Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

Д.Идэр: Өгэдэй хааны байгуулсан Улсын хөвгүүдийн сургууль дорно дахины анхны төрийн сургууль юм

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Судлаачийн үг” буландаа МУБИС-ийн багш,  доктор Д.Идэрийг урьж, Өгэдэй хааны намтар, үйл хэрэг, түүхийн шинжлэх ухааны зарим асуудлын талаар ярилцлаа.

 

-Монголчууд “Чингис хааны үр сад” хэмээн бахархан омогшдог. Гэвч түүний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлсэн их хаадын тухай ярих нь ховор юм. Энэ жил жил Их Монгол Улсын 820, Өгэдэй хааны мэндэлсэн 840 жилийн ой тохиож байна?

-Түүхийн шинжлэх ухааны сургалт, судалгаанд зайлшгүй мэдэх, судлах, сурталчлан таниулах ёстой олон асуудал байгаагийн нэг хэсэг нь их хаадын намтар, үйл хэрэг юм. Харин бид өдгөө Чингис хааныхаа тухай ярихаас түүний залгамжлагчид болох Өгэдэй, Гүег, Мөнх, Хубилай гэх их хаадын үйл хэргийн нарийвчилсан судалгаа дутмаг байна. Энэ тухай судлах судлаачид цөөн учир энэ чиглэлийн судалгааны бүтээл харьцангуй цөөн.

Өгэдэй хааны цадиг намтар түүхийн сурвалжуудад тодорхой хэмжээнд тэмдэглэгдэн ирсэн. Тодруулбал, “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган”, “Юань улсын судар”-ын Өгэдэй хааны цадиг байна.

Гэвч өнөөдрийн байдлаар Өгэдэй хааны намтар үйл хэргийг тусгайлан бичсэн судалгааны бүтээл байхгүй бөгөөд Чингис хаан түүний залгамжлагчид эсвэл Их Монгол Улсын түүхтэй хамааруулан судалж ирсэн.

Оюутан залуус их түүхээ сонирхон судалж буй өнөө үед тэдний сонирхлыг татах, өдөөх бүтээл хийх зайлшгүй шаардлагатай байна.

-Бид Өгэдэй хааныг Монголын нууц товчоонд тэмдэглэсэн дөрвөн сайн, дөрвөн муу үйлээр нь мэддэг. Гэвч түүний намтар, үйл хэрэг үүгээр хязгаарлагдахгүй нь лавтай. Түүхийн сурвалжуудад хэрхэн тэмдэглэсэн байдаг вэ? 

-Монголын нууц товчоонд эцгийн захиасыг биелүүлж Алтан улсыг мөхөөв. Өртөө зам байгуулав. Усгүй газар худаг гаргуулав. Олон газрын хот балгасыг захирах даргач нарыг тавьж улс иргэнийг амар түвшин болгов гэх дөрвөн сайн үйлийг тэмдэглэсэн байдаг. Гэтэл Өгэдэй хааны намтар, үйлийг нарийвчлан судлахад сайн үйл нь энэ дөрвөөр хязгаарлагдахгүй.

Монголын хаадыг зөвхөн байлдан дагуулалтаар нь тэмдэглэдэг түүх бичлэгийн хоцрогдсон үзэл баримтлал бий. Гэтэл Монголын их хаадын төрийн бодлого, гадаад харилцаатай холбоотой олон үйл хэрэг нь соён гэгээрэл, соёл боловсролыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байдаг.

Өгэдэй хаан 1229-1241 оныг хүртэлх 12 жилийн хаанчлалын үедээ монголчуудын соёл, сургууль боловсролын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Юань улсын сударт тэмдэглэснээр, 1234 онд Алтан улсыг байлдан эзэлснийхээ дараа Богдыг алдаршуулах сүм (Күнзийн сүм)-ийн суурин дээр “Улсын хөвгүүдийн сургууль”-ийг  байгуулжээ. Энэ нь Монголын түүхэн дэх анхны төрийн сургууль билээ. Энэ сургууль нь хожмын Юань гүрний үед уламжлагдсан төрийн сургуулийн хөгжлийн үндэс суурийг тавьсан юм.

Өгэдэй хаан Улсын хөвгүүдийн сургуулийг байгуулах тухай 1233 онд буулгасан зарлигийг чулуун дээр сийлснийг Дайду хотын Нанчэн сүмд хожим байрлуулсан. Энэхүү хөшөө чулууны бичээс нь Өгэдэй хааны Улсын хөвгүүдийн сургуулийг байгуулсан зорилго, ач холбогдол зэрэг олон зүйлсийн оньсыг тайлна.

Монголчууд төрийн сургууль байгуулж байсан энэ үйл явцыг дэлхийн бусад орны сургууль боловсролын түүхтэй харьцуулахад, Баруун Европт XI-XIII зууны үед их сургууль байгуулагдаж байлаа. Загалмайн шашин ноёрхсон дундад зууны энэ үед шашин, иргэний боловсрол салж, Баруун Европт их сургууль үүссэн. Харин энэ үед дорно дахинд монголчууд анхны төрийн сургууль байгуулсан. Энэ нь их, бага сургууль гэсэн ангилал байхгүй боловч тухайн улс үндэстнийхээ боловсролын хамгийн дээд байгууллагыг байгуулсан нь энэ юм. Иймд Өгөдэй хааны бас нэг сайн үйл нь энэ билээ.

Хубилай хаан Их Монгол Улсын хаан ширээг залгамжилсаны дараа Өгэдэй хааны байгуулсан Улсын хөвгүүдийн сургуулийг дахин сэргээж, өргөтгөсөн. Тодруулбал, 1269 онд Улсын хөвгүүдийн сургууль, 1271 онд Монгол үсгийн буюу дөрвөлжин үсгийн улсын хөвгүүдийн сургууль, 1289 онд Сартуулын улсын хөвгүүдийн сургууль гэх гурван сургууль болгон хөгжүүлсэн.

-Өгэдэй хааны байгуулсан Улсын хөвгүүдийн сургуулийн онцлог, зорилго юу байв. Түүнчлэн ямар эрдэмтдээр багшлуулж байсан тухай түүхийн сурвалжид тэмдэглэсэн байдаг уу?

-Монгол язгууртан ноёд, дүү нарынхаа хөвгүүдээс 18-ыг сонгож, хятад хэл зааж, Хятад газар тусгайлан суулгаж, хэл яриа, соёлыг нарийн сургах буюу хэлмэрчдийг бэлтгэж байв. Ингэхээр Улсын хөвгүүдийн сургуулийн эхний зорилго нь, төрийн албанд шаардлагатай хэлмэрчдийг бэлтгэх аж.

Тухайн үеийн Их Монгол Улс нь Алтан улсыг эзлэн авснаар Хятад оронд ноёрхлоо тогтоохыг санаархаж байсан учир хятад ханз бичигтэй төрийн түшмэдийг сургаж, бэлтгэх шаардлага үүссэн. Мөн Монголын төрд хүчин зүтгэж байгаа кидан, зүрчид, хятад зэрэг түшмэдийн хөвгүүдийг монгол хэл сургаж байв. Түүнчлэн бүх хөвгүүдийг нум сум харвах цэргийн боловсролыг хамтад нь олгож байсан.

Дорно дахины түүхэнд авч үзэхэд төрийн сургуулийг улсын хэмжээнд байгуулах үндсийг Өгэдэй хаан тавьж, Хубилай хааны үед хөгжлийн оргил үедээ хүрсэн. Багш хүн ямар чухал болох, сургуулийг төрийн бодлогоор хэрхэн дэмжих ёстой гэх цогц бодлогыг Юань гүрний үед Хубилай хаан хөгжүүлсэн. Тиймдээ ч өдгөө боловсрол, бичиг үсгийн хөгжлийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр асар их юм.

Иймд монголчууд зөвхөн цэргийн эрдмээр дайн байлдаан хийгээд байсан биш, харин бичиг үсэг, соёл боловсрол өндөр хөгжсөн байсан гэдгийг хүүхэд залууст таниулан мэдүүлэх хэрэгтэй. Энэ нь Монголын эзэнт гүрэн бол оюуны өндөр чадамжтай хүмүүсийн байгуулсан төр улс юм гэдгийг баталж буй нэг баримт юм.

Их Монгол Улсын үед Чингис хаан, Чанчунь бомбыг хүндэтгэж, түүнийг урьж уулзсан байдаг. Энэ үеэс бомбын шашныг өргөн тэтгэх болжээ. Тиймээс Өгэдэй хааны Улсын хөвгүүдийн сургуулийг байгуулаад бумбын шашинтнуудыг багшаар томилсон байна. Монголчууд эртнээс аливаа шашин соёлд хүндэтгэлтэй хандаж, ялгаварлан гадуурхдаггүй байлаа. Иймд шашин соёлоор дамжуулж хүмүүсийн оюун санааг хөгжүүлэх, удирдан жолоодох аргыг төрийн бодлогодоо уялдуулж ирсэн.

Үүнээс гадна Өгэдэй хааны үеийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг нарийвчлан судлахад, Их Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үндэс суурийг тавьж байсан. Тухайлбал, өртөө зам байгуулсан, татварын реформ шинэчлэл хийж, хувь хэмжээг нарийн тогтоосон. Цаашлаад Алтан улсыг эзэлсэний дараагаар Хятадыг захирах бодлогын үндэс суурийг тавьсан бөгөөд хожим Мөнх хаан, Хубилай хаан энэ бодлогыг уламжлан, үргэлжлүүлсэн.

Хархорум хотын үүсэл Чингис хааны үед тавигдсан. Харин Өгэдэй хаан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжүүлэх үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн. Хархорум хотыг дахин босгох ажил ид өрнөж байгаа энэ үед Өгэдэй хааны гавьяа зүтгэлийг хамтад нь ярих ёстой гэж бодож байна.

-Монголын түүхийн судалгаа шинжилгээ ШУА, МУИС, МУБИС гэх тулгуур гурван байгууллагын нуруун дээр оршиж байна. Эдгээр байгууллагын хамтын ажиллагаа хийгээд өнөөдрийн нийгэмд өнгөрсөн түүхээсээ эргүүлэн суралцах, түүхийн шинжлэх ухааны ашиг тусыг гаргах явдал нийгэмд хэр байна вэ?

-Өдгөө ШУА-ын Түүхийн хүрээлэн, МУБИС, МУИС-ийн Түүхийн ухааны тэнхим тус тус судалгаагаа хийгээд явж байна. Хамгийн сүүлд МУИС-аас санаачлан хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бид 2019 онд буй Монголын түүхийн таван ботийг бичсэн. Энэ жил Их Монгол Улсын 820 жилийн ойд зориулан бичсэн Монголын эзэнт гүрний бутралын үеэр таван боть судалгааны бүтээл удахгүй хэвлэгдэнэ. Энд дээр дурдсан гурван байгууллагаас гадна олон судлаачид хамтарсан болно. Мөн их хаадын намтар үйл хэргийг нарийн судалж шинжилж оруулсан.

Түүх өнгөрсний тухай шинжлэх ухаан биш. Өнгөрснөө судалж, дүн шинжилгээ хийж, түүнээсээ сургамж авч өнөөдрийн бодит байдлаа дүгнэж, шинжилж, ирээдүйд яах ёстой вэ гэх чиг хандлагаа тодорхойлдог шинжлэх ухаан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд оршдог. Иймд Монголын өнөөгийн төр ч өнгөрсөн түүхээсээ сургамж авч, их хаадын бодлого үйл хэргээс суралцаж явах нь зүйтэй боловч харамсалтай нь энэ байдал харагдахгүй байна.

-Аливаа түүхэн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах нь харагддаг ч тухайн салбарынхны дунд өрнөөд дуусдаг. Энэ тал дээр таны хувьд ямар бодолтой байдаг вэ?

- Энэ жил Их Монгол Улсын 820 жилийн ойг угтан Засгийн газраас ажлын хэсэг гарсан гэсэн боловч ард иргэдэд мэдэгдэх ажил алга байна. Аливаа түүхэн ойн хүрээнд мэргэжлийн түүхчид нь эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах эсвэл ном хэвлүүлдэг байдал хэвшсэн байна. Гэвч энэ нь тухайн мэргэжлийн хүрээндээ үлддэг. Энэ хэвшмэл байдлыг халж, олон нийт, хүүхэд залуус, ирээдүй рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа түлхүү зохион байгуулах, баяжуулах нь нийгэмд үр өгөөжтэй, үр дүнтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 109 (7851)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn