Арц, ганганы анхилуун үнэр сэнгэнэж, хөөмий, уртын дууны аялгуу эгшиглэх орчинд уран бичээчийн бийр цаасан дээр өд мэт хөнгөн бууна. Тэр агшинд монгол бичгийн босоо мөрүүд “амь” орох шиг үсэг бүр нь хөдөлгөөн, дүрс, утга агуулгатайгаар нэгэн шинэ ертөнцийг бүтээх аж. Үсэг нь заримдаа морь болон давхиж, заримдаа тэмээ болон дүнхийж харагдана. Энэ бол уран бичээч Г.Ганзоригийн уран бүтээлийн ертөнц юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа үүх түүхийн өлгий нутаг Өмнөговь аймгийн Урчуудын эвлэлийн гишүүн, БСШУЯ-ны “Үндэсний соёл бичгийг түгээн дэлгэрүүлэгч” шагналт, чөлөөт уран бүтээлч Г.Ганзоригийг урьж ярилцлаа. Тэрээр монгол уран бичлэгийн өв уламжлалыг орчин цагийн дүрслэх урлагтай хослуулан хөгжүүлж, уран бичлэгийн бүтээлээрээ үндэсний бичиг соёлыг олон нийтэд сурталчилж, түгээн дэлгэрүүлж яваа нэгэн юм.
Г.Ганзориг Өвөрмонголд олон жил амьдарчээ. Тиймээс уран бүтээлийнхээ ихэнх хугацааг тэнд өнгөрүүлж, мөн олон үзэсгэлэн гаргасан байна. Тэрээр төрөлх нутаг Өмнөговь аймгийнхаа нэрийн хуудас болсон соёлын арга хэмжээ болох “Түмэн тэмээний баяр”-т уран бүтээлээ дэлгэж, олон түмэнд хүргэх мөрөөдлөө энэ жил биелүүлсэн гэлээ.

Монгол уран бичлэг нь зөвхөн үсгийг гоёмсгоор бичих урлаг биш. Үсгийн хэлбэр, хөдөлгөөн, бэлгэдэл, утга санааг нэгтгэсэн өвөрмөц урлаг юм. Монгол үндэсний бичиг нь титэм, шүд, нуруу, гэдэс, шилбэ, эвэр, гэзэг бүхий үсгээс бүрддэг бөгөөд дэлхий дээрх цорын ганц босоо бичиг гэдгээрээ бидний дахин давтагдашгүй ондоошил билээ.
Тиймээс уран бичлэгийн бүтээл болгон хөгжүүлэхэд тохиромжтой юм. Уран бичлэг нь дүрслэх урлагийн нэг төрөл бөгөөд бичиг болон зургийн нийлмэл хэлбэр гэж хэлж болно. Бичээч нь аливаа үгийг зөвхөн уншихад бус, харахад гоо зүйн мэдрэмж төрүүлэхүйц байдлаар урладаг. Ийм бүтээлийг харахад заримдаа зураг мэт харагдавч үнэндээ хүмүүн бичгийн цаасан дээр бууж буй нэгэн ертөнц юм.
Г.Ганзориг “Монгол бичиг нь амьд бодгалийг дүрсэлж бичдэгээрээ онцлогтой” гэв. Түүний бүтээлүүдэд монгол ахуй, нүүдэлчдийн соёл зэрэг туссан нь түүний дахин давтагдашгүй ертөнцийг бүтээх аж. “Тэсвэр тэвчээрийн тууль-Тэмээ”, “Дэлхийг тамгалсан монгол морь” зэрэг бүтээлүүд нь монгол ахуй, амьдралын гүн утгыг илэрхийлсэн уран бичлэгийн зохиомжууд юм.
Бүтээл нь монгол ахуй, гэр бүлийн үнэ цэн, ерөөл бэлгэдэл чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал “Аз жаргалтай гэр бүл” хэмээх зохиомж нь монгол гэртээ эв найрамдалтай амьдрах ерөөлийг илэрхийлсэн бүтээл юм. Энэ бүтээлд монгол иж бүрэн хувцастай гэр бүлийн дүрслэл, ерөөл бэлгэдлийн утгатай үгсийг монгол бичгээр уран сайхнаар хослуулсан байдаг. Тиймээс уншигч тухайн бүтээлийг ойлгохын тулд үсгийн бүтцийг таних, бичгийн мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс дүрст уран бичлэг нь уншигчийн гярхай байдал, бичгийн мэдлэгийг шаарддаг урлаг гэж болохуйц.
Уран бичлэг урлахад зөвхөн бийрийн хөдөлгөөн хангалтгүй. Үүнд сэтгэлгээний цар хүрээ, зохиомжийн мэдрэмж, уран бүтээлчийн эрэл хайгуул маш чухал нөлөөтэй байдаг ажээ. Манай нийтлэлийн зочин Г.Ганзориг уран бичлэгийн зохиомжуудаа өөр гаргадаг бөгөөд тухайн хүний сонирхолд нь нийцүүлэн бичдэг аж. Олон хүн алдар нэрээ түүгээр хүмүүн бичгээрээ бичүүлж, хадгалдаг гэнэ.
Мөн сүүлийн жилүүдэд монгол бичиг гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татах болжээ. Нэрээ монгол бичгээр бичүүлээд дурсгал болгон авч явдаг гэдгийг Г.Ганзориг хэлж байлаа.
Г.Ганзориг уран бичгээр хичээллээд 10 гаруй жил болж байгаа аж. Тэрээр “Монгол бичиг бол монгол хүн байхын үндэс. Морин хууртайгаа хамт айл болгон хоймортоо залж байх учиртай” хэмээлээ. Уран бичээчийн хувьд бичих мөч бясалгал мэт мэдрэмж төрүүлдэг гэсэн юм. “Монгол бичгээ бичээд сууж байх хамгийн сайхан. Арц, гангаа уугиулаад, монгол ардын хөгжим, хөөмий, уртын дуугаа сонсож бичихэд эрч хүч, энерги авдаг” хэмээв.
Мөн түүний хувьд хүүхэд залууст монгол бичиг зааж, уран бичлэгийн урлагийг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй. “Хүүхдүүд монгол бичиг сурах их сонирхолтой байдаг. Сурч эхэлсний дараа бичгийн гоо сайхныг мэдэрч эхэлдэг” гэлээ. Мөн уран бичгийн бүтээлүүдийг баримал, дурсгалын зүйл, хөргөгчний наалт зэрэг бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Өмнөговь аймаг монгол бичгээ хүүхэд залууст түгээн дэлгэрүүлэхийн тулд олон ажил зохион байгуулдаг аж. Жишээлбэл, аймгийн төв номын сан, аймгийнхаа Соёл, спорт, аялал жуулчлалын газартай хамтран уран бичгийн үзэсгэлэнг гаргадаг байна. Мөн аймгийн уран бичлэгийн тэмцээн зохион байгуулдаг бөгөөд Г.Ганзориг шүүгчээр ажилладаг аж. Түүний хувьд сүүлийн арван жил төрөлх монгол хэл, уран бичлэгийн тусгай тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ тэмцээнд 21 аймгаас хүүхдүүд оролцдог гэсэн юм.
Уран бичээч Г.Ганзоригийн хувьд монгол бичгийн босоо мөр бүрийг "амьдруулж", бичиг ба дүрсний уран нэгдлээр дамжуулан өв соёлоо хойч үедээ өвлүүлэх их үйлсэд тууштай зүтгэж яваа нэгэн билээ.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 68 (7810)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn