Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Соёл, спорт, танин мэдэхүйн алба

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР нь МУБИС-ийг сэтгүүлч  мэргэжлээр төгссөн. 

Сургуулиа төгссөн цагаас  өдөр тутмын сонинд ажиллаж сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээл туурвиж байна. 

Одоо Соёл, спорт танин мэдэхүйн албанд ажилладаг. 

Тэрээр мөн Уйгаржин монгол бичгээр нийтлэл сониндоо хөрвүүлэн буулгадаг.

Дөрвөн үеийн удам дамжсан тэмээн сүргийн эзэд

Дэлгэсэн тэрлэг шиг уудам  Монгол орныхоо дахин давтагдашгүй  өнгө төрхийг цогцлоох үзэсгэлэнт өмнийн цэнхэр говь цэлийн харагдана. Цан хүүрэг татсан дүн өвлийн хүйтэн ч гэлээ өмнийн цэнхэр говьд налгар намар болж байгаа юу гэлтэй хүн зон, байгаль дэлхий, мал сүрэг тайван амгалан.

“Хөөх тэр ямар өндөр тэмээ вэ” гэж уулга алдах жаахан хүү, монгол түмнийхээ дахин давтагдашгүй өв соёл болох үндэсний хувцсаараа гангарсан хүн бүхэн чамин, хээнцэр, тансаг харагдана.

Ёстой нөгөө тэмээн дээрээс наран ойрхон гэдэг үгийг санагдуулам сүрлэг өндөр тэмцээнүүд нь алсыг ширтэн зогсох нь тайван амгалан аж.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Х.Оргодолын тэмээн сүргийн нэг Галбын говийн улаан үүлдрийн 3.6 метрийн өндөртэй, 24 настай Монголын хамгийн өндөр атан тэмээ цугласан олныг их л гайхшруулна.Энэ зураглал бүхэн “Түмэн тэмээний баяр-2026” арга хэмжээний дахин давтагдашгүй ховор  мөч. Энэ ховор агшин бүрийг харж, сонсоор нийтлэлийнхээ зочинтой уулзсан нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн малчин, удмынхаа дөрөв дэх үеийн тэмээчин эмэгтэй Шинэхүүгийн Давхарбаяр болон түүний ээж М.Гэрэл нар юм.

Ийнхүү  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” булангийнхаа зочин хойморт өмнийн цэнхэр говиос, тэнэгэр сайхан тэмээн сүргийн эздийн аж амьдралын тухай нийтлэлээр  уншигч тантай уулзаж  байна.

 

Аав ээждээ олон баяр дагуулж ирсэн Давхарбаяр

 

Нийтлэлээ удмынхаа дөрөв дэх үеийн тэмээчин, аймгийн аварга малчин  Шинэхүүгийн Давхарбаяр хэмээх эмэгтэйн  ажил амьдралын тухай хууч яриагаар эхлүүлье.

Ш.Давхарбаяр их уран, гарын дүйтэй гэдэг нь түүний хийсэн бүхнээс харагдана. Бугуйл, гэрийн чагтага, тоонын эргүүлэг, өрхний зээг,  бурантагаас эхлээд тэмээнийхээ ноосоор хийсэн  түүний урласан бүхэн “Түмэн тэмээний баяр”-ыг зорин ирсэн хүмүүсийг харцыг булаана. Долоон алд хэмжээтэй бугуйл хийхэд  10 цаг болдог  гэнэ. Энэ бүхэн амьдралынх нь салшгүй нэг дадал болжээ. Ямар сайндаа цайгаа уух зуураа ч утсаа ээрээд суудаг гэв. Отор нүүдэлд явж байхдаа хүртэл  утас ээрэх юм аа  хажуудаа аваад л явж байдаг гэсэн юм.Ноосоо сэмлэж, урахаас эхлээд их ажил шаарддаг.  Хийгээд сурчихсан учраас зүгээр сууж чаддаггүй гэсэн юм.

Тэрээр энэ бүхнийг эмээ, ээжээсээ сурахаас гадна сургуульд байхдаа хөдөлмөрийн хичээлээсээ сурчээ. Хөдөлмөрийн багш н.Сумъяа нь  утас ээрүүлэхээс эхлээд гарын ур дүйтэй болгосон гэв.

Ингээд бидний яриа түүний тэмээчин болсон яриагаар үргэлжиллээ. Тэрээр бага балчир наснаасаа  л өвөө эмээ, аав ээжийнхээ тэмээ маллах аж амьдрал дунд өсөж, арга ухаанааас нь суралцаж өсжээ.

Аав ээжийгээ тэмээндээ яваад гэр рүүгээ ирж байгааг нь хараад л өмнөөс гүйж очоод тэмээг нь унадаг хүүхэд байв. Түүний хүүхэд насны дурсамж дахь энэ зураглал бол түүний тэмээ хэмээх амьтантай нөхөрлөж эхэлсэн үе. Тэмээний бөхөн дээр тогтохгүй шахам жижигхэн биетэй, 4-5 настай жаахан  хүүхэд анх тэмээ унаж сурсан нь энэ. “Би чинь тэмээний нуруун дээр өссөн хүн шүү дээ” хэмээн ярих Ш.Давхарбаяр амьдралаас их говийн тэмээн сүргийг ялгаж салгахын аргагүй орон зай аж.Тэмээгээ унаад л говийнхоо их талд явж байх хамгийн сайхан жаргал шүү дээ хэмээсэн юм.

Түүний хүмүүн заяаг олж, хорвоод мэндэлсэн түүх нь хүртэл тэмээтэй холбоотой. Ээж М.Гэрэл нь сургуулиа төгсөөд илгээлтийн эзнээр томилогджээ.1975 онд зохион байгуулагдсан Илгээлтийн эздийн анхдугаар тэмээчдийн зөвлөгөөнд ээж нь оролцож, Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулж байв. Зөвлөгөөнөөс хойш хоёр хоногийн дараа ууган хүүхэд нь мэндэлж, олон  баяр давхацсаныг бэлгэшээж Давхарбаяр хэмээх нэр хайрласан гэдэг.

Гурван хүү, гурван охинтой айлын унаган хүүхэд болон хүмүүн заяаг олж мэндлэхдээ тэрээр тэнгэрлэг тэмээн сүргийг унаж “наранд ойрхон” өсөх их хувь заяанд төржээ.Ийнхүү тэрээр удмынхаа үргэлжлэл болон өмнийн цэнхэр говьтоо тэмээн сүргээ маллаж байна.

Ш.Давхарбаяр Баяндалай сумандаа наймдугаар ангиа төгсөөд тэмээчин болжээ. Тэрээр 1992 онд өрх тусгаарлаж, ханьтайгаа 10-20 тэмээтэй амьдралаа эхлүүлж байсан хэмээн хуучлав.Энэ цаг үеэс аав ээжийнхээ тасалж өгсөн  тэмээгээ өсгөн үржүүлж, их өв соёлоо хадгалж явна. Тэд хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь мөн л удам дамжсан малчин, тэмээчин болжээ.

 

Хангал тэмээний нуруун дээр өссөн удам дамжсан тэмээчин

 

Саахалт айлын хооронд тэмээгээ унаад л дүү нар, үеийнхэнтэйгээ уралдаж давхидаг жаахан охин хангал сургадаг, тэмээ унаж уралдуулдаг, спортын мастер эмэгтэй болжээ. Тухайн үед тэмээний уралдаан гэж ховор. 1997-1998 оноос л  тэмээний уралдаан мэр сэр зохион байгуулагдахад одоогийнх шиг олон  биш ч гэлээ 10 гаруй тэмээ уралддаг байсан гэнэ. 20 гаруй наснаасаа  тэмээ унаж уралдаанд оролцож эхэлсэн нь энэ.Тэмээгээ унаад  уралдахад их сайхан шүү.  Өвөл унахад дулаахан,  түшигтэй байдаг гэсэн юм. Энэ хугацаанд олон ч тэмээ уралдуулж айрагдуулж байжээ.  Хань нь сумын тэргүүн уяач гэсэн юм.

Ж.Давхарбаяр зургаадугаар ангийн сурагч байхдаа  анхныхаа хангал тэмээг унаж сургаж байжээ. Бүр спортын мастер цолтой гэнэ шүү. Энэ тухайгаа “Айл өрх болоод эр, эм гэлтгүй л тэмээгээ уначихдаг байсан.

Хангал ингээ сургана. Зан аашнаасаа шалтгаалаад номхорох хугацаа нь янз бүр. Саяханаас хөл жаахан  өвдөөд унахгүй байгаа. Гэхдээ унамаар санагдаад байдаг юм.Залуудаа бөхөд нь уут өлгөөд  түлээ  түүгээл ганзаглаад унаж сургадаг байсан.Тэмээгээ унах сайхан шүү дээ” гэлээ.

 

Тэмээгээр нүүдэл хийх соёл алсарч байна

 

Малчин хүн бүрд мал маллах арга ухаан гэж бий. Хүүхэд ахуй наснаасаа мал маллаж, тэмээ маллах их ухаанд суралцаж түүнд өөрийн гэсэн арга барил ухаан олон бий.Тэднийх 7-8 сард ингэ барьж уядаг аж.Энэ талаараа тэрээр “Тэмээ сургахдаа  ширүүн хандвал  догширно. Тиймээс аядуу зөөлөн байвал хурдан дасдаг амьтан шүү дээ.Ховор тохиолддог тэмээ ботгоо голох үзэгдэл түүнд ганц нэг удаа гарч байсан.Энэ үед тал хээр ганцааранг нь уяаад дуу дуулж,  хөөслөдөг. Тэмээ  номхон, дөлгөөхөн амьтан болохоор дорхноо л амлачихдаг юм.Залуу тэмээчид цөөрч байна. Хоёр хүүгээ ямар ч гэсэн тэмээчин болгосон доо.

Мөн бүх зүйл техник технологийн хөгжлөө дагаад тэмээгээр нүүдэл хийдэг  өв соёл алсарч байна. Тэмээнд ачаа ачна гэдэг нь өөрөө том өв соёл шүү дээ. Ачаагаа авчихдаа хаа хамаагүй өлгөчихгүй. Ачаагаа тэнцүүлж ачих, татлага татахаас  эхлээд нарийн ажил. Тэмээний баяраар ачлагын тэмцээнийг тогтмол зохион байгуулж буй нь өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж буй сайн хэрэг юм” гэлээ.Хүүхдүүд нь тэмээний баяраар цагаан идээ болон сайхан хос тэмцээнд оролцдог.Тэмээ унахад түшигтэй,  харахад сүрлэг, уян зөөлөн  амьтан. Цасан шуурга боллоо гэхэд уруудаад  хэвтчихнэ. Тэнгэр онгойхоор хүрээд  ирдэг” гэлээ.

“Мал дагавал ам тосдоно” гэж сайхан үг бий. Би сургуульд байхдаа тэмээчин болно гэж  боддог байлаа. Хүсэл зорилгоо дагаж малчин болсон доо, тэр тусмаа монголынхоо том өв соёл болох тэмээн сүргээ өсгөн үржүүлж, дөрөв дэх үеийн тэмээчин хэмээн овоглож яваагаараа бахархалтай сайхан байдаг” гэлээ.

Тэднийх тэмээнээс гадна хонь, ямаа, адуу маллаж, сүү цагаан идээ боловсруулдаг байна. Ш.Давхарбаярынх Баяндалай Наран багийнхаа Цагаан гол, Зурамтайн ар гэх газар өвөл зунгүй задгай устай, байгалийн үзэсгэлэн хосолсон газар үр удмаараа амьдарч иржээ. Тэрээр ярианыхаа төгсгөлд “Манай нутгаар зочлоорой” хэмээн зочломтгой монгол зангаар биднийг үдсэн юм. Шүлэгт дурдсанчлан “Давхиад очиход цоожгүй айл малчин танийх” гэдэг шиг өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй ахуй амьдралтайгаа өв соёлоо тээж яваа тэднээр бахархахгүй байхын аргагүй билээ.

Одоо ч тэрээр өмнийн цэнхэр говийнхон уудам талд тэмээнийхээ нуруун дээрээ өв соёлоо хамт тээгээд тэшиг жонжуулж яваа байх.

 

М.Гэрэл: Нэгдлээс 100 тэмээ аваад илгээлтийн эзэн болж байлаа

 

Гурав дахь үеийн тэмээчин, Ш.Давхарбаярын ээж М.Гэрэлтэй ярилцсанаа хүргэж байна.

-Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөлжиж байна.Сайн явж ирэв үү.

-Та удам дамжсан тэмээчин. Тэмээ маллах ур ухааныг хэрхэн өвлөж байв?

-Би Өмнөговь аймгийн  Баяндалай  сумын Наран багийн малчин.Хүүхэд ахуй наснаасаа тэмээтэй ойр өссөн дөө.Ээжийнхээ өвөр дээр суугаад тэмээн дээр сундлаад явдаг байлаа.Ээж маань бас  насаараа тэмээ малласан хүн.

Багаасаа тэмээ унаж, хангалаа сургаж, сүүгээр нь төрөл бүрийн цагаан идээ хийж, тэмээний ноосоор гар урлалын бүтээгдэхүүн хийж байна.

Тэмээ маллах арга ухааныг ээжээс өвлөсөн. Ээж маань хангалыг хэрхэн сургах талаар зааж сургадаг байлаа.Мал хүнтэй адилхан өвдөнө шүү дээ.  Тэр үед  ээж маань малчин ухаанаараа малаа эмчилдэг байсан. Жишээлбэл, зуны халуунд  ботго наршихад сондуул чанаад өгчихдөг байлаа.

Өвөг дээдсийнхээ өв уламжлалыг өвлөж,би ч мөн өдий хүртэл тэмээгээ маллаж байна. Тэмээний сүүгээр хийсэн цагаан идээ хүний биеийг эрүүлжүүлэх увдистай шүү дээ.

-Та илгээлтийн эзэн болж байсан үеэ дурсахгүй юу?

-Баяндалай сумынхаа дунд сургуульд долоодугаар анги төгссөн.Би 1973   оны илгээлтийн эзэн болж, мал дээр гарахдаа нэгдлээс 100 тэмээ хүлээж авч байлаа. Тухайн үед манай Баяндалай сум Өмнөговьдоо хамгийн бага тэмээтэй сум байсан учраас нэг хүн  110 тэмээн өгсөн юм. Тэр үеийн илгээлтийн эзэд Хөдөө аж  ахуйн их сургуульд урилгаар сурдаг байсан.  Манайх гэртээ дөрвөн настантай хүн байсан учраас би сурч чадаагүй.

Илгээлтийн эзэн болж тэмээчин болсныхоо дараа өрх тусгаарласан.

1980 оны үед манайх 400 гаруй тэмээ малладаг байлаа. Жилдээ 60-70 ингэ ботголуулж, ингээ сааж, цагаан идээгээ боловсруулдаг байсан.   

-Та багаасаа хангал тэмээ сургадаг байсан гэсэн?

-Тийм ээ. Ботгоо унаад ботгоо хураагаад явдаг байсан.Түлээгээ түүхдээ хангалаа унаад явна.

Нүүхдээ ч гэсэн гэрээ тэмээндээ ачаад явдаг байлаа.Ингэ ботго нийлээд бужигнаад ирэхээр нь түрүүлж ирснийг нь унаад л ялгачихдаг байлаа.

-Тэмээ маллахын сайхан зүйл юу байдаг вэ?

-Цаг агаар сайхан тогтуун байхад л хүн малын зоо тэнийдэг дээ.Цаг сайхан үед ботго тором хүүхэдтэй адилхан тоглоод л хөөрхөн. Би ингээ саахдаа хураахдаа “Яагаад  зугтаагаад байна” гээд тэмээтэй яриад явчихдаг хүн шүү дээ.Ямар сайндаа ач охин маань “Эмээ та тэмээтэйгээ яриад явчих юм аа” гэдэг юм.

 -Та тэмээний баярыг жил бүр зорьж ирдэг үү? 

-Тэмээний баярыг анх зохион байгуулагдахаас оролцож, ирж үзэж байна.

 Тэмээ маллах нь сурсан эрдэм минь учраас тэмээний баяр болохоор догдлоод сэтгэл тогтдоггүй юм.  Өв уламжлалаа түгээн дэлгэрүүлсэн олон арга хэмжээ зохион байгуулж буй нь бахархалтай байна.  Анх тэмээн поло тэмцээнийг зохион байгуулахад хоёр хүү маань оролцож байлаа. Бид хэд чинь Баяндалай сумаасаа тэмээгээ унаж ирээд баяраа үзэж сонирхож, оролцчихоод буцахдаа тэмээгээ унаад явчихдаг юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 26 (7768)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn