Нарт хорвоод энэ биеийг олж төрөөд нандин сайхан үйлс бүтээхдээ өөрөөсөө гадна өрөөлийн амьдрал, бодол сэтгэлийг мэдэрч, бусдад хүргэдэг нь тайзан дээр амьдарч, дэлгэцэд дүрээ мөнхөлсөн жүжигчид билээ. Тэдний ажил амьдрал хэдий цаг наргүй, авьяас чадвар их шаарддаг ч тун сонирхолтой. Намирсан даашинзтай хатан нэг болно. Наадаж зугаацсан хүүхэн нэг болно. Нар шиг илчтэй ачтан нэг болно. Найруулагчийн нүдэнд яаж тусахаас хамаараад бүтээх дүр нь харилцан адилгүй. Тэгвэл яг одоо өргөн дэлгэцээр үзэгч түмний хүртээл болж буй “Дангина” уран сайхны киноны Юмжаагийн дүрд тоглосон УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргалыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин”-оор урьж, ярилцлаа.

-UBS телевизийн “Бэрүүд” олон ангит уран сайхны кинонд дүр бүтээж байсан бол энэ удаа “Дангина” киногоор дахин хамтарч ажиллаа. Кино зохиолыг анх уншихад ямар бодол төрсөн бэ?
-Дангина уран сайхны кино маань 2022 онд жүжигчдээ сонгон шалгаруулаад эхэлж байлаа. Найруулагч Б.Чингүүн, Д.Мөнхтөмөр хоёр маань “Нэг сайхан ээжийн дүр дээр хамтарч ажиллах боломжтой юу” гэж санал тавьсны дагуу зохиолоо уншсан. Мэдээж анхны сэтгэгдэл гэдэг чухал. Монгол туургатны минь нэг хэсэг Буриад зон олны түүх, аж ахуй, өв соёлыг эхлээд судлах хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ бүх боломж олдож байгаад жүжигчин хүний хувьд баярласан.
Зохиолоо уншсаны дараа морь унах, ус намагт живэх, буриад хүний зан онцлогийг илэрхийлэх учир жүжигчний ур чадварыг илүү гаргах ёстой гэж бодсон. Түүнчлэн Буриад, Монгол хамтарсан уран бүтээл гэдэг утгаараа хамтран тоглох жүжигчид маань сонирхол татсан. Ингээд саналыг баяртайгаар хүлээж авсан.
-Буриадын урдаа барьдаг шилдэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад ямар байв. Дүрийн судалгаагаа хэрхэн хийсэн талаар үргэлжлүүлэн хүүрнэвэл?
-Буриадаас дөрвөн ардын жүжигчин, нэг гавьяат жүжигчин, хоёр залуу уран бүтээлч ирсэн. Хамтарч ажиллахад их түшигтэй байсан. Буриад зон олны тухай өгүүлэх кино учир буриад аялгаар ярих гэж үзсэн. Гэхдээ нэг байтугай үгийг хазгай, буруу хэлж болохгүй тул монгол жүжигчид өөрсдийнхөөрөө яриад буриад жүжигчид буриад аялгаараа ярихаар болсон.
Бид Хэнтий аймгийн Дадал суманд хоёр сар гаруй байрлаад зун, намрынхаа зураг авалтыг хийж, буриад зон олныхоо ахуй амьдралыг дэргэдээс нь суралцаж байлаа. Манай зураачийн багийнхан судалгаагаа сайн хийсэн байсан. Тэднээсээ мөн суралцаад нэгэн лаборатори ажил явагдсан.
-Нутгийн уул ус, буриад зон олны нинжин сэтгэл, сайхан уран бүтээл төрөхөд нөлөөлсөн болов уу. Буриад ээжийн дүрээр амьдарсан мэдрэмж, натурынхаа дурсамжаас хуваалцвал?
-Хувиараа аялсан ч тэр бүр очоод, мэлмий сэтгэлээ баясгах боломжгүй сайхан байгалийг тольдож байлаа. Усанд төрж, намагт живж, мориор хөндлөн гулд давхиж байгаа хэсэг, үрээ алдсан эхийн сэтгэлийг гаргахад жүжигчний ур чадвар их шаардсан.
Зах дээр явж байгаад хүүхдийнхээ сургийг сонсоод давхиж байгаа хэсгийн зургийг дрон нисгэж авсан юм. Зураг авалт дуусаад станцаар хэл дуулгатал дрон маань эргээд явчихсан. Би эзгүй талд ганцаараа. Хаашаа давхихаа мэддэггүй. Баримжаагаараа давхитал багийнхнаасаа эсрэг зүг рүү нь явчихсан байна. Хүүхдийнхээ сургийг отгийнхондоо хурдан дуулгах гэсэн эхийн сэтгэл зүйдээ хэт автаж, дүрдээ ороод орон зайн баримжаагаа алдчихсан байсан.
Сэтгэл хөдлөл их шаардсан, уйлсан орилж хашхирсан, магадгүй эсрэг талын дүрүүдэд тоглосны дараа тайвшрахад удаан, бие сэтгэл зүй салгалсан байдаг. Юмжаагийн дүрийн шугам нь сэтгэл хөдлөл ихтэй тул зураг авалтын ихэнх хэсэгт уйлж байсан. Сүүлдээ найруулагчтайгаа ярилцаж байгаад зарим зүйлийг багахан өөрчилсөн.
Би магадгүй ээж болоогүй байхдаа энэ дүрийг авсан бол миний бие, сэтгэл зүйн үйлдэл арай өөр, дутмаг байх байсан болов уу.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд нь уран бүтээлийг нь хэр шимтэн үзэж байна?
-Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань театрт тавигдаж байгаа жүжгүүдийг их үздэг. Багаасаа үзээд өсчихөөр тайз, дэлгэцийн ялгааг мэдрээд зөвлөгөө өгдөг болсон. Би өөрийн тоглосон дэлгэцийн уран бүтээлийг үзээд “энийг нь тэгчих байсан юм болов уу” гэх бодол төрөх нь олонтой байдаг болохоор заримдаа үзэхэд хэцүү. Энэ байдал “Дангина”-гийн нээлтийн үеэр ч байсан. Зарим ахмад уран бүтээлчдийгээ ч харахад шинэ бүтээлийн бэргээ бас байдаг ажиглагдсан. Хүндэлж явдаг уран бүтээлчид маань “Сайхан уран болжээ. Сайн тогложээ” гэхээр арай уужрах шиг болдог. Хүүхдүүдтэйгээ нээлттэй харьцдаг болохоор зөвлөгөөг нь сонсох сайхан байдаг.
-Та магтаал, шүүмжийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би урмаас илүү шүүмжийг их хүлээж авдаг. Шүүмжлэл нь уран бүтээлчид давуу тал, ташуур болдог гэж боддог. Үзэгчид маань намайг эсрэг дүр их бүтээгээд байна. “Цэхэлзсэн муухай ааштай хүүхэн” гэх мэтээр хэлэхийг би зөвөөр хүлээж авдаг. Миний бүтээсэн дүр үзэгчдэд хүрчээ гэж боддог. Зарим хүмүүс таныг киноныхоо дүр шиг яхир, ааштай хүн юм болов уу гэж боддог байсан. Ийм зөөлөн хүн байсан юм уу гэдэг. Би барагтайгаа юманд уурладаггүй, аливаа зүйлийг зөвөөр тайван шийдэхийг зорьдог.
У.Уранчимэг, Ж.Оюундарь, С.Сарантуяаг гээд эгч нар маань анхны жүжигтээ тоглож байгаа залуу жүжигчин байхаас минь эхэлж, зааж, зөвлөж, их дэм өгдөг байсан. Дээд үеийнхнээсээ гадна хийе бүтээе гэсэн тэмүүлэлтэй залуучуудаасаа ч суралцаж, эрч хүч авдаг.
-Таны амилуулсан Юмжаа бол буриад бүсгүй. Харин М.Тогтохжаргал гэх бүсгүй аль нутгийнх вэ?
-Миний аав, ээж Завхан нутгийн хүмүүс. Олон хутагт хувилгаад мэндэлсэн авшигтай сайхан нутаг. Би хэдий Улаанбаатар хотод төрсөн ч өвөг дээдсийн нутаг гэдгээр нь бахархаж явдаг.
Саяхан Завхан аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчидтэй хамтраад “Асрын өндөр” түүхэн жүжигт тоглосон.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлээ хэрхэн хослуулж байна?
-Зарим жүжигчдийг бодвол би дэлгэцийн уран бүтээлд бага ордог. Киноны санал бүрийг зөвшөөрөөд байнга дэлгэцээр гараад байхаар улиг болчих юм болов уу гээд өөрийгөө татдаг. “Чамд л зориулсан шүү, чи л тоглох ёстой шүү” гэсэн зарим уран бүтээлд ажлаа зохицуулах боломжтой байвал ордог. Хүүхдүүд ихэвчлэн “Ерөнхийлөгчийн туслах” киноны багшийн дүрээр таньдаг.
СУИС-д байхаасаа тайзны жүжигчнээр мэргэшиж, дадлагажиж ирсэн болохоор камерын өмнөх ур чадварыг практик дээрээс олж авдаг. Тайзан дээр илүү далайцтай тоглолт хийж, үгээ тод чанга хэлэхээс эхлээд дэлгэцээс өөр. Дэлгэцийн уран бүтээлд энгийн амьдрал мэт жүжиглэх хэрэгтэй.
-Уран бүтээлдээ цаг заваа зориулахад ар гэрийн дэмжлэг чухал байдаг болов уу. Хань ижлээ зөв сонгоно гэдэг амьдралын нэг чухал даваа юм даа?
-Миний ханийг Б.Сүхболд гэдэг. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн найруулагч мэргэжилтэй. Баримтжуулсан уран сайхны бүтээл дээр голчлон ажилладаг. Сайн ханьтай болохоор уран бүтээлдээ цаг заваа зарцуулж чаддаг. Би төрүүлсэн болохоос ээж минь л хүүхдүүдийг минь өсгөсөн. Ээж таван жилийн өмнө бурхан болсноос хойш нөхөр маань ар гэрийн бүх ажлаа зохицуулдаг болсон. Би ганц бие байгаа ажлын охиддоо “Ханилах хүнээ зөв сонгоорой гэж хэлдэг. Хүн бүр өөр өөрийн зан авиртай. Бие биеэ эхлээд сайн таньж мэд. Хамтдаа амьдраад үз. Дараа нь үр хүүхэд төрүүлэхэд хань чинь түшиг болно. Чамайг сайн ойлгож байгаа хүнтэй гэрлээрэй” гэдэг.
Хүнийг 100 хувь танина гэж байхгүй тул ойлголцож амьдрах нь чухал юм байна гэж одоо боддог. Хань минь надаар бахархаж, “Чи минь дуртай зүйлээ хийгээд явж байгаа болохоор гоё байна” гээд дэмждэг болохоор гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөөж, ажлаа амжуулаад ганц өдөр ч гэсэн хоол ундаа хийчих юм сан гэж хичээдэг.
-Ханьтайгаа анх яаж танилцаж байсан бэ?
-Би дуучин Дашка ахтай Хятад руу кинонд явж байх үед, манай хүн зураачаар хамт явж байхдаа танилцсан. Дашка ах яагаад ч юм “Тоогий, Сүхээ хоёр их адилхан. Яг л заяаны ханиуд” гэдэг байлаа. Яагаад ч юм тэр үг нь хоногшсон байжээ. Ингээд зураг авалт дуусаад ирсний дараа жил гаруйн хугацаанд бид тийм ч дотно байгаагүй. Яваандаа нэгнийдээ ирдэг очдог болсны дараа ээж маань “Энэ нүдэнд дулаахан, зөөлөн, ухаалах хүүхэд байна” гэж хэлж байлаа. Ээж хүний зөн совин арай өөр байдаг юм билээ.
Тэр киноны үеэр би хэдэн өдөр зураггүй байсан юм. Гэтэл манай хүн “Тоогий би чамд гоё юм харуулъя гэж нэг толгод дээр гаргаад ийшээ хардаа” гэтэл битүү усны шувууд байсан. Тэрийг анх хамт харж байсан дурсамж, надад зориулж гараараа оёод төрсөн өдрөөр минь бэлэглэж байсан түрийвч, гаргаж байгаа хандлага, сэтгэл бусдаас өөр байсан. Энэ бүгд нөлөөлсөн байх.
-Та 2008 онд УДЭТ-ын босгоор алхаж, “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрийг анх бүтээж байсан. Түүнээс хойш олон гайхалтай сонгодог бүтээлийн дүрээр тайзан дээр амьдарлаа. Энэ хугацаанд хүслэн болсон дүрээ бүтээж амжсан уу?
-Зургаан настай хүүхдээс 80 настай эмээ хүртэл болж үзлээ. Магадгүй миний гаднах төрхөөс болдог байх. Монгол түүхэн жүжиг, кинонд нэг сайхан монгол ээж, хатны дүрийг бүтээх гэхээр найруулагчдад миний төрх европ тал руугаа санагддаг болов уу. Монгол хүн, монгол жүжигчин болохоор сайхан монгол бүсгүйн түүхийг өгүүлсэн түүхэн дүрд тоглохыг хүсэлгүй яах вэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 24 (7766)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn