Төмөрбаатарын БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонины Улс төр, шуурхай мэдээллийн албаны дарга

2009 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Сэтгүүл зүйн магистрант.

-Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Урлаг, соёлын албаны сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж, тус сонинд 12 дахь жилдээ ажиллаж байна.

-Улс төрийн чиглэлээр нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэн ажиллаж байна. Сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд илүү сонирхолтой.

-Алдар хүндтэй 50 эрхмийн тухай “Бид жолоочийн хүүхдүүд” номын редактораар ажиллаж байсан.

-“Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” шагналтай.

-Сонгодог урлагт дуртай. “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатарын үнэнч сонсогч.

Д.Ганхуяг: Офицерын манлайллын шинэ хэв маяг, үнэт зүйлийг тодорхойлно

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа "Ахлах офицерын жил"-ийн хүрээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуягийг урьж, ярилцлаа.

 

- "Ахлах офицерын жил"-ийн хүрээнд ажлын хэсгээс чуулга уулзалт зохион байгуулах гэж байгаа юм байна.  Чуулга, уулзалтын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

 - Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицерын жил” болгон зарласныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран “Ахлах офицерын чуулга уулзалт”-ыг зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын гол зорилго нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицеруудын урам зориг, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний удирдах арга барил, ур чадварыг залуу үед өвлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаах эрх зүйн байдлыг дээшлүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэх, тэдний гэр бүл, хөгжлийг дэмжих, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн. Мөн энэ чуулга уулзалтыг зохион байгуулснаар ахлах офицеруудын албаны болоод нийгмийн хамгааллын олон асуудал үе шаттайгаар шийдвэрлэгдэх өндөр ач холбогдолтой байна.  

-Та бүхэн өмнө нь залуу офицеруудын болон ахлагчийн чуулганыг зохион байгуулж байсан. Энэ удаагийнх үргэлжлэл нь гэж ойлгож болох уу. Өмнөхөөсөө чухам ямар онцлогтой вэ?  

- Тийм ээ, үргэлжлэл гэж ойлгож болно. Учир нь энэ чуулга уулзалтууд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан томоохон зорилтот ажил, арга хэмжээ юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 онд “Залуу офицеруудын чуулган”, 2024 онд “Ахлагчийн чуулган”-ыг зохион байгуулснаар алба хаагчдын албаны болоод нийгмийн хамгааллын тулгамдсан олон асуудал хөндөгдөж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарц, шийдлийг хамтдаа амжилттай эрэлхийлэн хэлэлцсэн төдийгүй чуулганаас хойш хийж хэрэгжүүлсэн, ажил хэрэг болгосон үйл ажиллагаа олон байгаа нь дээрх чуулган зохион байгуулсны үр дүн юм.   Энэ удаагийн чуулга уулзалтыг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын сэтгэл зүйд “бэрхшээл, сорилтыг даван туулах” итгэл үнэмшлийг бий болгож, “бэлэнчлэхгүй байх”, “амар хялбараар алба хаах үзэл санаа”-г суулгахаас зайлсхийж, тулгамдсан асуудлаас илүүтэй “үнэт зүйл”, “манлайлах сэтгэлгээ”, “удирдах ур чадвар” чухал болохыг ойлгуулахад чиглэснээрээ онцлогтой.  

-Энэхүү чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан томоохон ажлуудаасаа дурдаач?

- Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицерын чуулга уулзалтыг зохион байгуулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд чуулганыг угтан хэрэгжүүлэх нийт 26 ажил, арга хэмжээ бүхий нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.  Өнөөдрийн байдлаар хэрэгжилт 90,4 хувьтай байна. Тухайлбал, энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан улс орон даяар нийт Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Эх оронч үзэл-үндэсний бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Эхний таван байрт шалгарсан сурагчдад гадаадын цэргийн их, дээд сургууль болон ҮБХИС, ДХИС, ҮТИС зэрэг дотоодын их сургуулиудад өөрсдийн сонгосон мэргэжлээр суралцах эрх олгосон. Мөн монгол хүн бүрийг хүүхэд байхаас нь эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, түүнийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага бүр сонгосон нэг их, дээд болон ерөнхий боловсролын сургуульд “Цэрэг-эх оронч хүмүүжлийн танхим”-ыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.  Түүнчлэн “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Шинэ Хархорум хотын ногоон байгууламжид байгууллагууд хамтран 5000 гаруй улиас, 4000 орчим шинэс, 1000 гаруй хайлаас, 500-2300 орчим бут сөөг, бургас суулгаж, хамтын хүчээр цэцэрлэгжүүлж, тохижууллаа. Ахлах офицеруудын нийгмийн хамгааллын асуудлын хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага бүр 1-5 ахлах офицерын хүүхдүүдэд их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлж, давхардсан тоогоор 300 гаруй ахлах офицерыг гадаад, дотоодын урт, богино, дунд хугацааны сургалтад хамрууллаа. Мөн тэдний гэр бүлийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Мөн байгууллагууд дотоод зохион байгуулалтаар тодорхой тооны ахлах офицеруудын байр, орон сууцны асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, ипотекийн зээлд хамруулсан. Түүнчлэн ахлах офицеруудын манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллага бүр дотооддоо “Албаны үнэ цэн” сэдэвт гурван үеийн уулзалт, “Эх орондоо өргөсөн тангараг”, “Дурсамжит он жилүүд”, “Албаны нэг өдөр”, “Өглөөний цай-өдрийн бүтээмж” зэрэг үйл ажиллагааг нэвтрүүлэг, контент, подкаст,  уулзалт, ярилцлага хэлбэрээр зохион байгуулж, залуу үеийг бэлтгэх, тэдэнд ахлах офицеруудын сайн туршлагыг өвлүүлэх, удирдлага алба хаагчидтайгаа биечлэн уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлж, залуу алба хаагчдын албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтот ажил, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм.  Мөн “Цэргийн түүхийг гүнзгийрүүлэн судлах”, “Түүхэн дурсгалт газрын хөшөө, самбар зэргийг сэргээн сайжруулах” зэрэг аяныг өрнүүлж, цэргийн түүхэн газруудыг тодотгож, тэдгээрийн хөшөө, дурсгалт цогцолборуудыг сэргээн засварлаж, алба хаагчид, ард иргэдэд ач холбогдлыг нь танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсан зэргээр дурдаад байвал бид хамтын хүчээр багагүй ажил амжуулсан байна шүү.

-Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд чуулга уулзалтаа хамтарч зохион байгуулж байгаа нь маш том давуу тал болов уу? 

 - Дээр дурдсанчлан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд 2023 оноос эхлэн залуу офицер, ахлагч нарын чуулганыг хамтран үр дүнтэй зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд байгууллагууд нэг зорилгын дор нэгдэн алба хаагчдынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг харилцан зөвшилцөж, хамтран шийдвэрлэж ирсэн. Тухайлбал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын цэргийн цол, цалин хөлс, онцгой нөхцөлийн болон бусад нэмэгдлийн ялгамжтай байдлыг бууруулж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид, ялангуяа эмэгтэй алба хаагчдын тоо нэмэгдсэн зэрэг хамтын ажиллагааны үр дүн бодитоор гарч байгаа гэж үзэж байна. 

- Алба хаагчдын нийгмийн асуудал, тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийг үе шаттайгаар шийдвэрлэх боломж бас бүрдэж байгаа байх?

 - Тэгж ойлгож болно оо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжих үндэс болсон төдийгүй байгууллагууд харилцан туршлага солилцож, тулгамдсан асуудлаа дангаараа бус нэгдмэл байдлаар шийдвэрлэх боломж бүрдсэн гэдэгтэй бүгд санал нийлэх байх аа.   Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд үндсэн чиг үүргийн хувьд өөр ч алба хаагчдын өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэхэд зайлшгүй нэгдмэл байр суурьтай байх шаардлага үүсдэг. Цаашид зөвхөн тулгамдсан асуудал ч бус ахлах офицеруудын чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, залгамж халааг оновчтой бэлтгэх, эмэгтэй офицеруудын манлайллыг дэмжих, шинжлэх ухаан-технологийн дэвшлийг байгууллагын бодлого, үйл ажиллагаанд үр дүнтэй нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй.

- Батлан хамгаалах салбар цаа­шид ахлах офицерууддаа чиг­лэсэн ямар томоохон бодлого баримталж ажиллах вэ?  

- Батлан хамгаалах салбарын хувьд хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, нийт алба хаагчдынхаа албаны болоод нийгмийн хамгааллыг сайжруулах, эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургах, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах бөгөөд энэ хүрээнд гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх тогтвортой бодлого баримтлан ажиллана. 

- Энэ удаагийн чуулга уулзалтын үед зохион байгуулагдах эрдэм шин­жил­гээний хурлаар чухам юуг онцлон хөндөх вэ?

- Ахлах офицерын чуулга уулзалтын үндсэн хэсэг нь эрдэм шинжилгээний хурал юм. Өмнөх жилүүдэд залуу офицер, ахлагч нарт тулгамдаж буй асуудлыг нэлээд хөндсөн. Энэ жилийн хүрээнд бид “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Учир нь дэлхийн ихэнх улс оронд “Офицер”-ыг эрхэмлэн хүндэтгэж, нийгмийн аль ч тогтолцоонд “Сэхээтэн” гэх ойлголтоор хүлээн авч, тэдний бүх шатанд үзүүлж буй манлайллын нөлөөллийг дэмжиж, залуу үеийн үлгэр дуурайлал болгон зөв чигт төлөвшүүлэхэд анхаарч байгааг ахлах офицерууддаа ойлгуулах, офицер гэх эрхэм нэр хүндийг өндөрт өргөж, залгамж үедээ зөв үлгэр дуурайлал болох сэдлийг төрүүлэх үүднээс энэхүү сэдвийг сонгосон. Энэ хүрээнд Ажлын хэсгээс баталсан удирдамжийн дагуу төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд үндсэн сэдэвтэйгээ уялдуулан дотооддоо “Офицерын хөгжлийн орчин үеийн хандлага: Манлайлал ба мэргэжлийн ур чадвар”, “Офицерын хөгжил: Сэтгэлгээ ба ёс зүйн тулгуур”, “Офицерын замнал: Бэлтгэл, хөгжил, манлайллын уялдаа”, “Орчин үеийн цэргийн хүчинд офицерын хөгжлийн үзэл баримтлалын шинэчлэл”, “Офицерын хөгжил: Цэргийн удирдлагын ирээдүйн загвар”, “Офицерын хөгжлийн үзэл баримтлал” зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж шилдэг илтгэгчээ шалгаруулсан байгаа. Тэд чуулга уулзалтаар зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хуралд ахлах офицеруудын “Хөгжлийн чиг хандлага”, “Манлайлал”, “Ёс зүй”, “Удирдах ур чадвар”, “Үнэт зүйл”, “Манлайллын шинэ хэв маяг”, “Залуу үеийг бэлтгэх” зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлж, “Офицерын манлайллын шинэ хэв маяг”, “Үнэт зүйл”-ийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээлт болгон өргөн барихаар төлөвлөөд байна.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 192 (7689)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.