Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

Н.Мөнхсаран: Бүжиг миний хамгийн дуртай зүйл

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Бүжгийн Одод” клубийн “Барби” хамтлагийн бяцхан бүжигчин Н.Мөнхсараныг онцолж байна. “Барби” хамтлаг нь 2024, 2025 оны Улсын аварга хамтлаг, 2025 оны Аймгийн шилдэг хамтлагаар шалгарсан. 2025 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “International championship” бүжгийн спортын тэмцээний цом, алтан медалийн эзэд юм. Хамтлагийн хамгийн бяцхан гишүүн Н.Мөнхсаран нэгдүгээр ангийн сурагч юм.

 

-Миний дүү хэдэн настайгаасаа бүжиглэсэн бэ. Хэн зааж өгдөг вэ?

-Намайг дөрвөн настайгаас аав маань бүжиг заасан. Манай эгч, дүү хоёр бас бүжиглэдэг. Эгч маань 10 настай болохоор надаас илүү олон медальтай. Би эгч шигээ том болоод 200 медаль авна гэж боддог. Аав маань гар хөлөө чангалаад хүчтэй бүжиглэ гэж заадаг. Би гэртээ эгч, дүүтэйгээ зөндөө бүжиглэдэг. Тэмцээн дээр гэртээ бүжиглэж байгаа шигээ хүчтэй бүжиглэхийг хичээдэг. Энэ миний хамгийн дуртай зүйл.

-Энэ олон медаль, цомоо ямар тэмцээнээс авсан бэ?

-Бид Бээжин, Хөх хотоос бүжгийн цомуудаа авч байсан. Би бас Бээжинд самба, жайв, румба бүжгийн соло төрөлд орсон. Манай “Барби” хамтлаг зургаан гишүүнтэй. Би хамгийн бага нь.

Би гадаадад очоод өөр улсын хүүхдүүдтэй өрсөлдөөд гуравдугаар байранд орсон. Нэг хүүхэд намайг санаандгүй түлхээд миний хөл өвдөөд уйлсан. Ээж минь “Миний охин медаль авахгүй байсан ч болно. Энэ хүртэл бэлдээд ирсэн юм чинь талбай дээр гараад тэвчээд бүжиглэчих” гэсэн. Хөл өвдөөд байсан болохоор гэртээ бүжиглэдэг шигээ хүчтэй байж чадаагүй.

-Чамайг хамгийн сайн дэмждэг хүн хэн бэ?

-Ээж маань надад “Миний охин мундаг бүжиглээрэй” гээд миний нүүрийг будаж, үс янзалж, хувцсыг маань өмсүүлдэг. Надад энэнээс гадна таван бүжгийн хувцас байгаа. Ээж минь өнгө өнгийн гоё хувцас захиалж авч өгдөг.

Тэмцээндээ хожигдохоор уйлдаг. Ээж минь “Миний охин медаль аваагүй байсан ч мундаг” гэсэн. Медаль аваад ирэхээр эгч маань “Миний дүү мундаг шүү. Сайн байна” гэхээр нь би баярладаг. Бас “Сараанаа бүжиглэе” гэхээр нь “За” гэдэг. Би бүжиглэх их дуртай. Тэмцээний үеэр аав маань завгүй байдаг болохоор юм хэлдэггүй. Ангийн маань багш “Миний охин мундаг бүжиглэдэг шүү” гэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7824)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn