Намрын үзэсгэлэнт олон өнгө шиг эсвэл хаврын анхны бороо шиг, бүр өвлийн анхны цас шиг тийм олон мэдрэмж дунд сэтгэл минь хөвөлзөх тэр цаг хугацаанд би “Харанга”-ын дуунуудтай хамт их хотын гудмаар, далайн эргээр алхдаг байлаа. “Алс хол хүний нутагт, ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ...” гэх мөртүүд сэтгэлд минь дулаахан мэдрэмж төрүүлж, тэдний дуунуудад илүү гүн дурласан юм. Харин өнөөдөр би хүндэлж явдаг Төрийн соёрхолт, домогт “Харанга” хамтлагийн хэмнэлт гитарчин, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэнг “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор урьж, уншигч тантай уулзуулах гэж байна.
Тэр бол тайзан дээр “амьдрах” гэж төрсөн нэгэн. Хөгжмийн хөг эгшиг, хэмнэлээр хүмүүний сэтгэлийг баяр гуниг, аз жаргал, бахархал, омогшил олон мэдрэмжээр бялхуулж чаддаг уран бүтээлч. Тийм ээ, тэр бидний мэдэх домогт, “Харанга” хамтлагийн Оогий ах. Хүн бүрд өөрийнхөө хүсэл мөрөөдөл, дотоод “би” -гээ олсон онцгой үе гэж байдаг.
Харин түүний хувьд нэгдүгээр ангийн сурагч байхаасаа гитартай нөхөрлөж, өөрийнхөө дотор орших бяцхан авьяасаа нээсэн нь тэр байв.
Нэг өдөр найз Зоригоогийнхоо хамт гитар тоглож байхад эгч нь гитарын барилт зааж өгчээ. Харин дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа хөгжмийн багш н.Чүлтэмдорж болон дээд ангийнхаа н.Дашдорж, н.Баясгалан нартай хамт сургуулийн тайзан дээр гарч урлагийн үзүүлбэр үзүүлсэн нь хамгийн сайхан дурсамж гэв. Энэ үеэс гитартаа илүү их дурлаж, өнөөдрийг хүртэл нөхөрлөсөөр явна.
Мөн онц сурлагатан хүүхдүүдийн “Харш”-ын шинэ жилд гитараа тоглож байгаад нэг багшийн анхааралд өртжээ. Тэр багш “Наад хүүхдээ Пионерын ордны хөгжмийн дугуйланд явуулаарай” гэж хөгжмийн багшид нь хэлснээр Я.Одсүрэн 1971 онд Пионерын ордны хөгжмийн дугуйланд элсэн, н.Пүрэвжав багшийн шавь болсон байна.
“н.Чүлтэмдорж багш, н.Пүрэвжав багшдаа үргэлж талархаж явдаг, энэ хүмүүстэй учирсан минь их хувь тавилан гэж боддог” хэмээн урлагийн замд хөтөлсөн ачит багш нараа дурссан юм. Энэ үеэс түүний амьдралын хэмнэлээс гитарын аялгуу ч тасарсангүй. Бүхий л цаг үед гитартай ойр байв. 1970 онд н.Чүлтэмдорж багш нь үйлдвэрийн гитар авчрахад тэр нэг удаа гуйж гэр рүүгээ авч явжээ. “Гитараа бүр өвөртөлж хүртэл унтаж байсан” хэмээн хүүхэд насныхаа дэврүүн хүсэл мөрөөдлөөр дүүрэн үеийнхээ дурсамжийг хуваалцсан юм.
Пионерын ордны хөгжмийн дугуйлангийн сурагчид жил бүр очиж амардаг, хөгжмөө тоглодог олон улсын Сэлбэ зусланд өөртэйгөө ижилхэн хүсэл мөрөөдөлтэй Сок найзтайгаа танилцжээ. Тэр бол хожим Монголын хөгжмийн урлагт нэрээ мөнхөлсөн төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлалын ухааны доктор, СУИС-ийн профессор Сүрэнгийн Соронзонболд юм.
1974 онд Сок найз нь Унгар руу олон улсын зусланд амраад ирэхдээ тухайн үеийн барууны рок урсгалын хамтлагийн пянзыг авчирч өгсөн нь тэдний хүсэл мөрөөдлийг илүү том болгожээ. Тухайн үед “рок” гэх ойлголт байгаагүй ч тэр пянзнаас эгшиглэх хөг аялгуу тэднийг шинэ урсгал, хүсэл мөрөөдөлд хөтлөх нь тэр.
Төмөр замын өртөөнд хүмүүс ирж, явж, нэг нь үдэж, нөгөөх тосох тэр давтагдашгүй урсгал дунд амьдрал өөр өөрийн хэмнэлээр өрнөнө. Энэ урсгал дунд Монголын рок хөгжмийн домог болсон “Харанга” хамтлагийн суурь тавигдсан түүхтэй. УБТЗ-ын ажилчин залуусын “Ногоон гэрэл” хамтлагт Я.Одсүрэнг ороход Эрдэнэ-Очир, Сергей, Тэрбиш, Бямбажав гээд нэг хүсэл мөрөөдөлтэй залуус байв. Мөн Ц.Энхманлай орсон байсан үе. Харин 1976 онд С.Соронзонболд найз нь аравдугаар анги төгсөөд “Ногоон гэрэл” хамтлагт нэгдсэнээр тэр гурвын рок хамтлаг байгуулах их хүсэл мөрөөдлийн эхлэл болсон юм.
Удалгүй хоёр жилийн дараа буюу 1977 онд Я.Одсүрэн цэргийн албанд татагдан Зүүнбаянд алба хаажээ. Цэрэгт очоод ч гитараасаа холдсонгүй, түүний хамгийн ойрын “найз” хэвээр байв. Бүр “Баянговь” хамтлаг хүртэл байгуулж байсан түүхтэй. Харин түүнийг цэрэгт явсан хойно нь ээж нь хүүгээ санахдаа гэртээ байнга дуугаргаж байдаг гитарын дууг нь хүртэл үгүйлсэн гэж хэлж байжээ. Я.Одсүрэн нэг эгч, гурван дүүтэй. Аав ээж нь ч түүний хүсэл мөрөөдлийг дэмждэг байсан гэсэн юм.
Оогий ах маань гэрийнхээ ханан дээр барууны хамтлагийн зурагтай плакат нааж, “Ийм л хамтлаг байгуулна” гэж Соронзонболд, Энхманлай найзтайгаа мөрөөдөж хаа байсан барууны орны хамтлагийг дуурайж, тоглодог байв.Тэр үед зарим найзууд нь “Тэд чинь дэлхийн хүмүүс шүү дээ” гэж хэлэхэд “Тэр хүмүүс хоёр толгойтой, дөрвөн гартай биш. Яагаад болохгүй гэж” хариулдаг байсан гэдэг. Ингэж л цаг хугацааны урсгал дунд тэд бие биеэ олж, хүүхэд насны мөрөөдөл, хөгжимд хайртай зүрх сэтгэлээрээ нэгэн цэгт холбогдож 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагаа байгуулсан түүхтэй.
“Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатар маань “Харанга” гэж томоор бичээд ирж байлаа. Үүнээс өмнө Драмын театр болон Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн дунд хамтлагийн нэрийн уралдаан хүртэл зарлаж байв. Хаад, уул, усны олон нэр байсан юм даг. Тэгээд Бадраа гуайгаас асуухад “Болохгүй байна” гэдэг байлаа. Харин тэр өдөр Х.Булган маань Бадраа гуай руу утасдан “Харанга” нэрийг дуулгаж тэд нэлээн удаан ярилцсан. Тэр үед Манлай бид хоёр хажууд нь сууж байсан юм. Ингээд Бадраа гуай “Энэ яг та нарт тохирох нэр байна” гэж утга бэлгэдлийг нь хэлснээр бид “Харанга” нэртэй болсон” хэмээн тэрээр дурсан ярив.
Энэ үеэс Монголын хөгжмийн урлагийн шинэ хуудас бичигдэж, таван өөр ертөнц нэгэн хэмнэлд уусан, аманд аялагдаж, чихэнд хоногшсон “Харанга”-ын дуунууд нүргэлсээр байна. Тэрээр энэ тухай “Биднийг нэгтгэсэн гол цөм бол мэдээж хөгжим. Хүн ер нь нэг зүйлдээ үнэнч явах хэрэгтэй. Бид хамтлагаа байгуулаад уран бүтээлээ туурвисан энэ хугацаанд бүх зүйл дардан байгаагүй. Амьдрал өгсөнө, уруудна. Тэр бүхнийг тэвчих хэрэгтэй. Манай хамтлагийнхны ярьдаг зүйл бол “Амьдрал бол тэвчээр” гэж. Тэвчиж байж аливааг ялан дийлж чадна. Манай Ц.Энхманлайгийн “Амьдрал” дуунд хүртэл гардаг шүү дээ. Манлай маань “Амьдрал” дуугаа 30 гаран настайдаа бичсэн. Мөн Лхагваа “Бодлын тэнгис” дуугаа 23 настайдаа бичсэн байдаг. Ийм авьяастай залуус бие биеэ олно гэдэг маш том аз гэж үргэлж талархаж явдаг. “Харанга” бол өөр үзэл бодол, ертөнцтэй хүмүүсийн нэгдэл. Нэг зүйлийн төлөө хамтдаа тэмүүлж, бие биеийнхээ алдааг уучилж, гавьяаг нь хүндэлж ирсэн. “Больё, бүтэхгүй юм байна” гэж бодсон үе ч манай хэдэд байсан л байх. Тэр бүхнийг дотроо тэвчиж, өөрийгөө хаяад, өрөөлийн төлөө амьдарна гэдэг нэг хамт олны гавьяа болов уу гэж боддог. Тийм ч учраас бид тав 1989 оноос хойш 35 жил болсон байна.Хэдий Манлай маань бурхны орныг зорьсон ч бид хүсэл мөрөөдлийг нь орхихгүй” гэлээ.

Тэд уран бүтээлээ хийж эхлэхэд бүх зүйл дардан байсангүй. Мэргэжлийн түвшний гитартай болох гэж хүртэл олон жил болжээ. 1991 онд Японы хамтлагтай хамт стадионд тоглож байхад “Гитарыг нь барьж үзэх сэн” гэж хүртэл бодож явсан гэв. “Энэ бүх жижиг зүйл хүний хүсэл мөрөөдлийг улам хурцалдаг юм билээ. Хүн хүсэж, мөрөөдөж байгаа зүйлээ ажил болгохын төлөө үнэнч шударга, тэвчээртэйгээр урагшлах хэрэгтэй. “Болохгүй юм байна” гээд орхивол хүн өөрийгөө олж чадахаа больчихно” гэсэн юм.
Тухайн үед рок урсгал Монголд дөнгөж хөгжиж эхэлж байсан үе учраас хөдөө орон нутагт зарим газарт тоглолтоор очиход үзэгчгүй үе ч байжээ. Гэхдээ тэдний хувьд 10 хүн ч бай, 100 хүн ч бай ижилхэн мэдрэмжээр тоглоно. Учир нь тайзан дээр зогсож байна гэдэг өөрөө хамгийн том хувь тавилан гэдгийг хэлж байлаа.
Мөн тэд тив, дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол түмнээ дуу хөгжмөөр хөглөж, эх орон, аав ээжээ санасан сэтгэлийг нь нимгэлсээр ирсэн уран бүтээлчид. Тиймээс Монголын ард түмэн тэдэнд хайртай байдаг. Гадаадад хийсэн тоглолтуудаас дурсамжтай цаг хугацааны нэг нь Чехэд хийж байсан тоглолт гэв. Тэр үед хөгжим маш гоё дуугарч, их гоё тоглолт болсон гэлээ.
Мэдээж нийтлэлийн зочин Я.Одсүрэнгийн амьдралын түүхийг ярихад “Харанга” хамтлагийн түүх үргэлж хамт бичигдэнэ. Ингэж л тэд “зөрөөд өнгөрөх төдийд хувь тавилан байдаг” гэдэг хүмүүний орчлонд бие биеэ харц, үйл хөдлөлөөрөө хүртэл ойлгодог болтлоо нөхөрлөл хийгээд хүсэл мөрөөдөлдөө тууштай байхын үнэ цэнийг харуулж яваа домгууд юм. Тэдний хамтдаа бүтээсэн энэ он жилүүдэд дахин давтагдашгүй дурсамж олон. Үүний нэг бол анхны уран бүтээлийн тоглолт. Тэд анхны тоглолтоо хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн зохиосон "Амьдрал" дуугаараа нэрлэж, үзэгчтэйгээ уулзсан байдаг. Соёлын яамны коллегийн хурлаар орохдоо сандарч, анхны тоглолтын тайзны ард догдлол дүүрэн хүлээж, тоглолтоо дуусгаад тавуулаа тайзан дээр аз жаргалтайгаар зургаа авхуулж байсан тэр цаг хугацааны мэдрэмж бол тэдний хувьд дахин давтагдашгүй. Тийм гайхалтай хувь тавилангаар учирсан хүмүүс дээ бид хэмээв.
1991 онд Москвад очиж мэргэжлийн студид найман дуу бичүүлчхээд улаан талбайгаар алхаж явахдаа бид ямар аз жаргалтай байсан гэж санана хэмээн дурсамжаа хуваалцсан юм.

Я.Одсүрэн тайзан дээр гитарын аялгуугаар уран бүтээлээ “амилуулах”-аас гадна “Энэ дурлал биш”, “Он жилүүд”, “Өнгөрсөн үе”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс” зэрэг “Харанга” хамтлагийн олон алдартай дууны аяыг зохиосон. Анхны бүтээл болох “Хүжийн гал” хэмээх дуугаа 1975 онд, арван жилийн сурагч байхдаа зохиосон бөгөөд уг бүтээлийнхээ 50 жилийн ойгоор анхны пянзаа гаргасан юм. Тэрээр уран бүтээлийнхээ тухай ярихдаа “Хүн бүрийн сэтгэлээс гарч байгаа хөг аялгуу ялгаатай. Зарим шүлэгт ая орж ирэхгүй үе ч бий. Харин би шүлгийнх нь аяыг олж байж дуу хийдэг. Тэгж байж хүний сэтгэлд хүрсэн дуу төрдөг гэж боддог. Ямар нэгэн зүйл хөдөлмөрийн үр шимээс бүтдэг. Ядарч, зовж, шаналж хийсэн зүйлийн үр арвин байдаг гэж боддог. Уран бүтээл ч үүнтэй адилхан. Уран бүтээл бүрийн хүнд хүрэх цаг хугацаа янз бүр. Өнөөдөр, маргааш, бүр урт хугацааны дараа хүмүүст хүрдэг нь ч байна. Манай Харангачууд дотор бүгд байна. Тийм болохоор энэ удаан хугацаанд оршин тогтнох нэг цөм нь болдог байх.
Бид уран бүтээлийнхээ зам жимээр явж байгаа юм уу гэж бодогдох үе ч байдаг. Өнөөдрийн хүүхдүүд өөр бодол сэтгэлгээтэй болсон. Тэдэнд зориулаад уран бүтээлээ хийчихсэн ч юм шиг. Тэгэхээр манай хамтлагийнхан үнэхээр гайхамшигтай, бахархахгүй байхын аргагүй хүмүүс байгаа биз” гэлээ.
Мөн тэрээр “Ард түмний хүндлэл бол хамгийн том шагнал. 35 жилийн ойн тоглолтын дараа стадионоос гарч буй хүмүүсийн бичлэгийг үзээд нулимс цийлгэнэж байлаа. Ард түмний ийм их хүндлэлийг дааж амьдрах учиртай юм. Залуу насанд даахгүй үе ч байсан” хэмээн уран бүтээлч хүний бахархлыг онцолсон юм.

Түүний амьдралын хуудаснаас ялгаж салгахын аргагүй том орон зай бол яах аргагүй хань, үр хүүхдүүд нь билээ. Я.Одсүрэн эхнэртэйгээ 1984 онд танилцаж, гал голомтоо бадраасан байна. Эхнэр нь хүүхдийн эмч мэргэжилтэй бөгөөд тэд гурван сайхан хүүтэй гэсэн юм. Том хүү нь аавынхаа урлагийн замыг үргэлжлүүлэн АНУ-ын хөгжмийн сургуульд удирдаач мэргэжлээр доктор хамгаалж байгаа аж. Тэрээр “Харанга” хамтлагийн гишүүдийн ард үргэлж бат түшиг болж ирсэн гэр бүлийнхнийхээ талаар “Бидний эхнэрүүд уруудаж явахад өөд нь татаж, сайн явахад улам дэмжиж, амьдралыг тэвчээрээр давж гарсан хүмүүс” хэмээсэн юм. Түүнтэй ярилцаад суухад тэр гэх тодотголыг яг л гитарын аялгуу шигээ урсгаж, зөөлөн, аргадаж, хурдалж хэлж чаддаг нэгэн санагдсан.
Оогий ах одоо ч гитараа бариад уран бүтээлүүдийнхээ хөг аялгуунд хөглөгдөж суугаа байх. “Харанга” хамтлагийнхан тавдугаар сарын 21, 22-нд “Уянгалан дуулагч гитар” концертоо үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлдээ орсон гэсэн юм. “Уянгалан дуулагч гитар” шинэ дууг Чука ах Ц.Энхманлайдаа зориулж зохиосон ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 84 (7826)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn