Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Соёл, спорт, танин мэдэхүйн алба

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР нь МУБИС-ийг сэтгүүлч  мэргэжлээр төгссөн. 

Сургуулиа төгссөн цагаас  өдөр тутмын сонинд ажиллаж сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээл туурвиж байна. 

Одоо Соёл, спорт танин мэдэхүйн албанд ажилладаг. 

Тэрээр мөн Уйгаржин монгол бичгээр нийтлэл сониндоо хөрвүүлэн буулгадаг.

Оёдол бүртээ өв соёлоо шингээсэн удам дамжсан уран хатгамалч

Уран тансаг хийц загвар, өнгөний хослол бүхий дахин давтагдашгүй гар урлалын бүтээлүүдийг  “Түмэн тэмээний баяр”-ын үеэр дэлгэсэн нь цугласан олны харцыг булаана. Үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн өмнийн говийн уран бүсгүйчүүдийн нэг болох  Т.Үүрийнтуяаг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа урьж, ярилцсанаа хүргэж байна.

 

Эмээгээсээ өвлөсөн ухаан

Т.Үүрийнтуяа зоосон ширээний урлалаар “Нүүдэлчин Монгол” дэлхийн соёлын наадамд “Шилдгийн шилдэг өв тээгч”-ээр шалгарч байсан уран бүтээлч юм. Мөн 2000 даалин битүүлсэн амжилтаараа Монгол Улсын хэмжээнд тэргүүлж, соёлын салбарын шилдэг уран бүтээлчдийн нэгээр тодорсон билээ.

Тэрээр 39 насандаа Монгол Улсын уран хатгамалч цол хүртсэн нь түүний уйгагүй хөдөлмөр, ур чадварыг илтгэнэ.

Т.Үүрийнтуяа долоон настайгаасаа эхлэн уран хатгамалтай нөхөрлөжээ. Түүний эмээ Говь-Алтай аймгийн Бигэр сумын хүн байсан бөгөөд утас ээрэх, эмрэх, хатгамал хийх аргыг багаас нь зааж өгсөн гэдэг. “Эмээ минь гар урлалын ур дүйгээ  зааж сургаж, тэр үеэс  зүү утастай нөхөрлөж ирсэн” хэмээн дурссан юм.

Т.Үүрийнтуяа их сургуулиа төгсөөд эзэгтэй болсон цагаасаа уламжлалт уран хатгамлыг оёж эхэлсэн бөгөөд энэ урлалыг гэр бүлийнхээ хүрээнд хөгжүүлжээ. Энэ хугацаанд “Удмын ур” урлангаа нээсэн байна.  Уултай нутгийн хүн учраас урлангаа “Удмын ур” хэмээн нэрлэжээ. Энэ нь нэг талаар удмаасаа өвлөгдсөн тав дахь үеийн уран бүтээлч гэсэн утгыг илэрхийлдэг бол нөгөө талаар “уулын эзэд” гэсэн бэлгэдлийг агуулдаг аж. Түүний байгуулсан “Удмын ур” урлан өдгөө 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн түүний хань Х.Олзвой Баянхонгор аймгийн Баянгол сумын харьяат бөгөөд олон жилийн турш сүлжмэл урлал хийж байна. Мөн хүүхдүүд нь ч гэсэн удмынхаа авьяасыг өвлөж багаасаа зүү утастай нөхөрлөж иржээ. “Манай гэр бүлийн хүн бүр гар урлал хийж чадна. Хамтдаа бүтээл хийх нь бидний хамгийн сайхан мөч байдаг” гэж Т.Үүрийнтуяа ярьсан юм.

 

Өлзий хээ нь эд баялаг, элбэг хангалуун амьдралыг бэлгэддэг

Т.Үүрийнтуяагийн хувьд даалин урлахдаа зөвхөн өөрийн бүтээлийг хийхээс гадна бусад уран бүтээлчдийн бүтээлийг битүүлж өгдгөөрөө онцлог. Ийнхүү олон хүний бүтээлийг битүүлж өгснөөр түүний арга ухаан нутгийн брэнд болжээ. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд түүний битүүлсэн 3000 гаруй даалин, хавтаг олонд хүрсэн байна.

 Монголчуудын уламжлалт соёлд даалин онцгой байр суурь эзэлдэг. Эрт цагт бүсгүйчүүд хайртай хүндээ даалин урлаж өгдөг байсан тухай домог, дурсамж олон бий. Даалинг нөхөртөө хийж өгөхдөө “Ханилж амьдарна” гэсэн утгыг шингээдэг байсан гэдэг. “Аргагүй хайртай чамтайгаа амьдаръя гэж шийдсэн юм” гэх дууны үгэнд хүртэл гардаг шүү дээ. Тиймээс даалингийн хээ бүр өөрийн гэсэн утга агуулгатай гэдгийг онцоллоо.

Тэрээр 20 гаруй жилийн турш даалин урлалтай нөхөрлөж ирэхдээ хээ угалзын утга бэлгэдлийг судалж иржээ. Жишээлбэл, өлзий хээ нь эд баялаг, элбэг хангалуун амьдралыг бэлгэддэг бөгөөд эзэн хүнийг нь дүүрэн, буян хишигтэй байлгахыг ерөөдөг аж.

Мөн зүү ороох оёдол үнэ цэн бүхий дахин давтагдашгүй өв юм.  Дэлхий дахинд хүртэл зүү ороох оёдол нь хамгийн тансаг, удаан эдэлгээтэй оёдлын нэг гэж тооцогддог байна. XIII–XIV зууны үеийн зарим олдворын торго нь урагдсан боловч зүү ороох оёдол нь хэвээр хадгалагдан үлдсэн байдаг нь үүнийг баталдаг гэдгийг Т.Үүрийнтуяа хэллээ.

 

Гар урлал бол бясалгал

Даалин урлах нь нэгэн төрлийн бясалгал болдог гэдгийг  онцолсон юм. Зүү ороох, загасан нуруу хатгах зэрэг оёдол бүр төвлөрөл шаарддаг аж. Бүтээл дээрээ ажиллаж байхдаа сөрөг бодол төрдөггүй, харин ч сэтгэл амардаг гэнэ. “Даалин урлаад суухад цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаардаггүй. Бүтээл бүр миний сэтгэлийн нэг хэсэг байдаг” хэмээн тэр хэлэв. Т.Үүрийнтуяад хоёр жил оёсон даалин ч бий, хоёр сарын дотор урласан бүтээл ч байдаг аж. Оёдлын нарийн ширхэг, утасны төрөл, оёдлын нягтралаас шалтгаалан бүтээлийн хугацаа ялгаатай байдаг байна.

Өмнөговь аймагт уран бүсгүйчүүд олон. Тиймээс  тэд  аймгийнхаа  Уламжлалт гар урлалын холбоо байгуулаад 10 жил болж байгаа аж. Арван жилийнхээ ойн хүрээнд  500 гаруй уран бүтээлчийг нэг дор цуглуулах томоохон арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байгаа гэсэн юм. Энэ тухай тэрээр “Нутаг бүрд өв соёлоо тээж яваа чадварлаг хүмүүс олон байдаг. Тэдний авьяасыг олон нийтэд таниулахыг зорьж байна” гэсэн юм.

Мөн Өмнөговь аймгийн Уламжлалт гар урлалын холбоо “Нүүдэлчин Монгол” соёлын наадам зохион байгуулагдаж эхэлснээс хойш бүтээлээрээ тэргүүн байр эзэлжээ.  “Дахин давтагдашгүй өв соёлоо  хадгалж, түгээн дэлгэрүүлж яваа хамт олноороо  бахархаж явдаг” гэдгийг Т.Үүрийнтуяа хэлж байлаа.

Тэрээр гар урлалыг анхлан сурч буй хүмүүст  “Хүн бүрийн бүтээл анхнаасаа төгс байх албагүй. Надад ч гэсэн анх зарах ч, хаях ч бүтээл байдаггүй байлаа. Бүтээлээ тууштай хийж, суралцсаар  өнөөдрийн өөрийгөө бүтээсэн” гэсэн юм.

Ийнхүү уламжлалт гар урлалын үнэ цэнийг хадгалж, залуу үед өвлүүлэн түгээж яваа түүнийг дэлхийн олон сэтгүүл хүртэл онцолжээ. Гарын ур дүйгээс гадна тэвчээр, төвлөрөл, урт хугацааны хөдөлмөр шаарддаг даалин урлалтай олон жил нөхөрлөж яваа түүний бүтээл өөрийн гэсэн өнгө аястай. Тиймээс хүмүүс түүнийг “Даалин оёдог Үүрийнтуяа байна” гэж ярьдаг аж. Тэрээр зөвхөн өөрийн бүтээлээрээ танигдаад зогсохгүй уламжлалт гар урлалын өв соёлыг  олон нийтэд сурталчлан таниулж яваа авьяаслаг нэгэн. Түүний урласан бүтээл уламжлалт гар урлалын нарийн хийц, монгол ахуйн өвөрмөц өнгө аяс,  удам дамжсан ур ухаан шингэсэн байдаг. Одоо ч тэрээр зүү утсаа нийлүүлэн дахин давтагдашгүй цор ганц бүтээлээ урлаж, оёдол бүртээ өв соёлоо шингээн суугаа байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 47 (7789)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn