Төмөрбаатарын БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонины Улс төр, шуурхай мэдээллийн албаны дарга

2009 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Сэтгүүл зүйн магистрант.

-Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Урлаг, соёлын албаны сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж, тус сонинд 12 дахь жилдээ ажиллаж байна.

-Улс төрийн чиглэлээр нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэн ажиллаж байна. Сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд илүү сонирхолтой.

-Алдар хүндтэй 50 эрхмийн тухай “Бид жолоочийн хүүхдүүд” номын редактораар ажиллаж байсан.

-“Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” шагналтай.

-Сонгодог урлагт дуртай. “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатарын үнэнч сонсогч.

Харанхуй хүйтэн хот, хариуцлага...

Улаанбаатар хот тог цахилгааны доголдолд орж, гэрэлгүй, харанхуйн дээр халаалтгүй нийгмийн амьдрал зутруухан болчихлоо. Энэ асуудалд олон нийт шийдэл хайж, хариуцлага нэхсэн ч салбарын сайд нь өчигдөр мэдээлэл хийхдээ “Үргэлжлүүлэн цахилгаан хязгаарлах байх. Гэхдээ аль болох хурдан арга хэмжээ авч, цахилгааныг хязгаарлахгүй байхыг хичээнэ” хэмээн хээв нэг “ам таглав”.  Үүнтэй зэрэгцэн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас цахилгаан хязгаарлах хуваарийг,  Ус сувгийн газраас усан хангамж тасалдах эрсдэл байгааг анхааруулав.  Үүнээс харахад цаашдаа ч тог цахилгаан, дулаан, ус хангамжийн доголдол үргэлжилж мэдэхээр байна. Хотыг харанхуй, хүйтэн болгож,  иргэдийн амьдралд эрсдэл учруулж байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ. Эрчим хүчний салбарын доголдолтой холбоотой асуудлаар өчигдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

 

Б.Чойжилсүрэн: Цаашид хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй, 2027 оноос хэвийн болно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг Б.Чойжилсүрэн сайд танилцуулжээ. “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс хөлдөж бөглөрснөөс хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн.  Үүний улмаас 371174 айл өрх, 46691 аж ахуйн нэгж, нийт 417865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад орсон гэлээ.  Хуралдааны дараа  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн байр сууриа илэрхийллээ. Тэрээр "ДЦС -IV"-ын наймдугаар зууханд гэмтэл гарсан бөгөөд нэмэх 500 градустай ажиллаж байсан зуухыг 50 градус хүртэл буулгах шаардлага үүссэн. Үүний дараа засварыг хийж эхэлсэн. Бүх генераторууд нөөцгүй ажилладаг. "ДЦС-IV"-д гарсан гэмтлийг 9:46 цагт залгасан.Үргэлжлүүлэн цахилгаан хязгаарлах байх. Гэхдээ аль болох хурдан арга хэмжээ авч, цахилгааныг хязгаарлахгүй байхыг хичээнэ. Хоёрдугаарт, Бөөрөлжүүлтийн цахилгаан станц дээр тэжээгч талдаа түүхий нүүрс 42 хувийн чийгшилтэй байгаа. Цахилгаан станцаар дамжуулаад нүүрс орох хэсэгт саатал гарсан. Үүнээс шалтгаалаад 300 мегаваттын хүчин чадалтай ажиллаж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станц 120 мегаваттын хүчин чадалтай ажилласан. Үүнийг янзлахаар ажиллаж байна. Ийм хүндрэлүүд гарснаас шалтгаалаад 160 мегаваттын хязгаарлалт хийсэн. Нийт 16 багц болгоод нэгээс хоёр цагийн хооронд хязгаарлалт хийж байгаа. Цахилгааны хязгаарлалт нэг цагийн дараа гайгүй болох байх. Нэг хэрэглэгчийн цахилгааныг хоёр цагаас илүү хугацаагаар хязгаарлахгүй. Эмнэлгүүд дээр нөөц генератор бий. "ДЦС-IV" дээр есдүгээр зуух буюу 500 тонн усыг халааж боловсруулах хүчин чадал бүхий төслийг боловсруулаад арваад жил болж байгаа. Миний хувьд 2022 оны наймдугаар сард Эрчим хүчний сайдаар томилогдсон. Түүнээс хойш энэ төслийн өртгийг улсын төсөвт суулгуулахаар хөөцөлдөж байна. Монгол төгрөгөөр 360 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Улаанбаатарын цахилгаан, дулааны асуудлыг шийдэхэд ДЦС-V ашиглалтад оруулж байж дулааны асуудлыг бүрэн шийднэ. Баян суманд баригдаж буй 660 мегаваттын цахилгаан станц 2027 онд ашиглалтад орно. Энэ бүтээн байгуулалтыг хувийн хэвшил барьж байна. Тэр үед цахилгаан эрчим хүчийг нөөцлөх, тоног төхөөрөмжүүдийг ээлжлэн зогсоож засвар хийх боломжтой болно.  Сүүлийн хоёр жилийн хугацаанд 600 орчим мегаватаар хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 2024 оноос хойш Бөөрөлжүүлтийн 300 мегаватт хоёр блок ашиглалтад орлоо. Хоёрдугаарт, Сонгино дээр 80 мегаваттын батерей хураагуур ашиглалтад орсон. Мөн Багануур дүүрэгт 50 мегаваттын батерей хураагуурын станц ашиглалтад орсон. Дорноговь аймаг 30 мегаваттын батерей станц ашиглалтад орсон, үүнийг хувийн компани барьж, гүйцэтгэсэн. Ингээд нийт 160 мегаватт батерей хураагуурын станц ашиглалтад оруулаад байна. Одоогоор Сэлэнгэ, Тосонцэнгэл сумдад цахилгаан станц ашиглалтад орно. Гэсэн ч ачаалал нэмэгдээд байна.  2027 оноос Монгол Улсын эрчим хүчний хүндрэлд орохгүй” гэлээ.

-Арван аймагт дулааны станц барина гээд өнөөдрийг хүртэл ажил нь дуусаагүй, ажил гүйцэтгэж байсан компани нь дампуурчихсан. Цаашид энэ төслийг яах вэ?

-Арван аймагт дулааны станц барих ажил одоогоос хориод жилийн өмнө яригдаж байсан. 2018 оны Засгийн газрын үед барих шийдвэр гарсан. Ц.Даваасүрэн сайдын үед гэсэн үг. 110,7 сая ам.долларын өртөгтэй. Өмнөд Солонгосын тал 100 хувь санхүүжүүлнэ. Одоогийн байдлаар ажил нь 45 орчим хувьтай байна. Ажил гүйцэтгэж байсан компани нь дампуурсан учир дахин тендер зарлаж ирэх хавар гэхэд ажлыг үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд зээлийн хүүг төлж байгаа. Нийт 40 жилийн хугацаатай зээл байгаа. Яг зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн байгааг би сайн мэдэхгүй байна. Сангийн яамнаас тодруулаад эргээд мэдээлэл өгье.

-Сайд асан Н.Тавинбэхийн асуудалд хариулт өгөхгүй юу?

-Намайг сайдаар томилогдох үед Н.Тавинбэх Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүний тухайд шүүх, цагдаагийн байгууллага буруутай эсэхийг тогтоох байх. Би Н.Тавинбэхийг тэр хүн тийм зүйл хийх хүн биш байх гэж бодож байна.

 

Ө.Шижир: Холбогдох сайд нар хариуцлага хүлээх ёстой

Болж буй үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Бид эрэмбэ, чухлын дарааллаа буруу хийгээд байна. 45 жил болж байгаа дулааны цахилгаан 4-р станцад нэг ч удаа шинэчлэл хийгдээгүй гээд инженер нь зовлонгоо ярьж байсан. Нэг жижигхэн нээлт хийх болохоор сайд дарга нар нь түрүүлж очоод баахан хэвлэл дуудаад гартаа цагаан бээлий өмсөөд хайч бариад зогсчихдог. Ажил, асуудал үүсэхээр араар нь орж нуугдчихаад хэдэн инженерүүдээ гаргаж хэвлэлд яриулж байх жишээтэй. Энэ инженерүүд л жинхэнэ бидний ая тухтай, тог цахилгаантай, дулаантай байхын төлөө ажиллаж байгаа. Нэг ч удаа нээлт дээр уригдаж очиж  үзээгүй л жинхэнэ ажлын баатар инженерүүд байгаа шүү. Ямбалахыг нь сайд дарга нь ямбалж аахилахыг нь ажилчид нь аахилж байна.  Энэ салбарт маш олон жил сайд хийсэн хүн өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэх гэж ямар нэгэн ажил хийгээгүй юм бэ гэдэг нь асуудал. Улаанбаатар хотыг цахилгаан дулаанаар хангадаг станц нь ийм байдалтай байна. Энэ нь 300 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл бид 54 тэрбум төгрөгөөр бродюр сольж байна. Бид мөнгөө буруу зарцуулж байна. Буруу төлөвлөж байна.  Эрчим хүчний реформын хороо гэж байгуулсан. 10 тэрбум төгрөг төсөвт суугаад төсвийн тодотголоор хасах гэтэл аль хэдийн найман тэрбум төгрөгийг нь хэрэглэчихсэн байсан. Тэгээд тус хороо татан буугдсан. Тэр хороо юу хийсэн бэ гэхээр, 2024 оны арваннэгдүгээр сард цахилгааны үнэ л нэмсэн.Дагаад бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Тог цахилгаан гэнэт тасрах үед ААН-үүд хохирсон. Салбарын сайд нь хариуцах хүлээх ёстой” гэлээ.    Мөн тэрээр  "Манай энэ Т.Доржханд сайд болоод цахилгааны үнэ нэмсэн. Сайд болоод ганц л ажил хийсэн тэр нь тог, цахилгааны үнэ нэмсэн. Өөр юу ч хийгээгүй. Үр дүнд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 35-100 хувьд өссөн. Одоо хоёр жил боллоо. Тог тасарсан бас хязгаарласан хэвээрээ л байна. Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм.  Худлаа ярьж байхаар. Цагаан сар болж байна, хэвийн боов хүртэл ширхэг бүртээ 400-1800 төгрөгөөр өссөн байна. Ууцны үнэ 350-400 байсан бол 550-650 болсон байна. Т.Доржханд энэ үнийн өсөлтийг мэдрэхгүй байх л даа. Ахмадууд, иргэд маш их мэдэрч байна. Тог, цахилгааны үнэ нэмээд бүх төрлийн өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ л өслөө. Т.Доржханд бүүр хэлгүй дүлий таг дуугай хоёр жил болов" гэлээ.

 

Шадар сайд Т.Доржхандын тайлбар

 

Олон нийт Шадар сайд Т.Доржхандыг хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Тэгвэл Шадар сайд Т.Доржханд тайлбар хийжээ. Тэрээр "Улстөрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ. Дэлхийн дайнууд 100 жил эрчим хүч дээр үүссэн. Өнөөдөр улам бүр хурцдаж байгааг Венесуэлийн жишээнээс харж болно. Бүтээлч оюун ухаан (artificial intelligence) эрчим хүчний хэрэглээг огцом өсгөж дэлхийн улсууд цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмалын нөөцийг хэн хянах вэ гэж илүү өрсөлдөж байна. Гэтэл Монгол Улс эрчим хүчний газрын дор болон дээр хангалттай нөөцтэй боловч 40 жил цахилгаан станц бариагүй. Учир нь Төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан. Эрчим хүчний бие даасан байдлыг хангахаар 2025 оны 9 дүгээр сард Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаж үнийг өртөгт дөхүүлсэн. Үр дүнд нь төслүүд эдийн засгийн үр ашигтай “bankable” болж 8.0 их наядын санхүүжилт Төрд биш хувийн секторт боссон. Харин популист улстөрчдийн шахалтаар хороо 1 жил ч хүрээгүй татан буугдсан. Одоо тэдгээр хүмүүс нь ам асууж байх шиг байна. Монгол Улсад төмөр зам тавих гэхээр өргөн царигтай бол гэж шахдаг, цахилгаан станц барих гэхээр Хятадууд Монголыг эзэллээ гэж орилдог та нар шиг Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш" гэжээ.

 

“ДЦС-4”-ийн засварын ажил дүрэм журмын дагуу явагдсан уу?

 

“ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны хэрэглээг хязгаарласан гэж салбарын сайд нь мэдэгдсэн. Улмаар нэмэх 500 градустай ажиллаж байсан зуухыг 50 градус хүртэл буулгах шаардлага үүссэн. Үүний дараа засварыг хийж эхлээд дуусгасан гэсэн мэдээллийг өгсөн юм.  Тэгвэл мэргэжлийн хүмүүс үүнийг арай өөрөөр тайлбарлаж байна. 500 градусын халуунтай зуухыг засварлахдаа 48 цагийн хугацаанд хөргөж байж засварлана.  Үүний дараа засварыг бүтэн дууссанд тооцдог дүрэм журамтай байна.  Гэтэл зууханд гарсан гэмтлийг засахдаа дүрэм журмаа мөрдсөн үү.  Тэнд ямар нэгэн осол гэмтэл үүссэн бол яах уу.  Мөн яаран сандран, гал унтраах байдлаар зассан бол дахин цахилгаан хязгаарлахгүй гэсэн баталгаа байхгүй гэдэг нь үнэн бололтой. “ДЦС-4”-ийн мэдэгдэлд ч “бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарсан гэж байгаа нь анхаарал татаж байна.  Үүнээс харахад Эрчим хүчний салбарынхан маань юун реформ хийх, элгээрээ мөлхөөд, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна шүү дээ. Хотыг харанхуй, хүйтэн болгож,  иргэдийн амьдралыг эрсдэлд оруулж байгаа  байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ?

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (7756)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn