Байгалийн үзэсгэлэнт Гурвансайхан уулынхаа өвөрт өмнийн цэнхэр говийн зон олон “Түмэн тэмээн”-ий баяраа 29 дэх жилдээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Байгаль дэлхий ч өнгөө засаж налгар намар мэт дулаахан, өнтэй сайхан өвөл болж байна. Монгол Улсынхаа дахин давтагдашгүй өв соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой өвлийн аялал жуулчлалын томоохон эвент бол яах аргагүй тэмээний баяр билээ. Тиймээс ч жил ирэх тусам өмнийн цэнхэр говийг зорьж тэмээний баярыг үзэж, сонирхох дотоодын болоод гадны жуулчид олширч буй.
Энэ жилийн “Түмэн тэмээ”-ний баяр олон онцлох үйл явдлуудаар дүүрэн байлаа. Зорин ирсэн хүн бүр монгол үндэснийхээ хувцсаар иж бүрэн гоёсон нь хараа булаам тансаг аж. Ийнхүү тэмээний баяр “Мөсөн сурын харваа” тэмцээнээр “үүдээ нээж” 250 гаруй харваачид 14 багт хуваагдан оролцож цэц мэргэнээ сорив. Мөн Өвөр Монголын өөртөө засах орноос нэг баг, мөн АНУ-аас нэг харваач оролцсон олон улсын тэмцээн болсноороо сонирхолтой байлаа.
“Түмэн тэмээний 2026” арга хэмжээний нэг чухал үйл явдал нь салбарын гарц шийдлийг эрэлхийлсэн “Тэмээ судлал ба хөрөнгө оруулалт” бизнес форум:“Тэмээ судлал - хөрөнгө оруулалт” бизнес форум байв. Уг форумд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл, малчид иргэд, БНХАУ-ын ӨМӨЗО -ын тэмээ судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүд оролцож, тэмээний аж ахуй, бүтээгдэхүүн, шинжлэх ухаан, инновац, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын туршлага, судалгааны үр дүнгээ танилцуулсан юм.

Байгалийн үзэсгэлэнт өмнийн цэнхэр говийн тал нутаг, үндэснийхээ хувцсаар гангарсан зочид, монгол ахуйгаа тодотгосон үзэсгэлэн худалдаа гээд дахин давтагдашгүй ховор агшнаар дүүрэн байв.
Атан, шилбэн, тайлаг, богино зайн уралдаан, тором буюу хоёр настай тэмээний уралдаан, “тэмээн поло” тэмцээн, “Түмэн тэмээний баяр” гэрэл зургийн үзэсгэлэн,үндэсний дээл хувцас, тэмээгээрээ гоёсон “Тэмээтэй сайхан хос”-ын шалгаруулалт, ингэний айрагны баяр, тэмээчид, малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн”, шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн, шилмэл буур, ингэ болон хурдан тэмээний дуудлага худалдаа гээд олон сонирхолтой хөтөлбөрөөр үзэгчдийнхээ мэлмий, сонорыг мялаасан юм.
Энэ жилийн тэмээний баярт дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид, 1000 гаруй тэмээтэй оролцож, 8000 орчим хүн үзэж сонирхжээ. Үүнээс 200 гаруй нь гадаадын жуулчид байв.
Мөн “Түмэн тэмээ”-ний баярын сэтгэл огшоож, монгол өв соёлоороо бахархах мэдрэмж төрүүлсэн агшны нэг нь нээлтийн арга хэмжээний нэг “Тэмээн сүргийн парад” байлаа. “Тэнгэрийн амьтан” хэмээн хүндэлж, бэлгэшээж ирсэн, сүрлэг өндөр тэмээн сүргийг нэг дороос харна гэдэг омогшил дүүрэн агшин байв. Тэмээнийхээ нуруун дээр өв соёлоо тээгээд явж буй тэднээр бахархахгүй байхын аргагүй. Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Х.Оргодолын тэмээн сүргийн нэг Галбын говийн улаан үүлдрийн 3.6 метрийн өндөртэй, 24 настай Монголын хамгийн өндөр атан тэмээ цугласан олны харааг булаалаа.
Мөн тэмээний уралдаан зорин очсон олны анхаарлыг татсан арга хэмжээний нэг байлаа. Шилбэн тайлаг тэмээнүүд уралдааны зурхайд орох агшинтай зэрэгцээд тэмээ нь айргийн гуравт хурдалсан Дорноговь аймгийн Сайхандулаан сумын алдарт уяач, аймгийн аварга тэмээчин У.Отгонсүхийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрээр “Тэмээ маань айрагдлаа, сэтгэл өндөр байна. Тэмээгээ унаад говийнхоо их талд уралдах сайхан.Би багаасаа тэмээ малласан, амьдралын маань салшгүй нэг хэсэг. Ааваасаа тэмээ маллах ухааныг өвлөж өдий зэрэгтээ явж байна” гэлээ.

Мөн Монголын уламжлалт өв соёлыг дэлхийд таниулсан “Түмэн тэмээний баяр - 2026” арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат нар оролцсон юм.
Нээлтийн үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат “1997 оноос эхлэлтэй “Түмэн тэмээний баяр” жилээс жилд өргөжиж тэмээчид, гадаад, дотоодын олон жуулчдын хүссэн хүлээдэг, зорин ирдэг өвлийн аялал жуулчлалын томоохон эвент болж өргөжиж байна. "Тэмээ хамгаалах сан", ботгоны мөнгөн урамшуулал, гиннесийн Дэлхийн дээд амжилт тогтоох 1108 тэмээний уралдаан зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж тэмээн сүргээ өсгөж үржүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд 2025 онд Өмнөговьчууд хамгийн олон тэмээ буюу 155.900 тэмээ тоолуулж улсдаа тэргүүлэхийн зэрэгцээ “Тэмээ судлалын төв” байгуулж анхдагч болж амжилт ололт дүүрэн тэмээний баяраа угтаж байна” гэлээ. Мөн тэрээр өргөн уудам газар нутгийнхаа эзэн нь болж дэлхийд ховордсон тэмээн сүргээ өсгөн үржүүлж, дахин давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа аймгийнхаа малчид, ард иргэддээ талархлаа илэрхийлэв.

Тэмээний баярт зориулсан үзэсгэлэн худалдаанд ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноос, ноосон бүтээгдэхүүн зэрэг өв соёлоо сурталчилсан, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн байв. Үзэсгэлэн худалдааны онцлох бүтээгдэхүүний нэг нь Өмнөговь аймагт тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Солид партнерс групп”-ийн Монгол Улсын ингэний ганц ферм байв. Тус ферм нь 160 нь ингэтэй бөгөөд Өнөөдрийн байдлаар 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу уламжлалт аж ахуйгаас 2-3 дахин их сүү авдаг аж. Тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг байна. Тус бүтээгдэхүүнүүд “Түмэн тэмээний баяр”-ын үеэр эрэлт ихтэй, сав, баглаа боодлоос эхлээд хэрэглэгчдийн анхаарлыг татахуйц байв.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхөөс тэмээний аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэрийн талаар тодруулсан юм. Тэрээр “Тэмээ нь өөрөө Монголыг дэлхийн зах зээлд гаргах газар зүйн онцлогтой, давуу талыг илэрхийлсэн бүтээгдэхүүн. Говийн бүс нутгийн тогтвортой хөгжилд тэмээний аж ахуйн ач холбогдлыг бодлогоор дэмжиж, тэмээгээ хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, уламжлалт мал аж ахуйг орчин үеийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн шийдэлтэй уялдуулан хөгжүүлэх нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тэмээний аж ахуй, түүнтэй холбоотой үйлдвэрлэл, аялал жуулчлалыг дэмжих бодлого, шийдвэрүүдийг тууштай хэрэгжүүлж, говийн брэндийг дэлхийд таниулахын төлөө ажиллаж байна.
Жишээлбэл, ӨМӨЗО-ны эрдэмтэн судлаач н.Журамт өөрийн орны тэмээг 10 жилийн турш судлаад нэг ингэнээс өдөрт хоёр литр сүү саадаг байсныг 3.6 литр болгож нэмэгдүүлсэн байна. Манай Өмнөговь аймагт байгуулагдсан ингэний ферм мөн өдөрт нэг ингэнээс 2.6 литр сүү авч байна. Уламжлалт аж ахуйгаар бол өдөрт 800 гр сүү саадаг. Гурван жилийн хугацаанд ажиллахад бид нэг ингэнээс авах сүүний гарцыг гурав дахин нэмж байна.
Эдийн засгийн эргэлтэд хурдан оруулахад хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллага, малчид хамтран оролцох нь чухал байгаа юм. Үүн дээр манай Өмнөговь аймагт байгуулагдаж байгаа “Тэмээ судлалын төв” ажиллана. Тэмээнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийг эдгээх, өндөр чанартай үнэтэй бүтээгдэхүүн гаргаж авах гээд Тэмээ судлалын төвийн гүйцэтгэх үүрэг их. Тус төв энэ оноос судалгааны ажлаа эхэлнэ. Зарим нь тэмээ судлах төв гэж байгаа юм бол ямаа судлалын төвийг байгуулъя гэж байна. Байж ч болно. Тэмээний бүтээгдэхүүн маш чухал, үнэ цэнтэй гэдгийг судалгаа шинжилгээгээр тогтоосоор байна. Тухайлбал, тэмээний бөхнөөс гаргаж авч байгаа гоо сайхны бүтээгдэхүүн өндөр чанартай бүтээгдэхүүний нэг болж байгаа. Монгол эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авч эхлээд байна. Дахиад ч олон бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэж буй. Одоо тэмээний тавхайг ч судалж байна. Хилийн цаадах зарим жишээг хэлбэл, Хятадад Алшаа аймагт ингэний сүүний томоохон үйлдвэрүүд сүүгээ дроноор татаж өдөрт 30 тн сүү боловсруулж байна” гэлээ.
Ийнхүү өмнийн цэнхэр говийн уудам талд “Түмэн тэмээний баяр” баяр гурван өдөр өргөн дэлгэр болж, цугласан олон сэтгэл дүүрэн буцлаа. Ганган улаан тэмээгээ хөтөлсөөр говийнхоо жаргах нартай хамт нутгийн зүг шогших дүр зураглал уран зураг мэт. “Дараа жилийн наадам даан ч хол байна даа” гэдэг шиг ирэх жилийн “Түмэн тэмээ”-ний баяраар тэмээн сүргийн эзэд маань төл мал бүрэн зорин очих гийчдээ угтах ерөөлөөр сурвалжлагаа өндөрлүүлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7771)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn