Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Соёл, спорт, танин мэдэхүйн алба

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР нь МУБИС-ийг сэтгүүлч  мэргэжлээр төгссөн. 

Сургуулиа төгссөн цагаас  өдөр тутмын сонинд ажиллаж сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээл туурвиж байна. 

Одоо Соёл, спорт танин мэдэхүйн албанд ажилладаг. 

Тэрээр мөн Уйгаржин монгол бичгээр нийтлэл сониндоо хөрвүүлэн буулгадаг.

О.Хонгорзул: Мэргэжилдээ эзэн байх нь хамгийн чухал

Догдлол  дүүрэн хүмүүсийн хүлээлт танхимд нам гүм орчинг бүрдүүлнэ. Театрын улаан хамбан хөшиг нээгдэхэд тийм гэхийн аргагүй “өөр” ертөнцөд хөтөлдөг. Энэ бол театрын урлагийн гайхамшиг.  Театрын тайзнаа дүрээр “амьдарч” баяр баясал, догдлол, гомдол, гуниг, цөхрөл тэр олон мэдрэмжийг илэрхийлнэ гэдэг жүжигчдийн дахин давтагдашгүй авьяас юм. Тэгвэл энэ авьяасаараа өөрийнхөө ертөнцийг бүтээж, театрын тайзнаа “сувд” мэт гэрэлтэх, авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүй УДЭТ-ын жүжигчин О.Хонгорзулыг  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа.  Түүнийг театрын тайзнаа гэрэлтэх Анна Каренинагийн дүрээр үзэгчид илүү мэднэ. Тэгвэл энэ удаа тэрээр дахин нэг чамин дүрээр үзэгчидтэй уулзах гэж байна.

 

-УДЭТ-ын уран бүтээлчид төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд хүргэх гэж байна. Театрын хөшиг нээгдэхэд нэг өдөр үлдэж. Догдол дүүрэн байна уу?

-Энэ жил УДЭТ-ын түүхт 95 жилийн ой тохиож байна. Манай байгууллага их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит театр хэмээн овоглодог.

Мөн энэ жил эрхэм зохиолчийн маань мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд манай театрынхан олон ажлууд хийж байна. Мөн цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд их бий.Мэдээж үзэгчдэдээ чанартай уран бүтээл хүргэх нь бидний зорилго байдаг.

Миний хувьд УДЭТ-даа  2020 оноос хойш ажиллаж, театрынхаа авшигт сайхан тайзнаа олны хэсгээс эхлээд туслах дүр, гол дүрээр үзэгчтэйгээ уулзаж, суралцаад явж байна. Манай театрын хамт олон  2025 оны арваннэгдүгээр сард төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн мэндэлсний 80 жилийн ойд зориулж “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглосон. Харин энэ удаа мөн шинэ бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд нэг хоног үлдсэн байна. Бүгд л догдлол дүүрэн байна. “Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь хүний дотоод сэтгэлийн гүнээс ундран гарсан хайр, үгүйлэл, уучлалын мөн чанарыг илэрхийлсэн бүтээл юм. Үг бүр, дүр бүр нь хүн хүнээ хайрлах, уучлах, энэрэх сэтгэл хомсдож буй өнөөгийн нийгэмд ухаарал өгөх зорилготой гэдгээрээ онцлог уран бүтээл юм.

-Анх одоо жүжгийн зохиолоо уншаад ямар сэтгэгдэл төрж байв?

-Бид театрынхаа 17 номерын өрөөнд тухайн жүжгийн ширээний уншлагаа хийдэг. Анх зохиолоо уншихад үнэхээр гоё  санагдсан. Уран бүтээлч хүн бүхэн л “ Би энэ дүр дээр ажиллавал ямар байдлаар тайзан дээр илэрхийлж гаргах бол” гэж дүрийнхээ  өмнөөс бодож төсөөлөн боддог. Үүнтэй адил Цэцгээгийн дүр дээр ажиллаад үзэх юмсан гэсэн бодол байсан.

-Дүр бүр өөрийн гэсэн “амин” чанартай байдаг. Цэцгээгийн дүрийн онцлог зүйл нь юу байв. Энэ дүрээ хэрхэн ингэж тодотгож гаргахыг зорив?

-Жүжгийн бэлтгэлээ хийж байхад дүр маань надад олон мэдрэмжийг өгдөг. Олон зүйлийг дурсан санасан, алдахгүйн тулд хэрхэн зөв амьдрах вэ гэсэн ухаарлыг хайрласан дүр гэж хэлж болно.

 Мэдээж амьдрал дээрх Хонгорзул, Цэцгээ гэх эмэгтэйн дүрд ижил бас ялгаатай зүйлүүд бий. Тиймээс тухайн дүрдээ ажиллахын тулд мөн анхны мэдрэмжээ гээхгүйн тулд байнгын бэлтгэлтэй байх ёстой нь чухал.Уран бүтээлч  тухайн дүрээ шаглаж өөрийнхөө бодол санааг шигтгэж тайзан дээр амилуулах ёстой шүү дээ.

Найруулагч, уран бүтээлч хоёр өөр өөрийнхөө  өнцөг, санааг нэгтгэж уялдаж ажилладаг. “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг анх  1988 онд найруулагч Э.Санчигдан тайзнаа амилуулж байсан бол 2015 онд Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандорж найруулан олны хүртээл болгосон байдаг. Харин энэ удаа төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар багшийн шинэчилсэн найруулгаар үзэгчдэд хүрэх гэж байна.

-Залуу уран бүтээлчийн хувьд театрын урлагийн онцлог, сайхан зүйлийг нь юу гэж боддог вэ?

-Дүүрэн мэдрэмжийг авдаг гэдэг үгээр эхлээд илэрхийлмээр байна. Мэдээж тайз бол амьд урлаг.  Тэр нарийн мэдрэмжийг үзэгчдэд ойлгуулж, соён гэгээрүүлнэ гэдэг уран бүтээлч бидний хувьд маш том хариуцлага гэж боддог. Театрын  энерги маш гоё. Театрынхаа үүдээр  ороод  л тэр бүхэн мэдрэгддэг  юм. Миний хоёр дахь гэр шүү дээ. Театрдаа дэврүүн хүсэл мөрөөдөл, догдлол, сандрал гээд олон мэдрэмж, үнэ цэнтэй цаг хугацаагаа өнгөрөөж байна.

Мөн  олон  чадварлаг уран бүтээлчидтэй  мөр зэрэгцэн ажиллаад, суралцаад, заримдаа өөрийгөө болоогүй байгаагаа мэдэж, шантрах үе байдаг. Гэхдээ л би энэ том айлын нэг эд эс нь болоод, олон уран бүтээл дээр ажиллаад суралцаад  явж байгаа нь надад урам болдог.  Тиймдээ ч театрдаа ажиллаж байгаадаа, намайг үргэлж дэмжиж байдаг бүх хүмүүстээ талархаж явдаг.  Өөрийгөө дайчилж, өөрийгөө сорьж, өдөр болгон хөгжиж сэтгэл дүүрэн мэдрэмжийг  авдаг. Тэр болгон мэргэжлийн маань хамгийн сайхан зүйл юм болов уу.

-Тайз бол уран бүтээлчийн хувьд хүндлэл, догдлол дүүрэн орон зай байдаг. Тайзан дээр гарахдаа, тэр олон үзэгчийн өмнө  зогсохдоо ямар мэдрэмжийг илүү авдаг вэ?

-“Амьд” мэдрэмжийг авдаг. Тайзан дээр алдах эрхгүй. Мэдээж тайзан дээр гараад сандрахгүй байх боломжгүй.  Сандрал, догдлол энэ бүх мэдрэмжийг тайзнаас мэдрэх нь жүжигчин мэргэжлийн үнэ цэн байх.

Тухайн жүжгийн турш тайзан дүрээрээ амьдардаг нь жүжигчин мэргэжлийн онцлог. Мөн уран бүтээлээ үзэгчдэд хүргээд хамгийн сүүлд “Отгонбаатарын Хонгорзул” гээд зарлаад ёслох тэр мөчид  үзэгчдийн нижигнэсэн алга ташилт хамгийн гоё мэдрэмж байдаг.

-Хамгийн анхны тайзны уран бүтээл гэвэл?

-“Анна Каренина” миний тайзны анхны уран бүтээл.  2019 онд дөрөвдүгээр курсийн оюутан байхад УДЭТ хамгийн анх “Анна Каренина” жүжгийг тавина гэдгийг сонссон. Тэр үед Г.Амгаланбаатар багш маань Кити Щербацкаягийн дүрд сонгон шалгаруулалт авч байгааг гэдгийг хэлсэн. Тэгээд би  анх удаа театрын тайзан дээр дүрийн сонгон шалгаруултад өгөх гэтэл Н.Наранбаатар багш маань  “Анна Каренинагийн дүрд сонгон шалгаруулалт өгөөд үз ээ” гэж хэлж байсан. Оюутны ширээнээс салаагүй  би  тэр үед Анна Каренинагийн дүр дээр бэлдээд шалгалт өгч байлаа. Ингээд анх удаа тайзан дээр жүжгийн туслах дүр олны хэсэгт ажиллаж үзсэн нь тэр. Анх тайзан гараад үнэхээр сүрдсэн. Энэ олон уран бүтээлчийн хөдөлмөр тайзан дээр шингэсэн байгаа шүү дээ. Би өмнө нь хүмүүсийг тайзнаас яагаад адис аваад, мөргөөд байдаг юм бол гэж гайхдаг байсан. Тайзан дээр  тэр мэдрэмж бол яах аргагүй байдаг юм билээ. Тэр үеэс би мэргэжилдээ илүү их дурласан. Сургуулиа төгсөөд  заавал театрт шалгалт өгнө. Тэгэхгүй бол харамсах байх гэсэн  мэдрэмж төрж байсан. Тэр бодол, хүсэл мөрөөдөл намайг энд хүргэсэнд баяртай байна.

-Мөрөөдлөө биелүүлээд дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэг “Анна Каренина” жүжгийн гол дүрд ажиллажээ. Тайзнаа Анна Каренинагаар “амьдрах” ямар байв?

-2024 оноос хойш хоёр дахь жилдээ Анна Каренина хэмээх дэлхийн сонгодог, гайхалтай дүрээр үзэгчтэйгээ уулзаж байна. Энэ дүрдээ маш их хайртай. Дэлхийн сонгодог зохиолыг монголынхоо үзэгчдэдээ хүргээд тайзан дээр Анна Каренинагаар “амьдарч” байгаа цаг хугацаа бүрээ нандигнан хайрладаг.

Анх энэ дүрд ажиллах боломжийг олгосон Н.Наранбаатар багшдаа талархаж явдаг. Анна Каренинагаар тайзан дээр гарах бүртээ, үзэгчтэйгээ уулзах болгондоо алдаа гаргахгүйн тулд хичээж, багшийнхаа болон хамтран тоглож байгаа уран бүтээлчдийнхээ итгэлийг алдчихгүй юм сан гэж үргэлж боддог. Анна Каренинаг 2020 оноос тоглоход  хэд  дахин үзсэн ч хүмүүс байгаа. Тиймээс үзэгчддэд анхны мэдрэмжийг алдагдуулахгүйн тулд маш их хичээж ажилладаг.

-Уран бүтээлч бүр өөрийн гэсэн ертөнцтэй байдаг. Тухайн дүрээ үзэгчдэд хүргэхдээ “би”-гээ хэрхэн тодотгож гаргахыг зорьдог вэ?

-Уран бүтээлч хүн гэдэг ямар ч дүр дээр ажиллана. Зарим жүжгийн хэсэгт үг хэлэхгүй тохиолдол ч бий. Бас жүжгийн дундуур ороод гарах үе ч байна.

Жүжгээс жүжигт, дүрээс дүрийн хооронд уран бүтээлчид илүү сайжирч хөгждөг болов уу. Тиймээс  тухайн мөчид өөрийнхөө ур чадварыг харуулж чадвал тухайн уран бүтээлийн шигтгээ мэт байх болов уу. Тиймээс би ямар ч дүр оногдсон гэсэн өөрийнхөө хувьд бүхий л нөөц боломжоо ашиглаж дүрээ үзэгчдэд хүргэхийг хичээдэг.

-Уран бүтээлч бүрд ажиллахыг хүсдэг мөрөөдлийн дүр байдаг. Таны хувьд өөрийгөө ямар дүрээр тайзан дээр харахыг хүсдэг вэ?

-Түүхэн дүрд ажиллахыг хүсдэг. Хайр мөнхөд хэзээ ч хуучрашгүй сэдэв шүү дээ. Тиймээс дахиад хайрын тухай өгүүлсэн  жүжигт ажиллахыг хүсэж байна. Мөн өөрийгөө  өөр өнцгөөс  харуулсан инээдмийн төрлөөр жанраар өөрийгөө сорьж харуулахыг  хүсдэг.

-Оюутан байхдаа “Лора” хөгжмийн сургуулийг байгуулж байсан гэсэн. Багшийн хувьд ямар арга барилыг чухалчилдаг вэ?

-2017 онд анх СУИС-ийн II дугаар курст сурч байхдаа аав ээжтэйгээ ярилцаж байгаад хөгжмийн сургуулиа үүсгэн байгуулсан. Тухайн үед “Би чадах болов уу” гэсэн эргэлзээ байсан. Одоо ес дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Аав ээж маань намайг ямар ч шийдвэр гаргасан дэмжиж, хүсэл мөрөөдлийг минь дэмждэг байсан нь өнөөдрийн намайг бүтээсэн. Одоо ч аав ээж маань миний үнэнч үзэгчид. Аав ээждээ маш их хайртай, үргэлж талархаж явдаг.

Би чинь бүхий л цаг үед гайхалтай авьяастай, мэдрэмжтэй, сэтгэл зүйч шиг  багш нартай учирч явсандаа бас үргэлж талархдаг.Өөрөө багш болоод багш нарыхаа  зааж сургасан арга ухаанаар өөрийнхөө арга барилыг бий болгож  ажиллаж байна.  Хүүхэд бүрийн  өссөн орчин ялгаатай, аливаа зүйлийг хүлээж авах мэдрэмж ч өөр. Тиймээс хүүхдийн сэтгэл зүйг, онцлогийг нь мэдэрч  ажилладаг. Энэ нь манай сургуулийн давуу тал юм болов уу. Хөгжмийн сургуулийнхаа багш нараар маш их бахархдаг.

-Багш мэргэжлийн  хамгийн  сайхан мэдрэмж  гэвэл?

-Хүүхдүүдийгээ харахаар хайр дүүрдэг мэдрэмж авдаг. Хүүхэд бүр хөгжимчин болох албагүй ч гэсэн хөгжмийн урлагийн олон сайхан зүйлээс суралцаж байна гэдэг нь гайхамшигтай шүү дээ.Манай сургуулийн шавь нар таван настай бяцханаас эхлээд олон. Бяцхан авьяастнууд маань анхныхаа аяыг тоглож сураад баярлахыг нь харах багшийн хувьд гоё мэдрэмж байдаг. Зарим шавь нар маань хөгжимчин мэргэжлийг сонгоход хөгжмийн сургууль нээх гэж байна.  Зарим нь  багшаар ажиллаж байна. Тэр болгон багшийн хувьд хамгийн аз жаргалтай,  дүүрэн мэдрэмж байх.

-Аав ээж нь охиныхоо хүсэл мөрөөдлийг үргэлж дэмждэг гэлээ. Одоо охин нь тайзан дээр гэрэлтэж явааг хараад баярладаг байх даа?

-“Охиноо тайзан дээр сувд шиг гэрэлтэж байгааг нь хараад итгэж өгдөггүй” л гэдэг юм аав ээж минь. Жүжиг үзэхээрээ аав, ээж маань заримдаа жүжигтээ ороод уйлна. Ялангуяа Анна Каренинагийн хэсгүүд дээр. Жүжгийн үйл явдлуудыг жинхэнэ гээд итгэдэг гэсэн. Нулимсаа ингээд арчаад байж байснаа “Хүүе энэ чинь жүжгийн л хэсэг шүү дээ” гээд тэр бүрт охиноороо бахархдаг гэсэн юм. Үргэлж дэмжиж хайрладагт баярладаг. Ийм сайхан аав ээжийг надад заяасан, энэ цаг үе амьдарч байгаа минь  “ямар азтай, хувьтай хүн юм бэ” гэж бодож талархдаг даа.

-Анна Каринана, Цэцгээ, Хулан хатан шиг олон дүр, тайз өөрийнх өмнө хүлээж байгаа. Ирээдүйн өөртөө хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүн өөртөө  урмын үг хэлдэг, өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй болов уу. Тиймээс ирээдүйн Хонгорзулд “Амьдрал баялаг. Мэдээж сурах мэдэх зүйл их байгаа. Тиймээс чадахгүй зүйл байсан ч өөрийгөө битгий голоорой.Өөртөө итгэлтэй яг энэ эрчээ алдахгүй  өөрийгөө сорьсон,  улам их гоё дүрүүд дээр ажиллаарай. Гэхдээ хамгийн чухал нь  мэргэжилдээ эзэн болсон, чадварлаг, ухаалаг, авьяаслаг уран бүтээлч байгаасай”  гэж хэлмээр байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 37 (7779)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn