Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

Б.Зэнээмэдэр: Тэмцээний өглөө ээждээ үнсүүлж яваад амжилт гаргаад ирэх сайхан

Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Даваажав агсны нэрэмжит сонгомол, чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, аваргууд амжилтаа батлахын сацуу шинэхэн аваргууд төрсний нэг нь 65 кг-ын жинд зодоглосон “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Зэнээмэдэр байв. Тэрээр насанд хүрэгчдийн улсын аваргад дөрөв дэх удаагаа зодоглож байгаа бөгөөд өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн юм.

 

-Монгол Улс чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд шинэ аваргатай боллоо. Баяр хүргэе. Өнгөрсөн жилийн хүрэл медалийн амжилтаа ахиулахын тулд юун дээрээ илүү ажиллав?

-Баярлалаа. Энэ жил заавал түрүүлнэ гэсэн зорилготойгоор бэлтгэлээ хийгээд зорьсондоо хүрсэндээ баяртай байна. Өмнө жил хүрэл медаль хүртсэний дараа надад түрүүлэх боломж байна гэх итгэл төрсөн. Тиймээс бэлтгэлээс гадна сэтгэл зүй дээрээ их ажилласан. Бие бэлэн ч сэтгэл зүй бэлэн болоогүй бол амжилт гаргаж чаддаггүй санагдсан. Энэ хугацаанд сэтгэл зүйч, доктор Оюун-Эрдэнэ эгчийнхээ зөвлөгөөг авахаас гадна өдөр бүр “Чи чадна” гэж өөртөө урам өгч байсан. Би аливаа зүйлд тайван, нухацтай хандахыг хичээдэг.

-Финалд өмнө жилийн мөнгөн медальт тамирчинтай барилдсан. Магадгүй энэ удаагийн финалд хоёр бөхийн сэтгэл зүй их чухал байсан болов уу. Хэн хэнийх нь хүсэн хүлээсэн медаль шүү дээ?

-Барилдааны өмнө багш маань “Чиний бэлтгэл сайн хангагдсан. Өнөөдөр чи юу сурсан түүнийгээ хий. Өөр зүйл бодох хэрэггүй” гэж хэлээд гаргасан. Тэгээд талбайд гартал эхний үе дээр яах учраа олдоггүй. Яг үнэндээ сандарсан. Багш тэндээс “Тайван бай” гээд байлаа. Ингээд хоёрдугаар үе дуусаад ирэхийн үед нөгөө бөх маань сулраад ирсэн. Би ядрах нь бага байсан болохоор өөртөө итгэл төрөөд ирсэн. Сэтгэл зүйгээ барьж чадсан болохоор мэхнүүд маань даацтай болж ялж чадсан. 

-Энэ удаагийн улсын аваргаар ОУХМ Т.Түвшинтулга зодог тайлж, нэгэн үйл явдал бас давхацлаа?

-Т.Түвшинтулга ахынхаа мандаж явсан сайхан үед би барилдаж эхэлж байлаа. Телевиз, интернэтээр ахын барилдааны зураг, бичлэг явна. Тэрийг нь  шимтэж үзнэ.

Ах маань хүний хувьд бас сайн хүн. Дүү нартаа мэддэг чаддаг бүхнээ зөвлөж, тусалж дэмждэг. Биднээс өмнө амьдралын урт замыг туулж, нүд тайлсан хүмүүсийн үгийг сонсоно гэдэг сайхан. Ах нарын хэлж байсан үгнээс “Чиний бие болсон ч сэтгэл зүй чинь болоогүй байна”, “Хожсон ч ялагдсан ч тайван бай” гэдэг нь хамгийн тод үлджээ.

-Тэгвэл чөлөөт бөхийн спортоор хичээллэх болсон түүхээр нь яриагаа үргэлжлүүлье?

-Нагац ах маань үндэсний бөхөд их дуртай хүн байсан. Ахыгаа дагаж зурагтаар бөх үзнэ. Г.Эрхэмбаяр аварга, Ц.Содномдорж арслан хоёрыг их дэмжинэ. Тэр хоёр шиг бөх болно гээд багаасаа барилдах дуртай байсан. Өдөр хичээлийнхээ цагаас өмнө ирээд ангийнхаа болон дээд ангийнхаа ах нартай барилддаг байлаа. Гэтэл биеийн тамирын маань багш надаас “Чөлөөт бөхийн дүүргийн аваргад орох уу” гэж асуугаад анхны тэмцээндээ оролцож, хүрэл медаль хүртсэн. Ингээд биеийн тамирын багш маань намайг Шурагийн С.Баянмөнх багш дээр дагуулж очоод шавь оруулж байсан. Чөлөөт бөхийн “А” үсгийг багшаараа заалгаж, өнөөдрийг хүртэл арван жилийн хугацаанд их зүйлийг сурч, үлгэрлэж явна.

Багш маань шавь нартаа тууштай занг суулгаж чаддаг. Ер нь аливаа зүйлд тууштай байх нь амжилтын үндэс гэдгийг ойлгосон. 

-Олимпын төрлийн спорт тул жингээ барихаас эхлээд сахилга бат хэрэгтэй. Биеийн болон барилдааны онцлог нь юу вэ?

-Бид бэлтгэлээс бэлтгэлийн хооронд завгүй байдаг. Завсар зайгаар нь хувийн ажлаа амжуулаад энергиэ нөхөхийн тулд сайн амрах ёстой болдог. Шөнийн болон өдрийн нойр нийлээд хоногт 10-11 цаг унтдаг. Хурдан жин нэмэх гээд байдаг төрлийн хүн болохоор тэмцээн дөхөх тусам хурдан шингэцтэй шөлтэй хоол иддэг. Ингэхээр хорт зуршил зэрэгт татагдах боломжгүй.

Би жиндээ чацтайдаа ордог болохоор энэ давуу талаа гаргасан мэх хийхийг боддог. Хөлд хүрэх, хөл авах зэрэг мэхийг илүү хийдэг. Давтсан ажиллагаатай угсарсан залгаа мэхнүүд сурах нь чухал. Эхнийх нь болохгүй бол дараагийнх нь болох боломжтой байх хэрэгтэй.

Би зөөлөн, хүний үгээр хүн болохоор улсын арслан Э.Батмагнай ахынхаа өөртөө итгэлтэй, зоригтой, дайчин барилдаанаас урам авдаг. Ер нь зөв хүн байхыг л зорьдог.

-Ямар хүнийг хамгийн хүчтэй өрсөлдөгчөөрөө нэрлэх вэ?

-Нэг мэхээ мянга давтсан хүнийг хэлнэ. Тэр мэхээ хийхэд бие физиологи, сэтгэл зүй нь бүгд бэлэн болсон байгаа. Боломж гарвал рефлексээрээ шууд мэхээ хийнэ. Тууштай энэ байдлын ард өрсөлдөгчийнхөө алдааг мэдрэх мэдрэмж бас сайн суусан байгаа болохоор хүчтэй өрсөлдөгч.

-Улсын аварга болоход найзууд нь их баярлаж, баяр хүргэсэн байсан?

-Миний нэр олон сайхан найз нөхөдтэй явахыг бэлгэдсэн утгатай. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын лам өгч байсан гэдэг. Энэ сайхан нэрийн утга учир болсон олон сайхан найз надад заяасан. Улсын аварга болоход зарим нь уйллаа гэж байсан. Надаас ч илүү баярлацгаасан байна лээ. Их гоё санагдсан.

Нэгнийхээ дутууг гүйцээж, бие биедээ дэмтэй тустай байж, зөв замынх нь чиглүүлэгч, буруу зүйлийг нь зэмлэгч байхыг хичээдэг. Хүний төлөө гэсэн сайхан хандлага нь алсаараа мэдрэгддэг. 

-Тамирчин хүний амжилтад гэр бүлийн дэмжлэг их чухал байдаг шүү дээ?

-Би Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Эхээс гурвуулаа. 2010 онд сургуульд орох жилээ хотод ирж байсан. Миний бэлтгэлээ хийх бүх боломжийг ээж маань хангаж өгдөг. Миний ард “асаалттай танк” гэдэг шиг л байдаг. Өглөө сэрээд бэлтгэлдээ явахад халуун цай ундтай үдэж, орой тараад ирэхэд халуун хоолтой угтдаг ээжтэй байна гэдэг юутай сайхан. Ингэхээр нийгмийн бусад дарамтгүйгээр зөвхөн амжилт гаргахын төлөө хөдөлмөрлөж, хичээдэг. Дуртай зүйлийнхээ төлөө тууштай хөдөлмөрлө гэдэг. Тэмцээний өглөө ээждээ үнсүүлж яваад амжилт гаргаад ирэх сайхан.

-Шантрах үе байв уу?

-Ээж минь гурван хүүхдийнхээ сайн сайхны төлөө энэ амьдралыг туулж яваа их тэвчээртэй, тайван, бүх зүйлийг болох талаас нь хардаг эмэгтэй. Тэмцээн бүрд амжилт гаргана гэж үгүй. Шантрах үе бас бишгүй тохионо. Өнгөрсөн жил дэлхийн аваргын сорилоор хожигдоод, U23 насны улсын аваргаас мултрах үед тамирчин болох зам үнэхээр зөв байсан уу, би чадах болов уу гэж өөртөө итгэлгүй болсон. Энэ үед ээжийгээ бодож, “Ээж минь ингэж их тэвчээр гаргаж байхад би хичээх ёстой” гэж өөртэйгөө ярилцаж боссон.

Би тэмцээнд түрүүлж чаддаггүй ихэвчлэн мөнгө, хүрэл авдаг хүүхэд байсан. Энэ миний улсын аваргаас хүртэж байгаа хоёр дахь алтан медаль. Өмнө нь залуучуудын улсын аваргад нэг түрүүлж байсан. Ер нь ковидын дараагаас миний амжилтууд гарч эхэлсэн.

-Уяа нь орсон морь шиг хурд тогтоод ирж байгаа бололтой. Улс, эх орныхоо нэрийг гаргаж тив, дэлхийн аварга болох болтугай.

-Шинэ оноо сайхан амжилтаар угтлаа. Морин жилдээ хурдлах байх аа. Аливаа амжилт түрхэн зуурынх болохоор үргэлж нэг зангаараа их мөрөн дөлгөөн, тусч явахыг хичээнэ.

Би ер нь ээждээ хайртай гэж хэлж байгаагүй юм байна. Ээжээ хүү нь тандаа хайртай шүү. Бас төдийгөөс өдий хүртэл зааж сургаж яваа С.Баянмөнх болон Ууганбаяр багшдаа баярлалаа. Хүчний бэлтгэлийн Баттулга багш, Хил хамгаалахын байгууллагын харьяа 0208 дугаар тусгай салбарын удирдлагууд, Оюун-Эрдэнэ доктор, Дагвадорж ах гээд тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 7 (7749)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn