Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Соёл, спорт, танин мэдэхүйн алба

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР нь МУБИС-ийг сэтгүүлч  мэргэжлээр төгссөн. 

Сургуулиа төгссөн цагаас  өдөр тутмын сонинд ажиллаж сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээл туурвиж байна. 

Одоо Соёл, спорт танин мэдэхүйн албанд ажилладаг. 

Тэрээр мөн Уйгаржин монгол бичгээр нийтлэл сониндоо хөрвүүлэн буулгадаг.

С.Хулан: Хүүхдэд гэрийн даалгавар хийх амархан гэсэн мэдрэмжийг өгөх нь чухал

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн бий. Сургуулийн босгыг дөнгөж алхаж, шинэ орчинтой танилцаж буй хүүхдүүдийн хувьд мөн шинэ ертөнц байдаг. Тиймээс  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор хүүхдийн сэтгэл зүйч, доктор С.Хуланг урьж, бага ангийн хүүхдийн сэтгэл зүйн талаар ярилцлаа.

 

-Хүүхэд сургуулийн сурагч болоод шинэ орчинтой танилцахаараа сэтгэл зүй нь хэрхэн өөрчлөгддөг вэ?

-Сургуулийн босгыг алхаж байгаа хүүхдүүдийн хувьд сургууль бүхэлдээ шинэ орчин байдаг.  “Сургууль гэж юу юм бол” гэж сонирхоно.

Харин энэ үед бид юун дээр алддаг вэ гэхээр “Том болчихлоо”  гэсэн ойлголтыг хүүхдэд өгдөг. Энэ нь зарим хүүхдэд  сэтгэлзүйн хувьд түгшилт үүсдэг гэсэн үг. Тиймээс зургаан настай хүүхдийг сургуульд ороход нь  “Сурагч болчихлоо шүү дээ, ямар мундаг юм бэ” гэж өөртөө итгэх итгэлийг   нь нэмэгдүүлж, “Би чадах юм байна”  гэсэн мэдрэмжийг төрүүлэх нь чухал.  Хүүхдийнхээ хийж байгаа жижиг үйлдэл бүрийг нь  ажиглаж, урамшуулж, ангидаа дасахад нь туслах хэрэгтэй. Хүүхдийг сургуулийн орчинд дасах үйл явцыг нь  багш, эцэг, эх асран хамгаалагчид бүгд дэмжиж өгөх нь чухал юм.

-Хүүхдийн дасах үйл явц хэр удаан үргэлжилдэг вэ?

-Бие махбод, тархи мэдрэлийн систем шинэ орчинд дасах үйл явц 3-6 сар үргэлжилдэг. Зургаан сар гэхээр тухайн хичээлийн жил  дундаа орж, хүүхдүүд эрдмийн баяраа тэмдэглэх үетэй таарч байгаа юм.  Эрдмийн баяр нь хүүхдэд “Би чадаж байна  шүү дээ” гэсэн мэдрэмжийг өгдөг.  Тиймээс  бид хүүхдийн сурах үйл явцын хамгийн чухал үед  “Би сурмаар байна, сурч чадах  юм байна, сургуульд сурч, сурагч болох нь гоё юм байна” гэсэн мэдрэмжийг өгөх нь чухал. Өөрөөр хэлбэл,  эхний зургаан сард “Би чадлаа шүү дээ” гэж бодох бодол нь тухайн хүүхдийн ирээдүйн “би”-г тодорхойлдог.

Гэтэл бид юун дээр алддаг вэ гэхээр “Одоо л  сурахгүй бол болохгүй, “Чи муу байна” гэдэг. Багш нарын хувьд хүүхдүүдийг  сурах чадварыг оноогоор үнэлдэг. Хүүхэд бүрийн бүрийн хөгжил, чадамж, өссөн орчин ялгаатай. Ямар нэг чадвар нь сул хөгжсөн хүүхэд байж  болно шүү дээ. Хүүхэд сайн оноо авахын тулд хичээгээд чадахгүй  байгаадаа урам хугардаг.  Үүнээс болоод “Сургуульд сурах ямар хэцүү юм бэ,  сургуульд  явмааргүй байна” гэсэн сэтгэл зүйн байдал үүсдэг. Сурч эзэмших нь чухал, надад хэрэгтэй зүйл гэхээс илүү “Би  хэдэн оноо авах вэ” гэдэгт төвлөрөөд байхаар хүүхдэд түгшилт үүсдэг. Сэтгэл судлал гэхээр  хүнийг тархийг  судалдаг. “Шалгалтдаа унавал улирна, хүүхдүүд намайг шоолно, аав ээж маань загнана” гэсэн гэсэн айдастай байхаар сурах  процесс урагшилж өгөхгүй гэсэн үг. Тиймээс бид хүүхдийнхээ ирээдүйн том асуудлыг шийдэж байна гэдгээ ойлгох хэрэгтэй юм. Үүний тулд  хамгийн эхэнд тухайн хүүхдийнхээ урам авсан мэдрэмж дээр нь тулж ажиллаж,  өөртөө итгэх итгэлийг нь  унтраахгүй  байх хэрэгтэй. Хүүхдийн дасах процессийг зөв тавьж өгөх нь чухал юм.

-Хүүхдийг сургуулийн орчинд дасахад хэрхэн туслах боломжтой вэ?

-Шинэ ажилд ороод, шинэ карьераа эхлэх гэж байгаа хүн ажлын эхний өдөр “Би чадах болов уу”, “Ямар хүмүүс хүлээж байгаа бол” гэж боддогтой адил хүүхдүүд  “Сургууль юу заадаг юм бол, Надад хүмүүс хэрхэн  хандах бол”  гэж боддог. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд  хүүхдээ сургуульд орохын өмнө сэтгэл зүйг нь бэлдэх хэрэгтэй. Ингэхдээ хэд хоногийн өмнө хүүхдээ сургуулийн орчинтой танилцуулбал илүү үр дүнтэй. Жишээлбэл,  Хонх дуугарахаар хичээл завсарладаг байх нь, унтах, тоглох газар байхгүй  зэргийг орчинд нь харуулж, танилцуулснаар сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээнд хүлээж авахад нь тусалдаг.  Энэ мэтчилэн жаахан ч гэсэн ойлголт өгч, нийгмийн харилцаанд дасахад нь туслах хэрэгтэй.

Хоёрдугаарт,  бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцах вэ гэдгийг нь зааж  өгөх нь чухал. Жишээлбэл, Хүүхдүүдэд өөрийгөө хэрхэн танилцуулах талаар мөн хамт ширээнд суудаг  хүүхэд нь гарыг хөдөлгөөд байвал “Найз аа ширээгээ хөдөлгөхгүй байж болох уу. Надад бичихэд хэцүү байна” гэдгийг уурлахгүйгээр хэлэх зэргийг зааж өгөөрэй.

-Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн зөв хийлгэх вэ?

-“Хүүхдээ сургуультай танилцахад бэлдээрэй” гэдэгтэй адил эцэг эхчүүд ч мөн өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байдаг.  Аав ээжийн хэцүү байдлыг даван туулж байгаа хандлагаас хүүхэд суралцаж байдаг.

“Хичээлээ хийхгүй яасан юм бэ, “Даалгавраа хийсэн үү” гээд  даалгавар гэхээр  нэг том бүхэл  зүйл шиг сонсогдоод байдаг. Харин гэрийн даалгаврыг хөнгөнөөр хүүхдэд ойлгуулахын тулд  “Хоёр мөр цэвэрхэн бичээд л боллоо шүү дээ. Тэгээд гараа амрааж байгаад үлдсэн даалгавраа  хийгээд л боллоо. Дараа  нь дуртай зүйлээ хийж болно. Даалгавар чинь гоё, зугаатай зүйл” гэдэг байдлаар   хүүхдэд даалгавар “Амархан,  гоё юм байна” гэсэн мэдрэмжийг өгөх нь байна. Зарим хүүхэд даалгавар гэхээр яагаад дургүй болсноо ч хүүхдүүд мэддэггүй. Сэтгэлзүйн зөвлөгөө авч байгаа хүүхдүүдийг сонсохоор “Даалгавар хийхээр л  хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хэцүү байдаг,  загнуулдаг”  гэдэг.   Даалгавар гэхээр өөрт нь хэрэгтэй зүйл гэж бодохгүйгээр  “хэцүү” гээд ойлгочихдог.  Цаашлаад багш нь даалгавар өгөхөөр хэцүү санагдаад эхэлнэ гэсэн үг.

Зарим эцэг эхчүүд маань юун дээр алдаад байна гэхээр, өөрсдөө хүүхдийнхээ хажууд утсаа оролдоод “Даалгавраа хий” гээд загнаад байдаг. Тэгэхгүйгээр  хүүхдийнхээ хажууд суугаад “Би энийг хийе, чи энийг хийчих. Хоёулаа дараа  нь тоглоё“ гэсэн байдлаар хандах хэрэгтэй. Хүүхдийнхээ дааж чадах хэмжээнд нь ачаалал өгөх хэрэгтэй.

Мөн хүүхдээ урамшуулах нь хамгийн чухал юм. Хичээлд суух, даалгавар хийх нь хүүхдийн хувьд  шинэ зан үйл учраас түүнийг  “бэхлэх” хэсэг гэж байдаг. Жишээлбэл, хүүхдээ хичээлээ хийгээд дуусахаар нь   “Чи чадлаа гээд баяр хүргэж гараа цохих, чиний дуртай тоглоомыг 10 минут тоглоё”  гэх зэргээр  шинэ  зан үйлийг нь бэхэлж өгнө гэсэн үг. Харин үүн дээр нэг алддаг зүйл нь хүүхдээ урамшуулахдаа  амттан, утсаар тоглуулах зэрэг дэлгэцийн хэрэглээ, амттан зэрэг буруу зан үйлээр “бэхэлж” байгаа  нь анзаарагддаг.

-Хүүхэд бүрийн сурах арга барил ялгаатай. Үүнийг хэрхэн таньж мэдэж, хөгжүүлэх нь чухал вэ?

-Зарим хүүхдүүд сонсож сурдаг. Зарим нь харж, жишиж, зарим хүүхэд зураг дээр тайлбарлахаар  илүү ойлгодог. Харилцан ярилцвал ойлгодог хүүхэд байхад биеэрээ хөдөлж  тайлбарлаад өгөхөөр сурдаг хүүхэд байна.  Энэ мэтчилэн хүүхэд бүрийн сурах арга барил дахин давтагдашгүй ялгаатай. Тиймээс хүүхдэд аль нь илүү ажиглагдаж байна гэдгийг ойлгох нь чухал юм. 

-Хүүхдийн анхаарлыг төвлөрөлтийг  сайжруулахад ямар арга илүү үр дүнтэй вэ?

-Сүүлийн үеийн хүүхдүүдийн анхаарал төвлөрөлтийн хугацаа харьцангуй богино болсон. Тиймээс хүүхэд анхаарал нь  төвлөрсөн хугацаа буюу  эхний  5-10 минутад  ерөнхий ойлголтыг өгч,  дараагийн 20 минутад хүүхдийг  хичээлээ хийхэд зориулах хэрэгтэй. Энэ хугацаанд хүүхдийн анхаарал төвлөрөл сулраад  ирэхээр эргээгээд  сэргээх дасгалуудыг хийгээрэй.

Анхаарал төвлөрүүлдэг хөгжилтэй зугтаатай, хоёр гарын дасгалууд байдаг.  Хоёр гараараа хоёр өөр зүйлийг нэгэн зэрэг хийхээр баруун, зүүн тархи зэрэг ажиллаж хоорондын холбоос  сайжирдаг. Ингэснээр хүүхдийн анхаарал сайн төвлөрдөг гэсэн үг. Хүн юмыг анхаарч байж байж тогтооно. Тогтоосноор мэдлэг болдог. Тиймээс сурах үйл явц хамгийн түрүүнд анхаарал төвлөрүүлэхээс эхэлнэ  гэсэн үг. Тоглоомын аргаар анхаарлыг төвлөрүүлж,  дараагийн 10-20 минутад хичээлийг хийлгээд  энэ байдлаар ажиллах хэрэгтэй.  Даалгавар нь ойлгомжтой, тодорхой байгаад  мөн энэ хугацаанд хүүхдээ загнахгүй, шүүмжлэхгүй байхад анхаарах нь чухал юм.Тэр хугацаанд эцэг эхчүүд үнэхээр давчдаад байвал  түр гарах ч юм уу өөрийгөө тайвшруулах  аргыг хэрэглэх боломжтой.

-Хүүхдэдээ урамшуулал, магтаал хэлэхдээ юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Хүүхдийг хийж байгаа үйлдэл дээр нь урамшуулах хэрэгтэй. Жишээлбэл,  “Өчигдрийнхөөсөө  илүү гоё бичсэн байна”, хичээгээд байвал  чадаж байна шүү дээ, бичээд байвал улам гоё  болох байх даа”  зэрэг найдан  зэмлэх  аргыг хэрэглэж болно. Түүнээс биш “Танай ангийн тэр хүүхэд сайн бичдэг байхад чи яагаад  чадахгүй байна” гэж болохгүй. Өөрийг нь өөртэй нь,  өчигдрийг өнөөдөртэй харьцуулж хүүхдээ урамшуулаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 36 (7778)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn