Төмөрбаатарын БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонины Улс төр, шуурхай мэдээллийн албаны дарга

2009 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Сэтгүүл зүйн магистрант.

-Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Урлаг, соёлын албаны сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж, тус сонинд 12 дахь жилдээ ажиллаж байна.

-Улс төрийн чиглэлээр нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэн ажиллаж байна. Сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд илүү сонирхолтой.

-Алдар хүндтэй 50 эрхмийн тухай “Бид жолоочийн хүүхдүүд” номын редактораар ажиллаж байсан.

-“Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” шагналтай.

-Сонгодог урлагт дуртай. “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатарын үнэнч сонсогч.

Б.Наранцэцэг: Монголчуудын хэнэггүй зан урт наслахад нь гай болж байна

“Зууны мэдээ” сонин гал морин жилийн анхны “Амьдралын тойрог” буландаа “Буянт Ээж” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор  Б.Наранцэцэгийг урьж, ярилцлаа.

 

34 жилийн түүхтэй “Буянт ээж” эмнэлэг

Нэгэн үеийн эмч нар.

Шинийн 5-ны билигт өдөр “Буянт ээж” эмнэлэг эртлэн үүдээ нээжээ.  Зүрх судасны дагасан эмнэлэг учраас хувийн эмнэлэг гэлтгүй ер нь баяр ёслолын үед ч байнгын ажилтай байдаг бололтой. Зүрх гэдэг эрхтэн гэнэт өвдөж, эрсдэл нь минут секундээр хэмжигдэж байдаг  зүрхний эмч нарт тайван амрах цаг хугацаа ховор биз ээ.  Б.Наранцэцэг эмч 1988 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж, зүрх судас, дотрын эмчээр олон жил мэргэшиж ажилласан туршлагатай эмч юм. 

Тийм ч учраас түүний “Амьдралын тойрог” нэн баялаг агаад сонин содон бүхнээр дүүрэн байлаа. “Буянт ээж” эмнэлэг 1992 онд байгуулагдсан хувийн хэвшлийн таван эмнэлгийн нэг юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүүн талд 75-100 ортой эмнэлэг барьж ашиглалтад оруулсан ч улс тухайн үед хувийн эмнэлэгт 25 орны зөвшөөрөл л өгсөн гэдэг. Ингээд зөвшөөрөгдсөн нөөцөөсөө хэт том, дөрвөн давхар эмнэлгээ улсад шилжүүлж өгсөн нь өдгөө “Сэргээн засах төв” болон өргөжин сэргээн засах чиглэлийн эмчилгээ үйлчилгээнүүдийг иргэдэд хүртээж буй эрэлт хэрэгцээтэй эмнэлэг болсон байна.  Б.Наранцэцэг эмч үүнд ихэд бэлгэшээж явдаг.  “Буянт ээж” эмнэлгийн анхны суурь ийн хөгжин дээшилж, хүн олны хөл хөдөлгөөнтэй газар болжээ. Харин Буянт ээж эмнэлгийн хувьд анхны байрлаж байсан барилга байшингаа улсад хүлээлгэж өгөөд одоо Дөлгөөн нуурын хажууд байрлан үйл ажиллагаа явуулж байна.  Өнгөрсөн 34 жилийн хугацаанд “Буянт ээж” эмнэлгийн хамт олон ард иргэддээ дотор, зүрх судас, мэдрэл, уламжлалтын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн төдийгүй, энэ чиглэлээр мэргэшсэн их эмч 24 цагаар яаралтай тусламж үзүүлсээр байгаа. Бид эмнэлгийн үйл ажиллагаагааг бизнес гэх харахаас илүүтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогоо эмчилгээг мэргэжлийн түвшинд, цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ амьдралын чанарыг сайжруулах чиглэлд төрийн их ачаалалаас өчүүхэн төдий ч гэсэн хуваалцаж тодорхой үүрэг гүйцэтгэн ажилладаг. Үүнд амбулаторийн үзлэг, шинжилгээ, оношилгоо, өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх, уламжлалт эмчилгээг тогтмол хийж байна гэлээ.

 

“Анх эмнэлгээ сайн танихгүй эмчээс бэлгэнд авч байлаа”

Тэрээр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрх судасны эмч, Улсын гуравдугаар төв эмнэлэгт төслийн эмч улсын эмнэлэгт 15 жил ажиллажээ. “Буянт ээж” гэдэг эмнэлгийг мэргэжил нэгтэй ахмад эмч нараасаа бэлгэнд авсан гэдэг.  Анх Буянт-Ээж эмнэлгийн дарга нь Гунаажав гээд хурандаа цолтой, цэргийн эмч байжээ. Мөн зүрх, судасны Оюунгэрэл, Дашдулам гээд цэргээс тэтгэвэрт гарсан, хурандаа цолтой гурван эмч хамтран байгуулж, уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй.  Тэд нэг өдөр Б.Наранцэцэг эмчийг дуудаад “Энэ эмнэлгийн үйл ажиллагааг чи үргэлжлүүлэн авч явах ёстой” гэсэн байна.  Тэрээр “Би том бэлэг авсан юм шүү дээ. Би тэр эмч нарыг сайн танихгүй. Над руу бараг сар шахам утасдаад  энэ эмнэлгийг сайн ажиллуулах байх гэж чамайг сонголоо шүү гээд  “Буянт ээж” эмнэлгээ өгсөн. Намайг ажиллуулж чадна гэж итгэсэн байх гэж боддог. Эмнэлгийг нь хүлээж авах гэж бас нэг сар гаруй эргэлзэж байлаа. Яагаад гэхээр би өөртөө итгэхгүй, бас улсын байгууллагаас гарах дургүй  байсан юм.  Тэгээд тэр  эмч  нар эмнэлгийн бүх эд хөрөнгө ,ширээн дээр байгаа үзэг, цаас, харандаа гээд бүх л зүйлээ надад орхиод юу ч аваагүй гарсан. Мөн тэр дороо нотариат дуудаад бүх бичиг баримтыг миний нэр дээр болгож байлаа.  Миний амьдралд их сонин сайхан зүйл тохиолдсон нь энэ юм.  Одоо эмнэлэг маань  гадаад, дотоодын анагаахын их сургуульд сургалцаж төгссөн зүрх судасны олон эмчтэй. Хэт нь “Зүрх судасны төв” байгуулах санаатай эмч нараа бэлдэж байна. Удахгүй бүтээн байгуулалтын асуудлаа шийдэж, нээлттэй хувьцаат компани болгон ажиллах зорилготой. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт төдийгөөс өдий хүртэл ажиллаж, тодорхой туршлага хуримтлуулсны хувьд эмч, эмнэлгийн ажлын ачаалал, өвчтөнд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний чанар стандартын тал дээр гаднын улс орнуудаас дутахгүй ажиллах, өвдсөн зовсон эгэл жирийн иргэддээ тустай дэмтэй байхаар зүрх судасны яаралтай тусламжийн эмнэлэг барина гэсэн том мөрөөдөлтэй сууна” гэлээ.

 

Амьдралын ханиа эмчлэх гэж зүрхний эмч болжээ

 

Б.Наранцэцэг эмч анагаахын гуравдугаар курст байхдаа л зүрх судасны эмч болно гэж боддог байжээ. Учир нь түүний нөхөр зүрхний өвчтэй байсан учраас яах ч аргагүй түүнд минь зүрхний эмч хэрэгтэй гэж боджээ.  Тэрээр энэ тухайгаа “Оюутнууд төгсөх курстээ зүрхний бичлэгийг судалдаг бол би гуравдугаар ангиасаа судалж эхэлсэн. Нөхрийг маань зүрхний клапан солиулахаас нааш эмчилгээгүй, төдий насална гэж хязгаар заадаг байсан. Би зүрх судасны өвчний талаар ном их уншдаг. Хүмүүс цагаан сар болно гээд гэртээ юм хийж байхад би ажлынхаа өрөөнд ном уншаад сууж байдаг. Ингээд сургуулиа төгсөөд Чингэлтэй дүүргийн эмнэлэгт ажилласан.  Улсын эмнэлэгт өдөртөө 50- 60 хүн үздэг байлаа. Дараа нь төслийн эмч болж, бас их олон хүн үзэж зөвлөгөө өгсөн.  Яг өнөөдрийн байдлаар 100 мянган хүн үзэж эмчилж, зөвлөгөө мэдээлэл өгчээ” гэлээ.   Мөн тэрээр “Зүрхний эмч заавал эхлээд дотрын эмч болсон байх ёстой. Зүрх бусад эрхтэнтэйгээ нягт холбоотой байдаг. Заавал дадлага, туршлага хэрэгтэй. Хүн бүрийн зүрх өөр. Мянган хүнд зүрхний бичлэг хийхэд мянган өөр зураг гардаг. Яагаад гэхээр зүрх бол байнгын хөдөлгөөнтэй ганц эрхтэн. Тиймээс тухайн үеийн хэлбэлзлийн бичлэг нь янз бүр гардаг юм. Машинаар бол мотор нь гэсэн үг. Зүрхний өвчний үед удаан хугацааны эмчилгээ хэрэгтэй. Харин эмчилгээний үр дүн сайтай. Гэтэл элэгний өвчин эдгэтлээ хугацаа их шаарддаг. Харин зүрхний өвчтэй хүний нүүр нь хөхрөөд, ухаан алдаад, амьсгаадсаар ирээд 30 минутын дараа эмчтэйгээ яриад сууж байх тохиолдол бий. Манай улсад байтугай дэлхийд нас баралтын тэргүүн шалтгаан зүрхний эмгэг болчхоод байна. Зүрхнээс салаалсан олон судаснуудад их учир бий гэлээ.

 

“Бид эрүүл мэндийн системд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна”

 

-Та бас цахим хаягаараа дамжуулан мэдээ мэдээлэл хүргэдэг болсон байна лээ.

-Тийм ээ.  Би зүрхний ишеми өвчний талаар судалгаа, эмчилгээний арга технологийн талаарх шинэ соргог мэдээллийг үйлчлүүлэгчидтэйгээ хуваалцах дуртай. Яагаад гэвэл энэ өвчнөөр өвдсөн хүмүүс анхан шатны арга хэмжээ авах, ядаж л үзүүлсэн эмч нь үзлэг оношилгоог стандартын дагуу хийж байна уу гэдгийг өөрөө хянаж мэдэж байх хэрэгтэй юм.Гэтэл иргэд цахим л сувгуудаас элдэв хар бараан мэдээлэл, хов жив унших атлаа өөрт хэрэгтэй тустай мэдээллийг үл тоомсорлодог нь харамсалтай. Харин гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд, зарим гаднын иргэд холбогдоод дэлгэрүүлж мэдээлэл авах, харилцах сонирхолтой байдаг. Би саяхан Хөх хотын хэд хэдэн эмнэлгээр зочилж, эмчилгээ үйлчилгээтэй нь танилцаад ирлээ. Гэтэл тэнд “Зах дээр явж байгаа бил үү” гэж бодмоор олон монгол хүнтэй таарсан. Тэндхийн эмнэлгүүд өвчтөнд аль болох чирэгдэл багатай, хурдан шуурхай, хямд өртгөөр, чанартай шинжилж, оношилж байгааг харах сайхан байсан ч Монгол Улсын эрүүл мэндийн салбар эмчилгээ үйлчилгээний зах зээлээ хэдийнээ урьд хөршид алдсан болохыг тодорхой харлаа. Ирээд төр засгийн чухал местэнд ажилладаг хүмүүстэй уулзаад энэ талаар хэлэхэд “Вагон вагоноороо явж эмнэлэгт үзүүлдэг болсон шүү” гэхэд нь би цочирдсон. Их хурлын гишүүд өөрсдөө мэдэж байж яагаад дорвитой арга хэмжээ авдаггүй юм бэ гэж гайхлаа. Зүрхний хурц өвчтэй хүнийг хүлээлгэж болдоггүй, ямар ч ачаалалтай байсан манай эмнэлэг эмч нараа хоёр ээлжээр ажиллуулаад ч болсон хүнээ хүлээж авдаг. Яагаад гэвэл тэр хурц өвчлөлийн цаана үхэл дагаж байдаг. Эмчилгээ үйлчилгээний нэг чухал хэсэг эмч нарын самбаачлах хурд, мэдрэмж өндөртэй ажиллах явдал байдаг. Бид улсынхаа эрүүл мэндийн системд өөрчлөлт оруулах, иргэддээ хямд өртөгтэй, зохистой үйлчилгээ үзүүлэх гарц гаргалгаа олох хэрэгтэй” гэлээ.

-Танай эмнэлэг оношлогоо, эмчилгээндээ зарим шинэ төрлийн аппаратны ашиглаж эхэлсэн гэсэн үү?

-Орчин үед шинжлэх ухаанд хиймэл оюун ухааныг түлхүү ашиглах боллоо. Манай эмнэлэг цахилгаан соронзон долгионоор оношилж, эмчлэх аппаратыг саяхан эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Үе мөч өвддөг иргэд оношлуулж, эмчлүүлж болно. Өвдөлтийг намдаахад маш үр дүнтэй эмчилгээ болж байна. Эмчилгээнд орсон хүмүүс богино хугацаанд эерэг үр дүн мэдрэгдэж байгааг хэлж байна” гэлээ. Мөн тэрээр бид өнөөдөр хүний биеэс шинжилгээ авах стандартаа ч нэвтрүүлж чадаагүй байна.  Олон улсад цусны шинжилгээг гэхэд гурван удаа аваад хариуг нь гурав  хуваагаад дунджийг гаргаж оношилж байна. Энэ бол дэлхий нийтийн стандарт шүү дээ.  Өнөөдөр бид үүнийг нэвтрүүлж чадаагүй байна.  Дээр нь бид хүний эрүүл мэндийн асуудал дагасан эдийн засгаа Хятад, Солонгос, Турк гуравт алдчихсан. Энэ чинь маш том асуудал шүү дээ. Орос руу гэхэд иргэд маань нүдний чиглэлээр их явдаг болсон байна. Энэ эмнэлгүүд яагаад тэр өвчтөнүүдээ татаж эмчилж болдоггүй юм.  Үүнийг манай салбарынхан маш сайн бодох хэрэгтэй” гэв.

Б.Наранцэцэг эмчийн үг

-Сүүлийн үед зүрх судасны өвчин залуужсан.  Ганцхан сарын дотор 19 настай хүүхэд Японд очоод нас барж байна. Зүрх өвдөөд л босоогүй  гэсэн тохиолдлууд ямар олон байна аа. Үгүй ээ, энэ чинь одоо ер нь гамшиг биш үү.

-Энэ төрлийн өвчлөл хоол тэжээл, хүнстэй их холбоотой болж байна.  Мөн  харшлын өвчин маш их нөлөөлдөг.  Харшлын өвчнөө эдгээх гэж маш их буруу зөрүү эм тан ууж байна.

-Хоёрдугаарт, ковидоор өвчилж байсан бол маш сайн анхаарах хэрэгтэй байна. Нас барж байгаа хүмүүсийн судалгааг үзэхээр ковид нь хүндэрч байсан байгааг байна шүү дээ.

-Ер нь дэлхий нийтээрээ зүрх судасны өвчин залуужиж байгаа.  Өвчлөлийн хувьд ч шууд үхэлд хүргэдэг номер нэг өвчин. Үүнд хүргэж байгаа нэг хүчин зүйл нь стресс. Стресс бол ерөөсөө хүний судсыг тас баздаг шүү дээ.

- Монголчууд хоолойны ангинаа тоодоггүй. Хоолой гэдэг эрхтэн тархи мэдрэлтэй их ойрхон.  Тэгээд зүрх рүү шууд судас нь ордог учраас маш сайн эмчилж байх ёстой.  Гэтэл хүүхдийнх нь хоолой идээлчхээд байхад эмийн сангаас дур мэдэн эм авч ууж байна.  Энэ бүгд үхлийн шалтгаануудад орно.

-Хоолойн өвчин үүсгэгч нян нүдний судас, тархины судсыг ч үрэвсүүлж байдаг. Бөөрний судас, зүрхний судас гээд хаана ч хүрч, юуг ч үүсгэж болох эрсдэлтэй шүү дээ. Тэгээд хоолойны ангинаас дэлхийн нийт үнэхээр айдаг шүү дээ.  Маш хурдан эмчлэх арга хэмжээ авдаг.  Харин манай монголчууд хоолой нь давтан өвдсөөр байгаад сүүлдээ бүгдээрээ үе мөчний өвчтэй болж байгаа нь харамсалтай.

-Монголчуудын өвчиндөө хандаж байгаа хандлагыг судалж үзсэн. Тэгэхэд манай монголчууд дэндүү хэнэггүй байна. Дандаа асуудлаа хойшлуулж байдаг.  Энэ хэнэггүй зан нь  ерөөсөө монголчуудын урт наслахад их гай болж байна.

 

“Шинэжинст сумынхаа түүхийг бүтээсэн өвөг дээдсээрээ бахархдаг даа”

Тэд Баянхонгор аймгийн Шинэжинст харьяат хүмүүс. Аав Базаррагчаа нь Монгол Улсын гавьяат эдийн засагч. Насаараа аймаг орон нутагтаа нэгдлийн дарга, намын дарга, эдийн засагч хийсэн хүн.

Б.Нарантуяа эмчийн аав ээж Баянхонгор аймгийн Шинэжинст харьяат хүмүүс. Аав Базаррагчаа нь Монгол Улсын гавьяат эдийн засагч. Насаараа аймаг орон нутагтаа нэгдлийн дарга, намын дарга, эдийн засагч хийсэн хүн.  Тэдний удамд ээжийнх нь аав нь нутагтаа алдартай маарамба хүн байжээ. Эмч маань ээж ааваас дөрвүүлээ. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Дүү Б.Сэр-Од нь Монгол Улсын начин, алдарт уяач.  Мөн дүү Б.Ганбат нь хурдан морь уралдуулна, аймгийн заан цолтой. Харин эмэгтэй дүү нь хувиараа бизнес эрхэлдэг байна.  Тэрээр “Дүү нарын маань уясан хүлгүүд их сайн давхидаг. Ер нь хүн удам угсаагаа дагадаг юм билээ. Би хөдөө малын хажууд өсөөгүй ч гэсэн малд их хайртай хүн.  Миний аавын аав, өвөө Лхамсүрэн маань  нутагтаа нэгдэл байгуулалцаж,  гурван мянган малаа нийгэмчилж, улсдаа өгсөн түүхтэй хүмүүс байдаг. Шинэжинст сумынхаа түүхийг бүтээсэн өвөө эмээгээрээ бахархдаг даа.  Ээж минь нэлээд эрт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.  Харин аав минь одоо нөхөр бид хоёртой амьдарч байна” гэлээ. Б.Нарантуяа эмч өөрөө хүү охин хоёртой. Охин нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн эмч болжээ.  Харин хүү нь инженер мэргэжилтэй ч одоо газар тариалангийн бизнес эхлүүлэн ажиллаж байна гэлээ.  Хүү минь гадаад дотоодод сургууль төгсөж ирээд төрийн албанд ороод мэргэжлээрээ ажилласан ч удаагүй гарсан.  Төрийн албан хаагчдын маань цалин үнэхээр хүний амьдралын хэрэгцээнд хүрэхгүй байна. Мөн ажлын ачаалал их байна. Үүнийг би өөрчлөгдөөсэй гэж боддог” хэмээн Б.Наранцэцэг эмч ярина.  Ер нь Б.Наранцэцэг эмчтэй яриад суухад хүний эрүүл мэндээс гадна нийгмийнхээ эрүүл мэндэд ч тун их анхаарч ажилладаг нь анзаарагдаж байлаа.

Дүү Б.Сэр-Од нь Монгол Улсын начин, алдарт уяач.  Мөн дүү Б.Ганбат нь хурдан морь уралдуулна, аймгийн заан цолтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 33 (7775)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn