“Эдийн засгийн сонгодог бүтээлүүдийн буруу хэвшсэн ойлголтыг эвдэж, эдийн засагчдын үндсэн санааг бодитоор хүргэхийг зорьсон”
Эдийн засгийн шинжлэх ухаан бол хүний хөгжил, төрийн бодлого, бизнесийн шийдвэрт хамгийн их нөлөө үзүүлдэг шинжлэх ухааны салбаруудын нэг билээ. Гэвч энэ ухааны суурь ухагдахуун, онол, түүхэн хувьсал нь олон хүнд төвөгтэй, заримдаа хэт хол санагддаг байж магадгүй юм. Угтаа эдийн засгийн шинжлэх ухаан бол зөвхөн тоо, загвар, онолын урсгалууд төдий биш, харин нийгмийн амьдралын утга учир, шударга ёс, хөгжлийн замыг эргэцүүлэх сэтгэлгээний ухаан аж.
Энэ шинжлэх ухааны онол, ухагдахуунууд нь дан мэргэжлийн эдийн засагчдын мэдлэг биш, харин иргэн бүрийн амьдралд нөлөөлөх нийтийг хамарсан хууль, мэдлэг болж өргөжих шаардлагатай болжээ. Хувь хүний шийдвэрээс эхлээд улс төр, нийгмийн бодлого хүртэлх бүхий л үе шатанд аливаа сонголтыг эдийн засгийн зарчим чиглүүлж байдаг. Гэхдээ эдийн засгийн онол, түүний түүх, сэтгэлгээний урсгалууд ба онолын ухагдахууныг гүнзгий танин мэдэж, өөрийн гэсэн ойлголт болгон тусган авахад цаг хугацаа, хэлний бэрхшээл, эх сурвалжийн хомсдол зэрэг олон саад тулгардаг. Тэгвэл Том Батлер-Боудоны “Эдийн засгийн шинжлэх ухааны 50 сонгодог бүтээл” ном нь дээрх саадуудыг даван туулахад туслах ховор бүтээл юм. Энэ бүтээлийг “Нэпко” компанийн эрхтэйгээр доктор Ч.Отгочулуу англи хэлнээс орчуулсан бөгөөд тус номын нээлт өчигдөр боллоо.
Том Батлер-Боудон хоёр зууны туршид эдийн засгийн сэтгэлгээг тодорхойлж ирсэн 50 нөлөө бүхий бүтээлийг сонгон авч, тэдгээрийн гол санаа, түүхэн ач холбогдол, өнөөгийн хэрэглээний талаар товч бөгөөд ойлгомжтой, сонирхолтой байдлаар тайлбарлажээ. Энэхүү номыг орчуулах санаачилгыг Монгол Улсын Сангийн сайд, Боловсролын сайд асан П.Цагаан гаргасан байна. Ингэхдээ “Монгол Улс улс төрийн шинэчлэл хийчхээд байна. Эдийн засгийн шинэчлэл хагас дутуу хийгээд байна. Харин сэтгэлгээ, танин мэдэхүйн шинэчлэл дээрээ алдаад байна. Иймд энэ цуврал номыг орчуулах санаачилгыг гаргаж, санхүүжүүлсэн” тухай орчуулагч Ч.Отгочулуу дурдсан юм. Түүнчлэн Ч.Отгочулуу орчуулагч номынхоо тухай “Сонгодог гэх утга нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн шалгуурыг давах бүтээлийг хэлдэг. Жишээлбэл, эдийн засгийн шинжлэх ухааныг үндэслэгч Адам Смитийн ном бий. Тэрээр хувь хүн аз жаргалтай байх нь бүх шинжлэх ухааны үндэс бөгөөд үүний тулд улс үндэстэн тэр орчныг бүрдүүлэх ёстой юм байна гэх санааг гаргасан. Ингэхдээ хувь хүний хөрөнгөтэй болох эрх чөлөөг нээлттэй болговол эдийн засаг хөгжинө гэж үзсэн. Шотланд улсад эдийн засгийн эрх чөлөө бий болсноор уурын галт тэрэг, аж үйлдвэрийн хувьсгал анх үүссэн. Эдийн засгийн энэ эрх чөлөөний нөлөөгөөр сүүлийн 200 жилийн дотор дэлхийн улс орнууд танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна. Энэ мэт том эдийн засагчдын номыг орос хэлнээс дамжуулж, социалист үзэл суртлаар монгол хэлэнд орчуулж байсан тул бидний дунд буруу хэвшсэн ойлголтууд байдаг. Үүнийг эвдэж, зохиогчийн үндсэн санааг үнэн бодитоор уншигчдад хүргэхийг зорьсон” гэсэн юм.


Номын ерөнхий редактораар МУИС-ийн доктор Ч.Нарантуяа ажилласан бол редакторын багт Б.Болдбаатар, Д.Моломжамц, Да.Ганболд нар багтжээ. Тэргүүн шадар сайд асан, эдийн засагч Да.Ганболд “Англи хэл хэдий дэлхийн хэл боловч манайх шиг шинжлэх ухааны үг хэллэг бүрэн тогтож хэвшээгүй хэлээр орчуулга хийхэд салбар бүрийн мэргэжилтнүүдэд өөр өөрийн зовлон тулгардаг. Зарим үгийн утгыг бидний хэрэглэж заншсан толь бичиг дээр байхгүй үгээр илэрхийлэх нь бий. Эдийн засаг гэх нэр томьёог мэдэхгүй хүн байхгүй. Гэхдээ хамгийн нарийн маргаан, мэтгэлцээн дагуулж байдаг шинжлэх ухаан юм. Тиймээс энэ бүтээлд онолын нэг урсгал чиглэлийг голлоогүй болно” гэсэн юм.
Ном гэдэг цаг хугацаа, хөдөлмөрийн дүнд босох хамтын бүтээл байдаг. Тиймдээ ч орчуулагчийн үгийн сонголт, зохиолчийн санааг бүрэн илэрхийлэхэд редакторын багийн үүрэг их. Энэ тухай эдийн засагч С.Баярцогт “Бид англи, герман хэл дээрх ном бүтээлийг орос хэлээр дамжуулж орчуулдаг байсан бол орчин үед англи эх хувиас нь орчуулж байна. Би “Мартин Лютер Кинг Жуниор” гэх хүний нэрийг “залуу хаан Лютер” гэж үгчлэн буруу орчуулсан номтой таарсан удаатай. Тиймээс орчуулгын салбар хөгжсөн энэ үед номын агуулга, илэрхийлэх санаа, мөн чанарыг ойлгосон хүн редакторлах нь зөв гэж боддог. Эдийн засгийн орчуулгын зарим нэр томьёоны ихэнхийг англиар нь хэрэглэдэг. Түүнчлэн эдийн засгийн шинжлэх ухааны чиглэл үе үе өөрчлөгдөөд байдаг тул орчуулагч, редакцад хүндрэлтэй болдог. Тухайлбал, эхний хэсэг сонгодог бүтээлүүдийг философи талаас нь тайлбарласан бол ХХ зууны дунд үеэс хүчтэй тоон суурьтай болсон. ХХ зууны сүүл, XXI зууны эхэн үеэс хүний мөн чанар, зан үйл, төлөвтэй холбоотой болсон. Эдийн засгийн онолууд нь төрийн оролцоотой, төрийн оролцоог хязгаарлах гэсэн туйл дээр явж байгаа тул үүний мөн чанарыг ойлгож байгаа хүн орчуулгын редакц хийх нь номын илэрхийлж буй санаа, агуулга, мөн чанарыг бүрэн ойлгож ажиллах давуу талтай” гэсэн юм.
Тэгвэл энэхүү номоос төр иргэн хоёрын хүчний харьцаа, тэнцвэр ба зааг хаана байвал нийт эдийн засагтаа хамгийн сайн орчныг бүрдүүлж чадах вэ гэдэг дээр олон өнцгөөс тольдон харах боломжтой. Энэ бол улс төрийн эдийн засгийн тухай гүнзгий, шүүмжлэлтэй, олон талт ойлголттой болох эхлэл юм. Түүнчлэн “Монголын залуу үе эдийн засгийн шинжлэх ухааны онол, ухагдахууныг зөв суурьтай, шүүмжлэлтэй, олон улсын жишээтэй харьцуулан ойлгож чадвал бид илүү ухаалаг сонгогчид, илүү хариуцлагатай бодлого боловсруулагчид, илүү бүтээлч нийгмийг цогцлуулах боломжтой. Энэ номыг орчуулан хүргэж байгаа нь тийм ирээдүйн төлөөх нэг алхам юм” гэх ерөнхий редактор, доктор, профессор Ч.Нарантуяагийн бичсэн өмнөх үг энэ бүтээлийн нэгэн чухал өнгийг илэрхийлж байна.
“Нэпко” хэвлэлийн газар өмнө нь Том Батлер-Боудоны “Бизнесийн сонгодог 50 бүтээл” номыг уншигчдын хүртээл болгож байсан бөгөөд цаашид мөн бусад бүтээлийг нь орчуулахаар мөн төлөвлөжээ.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23.ПҮРЭВ ГАРАГ. № 77 (7819)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn