Төмөрбаатарын БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонины Улс төр, шуурхай мэдээллийн албаны дарга

2009 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Сэтгүүл зүйн магистрант.

-Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Урлаг, соёлын албаны сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж, тус сонинд 12 дахь жилдээ ажиллаж байна.

-Улс төрийн чиглэлээр нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэн ажиллаж байна. Сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд илүү сонирхолтой.

-Алдар хүндтэй 50 эрхмийн тухай “Бид жолоочийн хүүхдүүд” номын редактораар ажиллаж байсан.

-“Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” шагналтай.

-Сонгодог урлагт дуртай. “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатарын үнэнч сонсогч.

Б.Долгор: Жендэр гэдэг нь ерөөсөө л хүний амьдралын жам ёсны тухай ойлголт юм

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн зочноор Жендэрийн Үндэсний шинжээч, гавьяат хуульч Б.Долгорыг урьж, ярилцлаа.

 

 

- Монгол Улсад Жендэрийн байгууллага үүсэн бий болоод 30 жил болж байна.  Та бол энэ үүх түүхтэй салшгүй холбоотой хүн.  Анх монголчууд жендэр гэдэг үгийг ч сайн мэдэхгүй, магадгүй зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэсэн ойлголттой байсан болов уу. Ер нь тухайн цаг үеийн нөхцөл байдал ямар байсан бэ. Монгол Улсад Жендэрийн байгууллага үүсэн бий болох шалтгаан нөхцөл нь юу байв.  Энэ талаар яриагаа эхэлье?

-Жендэр гэдэг үг нь өөрөө дэлхий дахинд ч гэсэн шинэ зүйл байсан.  “Эмэгтэйчүүд ба Хөгжил” гэдэг үзэл санааны дор явж байснаа 1990-ээд оны сүүлчээс “Жендер ба Хөгжил” болж өөрчлөгдсөн. Улмаар 1995 онд Бээжинд болсон эмэгтэйчүүдийн олон улсын хурлаар  асуудал нэлээд өргөн түвшинд  яригдаж, олон зүйл тодорхой болсон. Тэр хуралд бэлтгэх Үндэсний хороо байгуулж, манайхаас Засгийн газрын төлөөлөгчид оролцсон байдаг.

Энэ хурлын дараа манай улс 2001 онд  эмэгтэйчүүдийн асуудлаарх Үндэсний зөвлөлийг байгуулсан.  Улмаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөр баталж, энэ нь хамгийн анхны үндэсний хэмжээний  бодлого болж, хэрэгжиж байлаа.  Мөн 2002 онд Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан.  Эмэгтэйчүүдийн асуудлаарх Үндэсний зөвлөл 2001 онд Хүйсийн тэгш байдлын асуудлаарх Үндэсний зөвлөл болж, өөрчлөгдөж, зөвлөлийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Шатар тэргүүлж байсан.  Ингэж явсаар 2005 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, зөвлөх Б.Дэлгэрмаа нарын санаачилгаар Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо болсон. Өөрөөр хэлбэл,1995 онд Бээжинд болсон олон улсын хурлаас 10 жилийн дараа бид Жендэрийн тэгш байдлын үндэсний хороогоо байгуулж, Ерөнхий сайд нь тэргүүлж байхаар заасан нь чухал шийдвэр байсан. Энэ нь жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг төр засгийн анхаарлын төвд авчирч, бодлогын түвшинд өргөн хүрээнд авч хэлэлцдэг болсон гэсэн үг.

-Ер нь 1995 онд болсон Бээжингийн хурлаас хойш манай улсад энэ төрлийн хөдөлгөөн нэлээд эрчимтэй өрнөж эхэлсэн гэж хэлж болох нь ээ?

-Тийм ээ.  Жендэрийн тэгш байдлын үндэсний хөтөлбөрөө баталсан.  Хөтөлбөрийн нэг гол зохицуулалт нь эрх зүйн орчныг сайжруулах буюу Жендэрийн хуультай болох асуудал байв.  Ер нь тэр цаг үеэс жендэрийн тусгайлсан хуультай болох хүчин чармайлтууд өрнөсөн дөө.  2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж байсан. Байнгын хорооны дарга  С.Ламбаа, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяагаар ахлуулсан байдаг.  Ингээд ажлын хэсгээс Жендэрийн хуулийг боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ 2007 онд УИХ-аар хэлэлцэхгүй ээ гээд буцаасан байдаг.

"Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо" чуулга уулзалтын үеэр. 2010.03.04

-Яагаад хэлэлцэхгүй гэсэн юм бол. Хуулийн төсөл өөрөө асуудалтай байв уу?

-Жендэр гэдэг агуулгаа ойлгоогүй, парламентын түвшиндээ ч хүлээж авах уур амьсгал байсангүй.  Хууль хэрэггүй гэж үзсэн байна. Гэтэл олон улсын түвшинд хуульчлах асуудал маш эрчимтэй явагдсан. Бид хууль эрх зүйн орчин бүрдүүлэхдээ нэлээд хожуу, удаашралтай байсан нь үнэн. Гэхдээ социализмын үед энэ асуудал ихээхэн дэвшилттэй явж ирснийг энд дурдах нь зүйтэй. Жишээлбэл, АИХ-ын депутатуудын 25 хувь эмэгтэй байсан. Энэ нь эмэгтэйчүүдийг хөгжүүлэх дэвшүүлэх, бүр улс орноо удирдуулах түвшинд асуудал эрчимтэй явж байсныг илтгэдэг.

-Та энэ байгууллагатай хэзээнээс холбогдсон юм бэ. Энэ талаар ярьсангүй?

-1994 оноос гэж хэлнэ. Би хуульч мэргэжилтэй хүн. Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. 1992 онд анхны шинэ Үндсэн хууль батлагдахад төрийн бус байгууллагууд байгуулагдаж эхэллээ шүү дээ. Тэгэхэд манай шүүгч голдуу эмэгтэй хуульчид нэгдэж “Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоо” байгуулсан.  Энэ нь шинэ үеийн анхны эмэгтэйчүүдийн холбоо байсан юм. Бидний хамгийн эхний хийх ажил бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсруулж, батлуулах байлаа.  Ингээд 1994 оноос эхлэн хуулийн боловсруулалт дээр ажилласан байдаг.  Гэсэн ч бид 2000 оныг хүртэл хуулийг УИХ-д өргөн бариулж чадаагүй дээ. Дараа нь миний хувьд 2000 онд УИХ-ын гишүүн болж, Эмэгтэй парламентчдын бүлгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн.  Нэн тэргүүнд тавьсан зорилт маань Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа батлуулах байлаа. Эхний ээлжинд бид 20-иод гишүүний санаачлагаар хуулийн төслөө өргөн мэдүүлсэн.  Манай бүлгийн гишүүд хэрэндээ тактик боловсруулж,  УИХ дахь МАХН /тэр үеийн нэрээр/”-ын бүлгийн ахлагч Ж.Бямбадорж даргыг ажлын хэсгийн ахлагч болгож, хуулиа батлуулах лобби хийсэн. 

Тэгээд батлуулах гэж бас л их ажиллагаа явуулсан. Парламент дотроо ажлын хэсгийн гишүүд нь, гаднаас төрийн бус байгууллагууд нөлөөллийн ажил хийж байлаа.   Ингээд 2004 оны сонгуулийн өмнөхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа батлуулж байсан.  Жендэрийн зарим асуудлыг тухайлбал, жендэрт суурилсан хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэрийн асуудлыг шийдэх эрх зүйн орчин анхлан тэгж бүрдсэн. Хууль батлагдахаас өмнө  “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”, “Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүд хөдөлгөөн”, “Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоо” хамтарч “Хүчирхийллийн эсрэг төв”-ийн суурийг тавьж, хамгаалах байрыг анх байгуулсан. Хууль батлагдсанаар Хүчирхийллийн эсрэг төв, хамгаалах байрны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан юм.  Нөгөө талдаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсаны дараа процессын хэрэгжилтүүд тааруу байсан. Төрийн эрх бүхий байгууллагууд хүлээж авах уур амьсгал, ойлголт, хандлага дутуу байсан гэсэн үг.  Тиймээс төрийн бус байгууллагууд хамтарч хуулийн  хэрэгжилт дээр ажилласан. Хуулийг олон нийтэд сурталчлах, хуульчдыг сургах, цагдаа, мөрдөн байцаагч, шүүгчдийг,  прокурор, өмгөөлөгчдийг сургах, УДШ-ийн тайлбар гаргуулах гэх зэргээр процессын үе шатуудад олон ажил хийж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг гэр бүлийн дотоодын асуудал гэдэг ойлголттой байлаа шүү дээ. Үүнд төр оролцож, хуулиар зохицуулах ёсгүй гэсэн хандлагатай байсан үе юм.

-Ямар ч гэсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа батлуулчихлаа.  Жендэрийн хууль маань юу болсон бэ.  Нэлээд хожуу өргөн баригдсан юм байна. Тийм үү? 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсаны дараагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан.  Ингээд Жендэрийн хуулийг батлуулах гэсэн ч 2004-2008 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд чадаагүй. Нэг ололттой зүйл нь 2005 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хүйсийн квотын асуудлыг  тусгасан юм. УИХ-ын Ажлын хэсгээс УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд  энэ төслийг боловсруулах үүрэг надад ногдсон. Ингээд УИХ-ын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, дэд ахлагч С.Оюун нар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хүйсийн квотыг 30 хувиас доошгүй байна гэж зааж батлуулж чадсан байдаг. 

2006 оноос тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд Жендэрийн хороог даргалж,  түүний нийгмийн бодлогын зөвлөхийн хувьд миний бие Жендэрийн үндэсний хорооны дэд дарга болсон. Энэ үед Хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж, Ажлын албыг яамны харьяанаас өөрчилж, Ерөнхий сайдын харьяалалд шилжүүлэн, төсвийг 2007 оноос Ерөнхий сайдын багцад тусгаж байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр Жендэрийн үндэсний хорооны ажил үүрэг Ерөнхий сайдын мэдэлд бүрэн шилжиж, жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг Үндэсний түвшинд хэрэгжүүлэх, зохицуулах, хянах эрх зүйн үндэс бүрдэхийн зэрэгцээ салбарын яамны ажил, үүргийн давхардал арилсан.

Мөн энэ хугацаанд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 30 хувийн квотыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажилласан байдаг юм.  Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдээ бэлтгэх, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтарч, ерөөсөө имиж бүрдүүлэхээс эхлээд олон нийтэд таниулах чиглэлд ажилласан. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд ч маш сайн ажилласан. Эмэгтэйчүүд маань хамтарч “Их тэнгэрийн тунхаглал” гэж батлуулан, намуудын удирдлагаар дэмжүүлэн ажиллаж байсан.  Гэтэл 2008 онд нөгөө квотыг маань хүчингүй болгоод хуулиас бүүр хасчихсан.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад уу?

-Тийм ээ.  Ердөө ганцхан 30 хувийн квотын заалтыг УИХ-ын Сонгуулийн тухай хуулиас хасчихсан. УИХ-ын эрэгтэй гишүүд сэмхэн хуйвалдаж, хоёр намын удирдлагаа лоббидож байгаад, ганц заалттай хуулийн төсөл өргөн бариулж, сонгууль болохоос өмнөхөн өөрчлөн баталсан байдаг юм. Ардын намаас Л.Нямсүрэн, АН-аас З.Энхболд нар өргөн бариад, бараг тэр өдөр нь баталчихсан. Ингээд эмэгтэйчүүдийн квот тэг болсон доо. Тэр жилийн сонгуулиар квотгүй учраас намууд маш цөөн эмэгтэй нэр дэвшүүлж, парламентад гуравхан эмэгтэй гишүүн сонгогдсон. Тэгээд бид ер нь энэ асуудлыг сууриар нь шийдэхийн тулд Жендэрийн хуулиа л заавал батлуулах ёстой гэсэн шийдлээр ажилласан. 

Ингээд 2008 онд Ерөнхий сайдаар С.Баяр үргэлжлүүлэн ажиллахад би ЗГХЭГ-ын даргаар томилогдлоо.  Засгийн газарт сайдаар томилогдсон  энэ цаг хугацаанд  Жендэрийн хуулиа батлуулъя гэсэн бодлоор Ерөнхий сайдад танилцуулсанд шууд зөвшөөрч, 2009 оны нэгдүгээр сард ажлын хэсэг байгуулан,ахлагчаар намайг томилж, ажлаа эхлүүлсэн байдаг.  Зургаан сарын хугацаанд хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, дэмжиж, С.Баяр Ерөнхий сайдаас долоодугаар сарын 3-ны өдөр буюу наадам болохоос ердөө хэдхэн хоногийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн. Хууль өргөн мэдүүлсний дараа бөөн асуудал өрнөсөн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслийг хүлээж аваад Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооноос хуулийн төслийг гишүүдэд шууд тараасан хэдий ч ерөөсөө ямар ч хэлэлцүүлэг явагдахгүй,  чив чимээгүй болсон. Тэгээд Жендэрийн Үндэсний хорооны гишүүн Д.Мөнхөө гуай, ажлын албаны дарга Б.Энхсайхан бид гурав гишүүдийн өрөөгөөр орж танилцуулга хийж, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагынхан маань ч нөлөөллийн ажил идэвхтэй явуулсан. Мөнхөө гуайн тооцоогоор 53 гишүүний өрөөнд орж, хуулийн төслөө тайлбарласан байдаг. Жендэрийн үндэсний хороо, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, МҮОНРТ-тэй хамтран хэвлэл мэдээллийн том аян ч өрнүүлсэн.  Маш өргөн хүрээний компанит ажил хийж, жендэр гэдэг ойлголтыг, хууль гаргахын ач холбогдлыг бүх түвшинд ойлгуулахаар ажилласан.  Үүгээр Жендэрийн хуулийг ч батлуулах,  сонгуулийн квотоо ч дахин тогтоолгох зорилготой байсан.  Ийм байдлаар 2009 он дуусаж, хуулийн хэлэлцүүлэг яваагүй,  2010 он гарсан Ерөнхий сайд солигдож С.Батболд томилогдсон,  би түүний ахлах зөвлөхөөр буюу Жендэрийн хорооны дэд даргаар үргэлжлүүлэн ажилласан.  Тэгээд Ерөнхий сайдад Жендэрийн хуулийн процессыг тайлбарлаж, С.Батболд дарга намын бодлогоор дэмжихээр болсон. Ингээд 2010 оны тавдугаар сараас төслийг хэлэлцэж эхэлсэн, төрийн албан дахь квотын асуудлуудыг багасгаж, шаталсан байдлаар тогтоох, УИХ-ын ба орон нутгийн сонгуулийн квотыг тус тусын хуулиар зохицуулахаар Жендэрийн хуулиас хасахаар болсон. Ямар ч байсан зөвшилцөлд хүргэн, хуулийг батлуулах асуудалд Ажлын хэсгийн ахлагч, НББХ-ны дарга Д.Очирбатын хүчин чармайлт гол үүрэг гүйцэтгэж, 2011 оны хоёрдугаар сарын 2-нд буюу Цагаан сарын битүүний өдөр батлагдаж байлаа.  Ингэж Монгол Улс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсон түүхтэй. Энд нэг сонин давхцал байдаг юм. Манай Жендэрийн үндэсний  хороо 2005 оны хоёрдугаар сарын 2-нд байгуулагдсан. Дараа нь татан буугдаад дахин 2015 оны хоёрдугаар сарын 2-нд байгуулагдсан, 2011 оны хоёрдугаар сарын 2-нд Жендэрийн хуультай болсон Тэгэхээр хоёрдугаар сарын 2-ны өдөр манай жендэрт их ээлтэй өдөр бололтой. 

- Жендэрийн үндэсний хороо татан буугдсан гэж та сая хэллээ.  Яагаад тэгсэн юм бэ?

-Ч.Сайханбилиг Ерөнхий сайд болоод 2014 онд Жендэрийн хороог татан буулгачихсан. Яагаад гэдгийг нь ойлгоогүй.  Бид хуульдаа тусгаад батлуулчихсан хүмүүс чинь мэдээж заргалдана шүү дээ. Хуулиар тогтоосон бүтцийг татан буулгах эрх танд байхгүй гээд. Тэгээд  буцаагаад байгуулахдаа хамаг төсвийг хасаад Ажлын албыг Ерөнхий сайдын харьяанаас гаргаж, яамны харьяанд аваачсан байдаг. Тэгсээр яваад У.Хүрэлсүх  Ерөнхий сайдын үед 2018 онд эргээд Ерөнхий сайдын харьяанд ирж, орон тоо, төсвийг нэмж,  тусгай байртай болгосон. Жендэрийн хороо маань дахиад сэргэсэн гэх үү дээ.  Ер нь энэ хороог Ерөнхий сайд ахалдаг байх нь маш чухал ач холбогдолтой. Жендэрийн асуудал бол нэг салбарын асуудал огт биш, бүх салбарт хамааралтай, салбар дундын асуудал, салбарын яамны харьяанд байх ямар ч боломжгүй.  Хуульдаа ч тэгээд суучихсан байгаа. Жендэрийн хороо бол орон тооны бус байгууллага, төрийн ба төрийн бус тэнцүү төлөөлөлтэй, хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд багтдаг. Улс орны хэмжээнд, бүх салбар, орон нутгийн бүх түвшинд жендэрийн салбар зөвлөл, хороо ажилладаг. Хорооны ажлын алба ердөө 4-8 хүний орон тоотой ажиллаж ирсэн, одоо бол нэмэгдээд 14 албан хаагчтай ч гэсэн бүхэл бүтэн яам, агентлагийн хийх ажлыг амжуулж байна. 

-Ер нь жендэрийн асуудал дээр үндэсний үзэл санааны онцлог гэдэг зүйл байдаг байх.  Манайхан эцгийн эрхт ёс гэж их ярьдаг шүү дээ?

-Тийм ээ. Монголчуудын онцлог байгаа. Бид “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” -тай болсон.  Бид яг ингэж ярьж хэвших ёстой. Энэ бол Үндсэн Хуулийн нэр томьёо, бид санаанаасаа зохиогоогүй, яагаад “эрх тэгш байдал” гэв гэхээр: тэгш эрхтэй байх, түүнийг бодитоор эдэлсэн оролцоо төлөөлөлтэй байх, эдгээрээс үндэслэн тэгш үр шим хүртэх тухай энэ гурван асуудлыг зохицуулж байгаа юм. Аль нэг нь байхгүй бол эрх тэгш байдал үгүй гэсэн үг. Тэгэхээр жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хамгийн гол саад болдог нэг зүйл байна. Үндсэн саад тотгор нь гэж хэлж болно. Энэ бол жендэрийн хэвшмэл үзэл. Жендэрийн хэвшмэл үзэл гэдэг нь эрэгтэй хүн эмэгтэйгээс  дээд түвшинд байдаг, тэдухаанаараа ч, байр сууриараараа ч илүү, удирдах түвшинд эрэгтэй хүн л байх ёстой гэсэн ийм үзэл юм. Эцгийн эрхт ёс гэдэг хүн төрөлхтөнд тогтчихсон энэ үзлээс үүдэлтэй. Ийм үзэл зөвхөн Монголд биш дэлхий дахинд ч байна. Үүнээс шалтгаалж, эрэгтэйчүүд дэлхийг удирдаж байна.  Энэ байдлыг харин хоёр дахь мянганаас эхлэн НҮБ-ын түвшинд  олж харж, хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилтын Тавдугаарт жендэрийн эрх тэгш байдлын  асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд энэ дэлхийг удирдаж чадахгүй байна шүү дээ. Улсаа ч удирдаж чадахгүй байна. Түүнээс болоод бидний амьдарч байгаа дэлхий хүнд байдалд орчихсон, байгаль дэлхийгээ сүйтгээд дуусаж байна.  Ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөн, тэр бүү хэл дайн газар сайгүй улам гаарсаар байна. Баян хоосны ялгаа эрс ихэсэж, дэлхийн хүн амын бараг тал нь үгээгүй ядуу байна. Тиймээс “Эх дэлхийгээ шинэчилье!” гэсэн уриатайгаар Тогтвортой хөгжлийн зорилтыг баталсан шүү дээ. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцооноос гадна эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, дундаж наслалтын асуудал анхаарал татаж байна.

-Ер нь хүн төрөлхтний түүхийн явцад эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал ямар байсан юм бэ?

- Хүн төрөлхтөнд эхэндээ эхийн эрхт ёс үйлчилж байсан гэдэг. Харин эцгийн эрхт ёс тогтсоноос хойш эмэгтэй хүнийг ихэд дорд үздэг үе байсан байдаг. Энэ тухай өгүүлсэн Францын зохиолч Симон Дэ Бауэрын “Дайвар хүйстэн” гэж орчуулсан ном байдаг. Ингээд хөгжлийн явцад эмэгтэй хүний үүрэг оролцоо, цаашлаад  жендэрийн асуудал яригддаг  болсон байна шүү дээ. Одоо үүнийг дэлхий дахинаараа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Хуулиа гаргаад, парламент, засгийн газрын түвшинд эмэгтэйчүүдийг олноор оруулж, эмэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайдтай улс орон ч нэмэгдсээр байна. Энэ бол улсаа удирдах бодлогын гол хэсэг юм гэдэг нь тодорхой болчихлоо. Өнөөгийн манай Монголчуудад  жендэрийн хэвшмэл үзэл их байна. Харин орчин үеийн залуучууд их өөр болсон шүү. Ер нь бол Монголын уламжлал маш өөр байсан юм билээ. Монголчууд яагаад дэлхийг эзлэх хэмжээнд хүрсэн юм бэ. Яагаад том эзэнт гүрнийг байгуулсан юм бэ. Үүнийг гаднын эрдэмтэд түүхчид судалж үзээд “Чингис хааны ард маш хүчтэй хоёр эмэгтэй байсан. Тэдэнтэйгээ байнга зөвлөж асуудлаа шийддэг байжээ. Ээж, Хатан хоёр нь.” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Ер нь ингээд бодохоор ямар ч эрэгтэй хүний цаана  ээж, эхнэр хоёр нь байж, тэдэнтэйгээ зөвшилцөн,  асуудлаа шийдэж амжилтад хүрдэг гэсэн ийм гайхамшигтай санаа юм. Бид энэ уламжлалаа эргэж сэргээх шаардлагатай, огт хаягдчихсан зүйл ч биш, амьдралдаа хэрэгжүүлсээр ч байгаа. Харамсалтай нь удирдах дээд түвшинд л хурдан ахихгүй байна. Ерөөсөө энэ уламжлал бол Монголын Арга-Билиг- ийн хос ёс юм. Эрэгтэй бол Арга тал, эмэгтэй бол Билиг тал юм.  Гарцаагүй энэ хоёр хоёулаа байсан цагт жам ёс гэдэг зүйл хангагддаг.  Хүний амьдралын жам ёс, нийгмийн жам ёс гэдэг чинь эрэгтэй, эмэгтэйн нэг нь л байхгүй бол юу ч байхгүй биз дээ. Жендэр гэдэг бол ерөөсөө л хүний амьдралын жам ёсны тухай ойлголт шүү дээ. Хамгийн энгийн, хамгийн үнэн зүйлээ хүмүүс зүгээр л мартчихдаг, олж харах нүдгүй болчихдог нь харамсалтай. Энэ жам ёс өнөөдөр алдагдчихсан учраас бид сэргээх гээд яриад байгаа юм. Энэ гэр бүлийг, нийгмийг, улс орныг, дэлхийг жам ёсонд нь оруулж байж л бүх  асуудал шийдэгдэнэ.  Ингэхийн тулд удирдах түвшинд эмэгтэйчүүдийг олон болгох ёстой болж байгаа юм. Түүнээс “дарга болох гэсэн хүүхнүүдийн яриа” биш. Ингэж байж л хуулиа зөв баталж, бодлогоо зөв хэрэгжүүлж, төсвөө зөв хуваарилах ёстой.

Сүүлийн таван жилд улсын төсөв, зарлагын дүн гурав дахин нэмэгдсэн байхад багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэвэр яагаад бараг нэмэгдсэнгүй вэ. Эдгээрийг бүр гурав дахин нэмэгдүүлэх боломж байсан байна шүү дээ. Тэгэхээр “мөнгө байхгүй” гэдэг үг бол зүгээр л заль мэх шүү дээ. Улс мөнгөгүй байна гэж байдаггүй юм, харин байгаа мөнгөө хэрхэн юунд хуваарилахад л асуудал оршдог. Эрэгтэй, эмэгтэй ойролцоо харьцаатай Засгийн газар, УИХ байсан бол хэзээ ч ийм, хүнээ гэх сэтгэлгүй, хүйтэн цэвдэг, хулгай луйвар ноёлсон байхгүй байх байсан, тиймээс энэ байдлыг нэн яаралтай засаж залруулах учиртай гэдгийг хэлэх ёстой.

Харин сүүлийн сонгуулиар ахиц дэвшил гарч 2005 онд тогтоож байсан 30 хувиас доошгүйн квотыг бараг 20 жилийн дараа хэрэгжүүллээ. Энэ дэвшлээ улам бататгах шаардлагатай. Сайн залуус ч гарч ирж байна, тэдэнд итгэж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 228 (7725)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.