Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Соёл, спорт, танин мэдэхүйн алба

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР нь МУБИС-ийг сэтгүүлч  мэргэжлээр төгссөн. 

Сургуулиа төгссөн цагаас  өдөр тутмын сонинд ажиллаж сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээл туурвиж байна. 

Одоо Соёл, спорт танин мэдэхүйн албанд ажилладаг. 

Тэрээр мөн Уйгаржин монгол бичгээр нийтлэл сониндоо хөрвүүлэн буулгадаг.

Амьдралын олон өнгөнөөс тодорч гэрэлтсэн эмэгтэй

Тэр итгэл дүүрэн нүд, эрч хүч, хоолойны өнгө гээд л анхны сэтгэгдэл төрүүлсэн мэдрэмж нь онцгой байв. Гэхдээ яагаад ч юм бэ, нам гүм байдлаас бидний ярилцлага эхлэв. Учир нь, түүнийг амьдралын олон нугачааг даван туулж, амьдралын үнэ цэнийг мэдэрч яваа хүчирхэг эмэгтэй гэдгийг нь мэдэх учраас тэр шүү дээ. Энэ хүн бол спортын мастер, БЗД-ийн алхалтын холбооны тэргүүн Н.Мөнхтуяа юм.  Түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор урьж, ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

 

Хүсэл мөрөөдлөөр дэврүүн хүүхэд насны он жилүүд

Гэр бүлийнхний хамт.

Н.Мөнхтуяа  нь Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж, түүний хүүхэд нас Буриад зон олны ахуй амьдралд дунд өнгөрчээ. Баяндун сумынхаа ерөнхий боловсролын сургуулиас эрдмийнхээ гарааг эхэлсэн бөгөөд сонгуульт ажлаа идэвхтэй хийдэг,  сурлага сайтай сурагч байжээ.  Мөн сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох дуртай хүүхэд байв. Тухайн үед аав нь  ХАА-н ТМС-ийн  орлогч захиралаар ажилладаг байсан болохоор сургуулийнхаа  байранд орос мэргэжилтнүүдийн хүүхдүүдтэй амьдардаг байжээ. Эгч дүү хоёртойгоо хамт орой аавыгаа унтаж байхад нь сэмээрхэн гараад сургуулийнхаа жижүүрээс гуйж спортын зааланд бөмбөгөөр тоглодог хөдөлгөөнтэй спортлог хүүхэд байжээ.

Тэрээр эцэг эхээсээ тавуулаа, айлын дунд хүүхэд. Аав ээж нь хоёулаа л багш мэргэжилтэй хүмүүс.  Аав Нямаасүрэн нь  Дорнод аймгийн  Баяндун, Дашбалбар , Баян-Уул  сумын сургуульд хичээлийн эрхлэгч, захирлаар  ажилладаг байжээ.  Энэ хугацаанд Баяндун сумын анхны шинэ сургуулийг үүсгэн байгуулж, боловсролын салбарын нэгэн үеийн хөгжлийн түүхийг бүтээлцэж явсан ааваараа бахархдаг гэсэн юм.

Аав ээж нь түмний хүүхдэд эрдэм мэдлэгийг түгээх ажилд шамдаж, цаг зав хомс. Тиймээс ах эгч нар нь дүү нарынхаа хичээл номд анхаарч, гэр орны ажилд туслаж өсжээ. Том ах Н.Намсрай  нь арван жилээ онц дүнтэй төгсөж, сургуулиа төгсөхөд  нь  Дорнод аймгийн  Чойбалсан хотын намын хорооноос дуудаж ахыг  нь конкурс өгүүлэлгүй  Болгарын Софигийн их сургуульд сургахаар болсон тэдний хувьд бахархалтай явдал байв. Эгч Н.Туул нь ч их сургуулиа онц дүнтэй төгсөж, Дорнодын ардчиллын анхдагчдын нэг байсан гээд өгүүлбэл тэдний  намтар түүх арвин аж.

Ингээд цаг хугацааны хүрдэн эргэлдсээр Н.Мөнхтуяа их сургуульд орох амьдралын чухал цаг үед ирэв. Ах нь “Эмэгтэй хүүхэд дотооддоо сургуульд сурах нь зүгээр” гэдгийг хэлж, мөн аав нь “Манай улс мал аж ахуйн орон. Мал дагавал ам тосдоно” хэмээн  Хөдөө аж ахуйн дээд сургуульд зоо техникчийн ангид 1980 онд элсэн оржээ.

1980 он бол Н.Мөнхтуяагийн хувьд амьдралынх цоо шинэ хуудас бүхий амьдралынх нь дурсамж дүүрэн цаг хугацаа. Тэрээр оюутан болохоор аавтайгаа Улаанбаатарыг зорив. Зурагтын эцэст амьдардаг ахынд очлоо. Сургуульдаа бүртгүүлэхээр автобусанд суугаад одоогийн Хүнсний 20 дугаар дэлгүүрийн автобусны буудалд буув.  Хаа нэг  явах такси, байшин барилгын эмх цэгцтэй байдал, гудамжаа дагасан ногоон мод нь түүний хувьд сонин содон. Ахынх нь сургуулиас хол учраас оюутны дотуур байранд оров. Тэрээр оюутныхаа цаг хугацааанд олон найз нөхөдтэй танилцаж, дурсамжийг бүтээжээ.

 

Худалдааны салбарт ТҮЦ-нээс гараагаа эхлүүлжээ

 

1985 онд сургуулиа төгсөөд Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцад зоо техникчээр ажиллахаар нутагтаа ирэв. Тэр үед машин хүрэлцээ муутай  байснаас морь унах үе ч гарч байжээ. Мал аж ахуй, байгальтайгаа ойр сайхан мэргэжлийг сонгож, ажил амьдралынхаа нэгэн цаг хугацааг зориулж явсандаа баярладаг гэсэн юм. Гэвч 1990 оны  нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үе таарч мал хувьчлагдан түүний ажиллаж байсан Мал аж ахуйн үржил селекцийн улсын станц 1993 онд татан буугджээ.  Энэ үед олон дээд мэргэжлийн хүмүүс нийгмийн золиос болж гудманд гарсан байдаг.  Тэр үеийнхний нэгэн адил Орос, Хятад руу ганзагын наймаанд ч явж үзсэн  гэдгээ хуучиллаа. Тухайн үед гурван жаахан хүүхдээ орхиод явахад  хэцүү байсан учраас Дорнод аймагт анхны ТҮЦ-ийг орос хананы стенкээрээ сольж, хүнсний худалдаа эрхэлж эхэлжээ. Энэ нь түүний  худалдааны салбарт 40 гаруй ажилласан цаг үеийн эхлэл байв. Хүүхдүүд нь модон чихэр барьж гүйгээд л ганганаж гунганаад. Нас жаахан ч гэсэн ээжтэй туслаад түүний эхлүүлсэн “жижигхэн” бизнес орлого сайтай байлаа. Арга ч үгүй биз дээ. Дэлгүүр, хоршоо бараа хомс, лангуун дээр шүдэнц, давс, сахарнаас  өөр зүйл байгаагүй. Гурилаа хүртэл картаар авдаг байсан үе.

Тэрээр 1996 онд  байр, ТҮЦ-ээ зараад Улаанбаатар хотыг зорив. Хотод ирээд сэтгэлд нь нийцсэн байр олдоогүй учраас мөнгөө өсгөхөөр шийдэж түрээсийн байранд олон жил амьдарчээ.  Гэвч түүний ажил амьдрал  тийм ч дардан байсангүй. Хотод ирээд худалдаж авсан ТҮЦ нь газарт орсон ч тэрээр өөр газар худалдан авч найман нэрийн хүнсний дэлгүүр байгуулжээ. 2007-2008 онд шилжих жил Багануурт дүүрэгт хэдэн хүн архинд хордож нас барсан харамсалтай үйл явдал тохиов. Энэ үед бүх дэлгүүрийн архийг лаздаж, баар, ресторануудын үүдийг хаасан тэр үед  газраа алдаж, бизнесээ алдахад хүрсэн тэрээр Найман нэрийн хүнсний дэлгүүр эрхлэгчдийн холбоог үүсгэн байгуулж,  журмын нөхдийн хамт өвлийн хүйтэнд тэмцлээ эхлүүлсэн байна. Архидан согтуурахтай тэмцэх хууль,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэмэлт  өөрчлөлт,  Худалдааны салбарын стандарт хэмжил зүйн  талаар мэргэжлийн  худалдаа эрхлэгчдээс саналаа хүргүүлсэн гурван  хуульд  нэмэлт өөрчлөлт оруулсан нь олон аж ахуй нэгж татан буугдаж, дампуурахаас хамгаалж чаджээ. Ийнхүү тэрээр амьдралынхаа 40 гаруй жилийг  худалдааны салбарт зориулсан байна. Энэ хугацаанд  төрийнхөө хишгийг  хүртэж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон,  Худалдааны тэргүүний ажилтан болжээ. Мөн түүний энгэрт алдарт эхийн одон, спортын мастерын тэмдэг ч гялалзан харагдсан юм.

10 гаруй жил нурууны суулт гэх өвчинтэй тэмцэн сүүлдээ явж чадахаа больж, хэвтэрт хүртэл орж, хагалгаанд орох эмчийн заалт гарав. Өмнө нь хүнд өвчний улмаас сэхээнд орж,  үхэлтэй нүүр тулж байсан үе ч тулгарч байжээ. Тиймээс дахин хагалгаанд орохгүйгээр эдгэх боломжийг хайж, эмчийн зөвлөснөөр жингээ хасахаар шийдэж цэцэрлэгт  хүрээлэнд алхаж эхэлжээ. Тэрээр алхаж эхэлснээс хойш 20 кг жин хаяж нурууны суулт өвчнөө мэс засалд орохгүйгээр эдгээж чадсан байна. Түүгээр ч барахгүй Асралт хайрхан, Мөнх сарьдаг,  Их богд зэрэг гурван хайрханд амжилттай оргилджээ. Мөн энэ хугацаанд Баянзүрх дүүргийн явган алхалтын холбоог үүсгэн байгуулж,  олон хүмүүсийг амьдралын зөв дадалд уриалж яваа нэгэн юм.

 

Хорт хавдрыг даван туулж өөрийгөө бүтээж чадав

Баянзүрх дүүргийн явган алхалтын холбооны гишүүдийн хамт.

Машиндаа ганцаараа уйлж яах аа мэдэхгүй үе. Учир нь энэ өдөр тэр хавдрын эмнэлэгт үзүүлэв. Зүрхнээс гарсан олон судастай ойр, амь насанд аюултай том хавдартай болсноо мэджээ. Хагалгаанд орох үед гол судас дайрагдаж их хэмжээний цус алдан үхэх аюултай тулгарчээ. Цочирдсон тэрээр сэтгэлээр маш их унаж, хоёр өдөр  уйлахаас өөр зүйл хийж чадсангүй. Энэ байдлыг мэдсэн ангийн найз Л.Эрхэмбаяр нь  сэтгэлийг нь засаж утсаар зөвлөгөө өгчээ.  Тэрээр  “Хүн  үхэл  нь ирсэн бол чулуунд бүдрээд ч үхсэн хүн байдаг. Ус уух хувьтай бол ямар ч өвчнийг  даван туулаад амьд үлддэг олон жишээ байдаг.  Хэрвээ чи амьдрах хувьтай бол энэ өвчнийг давах болно. Битгий сэтгэлээр унаарай” гэж хэлсэн үг нь түүнд хүчтэй нөлөөлсөн байна.  “Өөрөөсөө ичиж бас үхлээс айгаад уйлаад хэвтэж байх гэж дээ, би ямар өчүүхэн юм бэ” гэж бодов. Тэрээр зориг  шулуудан  цээжний хөндийн мэс заслын чадварлаг эмч  н.Болдтой уулзаж, гэр бүлийнхнээр  нь гарын үсэг зуруулж  хагалгаанд орох болжээ.

Үхэл, амьдралын өмнө нүүр тулсан хүнд хагалгаа учир өөрийн эрхгүй айж, бие нь чичирнэ. Энэ үед эмч нь “Чичрээд байх юм та яасан бэ эгч” гэж асуухад нь  “Өмнө олон хагалгаанд орж байсан. Гэхдээ энэ удаагийнх их хүнд хагалгаа шүү гэж олон эмч хэлсэн учраас би байгаад байна” гэж хэлжээ. Нэг мэдсэн л  ухаан санаа бүдэг бадаг орж гарч  “Ийм том хавдар байна харж байна уу” гэх яриа тээр цаана сонсогдоно. Энэ мөчид л би  “Амь насанд тулсан  хавдрыг  даваад гарчихлаа шүү дээ” гэж боджээ. Гэсэн ч удалгүй шинжилгээний хариугаар хортой хавдар гэж оношлогдож Хөх хот ру эмчилгээнд явжээ. Тэдн очоод 30 гаруй удаа цацрал туяа эмчилгээ хийлгэж, цагаан эс  нь унаад туйлдаж байхдаа ч тэрээр өглөө эрт босож нөхөртэйгээ хамт цэцэрлэгт нь  алхаж өөрийгаа дахин бүтээж чаджээ.

Ийнхүү гурван удаа үхэлтэй нүүр туулж, хүнд хэцүү цаг хугацааг туулсан тэрээр  амьдралын олон өнгөн дундаас тодоор гэрэлтэж чадсан хүчирхэг эмэгтэй юм. Энэ бүх цаг хугацааны ард түүний амьдралыг харах өнцөг, мэдрэх үнэ цэн  өөр болсон гэдгийг ч хэлж байлаа. Өглөө бүрийн алтан нарыг харж, амьдралын хором мөч бүрийг мэдэрнэ гэдэг үгээр илэрхийлэмгүй аз жаргал гэдгийг хэлж байсан юм.

Сүүлд тэрээр Австрали улсад хүүхдүүд дээрээ очоод бага хүүтэйгээ далайн эргээр алхаж явахдаа  “Хүн амьд явбал, алтан аяганаас ус ууна гэдэг юутай үнэн үг  вэ. Ээж нь тив  алгасаад хүүхдүүд дээрээ ирж, хүүтэйгээ далайн эрэгт алхаж явна гэж  зүүдлээ ч үгүй  явсан” гэж  баярын нулимстай тэр үгийг хэлж байжээ. Тийм ээ, амьд явна гэдэг, амьдралын үнэ цэн гэдэг  энгийн зүйлээс эхэлдэг  нь түүний туулсан амьдралын түүхээс харж болохоор.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 38 (7780)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn