Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

“Тусгаар тогтнол:  Бошиг сахигч”-ийг хүлээж байна

Анхны яргуй дэлбээлэх хаврын улирлыг угтаж, өргөн дэлгэцээр шинэхэн кинонууд нээлтээ хийгээд байна. Тодруулбал, “Нийгмийн дайсан”, “Аавын охин” зэрэг кинонууд нээлтээ хийгээд удаагүй байгаа бол маргааш “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэгвэл залуус ямар төрлийн кино сонирхон үзэж буй талаар тэдний бодлыг хуваалцъя. 

 

А.Жадамба: Киноны дуу, дүрс чухал ч миний хувьд тэдгээр нь 17 дахь асуудал

Сүүлд Жэймс Камерон найруулагчийн “Аватар: Гал ба үнс”-ийг оны өмнө үзсэн. Өмнөх ангийн дуу, дүрс салбартаа шинэ босго тогтоосон бол энэ ангид түүнийгээ хэрхэн сайжруулж, ямар ахиц гаргах бол гэсэн хүлээлт их байсан. Дуу дүрсний тухайд өөрөө өөртэйгөө л өрсөлдөж, өмнөх ангиас шат ахиулж байгаа ч кино зохиол нь тийм ч сайн санагдаагүй. Хэт нуршуу харилцан яриа, кино үргэлжлэх хугацаа хэтэрхий урт гээд ... Нүд баясгах дүрслэлүүд өчнөөн байсан ч удаан үзэхээр залхах юм билээ.

Миний хувьд адал явдалт, романс төрлийн кинонд дуртай. Хамгийн дуртай кино маань Interstellar. Кино сонгож үзэхдээ мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдийн сэтгэгдэл, үнэлгээг гол болгодог. Үнэхээр сайн үнэлгээтэй киног үзэхэд сайхан байдаг. Тиймээс кинонд зохиол хамгийн чухал санагддаг. Энэ дүрсний цаана ямар бэлгэдэл, далд утга нуугдаж байгаа бол. Үүгээрээ юу хэлэх гэсэн юм бол гэж сайтар нэгжиж үзэхийг хичээдэг. Тэгэхээр дуу, дүрс чухал ч миний хувьд тэдгээр нь 17 дахь асуудал.

Одоо кино театрт гарч байгаа кинонуудаас сонирхол татаж байгаа кино хараахан алга. Түүхэн кино гэдэг утгаар нь удахгүй нээлтээ хийх “Тусгаар тогтнол: Бошиг сахигч”-аас бага зэрэг хүлээлттэй байна. Сүүлд Жамъянсүрэн найруулагчийн “Хөхөө” киног зорьж түрээслэн үзсэн. Илүү дутуу ая дан, дүрсгүй. Хүчилж жүжиглээгүй. Бэлгэдэл, үзэгчдэд хүргэх гэсэн санаа зэрэгтэй юу ярих вэ. Үнэхээр сайхан кино байна билээ. Монгол кино найруулагчид иймэрхүү кино олныг хийгээсэй гэж боддог.

Манай үеийн залуус нийтлэгээрээ солонгос драма, цувралууд их үзэж байх шиг байна. Сүүлийн үед толгойтой болгон нь кинорхуу юм хийдэг болсон. Түүнийг нь үздэг хүн ч олон байх шиг. Хийгээд байна гэдэг нь хэрэглэгчид, түүнийг нь үзэх хүн байна аа л гэсэн үг шүү дээ. Энэ мэт арилжааны юмаар яах билээ.

Миний үеийн ихэнх залуус гадна, дотны ихэнх сонгодгуудыг үзчихсэн кино сонголтын тал дээр нэлээд хэрсүүжсэн санагддаг. Болж өгвөл киног кино театрт үздэг. Үзээд сэтгэгдлээ сийрүүлж нийтлэл болгодог. Үнэлэлт дүгнэлтээ өгдөг болсон байна. Энэ нь залуус кино үзэх тал дээр хэр зэрэг төлөвшиж, түвшин ахиж, соёлжсон гэдгийг илтгэж байгаа байх аа.

 

Ч.Өнөрзаяа: Угсаатны бүлгийн уламжлал соёлыг зөв харуулсан сайн кино их хийгээсэй гэж боддог

Миний хичээл, ажил гэсэн завгүй өдрүүд дунд кино үзэх зав бага гардаг. Ингэхдээ гэртээ сонирхож буй киногоо тухтай тайван байдлаар үзэхийг илүүд үздэг. Тиймээс зөвхөн кино театруудаар гарах киног найз нөхөдтэйгөө зорьж очиж үздэг заншлаар “Аватар 3” киног сүүлд үзсэн. Төсөөлж байснаас ч олон зүйлийг агуулж багтааснаараа өргөн цар хүрээ, утга агуулгатай кино болсон байсан. Байгалийн хууль ёсны жам, хүмүүс эх дэлхийтэйгээ шүтэлцээтэй байдгийг анхлан санаандаа багтааж алив зүйл хэчнээн хөгжиж, техник технологийн хэрэглээ өсөн дэвшсээр байх авч хүн байгалийн хүйн холбоо харилцаа ямагт илүү байхыг харуулсан мэт санагдаж билээ.

Би ихэвчлэн хүний амьдралын энгийн үйл явдлыг харуулж, хэн нэгэн хүнд хэцүү асуудлыг ганцаараа даваад гарч буй утга агуулга бүхий кино үзэх дуртай. Энэ нь надад өөрийнхөө   амьдрал дээрх зарим зүйлийг даван туулахад дэмтэй санагддаг.

Кино урлагийн тухай мэргэжлийн түвшинд мэдэхгүй ч Монголын уламжлалт байдал, нүүдэлчин соёл, олон угсаатны бүлгийг оролцуулж уламжлалыг тусгайлан харуулсан кинонууд хийж, түүх соёлоо дэлхийд зөв таниулаасай гэж хүсдэг. Үүнийг урлагийн талаас нь орчин үетэй хослуулан бүтээж, нутгийн аялгуу, ёс заншил зэргийг залууст өдөр тутмын зүйл болгох хандлагыг бий болговол илүү үр дүнтэй байх болов уу.

Орчин үеийн залуус киноны утга агуулгаас гадна, дуу дүрсний чанар, зураг авалтын тухай их ярьдаг болсон нь ажиглагддаг. Иймээс залуучууд шинжлэх ухааны, адал явдалт, уран зөгнөлт зэрэг киног орчин үеийн технологи дээр суурилсан сайн чанартай зураг авалттайгаар үзэх сонирхолтой болсон байна. Уран зөгнөлт, адал явдалт зэрэг киног залуучууд ихэвчлэн үзэж байгаа нь хотжилтын өдөр тутмын завгүй амьдрал, стресс зэргээс үүдэж түр зуур зарим асуудлаа мартаж, хөндийрөх гэсэн санаа ч байж болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 41 (7783)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn