Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

Б.Бямбадорж: Төрт ёсны зургаан уртын дуугаар “Эрхэм төр” пянзаа бүтээлээ

Дуунд мөнхөрсөн Юндэн дуучин болоо юу гэлтэй сайхан төрсөн хүний үр юм. Увсын цэнхэр хязгаарын уул ус нь баясаж, Хяргас нуур нь цэнхэртэн цэлэлзэв үү гэлтэй сайхан ч дуулах юм аа. Дуучин Б.Бямбадорж.

Үе дамжин өвлөгдөж, амаас амд аялагдсаар ирсэн монгол уртын болон ардын дуу, язгуур урлагаа сурталчлан таниулах үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа тэрээр Үндэсний урлагийн их театр гэх их айлд 2017 онд хөл тавьсан түүхтэй. Энэ хугацаанд та бидний сэтгэлд хоногшсон олон ч бүтээлийг амилуулсан уран бүтээлч. Мөн шинийг эрэлхийлэгч. Тиймдээ ч өнгөрсөн баасан гарагт “Эрхэм төр” хэмээх Монгол төрт ёсны зургаан уртын дуунаас бүрдсэн пянзны нээлтээ хийлээ.

Энэ үеэр мэргэжил нэгт ахан дүүс нь ихэд сэтгэл хангалуун байгаа нь харагдана. Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг “Эх орны баруун хязгаарын үзэсгэлэнт байгаль, уул ус уран бүтээлчдэд нөлөөлдөг байх. Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Бямбадорж их эрэл хайгуулч, уран бүтээлч хүн юм. Иймд энэхүү пянзны нээлт их сайхан санагдлаа. Монгол төрийн ёслол хүндэтгэлийг нээж, хаадаг хуульчлагдсан зургаан дуугаар пянз гаргахын сацуу төгөлдөр хуурын ноттой, үндэсний их найрал хөгжмийн найруулгатай нь гаргасан байна” хэмээн олзуурхан сайшаахын дашрамд уран бүтээлийн цаашдын замналд нь амжилт хүссэн юм.

 

“Монголчууд эрт үеэсээ дэлхийн түүхэнд бичигдэх үндэсний хөгжмийн их найралтай, төрт ёсны дуутай байсан”

Б.Бямбадоржийн уран бүтээлийн замнал унаган авьяасаас нь гадна Монгол Улсын гавьяат жүжигчин, улсын манлай засуул, ерөөлч, магтаалч, уртын дуучин Б.Батболд гэх эрхэм хүний шавь гэдэгтэй салшгүй холбоотой. Энэ тухайгаа тэрээр “Хэрэв багш маань амьд сэрүүн байсан бол их зүйлийг зааж, зөвлөж, шавийгаа өнөөдрийнхөөс илүүтэй  хөгжүүлэх байсан байх гэж боддог юм. Багшийн маань зааж сургасан сайхан зүйлсийн дээж нь өнөөдөр биеллээ оллоо. Монголчууд эрт үеэсээ дэлхийн түүхэнд бичигдэх үндэсний хөгжмийн их найралтай байсан. Энэ найрал хөгжимтэйгөө төрт ёсны уртын дуугаа дуулж байсныг өнөө үед дахин амилуулж монголчуудынхаа сонорт хүргэж буйдаа бэлгэшээн баярлаж байна. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, Үндэсний урлагийн их театрын хамтын бүтээл байлаа” гэв.

Энэ үеэр сэтгэлийн цэнхэр хадаг барин баярт үйл явдлыг хуваалцахаар ирсэн уран бүтээлчдийн нэг нь гавьяат жүжигчин Б.Батцэцэглэн байв. Тэрээр “Монголчуудын оюун санааны илэрхийлэл болсон уртын дууг энэ зуунд дахин амилуулж, пянз болгон сонсогчдодоо хүргэж буйд баяртай байна. Б.Бямбадорж маань дайчин, шударга, хичээнгүй, Үндэсний урлагийн их театрын өнөө цагийн нүүр царай болсон залуу уран бүтээлч. Мөн бид нэг багшийн шавь нар. Багш минь тэнгэрээс шавь нараа хараад бахархаад сууж байгаа байх” хэмээн багшийгаа дурсан, мэргэжил нэгт дүүгээрээ бахархан хүүрнэсэн юм.

Монгол түмний төрт ёс, зан заншил, хүндэтгэлийн дэгтэй нягт холбоотой уртын дууны сор бүтээлүүдийг багтаасан энэхүү пянз нь үндэсний дууны өвийг хадгалан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд зориулсан уран бүтээл болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 178 (7920)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn