стандартыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр яаралтай баталж, хуулийн хэрэгжилтийг хангахгүй бол өнөөгийн маргаантай, будлиантай байдал цаашид ч үргэлжлэх эрсдэлтэй байна.

-Та стандарт тогтоох ажлыг зориудаар хойшлуулж байна гэлээ. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв?

-Нэгдүгээрт, энэ хугацаанд салбар хариуцсан албан тушаалтнуудын түвшинд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэх үндэслэл бий. Тодруулбал, морь уядаг, тэр дундаа эрлийз адуу уралдуулдаг хүмүүс бодлого тодорхойлох түвшинд ажиллаж, өөрсдийн оролцоо бүхий салбарт шийдвэр гаргасан нь зохисгүй байдал бий болгосон. Үүний улмаас хуулийн хэрэгжилтийг санаатайгаар удаашруулсан байх магадлалтай. Энэ нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хүрээнд хөндөгдөх ноцтой асуудал юм. Нөгөө талаас, эрлийз адуу уралдуулдаг, санхүүгийн боломж өндөртэй хэсэг бүлгийн нөлөө, лобби бодлогын шийдвэрт нөлөөлсөн дүр зураг ажиглагдаж байна. Ер нь үр дагавар нь  өнөөдөр ч ил тод байна. Монгол адуу баяр наадамд уралдах боломж хумигдлаа. Хөдөө орон нутгийн малчин, уяачдын хувьд эрлийз адуутай, монгол морьдоо уралдуулах боломж бараг үгүй шүү дээ. Түүнчлэн баяр наадмын үеэр сэрвээний өндрөөс үүдэлтэй маргаан тасрахгүй үргэлжилж, уралдаанаас олон морь хасагдах үзэгдэл хэвийн мэт болсон. Бүтэн жилийн хөдөлмөрөөр бэлтгэсэн морь нь наадмын талбай дээр шалгуурт нийцэхгүй хэмээн хасагдаж буцах нь уяачдын итгэл, оролцоог сулруулж байна. Наадамд уралдах хурдан морины тоо ч мэдэгдэхүйц буурсан. Өмнө нь улсын наадамд хэдэн зуугаараа, заримдаа мянга давсан тооны морьд уралддаг байсан бол өнөөдөр зарим аймаг сумдын наадамд арван морь уралдах тохиолдол ч гарч байна. Энэ бүхэн нь салбарын яамны бодлого үйл ажиллагаа сул батлагдсан  хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагийн сөрөг үр дагавар шүү дээ. 

-Цаашлаад Монголын морин уралдааны өв соёл алдагдаж, бүдгэрсээр байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, харамсалтай нь бүдгэрсээр байна. Үүнд нөлөөлж буй томоохон хүчин зүйл нь монгол адууг үржүүлж, ашиглаж ирсэн уламжлалт соёл өөрчлөгдөж байна. Өмнө нь орон нутгийнхан адуугаа унаж эдэлдэг, аж ахуйдаа ашигладаг, уяж уралдуулдаг байсан бол өнөөдөр энэ уламжлал алдагдаж байна.  Хэрэв энэ чиг хандлага үргэлжилбэл тодорхой хугацааны дараа монгол адууны тоо толгой эрс цөөрөх, цаашлаад монгол адууны ген алдагдах аюул бодитоор тулгарч байна. Одоогийн байдлаар нийт адууны 20 гаруй хувь нь эрлийзжсэн гэх тоо ч яригдаж байна.  Энэ байдал 10–20 жил үргэлжилбэл монгол адуу генийн хувьд устах эрсдэл тулгарч байна. Ер нь эрлийзжүүлэг, үржлийн ажил нь дурын хүн хийдэг зүйл биш. Хуулийн дагуу мэргэжлийн байгууллага судалгаа, туршилтад үндэслэн зохион байгуулж, үр дүнг баталгаажуулсны дараа түгээх ёстой, нарийн зохицуулалттай үйл ажиллагаа юм. Гэтэл бодит байдал дээр хэн дуртай нь гаднаас адуу оруулж ирэн, эрлийзжүүлж байгаа нь генетикийн нөөцөд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Бусад салбарт ийм эрсдэлийг хатуу хянадаг. Тухайлбал, гаднаас загас оруулж ирж нутагшуулах асуудалд дотоодын загасны генетикийн нөөцийг хамгаалах үүднээс өндөр шаардлага тавьж, хуулиар хязгаарласан байдаг. Харин адууны хувьд ийм хяналт сул байгаа нь анхаарал татаж байна. Энэ бүхэн нь монгол банхар нохойн хувь заяаг давтагдаж  байна. Тиймээс монгол адууны генетикийн нөөцийг хамгаалах, стандартыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

-Ер нь сэрвээний өндрийг нэмэх лобби нөлөө хүчтэй явж байна гэж ойлголоо. Баяр наадам зохион байгуулах хорооны гишүүдийн олонх  дэмжсэн. Засгийн газрын хуралдаанд хараахан орж амжаагүй байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Засгийн газар холбогдох шийдвэр гаргахдаа Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны санал, байр суурийг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Хэрэв бидний санал, хүсэлтийг үл харгалзан шийдвэр гаргавал бид эсэргүүцлээ илэрхийлж, шаардлагатай тохиолдолд тэмцлийн хэлбэрийг ч ашиглана. Морьтой жагсана.  Харин манай холбооны санал, байр суурийг тусган, зөв, шударга шийдвэр гаргавал бид төр засагтайгаа хамтран ажиллахад бэлэн байна. Бидний гол зорилго бол Монгол наадамд жинхэнэ монгол морио уралдуулж, үндэсний өв соёлоо хамгаалах явдал юм. Энэ зорилгын төлөө бид бүх боломж, нөөцөө дайчилж, тууштай ажиллах болно.

- Үүнээс гадна хаврын морин уралдааныг сэргээх ёстой гэдэг асуудал нэг хэсэг яригдлаа шүү дээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хаврын морин уралдааныг сэргээх асуудлыг зарчмын хувьд бид дэмжинэ. Монголын уламжлалт өв соёлын нэг хэсэг учраас тодорхой нөхцөл, зохицуулалтын дор сэргээх боломжтой гэж үздэг. Гэхдээ хамгийн гол нь хүүхдийн аюулгүй байдал. Уралдаанд оролцож буй хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавих ёстой. Үүний тулд оролцогчдын нас, биеийн онцлогт тохирсон шалгуур тавих, хамгаалалтын шаардлагыг бүрэн хангах зэрэг зохицуулалтыг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэв аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангаж чадвал хаврын морин уралдааныг зохистой байдлаар сэргээж болно. Харин аливаа шийдвэрийг гаргахдаа аюулгүй байдал, хууль, дүрэм журмыг чанд мөрдөх нь хамгийн чухал юм.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-тэй болж байгаа. Гэвч бид хуулиа хэрэгжүүлж, Монгол адууны стандартаа баталж чадаагүй байгаа нь жаахан харамсмаар санагдлаа?

-Төрийн тэргүүн Монгол адууны үнэ цэн, өв соёлыг олон улсад таниулах, “Дэлхийн адууны өдөр”-ийг бий болгох чиглэлд идэвхтэй ажиллаж байгаад бид гүнээ талархаж, бүрэн дэмжиж байна. Монгол адуу бол зөвхөн бахархах, тэмдэглэх зүйл биш, харин генетикийн хувьд цэвэр хадгалагдах ёстой үндэсний үнэт өв юм. Хэрэв бид дотооддоо адууны генетикийг хамгаалах, зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол Монгол адууны онцлог алдагдаж, бусад үүлдэртэй хэт холилдох эрсдэл бий.  Тэгэхээр “Дэлхийн адууны өдөр”-өөр бид зөвхөн бахархах бус, түүнийг хамгаалах, өсгөн үржүүлэх, уламжлалт онцлогийг нь хадгалж үлдэх үүргээ ч давхар ухамсарлах ёстой. Монгол морио унаж, уралдуулж, өв соёлоо хадгалах нь зөвхөн баяр ёслолын утга бус, харин үндэсний дархлаа юм. Иймд бид энэхүү санаачилгыг бүрэн дэмжиж байгаа. Цаашид ч монгол адууны өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулан ажиллана. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 57 (7799)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn