Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Соёл, спорт, танин мэдэхүйн алба

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР нь МУБИС-ийг сэтгүүлч  мэргэжлээр төгссөн. 

Сургуулиа төгссөн цагаас  өдөр тутмын сонинд ажиллаж сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээл туурвиж байна. 

Одоо Соёл, спорт танин мэдэхүйн албанд ажилладаг. 

Тэрээр мөн Уйгаржин монгол бичгээр нийтлэл сониндоо хөрвүүлэн буулгадаг.

Дөрвөн үеийн эх орончид

Ширхэг чулуунаас ч эх орон минь эхэлдэг. Өвөг дээдэс минь  халуун амь, бүлээн цусаа үл хайхран бидний өнөөдрийг бүтээсэн. Тиймээс орныхоо төлөө тангараг өргөж, үнэнчээр зүтгэж буй эгэл баатрууд бол бидний бахархал юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө дөрвөн үеэрээ хүчин зүтгэж буй, бахархалт гэр бүлийн гурав дахь үеийн төлөөлөл  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Өлзийбаярыг урилаа.

 

Эх орныхоо төлөө итгэл алдахгүй, үнэнчээр зүтгэж яваарай

С.Лхамсүрэн

Олон ээжүүд  хүүгээ үнсэж үдсэн, олон аавууд алсыг ширтэн хүүгээ хүлээсэн, олон эрс амь насаа үл хайхран эх орныхоо төлөө зогссон Халхын голын дайны он жилүүдийг бид мартаагүй ээ. Энэ бол монгол түмний хэзээ ч үл мартагдах түүхийн алтан хуудас билээ. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн эгэл баатруудын нэг бол нийтлэлийн маань зочин  Д.Өлзийбаярын өвөө С.Лхамсүрэн юм.

Тэрээр 1913 онд Ховд аймгийн Цамбагарав хошуу буюу одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж, бага насандаа эцэг эхтэйгээ мал маллаж өсжээ. Мөн багадаа хуучин монгол бичиг сурсан байна. 1938 онд ардын цэргийн албанд татагдаж, бичиг үсэг мэддэг учраас тухайн үедээ жагсаал, салаа, сумангийн даргын албанд тушаалд  хүртэл томилогджээ. С.Лхамсүрэн нь гуравдугаар мото дивизийн  бүрэлдэхүүнд алба хааж байх үедээ 1939 оны Халх голын байлдаанд оролцсон түүхтэй. Түүний эх орныхоо төлөөх зүтгэл үүгээр дууссангүй. Тэрээр 1945 оны Чөлөөлөх дайнд мөн оролцжээ. Тэрээр хоёр том дайнд оролцохдоо гурван  удаа хүнд шархадсан гэдэг. Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хоёр том байлдаанд оролцсоны тэрээр цэргээс халагдсаны дараа буюу 1946 онд төрөлх  Эрдэнэбүрэн сумандаа очжээ. Нутагтаа очоод сумынхаа нарийн бичгийн дарга ажиллахын зэрэгцээ “Бадрал” нэгдлийг үүсгэн байгуулж, нутаг ус, эх орныхоо  хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. 1963 онд Улаанбаатар хотод шилжин ирж, хоршооллын салбарт олон жил нягтлан бодогчоор ажиллажээ. 

С.Лхамсүрэн гуайн  хамгийн  үнэт өвийн нэг нь үр хүүхдүүддээ үлдээсэн сургаал юм. Тэрээр дайны  хүнд цаг үеийн тухай, хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг мөчүүдийн тухай ярьж, эх орноо гэсэн сэтгэл ямар үнэ цэнтэйг багаас ойлгуулдаг байсан гэдэг. “Эрдэм  ном  сурч,  эх орондоо хэрэгтэй  хүн болоорой” хэмээн  үр хүүхдүүддээ байнга захидаг, ном унших дуртай, тайван  зан чанартай хүн байжээ. Багадаа сурсан  хуучин  монгол бичгээрээ ном, тэмдэглэл  хөтөлдөг байсан  гэнэ. 1989 онд ач хүү нь тухайн үеийн  Цэргийн нэгдсэн сургууль буюу  өнөөгийн  Үндэсний батлан хамгаалах сургуульд ороход өвөө их баярлажээ. Хүүгийнхээ тангаргийн баярын үеэр  “Миний хүү удам дагаж цэргийн хүн боллоо. Эх орныхоо төлөө итгэл алдахгүй, үнэнчээр зүтгэж яваарай” хэмээн захисан сургаал одоо ч  хүүгийнх  нь  сэтгэлд тодхон байдаг гэсэн юм.

 

“Аав минь Зэвсэгт хүчний байгууллагад 40 гаруй жил ажилласан”

Хурандаа Д.Өлзийбаяр аав Л.Доржсүрэнгийн хамт.

Аав Л.Доржсүрэн нь 1948 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төржээ. 1963 онд гэр нь Улаанбаатарт шилжин ирснээр нийслэлийн VI дунд сургуульд элсэн орж суралцсан байна. 1969 онд тухайн үеийн ЗХУ-ын Киев хотод  пуужинт артиллерийн мэргэжлээр суралцаж төгссөнөөр тэрээр удам дамжсан цэргийн мэргэжлийн эзэн болжээ. Тэрээр Зэвсэгт хүчний байгууллагад 40 гаруй жил хүчин зүтгэхдээ  10 гаруй жил нь  Нийслэлийн  Цэргийн штабын даргаар ажилласан байна. Энэ хугацаанд үер ус, ой хээрийн түймэр,  иргэний хамгаалалтын чиглэлээр  ард иргэдийн амь нас,  эд хөрөнгийг  хамгаалах ажилд үнэнчээр зүтгэжээ. 

Тэрээр ууган  хүүгээ мэргэжлийг нь өвлөхөд “Эх орон, иргэдийн аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ шүү хүү минь” гэж хэлж байсан хэмээн Д.Өлзийбаяр аавынхаа тухай дурсав. Тэрээр “Аав маань зарчимч хүн байсан. Аливаа зүйлийг яаж хийх вэ гэдгийг үйлдлээрээ зааж сургадаг байлаа.

Зуны амралтаар аавыгаа дагаад  ажил руу нь явна. 150-р ангийн хашаанд цэргүүдийн дунд казармд би бага насаа өнгөрүүлсэн. Одоо бодоход аав минь  тэсвэр хатуужил, сэтгэл зүйн хатыг олгодог байжээ гэж боддог. Хааяа салбарынхаа дээд үеийн ах нар нартай яриад сууж байхад бидний ярианы сэдэв манай аавын тухай болдог. “Аав чинь бид нарт ингэж зааж сургадаг байлаа, ийм шаардлага тавьдаг хүн байсан” гэж  аавыг минь сайхнаар  дурсаж ярьдаг” хэмээсэн юм.

Тэднийх гэр бүлээрээ  эх орныхоо төлөө зүтгэж яваа мөрдэст баатрууд юм. Д.Өлзийбаярын ээж нь  хуульч мэргэжилтэй бөгөөд Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, армийн бэлтгэл хошууч цолтой хүн юм.

 

Д.Өлзийбаяр: “Монгол цэрэг дэлхийн цэрэг” гэсэн  брэндийг бий болгож чадсан нь бахархал юм

 

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Өлзийбаяртай удам дамжсан мэргэжлийн үнэ цэн, бахархлын тухай ярилцсанаа хүргэж байна.

-Эх орныхоо төлөө тангараг өргөөд зогсож байсан үеэ дурсвал?

- “Монгол Улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэн ч байна” гэж тангараг өргөөд 37 жил болжээ.Тангаргийн үгнүүд өөрөө маш том агуулгыг шингээсэн байдаг. Энэ үеэс би удам дамжсан цэргийн хүн болсон.

Би 1989 онд арван жилийн сургуулиа төгсөөд тухайн үеийн нэршлээр Цэргийн нэгдсэн дээд сургуульд элсэн орж, ерөнхий цэргийн мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас ажлынхаа гарааг эхэлсэн юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 16 байгууллагад ажиллажээ. Аль ч албан тушаалд ажиллахдаа шударга байх зарчмыг баримталж ирсэн.

-Таныг Батлан хамгаалах сургуульд ажиллаж байсан гэж сонссон. Ямар арга барил, зарчмыг баримталдаг байсан бэ?

-Хоёр жил багшаар ажиллахдаа 300 гаруй шавьтай болсон байна.  Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааны  хичээл заадаг байсан. Сонсогчдодоо бодит  кейсийг  жишээ болгож  ярьдаг байсан.  Жишээлбэл, ангийнхаа захирагчид томилогдож ирж байгаагаа хэрхэн илтгэх вэ,  цэргүүдтэйгээ яаж харьцах вэ гэдгийг зааж сургадаг байсан.

-Энхийг сахиулах ажиллагаанд хоёр ч удаа баг ахалж  оролцсон. Үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирэх мэдрэмж ямар байв?

-Өмнөд Африк болон Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд ротын захирагчийн үүрэг гүйцэтгэсэн. Зөв шийдвэр, тушаал гаргах нь цэргийн захирагчийн үүрэг, хариуцлага. Бүх зүйлийг урьдчилж тооцоолох ёстой. Цэргүүдээ ямар нэгэн эрсдэлгүйгээр эх орондоо аваачих юм сан гэсэн бодол  баг ахалж яваа хүний өдрийн бодол, шөнийн зүүд болдог юм билээ.Онгоц монголоос хөөрөхөд давхар тэр үүрэг хариуцлагаа үүрээд явсан.  Ажиллагаанд явахдаа бэлтгэлийнхээ хугацаанд тухайн газар очоод ямар үүрэг гүйцэтгэх вэ түүнд нь дадлагажуулж, сэтгэл зүйг нь бэлдэх зарчмыг баримталж ажилласан.  Очоод үүний үр дүн ч гарсан.

Үүргээ амжилттай гүйцэтгээд  Монгол Улсын хилээр онгоц нэвтрэхэд нисэх багийнхан “Улсынхаа хилээр орж ирлээ” гэж зарладаг.  Тэр үед “Би чадлаа” гэж өөртөө хэлсэн дээ. Улсын хилээр орж ирээд буух хүртэл цаг орчим  нам унтсан байсан.  Яагаад намайг сэрээсэнгүй вэ гэж цэргүүдээсээ асуухад “Та бидний төлөө их хичээсэн. Таныг тайван унтаасай гэж бодсон юм” гэсэн. Тэр үг нь надад их сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

-Мэргэжлийнхээ үнэ цэн, бахархлыг та юу гэж тодорхойлох вэ?

 -Зэвсэгт хүчин бол хэзээд ямар ч нөхцөлд эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байх ёстой. Үүний төлөө бид  төр засагтаа  тангараг өргөдөг. Мөн хүүхэд залуучуудад эх оронч үзлийг суулгахад дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй гэж боддог.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, даян дэлхийн аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн “Монгол цэрэг дэлхийн цэрэг” гэсэн  брэндийг бий болгож чадсан нь бахархал юм. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын цэрэг  хандивлагч орнуудаас шилдэг 30-д  багтаж байгаа нь  нэр төрийн асуудал.

Манай цэргүүд хаана ч очсон үүргээ маш сайн гүйцэтгэдэг. Ямар ч ажиллагааны газар очсон хурдан дасан зохицох чадвар сайтай, эв нэгдэлтэй, санаагаа нэгтгэж чаддаг. Мөн сахилга бат, зохион байгуулалт сайтай байдаг нь үүргээ амжилттай  гүйцэтгэхэд нөлөөлдөг. Энэ зан чанараараа нь  монгол цэргүүдээрээ бахархдаг.

-Цэргийн хүний замналыг түүний гэр бүл хамт туулдаг гэдэг?

-Миний ханийг Б.Гэрэлмаа гэдэг. Бага ангийн багшаар ажилладаг. Бид ханилаад 30 гаруй жил болж, эгэл амьдралын жаргал зовлонг хамтдаа туулж явна. Нэг сонирхолтой дурсамж яриа сөхөхөд, ханийн маань аав мөн Зэвсэгт хүчний байгууллагад 30 гаруй жил ажилласан,  хурандаа цолтой. Бүр хоёр аав маань цэргийн сургуульд хамт сурч байсан  ховор хувь тохиолтой. Ингэж хувь заяаны  сонин давхцалаар  тангараг  өргөсөн хурандаагийн  хүргэн болсон юм.

Намайг хаана томилогдоно, хань минь дагаад явна. Орой гэртээ ирэхэд халуун хоол цайтай хүлээгээд сууж байдаг. Хэд  хоногоор томилолтоор  явахад  санаа нь зовоод надтай хамт нойргүй хонодог. Цэргийн хүний амьдралаар хамтдаа амьдарч ирсэн дээ.

Бид хоёр хүүтэй.  Том хүү минь арван жилийн сургуулиа  төгсөөд хугацаат  цэргийн албаа хаасан. Харин бага хүү минь өвөө, аавынхаа  ажил мэргэжлийг өвлөж долоодугаар  ангиасаа цэргийн амьдралыг сонгосон. Үндэсний батлан хамгаалах сургуулийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” дунд сургуульд  таван жил суралцаад, одоо ОХУ-ын цэргийн сургуульд суралцаж байна.  Цэргийнхээ тангаргаа аль хэдийнээ өргөсөн. Удахгүй  төгсөөд эх орондоо ирнэ. Дөрөв дэх үе маань Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгээд эхэлж байна. Гэр бүлээрээ эх орныхоо төлөө зүтгэнэ гэдэг бидний удмын үнэт бахархал гэж боддог.

Хүү Ө.Энхбилэгийн хамт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 54 (7796)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn