СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургууль, Балдорж сантай хамтран “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, үнэлэмж, боломж” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Ингэхдээ Монголын сэтгүүл зүйн салбарын өнөө үед тулгамдаад буй хиймэл оюун ухаан, мэргэжлийн ёс зүйн хандлага, сошиал медиа, төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн албаны асуудал зэрэгт судлаачдын хийсэн судалгаа, түүний үр дүнг хэлэлцүүлэв. Тодруулбал, “Сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварын талаарх шинэ үзэл, хандлага” сэдвийн хүрээнд МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Чинзориг, “Төрийн байгууллагын хэвлэлийн алба ба иргэний мэдэх эрх” сэдвээр СУИС-ийн КТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Цэнд, “Мэдээний өрөөн дэх GAI-ийн хэрэглээ ба сэтгүүлчийн дасан зохицол” сэдвээр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Н.Ариунзаяа, “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал: Төр ба хэвлэл мэдээлэл” сэдвээр Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах нар илтгэл тавьсан юм.
Өдгөө төрийн байгууллагууд хэвлэлийн төлөөлөгч гэх алба хаагчаас хэвлэлийн албатай болж өргөжсөн нь 1998 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн дөрөв дүгээр зүйлд заасан “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа болно. Гэвч бодит байдал дээр бий болсон энэ нөхцөл байдлыг цаашид яаж шийдэх вэ гэдгийг нарийвчлан судлах нь чухал юм. Төрийн байгууллагууд хувьдаа контент үйлдвэрлэж, нийтэлж байгаа энэ хэлбэр нь нэг талдаа хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байгаа боловч нөгөөтэйгөөр тус байгууллага хэвлэлийн төлөөлөгчтэй байснаар мэдээ мэдээллээ үнэн зөв дамжуулах боломж бүрддэг. Энэ тухай доктор Д.Цэнд “Төрийн байгууллагын мэдээлэл нээлттэй, ил тод гарах ёстой бөгөөд үүнийг сэтгүүлчид зөв дамжуулж чадаж байна уу. Тухайн байгууллагын нэр, ажилтны албан тушаалыг буруу дамжуулах зэргээр бидэнд бас асуудал бий юу гэдэг өнцөг бас гарна. Иймд үүнийг салбар дундын шинжлэх ухаанаар судалж, төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албаны талаар хууль, дүрэм, журамтай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрмээ тодорхойлж, хамтдаа асуудлаа шийдэх хэрэгтэй” гэж байв.

Хэвлэл мэдээллийн салбар буюу мэдээ үйлдвэрлэлийн редакцуудад хиймэл оюун ухааны хэрэглээ нэвтэрсэн. 2024 онд “Thomson Reuters Foundation”-аас дэлхийн 70 гаруй улсын 200 орчим сэтгүүлчдийн хүрээнд хиймэл оюун ухааны хэрэглээний талаар судалгаа хийсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь өдөр тутмын ажилдаа хиймэл оюун ухаан ашигладаг гэсэн үр дүн гарчээ. Мөн 50-аас илүү хувь нь хиймэл оюун ухаан тэдний ажилд хүчтэй нөлөө үзүүлж байна гэсэн бол 10 сэтгүүлч тутмын найм нь хиймэл оюун ухааны хэрэглээг зохицуулсан бодлого шаардлагатай байна гэжээ. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчгүй мэдээллийн хэрэгслүүд бий болж, үйл ажиллагаагаа явуулахаас гадна сонин, радио, телевиз гэх уламжлалт мэдээллийн хэрэгслүүд мөн тодорхой хэмжээнд хиймэл оюун ухааны ашиглаж байна. Ингэхээр сэтгүүлчийн мэргэжлийг хиймэл оюун ухаан орлох уу гэдэг асуулт бий болж байгаа бөгөөд энэ тухайд доктор Н.Ариунзаяа “Олон улсын судалгаанаас харахад сэтгүүлчийн мэргэжлийг ялгаж, редакцын сэтгүүлчээс цаг хугацаа шаарддаг өдөр бүрийн механик ажлыг хиймэл оюун ухаанд даатгах боломжтой. Харин сэтгүүлч илүү задлан шинжилж, нийгмийн асуудал, үйл явдлыг харилцаа холбоо, нөлөөллийн түвшинд дүгнэсэн, тухайн сэдвээр төрөлжсөн бүтээл хийхдээ анхаарах юм. Ингэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч AI-ийн хэрэглээг ил тод байлгах ёстой. Иймд сэтгүүлч мэргэжлийн стандарт нэмэгдэж, илүү задлан шинжилж, судалгааны ажил хийдэг байх шаардлага тулгарч байна” гэв.
Эдгээр судалгааны үр дүн, илтгэлийн дараа “Зууны мэдээ” сонины эрхлэгч, доктор Д.Отгонбаяр, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, “Unread Media”-ийн ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ нарын панелист “Сэтгүүлчийн хандлага, үнэлэмж, боломж”-ийн талаар Хэвлэлийн хүрээлэн, СУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Т.Есөн-Эрдэнийн хамт хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэвлэмэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаар өдөр тутмын сонинууд удаа дараа ярьдаг бөгөөд хэвлэл захиалахыг хориглосон хууль хэрэгжээд дөрвөн жил болж байна. Төр хэвлэлийн эрх чөлөөг хааж боосон хууль гаргахыг хориглосон хуультай. Гэтэл хэвлэл захиалахыг хориглоно гэж хуульчилсан нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж байна.
Энэ тухай “Зууны мэдээ” сонины эрхлэгч, доктор Д.Отгонбаяр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан. Гэтэл өнөөдөр төр засгийн харьяалалтай байгууллага, агентлагууд нь төрийн бус байгууллага эрхлэн гаргаж байгаа гэсэн худал бүртгэлтэй сонин, хэвлэл гаргаад л явж байна. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй ч, өөрийн бүтэц, үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийг эрхлэн гаргах редакцыг санхүүжүүлэн ажиллаад байна. Төрийн бус байгууллагын нэр дээр бүртгэлтэй төрийн байгууллага эрхлэн гаргаж байгаа хэвлэлийн талаар өдөр тутмын сонинууд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандана” гэдгээ илэрхийлсэн юм.
“Unread Media”-ийн ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ "Залуучууддаа хэвлэл мэдээллийн суурь боловсрол олгоогүйгээс сошиалыг хэвлэл гэж ойлгож байна. Гэхдээ залуучууд сошиал солиорлоос залхаж байгаа нь харагдах болсон. Үүний тулд залуусыг сонин уншуулах дадал суулгах хэрэгтэй байна.
Бид монгол хэл дээр даваа гараг бүрийн өглөө, англи хэл дээр пүрэв гараг бүрийн өглөө шинэ сонины дугаараа уншигчдад үнэгүй хүргэдэг. Өнгөрсөн жилийн тухайд 500 мянга гаруй сонин гаргасан байна. Манай сонины уншигчид ихэвчлэн 18-35 насны залуучууд байдаг. Өнөөдөр редакцууд бүгд видео, постер хийж сошиал контент рүү бүх хүчээ өгдөг болсон.
Бид сошиал медиаг мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх цэвэр ариун газар биш гэдгийг мэдэж байсан. Манай редакцын ажилчдын дунд өмнө нь сонинд ажиллаж байсан туршлагатай нэгэн байхгүй. Түүнчлэн өөрсдөө ч сонин уншдаггүй залуучууд байсан.
Гэхдээ өөрсөд шигээ залуусыг сонин унших сонирхлыг түрүүлэх, инстаграмм дээрээ стори хийхээр өнгөлөг, ажил руугаа орохын өмнө кофе авахдаа сонингоо сугавчлаад ордог байж болохгүй гэдэг бодлоос эхэлсэн. Үнэгүй сонинг гэдэг зардал талаасаа ч асуудалтай тул анхандаа амжилттай болно гэж бодоогүй. Гэхдээ тодорхой хугацааны дараа залуучуудын дунд сонин унших соёл тогтож, үүнийг бизнесийн байгууллагууд анзаарч, зар сурталчилгаагаа байршуулах болсон. Өнгөрсөн жилийн орлогын 30 хувь нь хэвлэмэлээс олсон байсан"
Хэлэлцүүлгийн дараа СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургууль, Балдорж сантай хамтран Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны шилдгүүдийн шагналыг гардуулсан юм. Тус уралдааны тэргүүн байрыг М.Лхагвасүрэнгийн “Үнэн баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн үнэний тухай буюу социалист реалист “баримтат” гэрэл зураг үнэн үү” бүтээлээр МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Д.Золбоо, дэд байрыг “Эргэлт”-ийн “126 ...”-д хийсэн шинжилгээ бүтээлээр МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшин, гуравдугаар байрыг “Гурван цагийн тухай дөрвөн зураг” бүтээлээр УИХ-ын хэвлэл мэдээллийн газрын гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа нар шалгарав.
Харин “Сэтгүүлчийн ёс зүй: Өнөөдөр” эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг СУИС-ийн Сэтгүүл зүйн дөрөвдүгээр курсийн М.Нансалмаа, М.Чинбилэг, С.Бадамханд нар хүртсэн бол дэд байрыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гуравдугаар курсийн оюутан Д.Хүслэн, гуравдугаар байрыг МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийн нэгдүгээр курсийн оюутан Д.Ичинлхам тус тус хүртэж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7736)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn