Төмөрбаатарын БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонины Улс төр, шуурхай мэдээллийн албаны дарга

2009 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Сэтгүүл зүйн магистрант.

-Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Урлаг, соёлын албаны сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж, тус сонинд 12 дахь жилдээ ажиллаж байна.

-Улс төрийн чиглэлээр нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэн ажиллаж байна. Сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд илүү сонирхолтой.

-Алдар хүндтэй 50 эрхмийн тухай “Бид жолоочийн хүүхдүүд” номын редактораар ажиллаж байсан.

-“Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” шагналтай.

-Сонгодог урлагт дуртай. “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатарын үнэнч сонсогч.

Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.  Энэ удаа Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаярыг урьж, ярилцлаа.

 

-Навигацийн үйлчилгээг шинэ шатанд гаргах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Манай нисэхийн салбарт ямар ач холбогдолтой ажил болж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Юуны өмнө Монгол Улсын иргэний нисэхийн салбар, тэр дундаа агаарын навигацийн үйлчилгээний түүхээс товч дурдмаар байна. Манай иргэний нисэхийн салбар 100 жилийн түүхээ өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэртээ 1925 онд Монгол Улсад анхны онгоц газардсанаар нисэхийн салбарын хөгжил эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд манай салбар алдаа, оноотой ч тасралтгүй хөгжиж ирсэн. Нисэхийн үйл ажиллагаанд агаарын тээвэрлэгч, нисэх баг, инженер техникийн ажилтнууд, нисэх буудал, аэродромоос гадна хамгийн чухал нь агаарын навигацийн үйлчилгээ байдаг. Агаарын навигацийн үйлчилгээ гэдэг нь нисэх онгоцыг А цэгээс Б цэг хүртэл аюулгүй, найдвартай хүргэхэд чиглэсэн цогц үйлчилгээ юм. Үүнд, нислэгийн чиглэл тодорхойлох, байршил тогтоох, буулт, хөөрөлтийг удирдах, нислэгийн удирдагчийн зааварчилгаа өгөх зэрэг багтдаг.

Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрч буй онгоцнууд манай навигацийн үйлчилгээг ашиглан байршлаа тогтоож, чиглэлээ баримжаалж нисдэг. 1996 оноос өмнө манай улс Мөрөн, Улаанбаатар, Сайншанд гэсэн гурван сектороос нислэгийг удирддаг байсан. Харин 1996 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд навигацийн системийг шинэчилж, тоон технологид шилжсэнээр Улаанбаатар хотын нэгдсэн удирдлагын төвөөс бүх нислэгийг хянаж эхэлсэн байдаг.  Ингэснээр аюулгүй ажиллагаа эрс сайжирсан, нислэг хоорондын зай 150 км орчим байсан бол зохицуулалттай болсон. Харин 2009 онд радарын буюу бодит ажиглалтын системийг нэвтрүүлснээр, нислэгүүдийг шууд хянах боломж бүрдэж онгоц хоорондын зай 150 км-ээс 30 км хүртэл буурсан. Ингэснээр Монгол Улсын агаарын замын багтаамж эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улс долоон радар, олон төрлийн навигацийн системийг үе шаттай нэвтрүүлснээр 2019 оноос өдөрт дунджаар 450–500 транзит нислэг хүлээн авч, удирдах чадвартай болсон.Манай улсын газарзүйн байршил нь Ази, Европ, Америкийг холбосон хамгийн дөт, аюулгүй агаарын замд байрладаг нь энэ салбарын стратегийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.

-Монгол Улсын агаарын замыг хамгийн ашигтай, дөт чиглэл гэж ярьдаг.  Гэтэл бид үүнийг эдийн засгийн ач холбогдлоор нь бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу?

- Монгол Улсын агаарын зам эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. 2019 оны байдлаар манай улс өдөрт дунджаар 450–500 орчим нислэгийг агаарын орон зайгаар нэвтрүүлж, агаарын навигацийн үйлчилгээний орлого 380–400 тэрбум төгрөгт хүрч, салбарынхаа оргил үед хүрсэн байдаг. Гэхдээ олон нийт нэг зүйлийг буруу ойлгох нь бий. Монгол Улс агаарын замаа “түрээсэлж” ашиглуулдаг мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ 1989 онд манай улс Чикагогийн конвенцид нэгдэн орсноор агаарын орон зайг ашиглах нь өөрөө үнэ төлбөргүй, харин навигацийн үйлчилгээ үзүүлсний төлбөрийг тухайн улс авдаг зохицуулалттай болсон. Өөрөөр хэлбэл, орлого нь тээврийн замаас бус, үйлчилгээний чанараас хамаардаг гэсэн үг. Тиймээс агаарын навигацийн үйлчилгээ найдвартай, аюулгүй байх тусам тухайн улсын агаарын замыг сонгох нислэгийн тоо нэмэгддэг. Монгол Улс энэ чиглэлд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, технологио шинэчилснээр бүс нутагтаа чухал байр суурийг эзэлж чадсан. Гэвч дэлхий нийтийн нөхцөл байдал манай салбарт хүчтэй нөлөөлсөн. 2019 онд оргил үедээ хүрсэн өнгөрөлтийн нислэг цар тахлын улмаас 40 гаруй хувиар буурсан. Үүнээс хойш сэргэлт эхэлж байсан ч  Орос Укрианын дайны нөлөөгөөр байдал дахин хүндэрч, нислэгийн урсгал 80 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй байна. Өмнө нь Азиас Европ, Америк руу чиглэсэн ихэнх нислэг Монголын агаарын орон зайг дайран өнгөрөөд Оросын нутаг дээгүүр үргэлжилдэг байсан бол геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ чиглэл хаагдаж, онгоцнууд урт тойрог зам сонгох болсон. Тухайлбал, Монголын урд талаар тойрч, Казахстанаар дамжин нисэх маршрутууд нэмэгдсэн нь хугацаа, түлшний зардлыг өсгөж, эдийн засгийн хувьд ашиг багатай болсон. Гэхдээ Монгол Улсын газарзүйн давуу байдал тодорхой хэмжээнд нөлөөгөө алдсан мэт харагдаж болох ч энэ нь түр зуурын нөхцөл байдал юм. Хэрэв олон улсын нислэгийн урсгал хэвийн болж, бүс нутгийн агаарын орон зай бүрэн нээлттэй болбол Монгол Улс дахин хамгийн дөт, үр ашигтай агаарын коридорын нэг хэвээр байх бүрэн боломжтой.

-Ер нь бүс нутгийн нөхцөл байдал сайжирвал бид агаарын тээврийн салбар дахь нөлөөгөө хадгалж үлдэж чадна биз дээ?

-Тийм ээ. Одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөж, бүс нутгийн геополитикийн асуудал намжсан тохиолдолд Монгол Улс өмнөх орлогын түвшиндээ эргэн хүрэх бүрэн боломжтой. Өнгөрсөн хугацаанд бид 20 орчим агаарын тээвэрлэгчтэй уулзаж, Монголын агаарын орон зайгаар дамжин нисэх сонирхол өндөр хэвээр байгааг баталгаажуулсан. Мөн Оросын нутгаар дайран өнгөрөх Транс-Сибирийн чиглэлийн тодорхой хэсгийг ашиглаад, цааш Казахстан руу холбогдох богино маршрут бий болгох боломж бий.  Гэхдээ одоогоор энэ чиглэл нээлттэй бус байна. Ер нь Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төвийн зүгээс нөхцөл байдал, ойлгомжгүй амаргүй байна гээд зүгээр суугаагүй. Харин ч судалгаа, төлөвлөлтөө эрчимжүүлж, дэд бүтцээ сайжруулах, агаарын навигацийн багтаамжаа нэмэгдүүлэх чиглэлд бодит ажил хийж байна. Саяхан Франц улсад айлчилж, Францын хамтын ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.  Энэ  төсөл нь салбарын хүчин чадлыг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой. Өмнө нь өдөрт 450–500 нислэг хүлээн авч байсан бол цаашид 1500 хүртэл нислэгийг нэвтрүүлэн өнгөрүүлэх боломж бүрдэхээр тооцож байна.Агаарын навигацийн төв нь Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх бүх нислэгийг удирдах, хянах, зөвшөөрөл олгох стратегийн чухал ач холбогдолтой объект юм. Ийм төв нь олон улсын стандартаар үндсэн болон нөөц буюу хоёрдогч удирдлагын төвтэй байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотод баригдаж буй шинэ навигацийн төвийн барилга маань 2026 оны есдүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Тус барилгад Францын төслийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулагдаж, системийн найдвартай ажиллагаа, тасралтгүй байдлыг бүрэн хангана. Мөн үндсэн төвөөс гадна Дорноговь аймгийн Сайншанд хотод хоёр дахь, нөөц навигацийн төвийг байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр агаарын навигацийн салбар шинэ шатанд гарч Монгол Улс өдөрт 1500 хүртэл нислэгийг агаарын орон зайгаар нэвтрүүлэн удирдах хүчин чадалтай болно.  Бидний навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой гэж тооцоолж байна.

-Ер нь агаарын навигацийн салбарын дэд бүтцийг сайжруулахад Франц улс тэргүүлж байна уу.  Яагаад тус улстай хамтрах болсон юм бэ?

-Ерөнхийдөө энэ төсөл нь зөвхөн дэд бүтцийг сайжруулах бус, хүний нөөцийн чадавхыг давхар бэхжүүлэх цогц хөтөлбөр юм. Төслийн хүрээнд 50 нислэгийн удирдагч, 10 орчим инженер, техникийн ажилтныг бэлтгэхээр төлөвлөсөн. Францыг сонгосон шалтгаан нь ч тодорхой. Тус улс агаарын навигацийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд технологи, сургалтын тогтолцооны хувьд өндөр түвшинд хүрсэн. Иймд Засгийн газрын шийдвэрээр Францын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, төслийг хэрэгжүүлэхээр болсон. Олон улсын стандартдаа хоёр төвтэй байх шаардлагыг гишүүн орнуудад тавьдаг. Учир нь аливаа эрсдэл болох газар хөдлөлт, техникийн саатал зэрэг нөхцөл үүсэхэд нөөц төвөөс нислэгийн удирдлагыг тасралтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс агаарын орон зайгаа хоёр бүс болгон хувааж, хоёр төвөөс зэрэг удирдах, эсвэл нэг төвд асуудал гарсан тохиолдолд нөгөөгөөр нь бүрэн орлуулах боломжтой болж, найдвартай ажиллагаа эрс сайжирна гэсэн үг. Хоёр дахь төвийг байгуулах байршлыг сонгох судалгааг 2015 оноос эхлүүлж, дэд бүтэц, амьдрах орчин, газар хөдлөлтийн идэвхжил зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр 2018 онд Дорноговь аймаг 98 хувийн үнэлгээгээр шалгарсан. Гэвч тухайн үед орлого буурч, хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсанаас төсөл түр саатсан. Харин олон улсын зах зээлд агаарын навигацийн автомат систем нийлүүлдэг томоохон компаниуд болох “Thales Group” болон “Indra Sistemas”-тай хэлэлцээ хийсний дүнд Францын тал илүү өргөн хүрээтэй, цогц шийдэл санал болгосон юм. 

-Төсөл амжилттай хэрэгжиж мөн геополитикийн нөхцөл байдал сайжирвал дээрх орлогыг төвлөрүүлэх боломжтой болох нь.  Тийм үү?

-Тийм ээ.  Геополитикийн саад бэрхшээл арилсан тохиолдолд Монгол Улс агаарын навигацийн үйлчилгээний орлогоос жилдээ нэг их наяд төгрөгөөс давсан, цаашлаад 1.5 их наяд төгрөгт хүрэх бүрэн боломжтой юм.  Эдийн засгийн ач холбогдлын хувьд уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээнд яригдах потенциалтай. Гэхдээ бидний хувьд зөвхөн дайн, олон улсын нөхцөл байдал сайжрахыг хүлээх бус, одоогийн нөхцөлд ч гарц шийдлүүдийг эрэлхийлж байна. Тухайлбал, БНХАУ-тай агаарын шинэ гарц нээх асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Говь-Алтай аймгийн Цээл орчимд агаарын “хаалга” буюу шинэ нэвтрэх цэг нээх санал дэвшүүлээд байна. Энэ гарц нээгдсэнээр Монголын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэгийн урсгал нэмэгдэх боломж бүрдэнэ. Энэхүү асуудал нь зөвхөн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдэгдэхээс гадна улс төрийн түвшний ойлголцол, дэмжлэг чухал нөлөөтэй байдаг. Нөгөө талаас ОХУ-тай хийж буй хэлэлцээрүүдийн хүрээнд Москва–Улаанбаатар чиглэлийн нислэг болон цаашдын агаарын урсгалыг холбох боломжийг судалж байна. Хэрэв эдгээр хэлэлцээ амжилттай хэрэгжвэл Монголын агаарын замыг ойролцоогоор 1200 км орчим маршрутаар Казахстан руу холбогдох шинэ хувилбар нээгдэх боломжтой. Ингэснээр Монгол Улс зөвхөн дайн дуусахыг хүлээх бус, өөрийн байрлал, дэд бүтэц, бодлогын давуу талаа ашиглан шинэ гарцууд нээх, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Харин олон улсын нислэгийн урсгал бүрэн хэвийн болж, бүс нутгийн агаарын орон зай нээгдсэн нөхцөлд манай улс жилдээ 1–1.5 их наяд төгрөгийн орлого олох бүрэн боломжтой бөгөөд энэ нь эдийн засгийн бүтцэд жинтэй хувь нэмэр оруулах стратегийн салбар болохыг харуулж байна.

-Танай салбарт улс төрийн нөлөөлөл нэлээд их байдаг.  Энэ нь дээрх төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээнд хэрхэн нөлөөлөх бол?

-Иргэний нисэхийн салбар тодорхой хэмжээнд улс төрийн нөлөөнд өртөх нь бий. Засгийн газрын бүрэлдэхүүн солигдох, удирдлагын түвшинд өөрчлөлт орох үед зарим томоохон төсөл, хөтөлбөрүүд саатах эрсдэл гарч байсан тохиолдлууд ч бий. Харин энэ удаагийн төсөл дээр ийм эрсдэл бага гэж үзэж байна. Учир нь уг төсөл нь хоёр улсын Засгийн газар хоорондын албан ёсны гэрээгээр баталгаажсан, хэрэгжилт нь аль хэдийн эхэлсэн цогц хөтөлбөр юм. Ийм төрлийн төслийг дур мэдэн зогсоох эрх зүйн болон бодлогын үндэслэл байхгүй. Түүнчлэн эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй, стратегийн ач холбогдолтой учраас улс төрийн нөлөөллөөс ангид хэрэгжих боломжтой гэж харж байна. Ер нь нисэхийн салбарт улс төр тодорхой хэмжээнд нөлөөлдөг ч олон улсын хатуу дүрэм, стандарт үйлчилдэг онцлогтой. Тиймээс эцсийн дүндээ мэргэжлийн хүмүүсийн оролцоо, мерит зарчим давамгайлдаг.  Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар нь Засгийн газрын тохируулагч агентлагийн статустайгаар үйл ажиллагаа явуулж, салбарын аюулгүй байдал, зохицуулалтыг бүрэн хариуцдаг. Тухайлбал, агаарын тээвэрлэгчдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, нисэх онгоцны нислэгийн гэрчилгээ олгох,  нисгэгч, инженер, техникийн ажилтнуудад мэргэжлийн үнэмлэх олгох, аюулгүй ажиллагаанд хяналт тавих, стандарт мөрдүүлэх зэрэг бүх үндсэн зохицуулалтыг хэрэгжүүлдэг. Иймээс Монгол Улсад иргэний нисэхийн салбар аюулгүй, тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангахын зэрэгцээ бүх хариуцлага тус байгууллагын удирдлагад төвлөрдөг онцлогтой. Энэ нь нэг талаас өндөр хариуцлага, нөгөө талаас тогтвортой, мэргэжлийн удирдлагын тогтолцоог бий болгох нь чухал байна.

-Хууль, эрх зүйн орчинд ямар өөрчлөлт, шинэчлэлт шаардлагатай байна вэ.  Дэд бүтэцтэйгээ хамт сайжраад явах нь чухал байх.  Тийм үү?

- Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд тэдгээрийн дагуу тодорхой хугацаанд хөндлөнгийн аудит, үнэлгээнд хамрагдах үүрэгтэй. Тухайлбал, International Civil Aviation Organization-оос гишүүн орнуудын иргэний нисэхийн хяналтын тогтолцоонд 10–15 жил тутамд иж бүрэн аудит хийдэг. Монгол Улсад ийм аудит хамгийн сүүлд 2010–2011 онд хийгдэж, тухайн үед салбар харьцангуй бага цар хүрээтэй байсан ч боломжийн сайн үнэлгээ авч байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Агаарын тээвэрлэгчдийн тоо, нисэх онгоцны парк, нислэгийн багтаамж гээд бүх үзүүлэлтүүд өссөн. Жишээлбэл, МИАТ компани тухайн үед цөөн онгоцтой байсан бол одоо 10 гаруй агаарын хөлөгтэй болсон.  Мөн хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид ч нэмэгдсэн. Ийм нөхцөл байдалтайгаар Монгол Улс ирэх сарын 22-нд дахин иж бүрэн аудитад орохоор бэлтгэж байна. Энэхүү аудит нь салбарын хяналтын тогтолцоо бодитоор хэр ажиллаж байгааг олон улсын түвшинд үнэлж, ил тод дүгнэлт гаргадаг онцлогтой. Үүнд,  агаарын тээвэрлэгчдийг гэрчилгээжүүлэх үйл явц, аюулгүй ажиллагааны хяналт, байцаагчдын хараат бус байдал,  авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл зэрэг бүх асуудлыг нээлттэй дүгнэж, олон улсад мэдээлдэг.  Хэрэв үнэлгээ муу гарвал Монгол Улсын иргэний нисэхийн салбарын нэр хүнд, цаашдын хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Харин сайн үнэлгээ авбал олон улсын итгэл нэмэгдэж, салбарын өрсөлдөх чадвар, хөгжлийн боломж эрс сайжирна. Үүнтэй холбоотойгоор урьдчилсан аудитын үеэр хэд хэдэн чухал зөвлөмж ирсэн байгаа.  Хяналтын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, байцаагчдын нийгмийн баталгаа, цалин хангамжийг сайжруулах, хууль, эрх зүйн орчныг олон улсын шаардлагад нийцүүлэх зэрэг асуудлууд багтсан. Зөвлөмжийн дагуу Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр холбогдох байгууллагуудаас санал авч эхэлсэн.

-Ирэх жилүүдэд  навигацийн орлого нэлээд нэмэгдэнэ гэж ойлголоо.  Орлогын зарцуулалт дээр олон нийтийн шүүмжлэл нэлээд өрнөдөг. Энэ тал дээр та тайлбар өгөөч?

- Олон нийтэд ийм ойлголт байх нь хэвийн. Гэхдээ бодит байдал дээр агаарын навигацийн орлогын зарцуулалт олон улсын хатуу зохицуулалттай. Монгол Улс 1989 онд Чикагогийн конвенцид  нэгдсэнээрээ олон улсын иргэний нисэхийн дүрэм, журмыг ягштал мөрдөх үүрэг хүлээсэн. Энэхүү конвенцийн дагуу навигацийн үйлчилгээний хураамжаас бүрдсэн орлогыг зөвхөн тухайн салбарын аюулгүй ажиллагаа, хүний нөөц, дэд бүтцийн хөгжилд зарцуулах ёстой байдаг. Өөр зорилгоор ашиглахыг зөвшөөрдөггүй. Гэхдээ манай улс тодорхой хугацаанд энэ орлогыг улсын төсөвт төвлөрүүлж ирсэн. Жишээлбэл, 2019 онд 220 тэрбум, 2020 онд 180 тэрбум, 2021 онд 105 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Сүүлийн үед энэ дүнг 80 тэрбум төгрөг болгон бууруулсан. Гэхдээ олон улсын стандартын дагуу бол энэ орлогыг салбартаа бүрэн зарцуулах ёстой. Тиймээс бид энэ зөрүүтэй ойлголтыг засах чиглэлд ажиллаж байна. 80 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг буюу 40 тэрбум төгрөгийг буцаан салбартаа зарцуулах болсон. Энэ мөнгийг францын төслийн зээлийн эргэн төлөлт, хүний нөөцийн сургалт, чадавхжуулалт, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэгт ашиглаж байна. Навигацийн систем найдвартай байх нь хүний амь нас, аюулгүй байдалтай шууд хамаатай асуудал.

Хэрэв навигацийн орлогыг бүрэн зориулалтаар нь зарцуулж чадвал бид олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, үнэлгээгээ сайжруулна. Монгол Улсын иргэний нисэхийн нэр хүнд өснө, нислэгийн аюулгүй байдал сайжирна, агаарын тээврийн урсгал нэмэгдэнэ. Засгийн газрын бодлогоор баруун, зүүн, хойд, өмнөд бүсэд олон улсын нисэх буудлуудыг хөгжүүлэх боломж бүрдэнэ гээд олон давуу бий болох юм.  Далайд гарцгүй Монгол Улсын хувьд агаарын тээврийг хөгжүүлснээр зөвхөн зорчигч урсгал бус, карго болон транзит тээврээр дамжуулан уул уурхайн салбараас дутахааргүй эдийн засгийн өгөөж хүртэх боломжтой гэж үздэг.  Тэгэхээр бид олон улсын стандартын дагуу навигацийн орлогыг салбартаа бүрэн зарцуулах, хүний нөөцөө чадавхжуулах, техник технологио шинэчлэх чиглэлд тууштай ажиллана. Мөн хууль, эрх зүйн орчныг сайжруулж, Иргэний нисэхийн тухай хуулийг олон улсын шаардлагад нийцүүлэхээр ажиллана.  Энэ бүхний эцсийн зорилго бол Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсын түвшинд хүргэж, аюулгүй, тогтвортой хөгжлийг хангахад оршиж байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 53 (7795)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn