Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

Э.Буянтогтох: Аав минь сайхан хүү төрүүлжээ гээд тэнгэрээс хараад баярласан байх

Төл таван эрдэнийн дуу малчны хотонд цангинасан хаврын энэ өдөр наран ургах Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат аймгийн арслан Э.Буянтогтохыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа.

 

-Хурдны өлгий нутгийн хүү багаасаа уяа морь унаж, сойж өссөн болов уу. Морь уях эрдмээс бөхийн зүлэг ногоон дэвжээ рүү сэтгэл шулуудсан хүмүүсийн нэгийг таныг гэж сонссон?

-Манай нутагтай залгаа Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан уулын тахилга наадамд 20 хүрээгүй арван хэдтэй хүү морь хөтөлж очоод өмд цамцтай бөхийн барилдаанд нь зодоглоод нэгийн даваанд унаж байлаа. Дараа жил нь даагаа нэхэж, зодог шуудгаа бүсэлж очоод түрүүлсэн юм. Манай энэ хайрхны тахилгад 32 бөх барилддаг. Би дөрвөн удаа түрүүлсэн дээ.

Хүлэг морьдоо цагаан өвсөөр нь уядаг байх үед өслөө. Одоогийнх шиг нэмэлт тэжээл гэж байсангүй. Хурдан морины хүүхдүүд уяан дээрээ барилдаж, энэ спортод дурлаж сонирхож эхэлсэн.

-Таны аав бөхийн удамтай хүн. Гурван хүүгийнхээ эр бяр, эв дүйг гэртээ багахан сорьдог байсан болов уу?

-Аав минь байхдаа байшиндаа гудас эгнүүлж дэвсээд бид гурвыг барилдуулдаг байсан. Дүүгээ бол давчихна. Ахыгаа арай барахгүй. Эгнэж сууж байгаад зурагтаар наадам үзнэ. Д.Сумъяабазар аваргыг их дэмжинэ. Сургуульд бүлэг бүлгээрээ хоорондоо барилдана. Ингээд аймгийн аваргадаа орох гээд бэлтгэл хийж эхлээд, 2013 онд ахыгаа цэргээс чөлөөгөөр ирэхэд нь хэд барилдтал давдаг болсон байсан.

Дорнод аймгийн Халхгол сумын харьяат аймгийн хурц арслан Г.Отгонбаатар гээд аавын талын үеэл ах маань бий. Хамаатнуудынхаа бөхийн удам гэвэл бид байна даа.

-Бөх сонирхогчид таныг улсын цолонд хүрэхийг ерөөж, хүлээлт их тавьдаг шүү дээ?

-Зөв яваа хүнийг ард түмэн хараад мэддэг. Бор зүрхээрээ ард түмнийхээ дунд явна даа. Өдий хүртэл цалин мөнгөтэй минь залгуулж яваа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурандаа А.Намсаманд даргад баярлаж явдаг.

Манай аймагт сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн спорт сайхан хөгжиж, залуу хүчтэнүүд ар араасаа төрж байна. Эв нэгдэл, эв зүй нь тэгшрээд ирвэл Сүхбаатар нутгаас улсын цолтнууд олон төрөх байх аа. Заал, өргөөний барилдаанд тогтмол үнэн хүчийг үзэж байна.    

-Тамирчин хүний унах, босох цаг бүрд түшиг тулгуур нь болж, эр нөхрийнхөө бат ар тал нь болдог гэргийтэй байна гэдэг сайхан. Айлын эхнэр моринд дуртай байвал морь сайхан хурдалдаг гэдэг. Бөх хүний эхнэр ялгаа юу байх вэ?

-Миний хань Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. Б.Пүрэвдарь гээд сайхан бүсгүй бий. Багш мэргэжилтэй. Бид хөөрхөн хүү, охин хоёртой. Хөлстэй хувцсаа үүрээд бэлтгэлээ тараад гэртээ ирэхэд хүү маань зодог шуудгаа өмсчихсөн хүлээж байдаг. “Аав хоёулаа барилдъя” гэнэ. Хөдөө ахынхаа адуун дээр их авч очдог болохоор адуучин болно гэх нь бас бий.

Сумын заан байхдаа эхнэртэйгээ Бөхийн өргөөнд танилцаж байсан. Б.Гончигдамба гардийг улсын начин цолтой байхаас нь дэмжсэн юм билээ. Наадмын бэлтгэл, барилдаанд явахад сэтгэлээрээ дэвжээд, ар гэрээ бүтэн хариуцаад сууж байдаг ханьдаа их баярладаг.

-Бөх хүний дээл, малгай, гутал бас их утга учир, бэлгэдэл дагуулах юм. Аймагт түрүүлдэг тэр жил өмссөн шар дээлийнхээ тухай дурсамж хүүрнэвэл?  

-Аймгийн арслан болоход өмсөж байсан улбар шардуу дээлийг ээж минь хийлгэж өгч байсан юм. Тэр дээлтэйгээ олон түрүүлсэн. Урд жил нь тод цагаан цэнхэр торгон дээлтэй очиход дээл маань нэг л эвгүй санагдаад байсан. Удалгүй гурвын даваанд унаж байлаа. 2020 онд хань маань ямар дээлээ авч явах юм гэхэд нь нөгөө дассан шар дээлтэйгээ очоод түрүүлсэн юм. Ээжийнхээ хийлгэж өгсөн тэр дээлтэй л зорьсондоо хүрэх гээд байж. Дассан юм сайхан. Би олон дээл солиод байдаггүй ээ. 

Ингээд аймгийн арслан болчхоод буцаж байхдаа Хэнтийгээс “Найз нь мөнгийг нь шилжүүлчихье. Тэмдэг бэлдэж байгаач” гэж Архангай аймгийн харьяат сумын заан Цэрэнпунцаг найз руугаа ярьсан юм. Найз минь “Тэгье” гээд ирэхэд мөнгө хэрэггүй гээд бэлэглэж байсан юм.

Би 2020 онд аймагтаа түрүүлснээс хойш дахиж шөвгөрч чадаагүй байлаа. Өнгөрсөн зун үзүүрлээд, үзүүрийн чимэг залаандаа нэмсэн.      

-Амьдралынхаа сайхан мөч бүрд аавыгаа дурсдаг байх. Тэр дунд хамгийн их өгүүлэгдэж, энэ мөчид хамт байсан бол гэж гүнээ бодсон мөч хэзээ байв?

-Аав минь сумын начин цолтой хүн. Хүү нь болж төрсөн хүний хувьд аавынхаа дутууг гүйцээж, 2016 оны наадмаар сумандаа түрүүлж, заан цол хүртсэн тэр үед их бодсон. Тэр жил их хуртай зун болсон. Шагайгаар татсан усан дунд барилдаж байлаа. “Аав минь байсан бол хүүгээ сумын заан болохыг харах байсан юм. Үзэж чадсангүй дээ” гэж баярлахын сацуу сэтгэл гонсойж, уйлж байлаа. Сүүлд аймгийн арслан болоход бас “Аав минь сайхан хүү төрүүлжээ гээд тэнгэрээс хараад баярлаж байгаа болов уу” гээд хоолой зангирсан.

2020 он болтол суманд гурав түрүүлээд цолоо хэд баталчихсан байлаа. Цэргээс халагдаж ирээд заалны барилдаануудад шөвгөрөөд аймгийн цол хүлээгдээд эхэлсэн. Ингээд аймгийн начин болъё л гэж очсон. Унахад минь хамт унаж, давахад минь хамт давдаг гэр бүлийнхэн, өмөг түшиг ах минь энэ бүхний ард байна. Дөрвийн давааны дараа ах маань “Миний дүү түрүүлж чадах уу” гэж асуухад нь “Чадна аа” л гэсэн. Монгол хүн амны бэлгээр гэж биеллээ олсон.

-Цол дагаж хариуцлага, барилдах бөхчүүдийн чансаа нэмэгдэнэ. Зургаан жилийн өмнөх залуу арслан одоогийн Э.Буянтогтох хоёрын хооронд туршлагаас эхлээд их зөрүү байгаа болов уу?

-Сумын начин байхдаа найзтайгаа хамт Лүнд очиж барилдаад аймгийн начин Батбаяр гээд ахыг их гоё уран давсан юм. Гарыг нь хажуу тийш цохиод, хөлийг нь шагайгаар нь шүүрч түрээд даваад түүнээсээ их урам авч байлаа.

Сумын заан байхдаа түргэн шуурхай барилддаг байж. Аймгийн арслан болоод Бөхийн өргөөнд хэд барилдахад цолондоо нэг л дасдаггүй. Хурдан шуурхай барилдаад байж боломгүй санагдаад өөртөө их дүгнэлт хийсэн. Цол нэмээд түвшин ахиад ороод ирж байгаа болохоор илүү няхуур, бодлоготой байхыг зорих болсон. Улсын начин Э.Ванданцэрэн ахтай наадмын бэлтгэлд хамт гараад хүний бяр гэдэг ийм ангид өөр байдаг юм байна гэж гайхаж байлаа.

Аймгийн арслан гэдэг том цол шүү дээ. Нэг, хоёрын даваанд унаад байж болохгүй. Энэ цолыг яаж өндөрт хадгалж явах вэ, цолондоо дүүрэн бөх байх вэ гэдгээс хариуцлага мэдэрч, хөдөлмөрлөсөн. Багштайгаа их ажилласан. Ингээд ганц, хоёр жилээс цолондоо дасаж, улсын цолтнууд давж эхэлсэн. Одоо улсын цолонд хүрэхийг зорьж, бэлтгэлээ алгасалгүй хийж, барилдаан алгасалгүй зодоглож байна даа. Сэтгэл зүйгээ сайн бэлдэж байна. Зөв явбал төрийн цолонд хүрэх байх аа.

-Та Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аваргуудыг давж байсан удаатай. Аваргыг давна гэдэг залуу бөхөд их урам зориг өгдөг болов уу?

-ТВ9 телевизийн 20 жилийн ойн барилдааны гурвын даваанд П.Бүрэнтөгс аваргыг шуудагнаас түрээд гүйхээр нь хавирчихсан. Төрийн наадмын том аваргатай сайхан барилдаад үзье гэж бодож байлаа. Давсан мөч сайхан байлгүй яах вэ.

Дараа нь Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын заан Д.Мягмарын нэрэмжит барилдаанд Н.Батсуурь аварга намайг амлаж авсан. Барилдааны явцад хашлага дөхөөд аварга над руу гараа өгөөд явж байхдаа анхаарал нь сулрах шиг болсон юм. Тохойг нь татаж өхийлдөөд хөлийг нь хар тавхайгаар нь шүүрч аваад давж байсан.

Энэ хоёр барилдаанаасаа их урам аваад “Төрийн наадамд хоёр түрүүлсэн, гурав түрүүлсэн хүн давлаа. Одоо сайн барилдах хэрэгтэй” гэж дотор хүнтэйгээ ярьж, хичээж явна. Тэрнээс хойш Сүхбаатарын Э.Буянтогтох зүүн ташаатай, эвгүй барилдаантай гэж ярих болсон. 

-Улсын начин А.Алтанхуяг багш дээр хэзээнээс бэлтгэл хийв. Хүний төлөө сэтгэл сайтай хүн гэдэг. Өөрөөрөө шавь нартаа их үлгэрлэдэг юм билээ?

-Миний анхны багш аймгийн начин Д.Ганбаатар гээд Сүхбаатарын аймагт ажиллаж, амьдарч байгаа хүн бий.

Улсын начин А.Алтанхуяг багш дээр сумын заан байхдаа 2019 оноос бэлтгэл хийсэн. Багш маань их төлөв даруу хүн. Монголын ард түмний хүсэн хүлээсэн цолтон шүү дээ. Хүнийг сэтгэлээр нь их онгойлгож, сэтгэл зүйг нь сайн бэлдэж өгдөг. Намайг түрүүлдэг жил “Миний хүү аймгийн наадамд долоохон давна шүү дээ” гэж байлаа. Одоо биднийг “Та нар удахгүй улсын цол авна” гээд их гоё юм ярьж өгдөг. Бидэнтэй цуг бэлтгэл сургуулилалтаа хийгээд ямар ч үед өөрийгөө бэлэн байлгаж байдаг хүн дээ. Багшийгаа, ахмад цолтноо хүндлэх, эрэмбэ дараа үндэсний бөхөд чухал юм.

Наадмын бэлтгэлд багшийгаа дагаад гарна. Арван хэд хоногийн хугацаанд наадмын бэлтгэлээ сайхан төвлөрч хийнэ. Заримдаа залуу бөхчүүдээс эхлээд авьяасаа үзүүлнэ. Залуучууд мэддэгээ гээд болох болохгүй дуу дуулах нь бий. Багш маань “Та нар ээж аав, эх орноо магтсан зохиолын ч юм уу дуу дуулж болохгүй юу” гэнэ. 

-Үндэсний бөхийн спорт, энэ өв соёлыг үргэлжлүүлэн тээх залуу хойч үедээ хандаж, үг хэлбэл?

-Сахилга баттай байж, бэлтгэл сургуулилалтаа таслахгүй тууштай хийвэл нэг л өдөр ногоон дэвжээ ивээдэг гэх сайхан үг бий. Энэ үг мөнхөд үнэнийг өгүүлж байдаг. Түүнчлэн хүнтэй зөв боловсон харьцаад явж байхад амжилт өөрөө ирнэ дээ. Бэлтгэлээ сайн хийж байхад өдрөөс өдөрт ахиж, дэвшинэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 49 (7791)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn