Тэртээх он жилүүдэд соёл урлагаар нийгмийг соён гэгээрүүлж, ард түмнийхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон байгууллага баригдаж байсны нэг нь “Хан-Уул дүүргийн соёлын ордон” билээ. Тус ордон нь 1936 онд ажилчин залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх клуб хэлбэрээр Ажилчны Районд “Довийн дов” хэмээх газар байгуулагдаж үндэс суурь нь тавигдсан байна. Ийнхүү цаг хугацааны эрхээр өргөжин тэлж, 1952 онд олзлогдсон японы цэргүүдээр одоогийн байршилд бариулж, 1986 онд их засвар хийж хоёр давхар болгож өргөтгөж одоо хэр хөг аялгуу, айзам хэмнэл эгшиглэсээр байна. Энэ олон жилийн түүхт байгууллагатай амьдралынхаа 55 жилийг холбож, олон гавьяатай үйлсийг бүтээсэн Д.Жавзандуламыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагын зочноор урилаа.
-Таны төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн ижий аав, бага насных нь дурсамжаар ярилцлагаа эхэлье?
-Би Монгол Улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Хүйсийн өвөлжөө гэх газар төрсөн. Миний ээж аав нэг хүү, зургаан охин төрүүлж, өсгөсөн.
Би эгэл жирийн малчин айлын дунд хүүхэд. Малд их хайртай хүүхэд байлаа. Тэр дундаа морины хий салхинд давхиж явах дуртай. Ах маань сургууль соёлын мөр хөөгөөд би гэрийн гадна ажилдаа илүүтэй туслах болсон. Гүү сааж, морь уургалж, эршүүд өссөн.
Аав ээж хоёр маань үнэнч шударга, ажилч хөдөлмөрч хүмүүс байлаа. Үүнийгээ ч үр хүүхэд бидэндээ өвлүүлэн өгсөн. Аав маань таван жилийн цэргийн алба хааж ирээд нутаг орондоо багийн дарга хийж, Монгол Ардын намын хоёрдугаар үүрийг байгуулж, намын есдүгээр их хуралд төлөөлөгчөөр ажиллаж байсан. Би хайртай аавынхаа зааж сургаснаар өдий зэрэгтэй яваа гэж боддог.
Миний ганц ахыг С.Цэнд-Аюуш гэдэг. Соёлын яамны сайдаар ажиллаж, Утга зохиолын нийгмийн ажилтны дээд сургуулийг байгуулж явсан эрдэмтэн доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн хүн. Түүнчлэн зургаан эмэгтэй дүү нь өөр өөрийн салбартаа манлайлж, ижий аав, орон нутгийнхаа нэр хүндийг гаргаж яваа хүмүүс билээ.
-Хөдөө ахуйдаа ингэтлээ хайртай байсан хүүхэд яагаад Улаанбаатар хотыг зорих болов?
-Ахлах сургуулиа төгсөөд ахыгаа бараадаж хотод ирсэн юм. Ах маань Багшийн дээдэд сурдаг байлаа. Би ч мөн их сургуульд сурах санаатай. Бас ажил хийх. Гэтэл тухайн үед хотын харьяалалгүй хүнийг ажилд авдаггүй байсан тул хот руу шилжсэн. Аав маань надад хамаг байдгаа тавьж, эрхлүүлдэг байсан учир зөвшөөрсөн дөө.
Ахынх маань Яармагийн тэнд. Яармагаас автобусанд суугаад хотын төв орох санаатай явж байгаад “Ажилчдын ордон”-ы энэ буудал дээр буутал “Хүүе, Жавзаа” гээд нэг хүн дуудлаа. Эргээд хартал Өвөрхангайн Соёлын ордонд хөгжимчин хийж байсан найз Баяраа маань байна. Ингээд сонин хачин ярьж хөөрөлдөөд ажил хиймээр байгаагаа дуулгатал “Үйлдвэрт ажиллах гэж байгаа юм уу” гэнэ. Тэгэхээр нь “Үгүй ээ, ямар ч хамаагүй” гэтэл “Манай соёлын ордонд орох уу” гээд арынхаа барилга руу дагуулж ороод даргатайгаа уулзуултал ЗХУ-д Соёлын дээд сургууль төгсөж ирсэн урт сайхан үстэй Дамдинсүрэн гэх эмэгтэй байв.
Ингээд Үйлдвэрчний хороон дарга Нямбуу гэж хүнийг дуудаад “Хөдөөний хүүхэд ажил сайтай байх. Цэвэрлэгчээр авчих уу” гэж байна. Гэтэл Нямбуу ах “Сайхан монгол охин байна. Сарын хугацаатай ажиллуулаад үзье. Маргааш өглөө өргөдлөө бичээд ирээрэй” гэлээ. Тэр үгийг сонсоод бөөн баяр хариад ахыгаа хүлээж байгаад хэллээ. Том эгч болохоор “Үйлдвэр бараадсан дээр” гэх юм ярьтал ах маань “Яадаг юм, ор ор. Өөрөө хөөцөлдөж олж авсан ажил нь” гээд өргөдөл бичиж өгч, би 1969 оны арваннэгдүгээр сарын 15-нд энэ байгууллагын босгыг анх алхаж байлаа.
-Он сар өдрөө их тод санаж байна шүү. Таны амьдралын их чухал өдөр байжээ. Ажил хийхээр явахад нь аав нь юу гэж захиж байв?
-Би ажлыг доороос нь эхэлж, бүх шат дамжлагыг давсан. Гэхдээ надад энэ муу, тэр сайн ажил гэх зүйл байгаагүй. Би одоо ч өөрийнхөө өрөөг цэвэрлэдэг. Би аавынхаа “Хүн ажлыг голдоггүй. Ажил хүнийг голдог. Миний охин олон хүний дунд ажлаа л сайн хийгээрэй. Хуурамч юм хэзээ ч байж болохгүй” гэх захиасыг сэтгэлдээ тээсээр өдий хүрсэн.
Манай байгууллага тэр үед орон тооны жүжигчид олонтой, тоглолт ихтэй. Тиймээс ажлынхаа хажуугаар оёдолчин эгчдээ тусална. Хөдөөний хүүхэд учир багаасаа оёж хатгаад сурчихсан байсан маань хэрэг болсон. Ингээд оёдолчин эгч маань дарга нарт санал тавьж хоёр сарын дараа ажлын байр солигдлоо.Энэ үеэр “Мандухай сэцэн хатан” киноны хувцсыг оёлцож байсан. Гурван сар оёдолчин хийгээд нярав болж, энэ ажлаа дөрвөн жил хийсэн. Удаагаар нь аж ахуйн дарга олон жил хийж, байгууллагынхаа бүх зүйлийг хариуцах болсон. Нэлээн олон жил энэ албаа хашиж байгаад Үйлдвэрчний хороон дарга хийсэн. 27 жил энэ байгууллагын Үйлдвэрчний хороон дарга хийж байсан учраас энэ сайхан ордноо устах аюулаас аварч чадсан. Надаас өөр энэ байгууллагын төлөө тэмцэх хүн байхгүй гээд сэтгэл зүрхээ зориулсан даа.
-Тал нутгийн танхилхан охины сэтгэлийг энэ байгууллагын юу тэгтлээ татаж, амьдралынхаа ихэнх хугацааг зориулахад хүргэв?
-Урлаг гэдэг хүний сэтгэлийг уясан шиг уядаг газар юм билээ. Би бага залуу хүүхэд байхаасаа дуулах дуртай байлаа. Түүгээр ч зогсохгүй намайг энэ байгууллагын босгоор алхахад урлагийн алтан үеийн амьд бурхад ажиллаж байсан нь нөлөөлсөн. Тэдний урлагийн төлөөх үнэнч сэтгэл, ажиллаж байгаа газраа хайрлаж хүндэтгэх ёстойг мэдэрсэн. Урлагийн томчуудын энгийн яриа нь хүртэл залуус бидэнд үнэтэй сургаал болдог байлаа. Тухайн үед томчуудын ярианд орох бүү хэл их даруухан байжээ. Тухайн үед түүхэн жүжиг их тоглоно. Бүрэн бүрэлдэхүүнээ дайчлагдана. “Учиртай гурван толгой” дуурьд Нансалмаагийн дагуулж болж гарах жишээтэй алтан тайзнаа сайхан дурсамж бүтээж чадсандаа баярладаг.
Соёлын ордны 50 жилийн ойгоор Ардын жүжигчин Г.Гомбосүрэн багш маань намайг дуудаад жүжигчдийн ордог хаалганы тэнд хивс дэвсүүллээ. Ингээд З.Цэндээхүү, Г.Түмэндэмбэрэл тэргүүтэй багш нар маань өврөөсөө цэнхэр хадаг гаргаж ирээд босгондоо мөргөж “Бидний нэр төртэй, улс орондоо үнэлүүлж яваагийн гавьяа энэ алтан босго юм шүү. Энэ байгууллага хэзээ дуудсан цагт бид бэлэн байх хэрэгтэй” гэж байсан юм. Гэтэл Г.Гомбосүрэн багш намайг “Улаан хацарт маань хэдэн жил болж байгаа билээ. Хүний хамгийн анхны ажлын алтан босго гэдэг ийм хүндтэй, үнэ цэнтэй байдаг юм. Тогтвор суурьшилтай ажлаарай” гээд духан дээр үнссэн юм. Тэр аугаа хүний үг, үүрэг даалгаврыг бүх насаараа мөрдөж явна. Тиймээс энэ байгууллагын төлөө амь биеэ үл хайрлаж зүтгэсэн.
Энэ хугацаанд олон дарга цэрэг солигдож, хөрөнгө мөнгөгүй болж нураадгийн даваан дээр арай хийж авч үлдсэн үе бий. Соёл урлагийн түүхт энэ ордноо авч үлдэхийн тулд уйлаад ч зурагтаар гарна. Инээгээд ч гарна. Өдгөө манай ордонд 30 гаруй ажилчин, албан хаагч ажиллаж байна. Тэдний ард гэр бүл, үр хүүхэд амьдрал ахуй байгаа шүү дээ. Энэ сайхан залуу үедээ соёлын ордноо хүлээлгэн өгсөндөө баярлаж, хойч үеэрээ болон өөрөөрөө ч бахархдаг.
-Соёлын ордны тэр бараан түүхээс хуваалцаж болох уу. Таныг эргүүлж хөл дээр нь босгосон ачтай хүн гэж сонссон?
-Он цаг урсан одсоор би ахмад насны тэтгэвэртээ суув. Удалгүй манай соёлын ордны урлаг соёлын үйл ажиллагаа орхигдож, барилгын дээвэр нь нураад шал нь цөмрөөд зогсонги байдалд орсон байлаа. Ингээд урлагаа авч үлдэх хүслээр Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Гавьяат жүжигчин Надмид, Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин найруулагч, Ардын жүжигчин Д.Мяасүрэн нартаа хандаж, “Уянга өөдөө” төвийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Тэднийгээ удирдах зөвлөлөөр нь томилж, 120 мянгатын подволд чуулгынхаа үндэс суурийг тавьсан түүхтэй. Тухайн үед соёлын ордонд чуулга байгуулахыг зөвшөөрөхгүй байсан нь учиртай юм билээ.
Гэтэл нэг өдөр соёлын ордон дээрээ очмоор санагдаад болдоггүй. Тэсэлгүй яваад иртэл хамгаалалтын хувцастай, том биетэй залуу “Хамгаалалтад авцан” гээд оруулдаггүй. Тэгэхээр нь “Яана аа хулгай орчихоо юу. Эгч нь эндхийн ажилтан байгаа юм” гэтэл “Манайх худалдаж авч байгаа юм” гэнэ. Тэгээд дээшээ гараад тухайн үеийн даргын өрөөнд ортол гурван ширхэг зуугийн шар тороор дүүрэн мөнгө тавиад гарын үсэг зуралцаад соёлын ордныг маань наймаалаад сууж байхад нь таарлаа. Ингээд “Нэг халаасны хулгайч нөгөөдөө дамжуулдаг газар чинь юм уу” гэж хэлээд хаалгыг нь барьж зогсож байгаад утсаа гаргаж ирээд “TV8 уу. Хан-Уулын соёлын ордонд хулгай орчиж. Хурдан ирээрэй” гээд худлаагаасаа ярьсан. Тухайн үед сандарсан хүн чинь юун телевизийн утас цээжээр мэдэх вэ дээ. Тэгээд Үйлдвэрчний төв зөвлөлд “Хан-Уулын соёлын ордныг хүмүүс хулгай хийж байна” гээд залгаад хэлтэл нөгөөдүүл чинь намайг түлхэж хаячаад юмаа хумиад зугтсан.
-Тэр үед та айгаагүй юу. Үнэн мөнийг олохын тулд их зүйл туулсан байхдаа?
-Айснаа ч мэдээгүй. Энэ чинь 22 жилийн өмнө болсон үйл явдал шүү дээ. Тэр үед харуй бүрий ч болж байсан. Нөхөр маань хажуугийн хивсний үйлдвэрт инженерээр ажилладаг байлаа. Утсаар уйлаад дуудлаа. Ирэхээр баахан тэвэрч уйлаад нөхөртэйгөө ордноо манаж хоноод маргааш нь ахмадуудаа дуудаж, Хан-Уулын дүүргийн хороодоор 300 хүний гарын үсэг цуглуулж Нийслэлийн иргэдийн хурлын дарга Билэгт, Өмчийн харилцааны газрын дарга Ганбаатар нарт өргөх бичиг барьсан юм. Ингээд юу болов гээд хөөцөлдөөд үзтэл Мэргэжлийн хяналтын газраар урлагийн байгууллага байх боломжгүй гэсэн акт гаргуулсан байв. Бүүр нэг төгрөгийн үнэгүй болгоод барилгыг нь нурааж газрыг нь зараад 12 давхар орон сууц барих гэж байсныг мэдлээ. Тэгээд Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Нямсамбуу дарга дээр очиж уулзаад олон жилийн түүхт соёлын ордноо авч үлдэж чадсан.
Энэ газар дээр ийм 12 давхар орон сууц барих гэж байгаа гээд зураг төслийг нь барьчихсан нэг залуу дараа нь ирж уулзлаа. “Хятадаас ажилчдаа дуудсан. Та хэл үг гаргахгүйгээр дуртай давхартаа гурван өрөө байр үнэгүй ав” гэхээр нь “Эгч нь эсгий гэрт төрсөн малчны хүүхэд. Би монгол гэртээ амьдардаг. Надад тийм юм хэрэггүй” гэж байсан. Удалгүй дахиж ирээд “Танд байр хэрэггүй бол дуртай тоогоо хэл” гэнэ.
Тэгэхээр нь “Эгч нь чам шиг ганц хүүтэй хүн. Чамайг хүнд ашиглуулаад алдаж яваа юм болов уу гэж бодож байлаа. Ийм байдалтай байвал хууль хяналтын байгууллагад хандана” гэж ширүүхэн хэлтэл дахиж ирээгүй.
Намайг аж ахуйн дарга байхад Минжүүр гээд 15 настай хүүхэд мужаанаар ирж байлаа. Хожим бизнес эрхлэгч болсон юм. Тэр залууг Нямсамбуу даргатай ярилцаж дуудаад удирдлагаар томилсон. Минжүүр маань ч соёлын ордныг эргүүлэн хөл дээр нь босгосон. Өөрөө хөрөнгөө гаргаж, дүүрэгтэй эргэн төлөлтөөр гэрээ байгуулж өнөөгийн өнгө төрхийг бүтээж, эргэн дуу хуур дахин эгшиглүүлэх болсон юм.
Манай “Уянга өөдөө” чуулга ч ордондоо ирсэн. Өдгөө өргөжиж 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж нэг гавьяаттай болсон. Бусад нь бүгд Соёлын тэргүүний ажилтан цолтой.
-Соёл урлагийн салбарт оруулсан энэ их гавьяаг тань төр засаг, нийгэм хэрхэн үнэлсэн бэ?
-1996 онд Хан-Уул дүүргийн соёлын ордныхоо 60 жилийн ойгоор Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан. Би үйлдвэрчний, нийслэлийн гэхчлэн дөрвөн байгууллагын тэргүүний ажилтан гэж явдаг.
Миний хамгийн хүндтэй шагнал бол соёлын ордныг авч үлдсэний дараа ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос гардуулсан “Хүндэт жуух” байна. Бусад нь “Манлайлагч эмэгтэй” гэхчлэн бусад ТББ-уудаас гардуулсан шагналууд юм.
Нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хурлын тогтоолоор 2020, 2023, 2024 онд Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгохоор Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргасан боловч хараахан шийдэгдээгүй байна.
-Та их зоригтой, сэтгэлийн хаттай эмэгтэй юм аа?
-Хатуу, хүтүү, хэцүү амьдрал надад бишгүй тохиолдсон. Би хүү, охин хоёр төрүүлсэн. Харамсалтайгаар хүү маань мөнх бусыг үзэж, хань минь зургаан жилийн өмнө өөд болсон. Одоо охинтойгоо, хүргэнтэйгээ амьдардаг. Энэ бүгдийг хаячихаар ч хэцүү үе надад байсан. Хэчнээн шаналж зовж, нойргүй хоноод өглөө орж ирэхэд урлаг гэдэг хүнийг өөд нь татаж, сэтгэл санааг өргөөд явчихдаг. Ийм сайхан хамт олонтой болохоор сайнтай, муутай бүгдийг туулж чадсан.
Хүн сэтгэлийн хатгүй бол ажилдаа ч амьдралдаа ч сөхрөх нь амархан. Хэний ч өмнө би сөхөрч, гуньж явахыг хүсдэггүй.
-Хананд нь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн танд зориулж бичсэн найраглал харагдаж байна. Таныг бас шүлэг бичдэг гэсэн?
-“Чи аж үйлдвэрийн комбинат болон соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Даанч чамайг төр засаг чинь үнэлэхгүй байна” гээд соёлын ордны 80 жилийн ойгоор энэхүү найраглалаа жаазлаад бэлэглэж байлаа. Энэ найраглалыг тайзан дээр уншсан юм. Би өөрийн эрхгүй уйлсан. Хаана байгаагаа ч мэддэггүй юм билээ.
Би олон шүлэг бичээгүй. Ханьдаа зориулсан дууны шүлэгтэй нийлээд долоон бүтээл байгаа болов уу. Миний “Уянга өөдөө” чуулгатаа зориулж хийсэн дуу одоо тоглолт бүрийн дараа дуулагддаг. Мөн соёлын ордныхоо 75 жилийн ойгоор “Ажилчны соёлын ордон минь” дууг бүтээж байлаа. Сонссон хүн бүр “Яасан сайхан үгтэй дуу вэ” гэдэг.
-Аравдугаар сарын 18-ны өдөр хамт олон нь таны алдрын баярыг тэмдэглэх юм байна. Энэ баярт мэдээг хэрхэн хүлээж авав?
-Манай чуулгын хамт олон энэ тухай захиргаанд орж хэлсэн юм билээ. Захиргааныхан сайхан санал байна гэж дэмжсэн байсан. Энэ соёлын ордон бид хоёрын үүх түүх салшгүй холбоотой. Харин одоо үйл ажиллагаа явуулахад байр багтаамж хүрэлцэхгүй болоод энэ суурин дээр шинэ барилга барихаар болсон. Олон жилийн түүхт соёл урлагийн энэ байгууллагын амин сүнсийг таслалгүй өдий хүргэсэндээ баяртай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 195 (7692)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.