2025 онд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй 2792 осол гэмтэл бүртгэгдэж, таван хүн нас баржээ


Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотынхон халтиргаатай өвлийг давж, урин цагтай учран золголоо. Гэвч цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй эв зүйгээ олж аюулгүй байдлаа хамгаалан зорчих асуудалтай тулгардаг билээ. Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүтер, мопед, мотоцикл, цахилгаан дугуйг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Гэвч өнгөрсөн оны сүүлийн хоёр сард энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй 14 осол гэмтэл гарчээ. Дүрэм журмаа баримталж сураагүй байтал долоо хоногийн дараа дээрх шийдвэрийн хязгаарлалт дуусаж, нээлттэй болох гэж байна.
Улсын хэмжээнд 2025 оны байдлаар цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй 2792 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэний 2770 буюу 99.2 хувь нь ГССҮТ-өөс эмнэлгийн тусламж авсан байна. Энэхүү тоон үзүүлэлт 2024 оныхоос зургаа дахин нэмэгдэж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд найман хүн нас барсан харамсалтай мэдээ бий. Тодруулбал, 2024 оны нас баралтын гурван тохиолдлын нэг нь 50 настай явган зорчигч байсан юм. Ингэхдээ скүтерт мөргүүлж, эмнэлэгт хэвтэн субдурал цус харвалтаар нас баржээ. Харин бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа унаж, онхолдож, суудлын машины араас мөргөж, автобустай мөргөлдөж, том машинд мөргүүлсэн шалтгааны улмаас гэмтэл авч, нас баржээ. Энэхүү 17-60 насны долоон иргэний дөрөв нь мопед, хоёр нь цахилгаан дугуй, нэг нь суррон унаж явсан бөгөөд нэг нь дугуйн зам, бусад нь авто замаар хөдөлгөөнд оролцож байхдаа амь насаа алджээ. Улаанбаатар хотын дэд бүтцийн төлөвлөлтөд унадаг дугуйн замыг хангалтгүй байгаагийн гор нь ийнхүү гарч байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 16 нас хүрсэн хүн мопед, 18 нас хүрсэн бол мотоцикл унана гэж заасан. Гэвч 25 км/ц хүртэл хурдлах шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэлд тавих дүрэм журам одоо хэр алга байна. Мөн олон нийтэд цахилгаан скүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал билээ.
Иймд цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдан, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 25-нд УИХ-ын Тамгын газрын DParliament.mn цахим хуудсанд байршуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж, нийт есөн гишүүний хамт УИХ-д өргөн барьсан байна. Түүнчлэн уг ажлын хүрээнд энэ оны тавдугаар сарын 27-нд Төрийн ордонд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Харин одоо энэхүү хуулийн төслийн явц “хэлэлцэх эсэх” шатандаа үргэлжилж байна. Уг хуулийн төсөлд цахилгаан дугуй, цахилгаан скүтэр жолоодох насны доод хязгаарыг 16 нас байх, техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс илүү хурдтай цахилгаан дугуйг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй байхаар тусгасан байгаа юм. Түүнчлэн дугуйн зам байхгүй бол авто замын зорчих хэсгийн баруун гар талын захаар эсвэл явган хүний замаар 10 км/цагаас хэтрүүлэхгүй хурдтай явах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Харин сурроныг зөвхөн авто замын зорчих хэсгийн баруун гар талын захаар явахаар тусгажээ. Гэвч хуулийн төслөө хэлэлцэж амжаагүй байтал цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд орох улирал нь эхэлж байна.
Энэ тухай манай “Зууны мэдээ” сонин өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд ээлжит “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ хөндөж, “Таван хүний аминд хүрсэн цахилгаан тээврийн хэрэгслүүд түгжрэлийн шийдэл мөн үү” нийтлэлээ хүргэсэн юм.
2025 оны нийт ослын 72 хувийг 10-29 насныхан эзэлж байгаа бөгөөд үүн дээр нарийвчлан тооцоолбол, 15-19 насныхан 34.9 хувь буюу 975 нь байна. Түүнчлэн 16 хувь буюу 447 тохиолдол нь 20-24 насныхан байгаа бол 10-14 насныхан 11.1 хувь буюу 310 тохиолдлыг эзэлж, улс орны ирээдүй болсон хүүхэд залуус эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Цаашлаад, 68.3 хувь нь буюу 1907 нь эрэгтэй, 31.3% нь эмэгтэйчүүд байв.
Иймд “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дарга А.Баяраар ахлуулсан “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг”-ийн хурал өнгөрсөн долоо хоногт хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн юм. Ингэхдээ насанд хүрээгүй иргэн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн таслан зогсоох, хориглох, мөн уг тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд хамруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болгожээ. Учир нь өнгөрсөн жил гэмтсэн хүмүүсийн 84.2 хувь нь хамгаалалтын малгай өмсөөгүй байсан бол 9.8 хувь нь өмссөн эсэх нь тодорхойгүй байсан юм. Түүнчлэн насанд хүрээгүй иргэн скүтер, мопед зэргээр явган хүний замаар зорчвол эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр, хүүхэд мотоцикл, суррон зэрэг тээврийн хэрэгсэл унасан тохиолдолд эцэг эхийг нь 400 хүртэлх мянган төгрөгөөр торгох журам дэмжигдсэн бөгөөд энэ сарын 10-ны өдрөөс өмнө албажих юм. Энэ нь зөрчлийн хуулийн 14.7.2-т зааснаар жолоо шилжүүлсэн гэх үндэслэлээр торгох шийдвэр оногдуулдаг зохицуулалттай нийцэж байгаа аж. Мөн эдгээр тээврийн хэрэгслийг унахдаа И-Монголиа системээр дамжуулан баталгаажуулдаг болно.
Дээрх асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Эцэг эхчүүд хүүхдүүддээ 10-15 сая төгрөгийн үнэтэй суррон буюу цахилгаан мотоциклыг авч өгдөг. Өнгөрсөн онд сурронтой хөдөлгөөнд оролцож байгаад хоёр хүүхдийн амь нас хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Түүнчлэн бага насны хүүхдийг урдаа зогсоогоод цахилгаан скүтерээр хичээл, сургуульд нь авч явах тохиолдол маш их байна. Үүнд бид хатуу хяналт тавина. Дөрөвдүгээр сараас эхлэн 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүтер, мопед түрээслэхгүй байх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргасан бол торгуулийн арга хэмжээ авна" гэсэн юм.
Түгжрэлийн шийдэл гэж онцлоод буй цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироосоор хэдэн жилийг ардаа үдлээ. Харин энэ удаа дүрэм журмаа мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хариуцлагатай хандах цаг нь иржээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 63 (7805)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn