Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

Б.Ууганцэцэг: Бүжгийн спорт нь гоо зүй, хатуужил, чин сэтгэлийн амьд харилцааг бүтээдэг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа Монголын бүжгийн спортын холбооны шүүгч, “Стар” бүжгийн студийн дасгалжуулагч, ОУХМ Б.Ууганцэцэгийг урьж, ярилцлаа. Тэрээр 2009 оноос бүжгийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2015 онд “Стар” бүжгийн хамтлагийн гишүүн болж байв. Харин өнгөрсөн жил сүүлчийн дэлхийн аваргын тайзнаа гарч, тамирчны замналаасаа зодог тайлж, шүүгчийн шинэ замналдаа хөл тавиад байна. “Стар” бүжгийн хамтлаг нь 2007 онд байгуулагдаж, 2010 оноос хойш латин хамтлаг төрлийн дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

-Бүжгийг урлаг гэдэг. Гэхдээ спортын төрөл болон хөгжөөд байгаа нэг хэлбэр байна.  Үүний учрыг тайлбал?

-Энэ нь цэнгээнт бүжгийн хэлбэрээсээ хамаарч байгаа юм.

Нийтээрээ цуглаад цаг заваа зориулаад цэнгээнт бүжгийн урлагийг мэдэрч байгаа нь нийтийн бүжиг. Нөгөөх нь “Ододтой бүжиглэе” шоу, дуучны ард зэрэг бүжиглэж байгаа зохиомжтой тайзны хэлбэр. Харин спорт болж хөгжөөд байгаа хэлбэр нь өрсөлдөөн юм.

Хурд хүч, техник ур чадварыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, хоорондоо өрсөлдөж оноо авч хэлбэр нь Олимпын хороонд олимпын бус спортын төрөл хэмээн бүртгэлтэй явна. Ингэхээр ямар хэлбэрээр, хэн, хаана бүжиглэж байгаа нь үүний зангилаа болж байгаа юм.

-Өрсөлдөж байж хөгждөг гэдэг. Бүжгийн спорт Монголд хэр өрсөлдөөнтэй байгаа вэ?

-Олимпын хороонд бүртгэлтэй албан ёсны Монголын бүжгийн спортын холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Холбоонд бүртгэлтэй клубүүдийн тамирчид тухайн төрлийн тэмцээнээр хоорондоо өрсөлдөж, чансаагаараа оноо цуглуулдаг. Багийн төрлөөр бид дэлхийн аварга тэргүүтэй том тэмцээнүүдэд амжилт гаргаад явж байгаа болохоор хүмүүс илүү мэддэг. Мөн сүүлийн жилүүдэд бусад төрлөөр олон улсад өрсөлдөхийг зорих болсон.

Дэлхийн аваргын тайзнаа өрсөлдөж байгаа Монголын цөөн хэдэн баг байна. Бид цөөхүүлээ тул дотроо нэгэнтэйгээ өрсөлдөхөөс илүү хоорондоо эвтэй, дараа дараагийн шилдэг багуудыг бэлдэж, олон улсад амжилт гаргах нь чухал юм. 

Өнгөрсөн жилээс хореографик төрөл хөгжөөд явж байгаа бөгөөд “Star girls” өсвөрийн баг маань анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод есөн багаас нэгдүгээр байр эзэлсэн. Хэдий шинэ төрөл боловч багийн төрлийн хамгийн өндөр амжилт юм.

-Монголын бүжгийн спортын түүхэнд “Стар” хамтлагийн нөлөө тун их. Өнгөрсөн хугацаан дахь дэлхийн аваргын тайзны алдаа, оноо юу байв. Хэрхэн бэлддэг вэ? 

-“Стар” хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Батсайхан багш маань ерөнхий найруулга, дэглэлтийг хийдэг. Мөн Германы “Grun gold” хамтлагийн гишүүн дэлхийн гурван удаагийн аварга, Европын холбооны гурван удаагийн аварга Н.Онондарь багш маань 2022 оноос бидэнтэй ажиллаж байна. Хамтлагийн дараа үеийн тамирчдыг бэлтгэх туслах дасгалжуулагчаар Жаргалсайхан бид хоёр ажилладаг.

Манай “Стар” хамтлаг 2010 оноос хойш 13 дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, сүүлийн жилүүдэд хамгийн өндөр амжилтуудаа үзүүлж, гурван удаа дөрөвдүгээр байр, нэг удаа тавдугаар байр эзлээд байна. Хараахан медаль хүртэж чадаагүй ч медалийн багуудтай тэг зууны хоёр, гурван онооны зөрүүтэй өрсөлддөг. Удахгүй медаль хүртэж, дэлхийн аварга болно гэсэн зорилготойгоор бэлтгэлээ хийгээд явж байна. Багийн үндсэн бүрэлдэхүүнээ удаан хадгалахыг хичээдэг бөгөөд ахлах ангийн сурагчид, бүжгийн мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнууд бий. Тэр бүрд дэмждэг эцэг эхчүүдэд талархдаг.

Дэлхийн аварга болж байгаа багуудад ч асуудал байдаг. Бид жил бүр өөр өөр зүйл дээр алдсан байх нь бий. Тэр бүхнийгээ сайжруулж, илүү хөдөлмөрлөж, туршлагажиж байна.

-Энэ хугацаанд тамирчны замналаас дасгалжуулагч, шүүгч болтлоо өөрийгөө хөгжүүлжээ?

-Дэлхийн аваргад орсон эхний жилээ сэлгээ тамирчны хувиар тэмцээнийг үзээд туршлага хуримтлуулаад ирж байлаа. Ийнхүү 2016 оноос үндсэн бүрэлдэхүүнд бүжиглэж, 2019 он гэхэд багийнхаа эмэгтэй гишүүдийн манлайлагчдын нэг болтлоо хөгжиж, дэвшиж чадсан. Энэ үед ковидын цар тахал гарч, дэлхийн аварга бололгүй өнжиж, бид студи байгуулахаар шийдсэн. Хүүхэд байхдаа өөрөө сурч байсан зарчмаараа хүүхдүүдэд багшилж эхэлсэн. Өнгөрсөн жил холбоондоо хүсэлт гаргаж, сургалтад сууж, шалгалт өгөөд шүүгчийн эрхээ авсан. Шүүгч болж байгаа хүн тамирчны карьераа өндөрлүүлдэг зарчмаар өнгөрсөн жил сүүлчийн дэлхийн аваргадаа орсон.

Энэ хугацаанд латин бүжгийн хосын төрөлд гурван гуравдугаар байр, нэг хоёрдугаар байр эзлээд байсан бол 2024 оны улсын аваргаар алтан медаль хүртэж чадсан. 2023 онд эх орноо төлөөлж Азийн аваргад, 2024 онд чансаагаараа тэргүүлж дэлхийн аваргын хосын төрөлд оролцсон.

Бүжгийн спорт урлаг талаасаа гоо зүйн мэдрэмж, спорт талаасаа тэсвэр хатуужилд суралцдаг. Мөн чин сэтгэлийн амьд харилцаа үүсдэг. Хүн бүр дахин давтагдашгүй. Амжилт гаргах цаг хугацаа ч өөр. Энэ бүхнийг хүүхдүүддээ ойлгуулж, бусдын амжилтад алга ташиж, өөрийн давуу талыг өнгөлж, сул талаа засаж явахыг сургахыг хүсдэг.

-Эсрэг хүйсийн хүмүүс хамтдаа бүжиглэж байгаа болохоор бие биедээ татагдах зүйл байдаг уу?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо хүрэлцэж байгаа болохоор догдлох, нэгэндээ татагдах зүйл байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь хувь хүнээс шалтгаална. Би шавь нартаа “Тухайн агшнаа мэдрээд, мэдрэмжээ илэрхийл” гэдэг. Тэмцээний зорилго тавиад, зорилгоо биелүүлж, хоорондоо ойлголцохын тулд чин сэтгэлийн холбоо үүсэж байгаа тул оноогоо ч сайн авна. Нэг талаасаа кино жүжигчид шиг талбай дээр партнёртайгаа учир зүйгээ олж бүжиглэнэ. Харин амьдрал дээр өөр.

Манай бүжгийн спорт эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа нэг баг болдог онцлогтой тул хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болсон нь бий. Харин тэр харилцаа бэлтгэл, багийн үйл ажиллагаанд нөлөөлөх ёсгүй. Дэг журамтай байх нь зүйтэй.

Дэлхий нийтэд хос болсон дараагаа партнёр болох нь ч бий. Багаасаа нэг зорилгын төлөө хамтдаа хөдөлмөрлөж, цаг хугацаагаа зориулж байгаад гэр бүл болох нь ч бий.

-Тамирчны хувьд сүүлийн тайз, үүнээс цааш шинэ карьер эхлэх гэж байна гэх мэдрэмж ямар байсан бэ?

-Анхны маань дэлхийн аварга Австри улсын Вена хотод болж байлаа. Би тэр жил сэлгээний тамирчин байсан тул тайзан дээр гараагүй. Харин 2025 оны дэлхийн аварга миний гарч чадаагүй тэр цэнгэлдэхэд болж, би хийж чадаагүй зүйлээ гүйцээж чадсан. Өнгөрсөн жил шүүгчийн замналдаа анхаараад тэмцээнд орохгүй гэдэг төлөвлөгөөтэй байсан болохоор хувийн бэлтгэлээ санасандаа хүртэл хийж чадаагүй. Харин 2023, 2024 онуудад хамгийн сайн бэлтгэл, бие, сэтгэл зүйтэй дэлхийн аваргын тайзнаа гарсан. Тэр хэрээрээ багийн гишүүдээ шахах, шаардлага тавих нь их болдог юм билээ.

Сүүлийн тайз шүү дээ гэх сэтгэл зүйд нөлөөлөх бодол төрж байсан. Гэхдээ багийн хамтын тайз учир одоо цагтаа төвлөрч, өөрийн чадах бүхнээрээ багтаа туслахыг зорьсон.

Тамирчин бүр ялахын төлөө хөдөлмөрлөөд ирж байгаа тул тэр бүхнийг үнэлж, дүгнэх хүн бол шүүгч. Тиймээс эрх мэдлээ үнэн шударгаар, зөвөөр ашиглаж, аварга болох нь зүйтэй хүнд шагналыг өгч байгаа тул маш хариуцлагатайгаар ажиллана. Би анх удаа улсын аварга болохдоо 15 жил бүжгийн спортоор хичээллэсэн байсан. Энэ хугацаанд би болоогүй байсан болохоор л тэрийг хүртэж чадаагүй. Ийм л шударга шүүгч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 67 (7809)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn