Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Соёл, спорт, танин мэдэхүйн алба

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР нь МУБИС-ийг сэтгүүлч  мэргэжлээр төгссөн. 

Сургуулиа төгссөн цагаас  өдөр тутмын сонинд ажиллаж сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээл туурвиж байна. 

Одоо Соёл, спорт танин мэдэхүйн албанд ажилладаг. 

Тэрээр мөн Уйгаржин монгол бичгээр нийтлэл сониндоо хөрвүүлэн буулгадаг.

Аавынхаа захиасыг биелүүлж олимпын наадмыг дэнсэлсэн Ц.Сэрээтэр

Минут, секундээр хэмжигдэх тамирчны ялалт, ялагдлыг дэнслэх хурц хараа, торгон мэдрэмж, шударга зан, төлөв байдлын цогцыг спортын шүүгч гэж боддог юм. Тэдэнд алдах эрх байхгүй. Учир нь тамирчны хөдөлмөр, хичээл зүтгэл, ялалтын төлөөх цаг мөч бүрийн үнэ цэн  шүүгчийн  ч мөн үнэн зөв оршихуйтай хамт  явдаг ийм л хариуцлагатай мэргэжлийн эзэд.

Спортын шүүгч хэмээх алдраар 36 жил овоглож, эх орон төдийгүй, тив дэлхий, олимпын дэвжээнд хүртэл мөрөө үлдээсэн гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэрийг “Зууны мэдээ” сонин  энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочин хойморт урьж, ярилцлаа.

 

 

Их спортын алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн торгон агшин

Зочныхоо амьдралын хамгийн дурсамжтай бөгөөд догдлол дүүрэн цаг хугацаагаар нийтлэлээ эхлүүлье. Учир нь, шинэ оны анхны томоохон үйл явдлын нэг нь  сонгомол,  чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн байв. Гавьяат тамирчин, нэрт бөх Ж.Даваажавын нэрэмжит  улсын аварга шалгаруулах тэмцээний торгон агшны нэг нь олон улсын шүүгч, гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр 57 кг-ын аваргын төлөөх барилдааныг шүүснийхээ дараа шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүлж, сүүлийн удаа дэвжээн дээр шүгэл үлээсэн мөч байлаа.

Ийнхүү 36 жил шүүгчээр ажиллахдаа  тасралтгүй дэнсэлсэн улсын аварга шалгаруулах тэмцээнээ сүүлийн удаа шүүж, их спортын алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн мэхийн ёсолж, олон улсын шүүгч Э.Батнасанд халаагаа өгсөн юм.  Түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, мэргэжил нэгт шүүгчид, тамирчид, дасгалжуулагчид, гэр бүлийнхэн,  шавь нар нь мөн хүндэтгэл үзүүлж, баяр, догдлолыг нь хуваалцсан цаг хугацаа байлаа.  Энэ мэдрэмжийг спортын замналаар  алхаж яваа мэргэжил нэгтнүүд нь  илүү ихээр ойлгож, тэр баяр, догдлолыг мэдрэх байх  гэж бодогдов.  Спортын замаар алхаж  яваа хэн бүхний ялалт, ялагдал, ассан, дүрэлзсэн, оргил үе бүхэн цаг хугацаагаар хэмжигддэг үнэ цэнтэй зүйл юм аа гэдгийг ч харуулсан мөч байлаа.

Ц.Сэрээтэрийн шүүгчийн замналыг бүтээсэн 36 жил, дасгалжуулагч мэргэжлийг эзэмшсэн он жилүүдийн эхлэл түүний бага балчир наснаас улбаатай. Мэдээж хүний авьяас билэг аав ээжээс эхлэлтэй байдгийн жамаар түүний амьдрал спорттой холбогджээ. Түүний аав О.Цэрэндагва нь Монголын анхны чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч төдийгүй,  1964, 1968, 1972, 1976 оны олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцож тив дэлхийд эх орноороо овоглож явсан, гавьяат дасгалжуулагч, олон улсын шилдэг шүүгч байсныг спортод элэгтэй хүмүүс сайн мэднэ.

 

Аавынхаа мэргэжлийг өвлөхөөр алсыг зорив

Гавьяат дасгалжуулагч хүртсэн үе. 2021 он.

Аавынхаа ажил хөдөлмөрийг үргэлжлүүлж тэр замаар нь алхаж яваа Ц.Сэрээтэрийн спорттой холбогдсон дурсамж их сонин. Тэрээр 1965 онд Улаанбаатар хотод төрж, өсжээ. Эцэг эхээс зургуулаа бөгөөд аавынхаа спортын замналыг үргэлжлүүлсэн нь Ц.Сэрээтэр.

Улаанбаатар хотын унаган хүүхэд тэрээр нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг 1983 онд төгсжээ. Ер нь түүний хүүхэд насны дурсамж бүрт бөхийн спорт салшгүй холбоотой гэсэн юм. Багаасаа л  аавыгаа дагаад монголд зохион байгуулагддаг олон улсын тэмцээнийг үзэж,  тамирчдын бэлтгэлд  хүртэл хамт явдаг байжээ.

Түүнийг сургуулийн сурагч байхад аав нь Пионерын ордны бөхийн секцэд багшаар ажилладаг байв. Ингээд тавдугаар ангийн сурагч Сэрээтэр чөлөөт бөхийн секцэд аавынхаа шавь болж орсноор бөхийн спорттой анх танилцаж, ирээдүйн хүсэл мөрөөдөл зорилгоо болгосон нь энэ. Зун нь үндэсний бөхөөр барилдаж, өвөл нь чөлөөт бөхөөр хичээллэж, тэмцээнд оролцсон  түүний хүүхэд насны он жилүүд үргэлжилж  ирээдүйн мэргэжлээ сонгох чухал цаг үе ирэв. Аравдугаар анги төгсөх жил аав нь “Миний мэргэжлийг залгамжлах хүн нь чи шүү. Аавынхаа мэргэжлийг өвлөөрэй ” гэж хэлжээ. Ингээд аавыг захиасыг биелүүлж, холч ухааныг нь өвөртлөн спортын хүн болохоор тухайн үеийн ЗХУ, одоогоор Украин улсын Киев хотыг зорьсон байна. Тус хотын  Биеийн тамирын их сургуулийг 1988 онд дүүргэж чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжил эзэмшиж эх орондоо иржээ. Тэрээр их сургуульд суралцсан он жилүүдийнхээ тухай “Манай анги даасан багш маань 1956 оны олимпын наадмын хүрэл медальт, ОХУ-ын аварга, 52 кг-д барилддаг мундаг хүн байсан. Зарчимч, хөдөлмөрч хүн. Олон сайн багшийн арга ухаанаас суралцаж,  сурч, мэдсэн зүйлээ  монгол  хүүхдүүддээ зааж сургаж ажилласаар ирсэн” гэсэн юм.

Ц.Сэрээтэр сургуулиа төгсөөд Улаанбаатар Төмөр замын “Замчин” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажлынхаа гарааг эхэлжээ. Аав  нь ч мөн энэ газраас ажил мэргэжлийнхээ гарааг эхэлж байсан түүхтэй аж. “Замчин” нийгэмлэгт тэрээр дасгалжуулагчаар арван жил ажилласан бөгөөд тухайн цаг үе нь 1990 оны  нийгмийн хувьсал өөрчлөлттэй  таарч, тэрээр ажлаасаа гарч бусдын адил ганзагын наймаанд явж эхэлжээ.

 

Олимпын хоёр циклд шүүгч, дасгалжуулагчаар ажилласан оргил үе

Шавь нарын хамт.

Хэчнээн түүний ажил амьдралын эхэн үе нийгмийн хувьсал, шинэчлэлт өөрчлөлттэй нүүр тулсан ч тэрээр спортын замналаа орхилгүй, аавынхаа захиасыг биелүүлж  мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн нь монголын чөлөөт бөхийн  спортод томоохон хувь нэмэр оруулсан он жилүүд байв. Тухайн үед гавьяат дасгалжуулагч Б.Баттулга шавь нь “Арслан” клубийг байгуулснаар тэд хамтран ажиллаж, түүний амьдралын спортын замнал ийнхүү үргэлжилжээ. Үүний дараа ажил мэргэжлийн замнал нь Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар үргэлжлэв. Энэ он жилүүд түүний спортын оргил үе байсан гэж хэлж болно. Учир нь тэрээр  олимпын хоёр циклд шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж, эх орноороо овоглон дэлхийн дэвжээнд зогсож, олон тамирчныг тив, дэлхийн тэмцээнд бэлтгэж, монголын чөлөөт бөхийн хөгжилд  үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

 Мөн салбарын “гал тогоо” гэгддэг  Чөлөөт бөхийн холбооныхоо  нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Энэ хугацаандаа чөлөөт бөхийн шүүгчийн залгамж халааг бэлдэх зорилгоор шавь нарын хамт Биеийн тамирын сургуулиудад шүүгчийн сургалт зохион байгуулж, шүүгчдээ бэлтгэсэн байна.

Тамирчны амжилт  багш дасгалжуулагчтай салшгүй холбоотой.  Мэдээж дасгалжуулагч бүрийн арга ухаан арга барил ялгаатай. Түүнээс дасгалжуулагчийн мэргэжлийнх нь зарчмын талаар асуухад “Төлөвлөгөөнийхөө  дагуу  бэлтгэл сургуулилтаа хийх ёстой.  Тамирчин хүнд бэлтгэлийн  минут ,секунд бүр үнэ цэнтэй. Тиймээс  бэлтгэлийн цагаа баримтлах нь чухал. Сахилга бат, дэг журамтай,   бусадтайгаа хүндэтгэлтэй  байж чадвал тамирчны амжилт дүүрэн байдаг. Нөгөөтээгүүр, шударга тэмцлийн үр дүнд тамирчинд амжилт ирдэг. Тамирчны  баяр, догдлол, харамсал бүх мэдрэмж дасгалжуулагчид ч гэсэн хамт явдаг юм. Нэг л хүн шиг болчихдог доо” гэлээ.

Тамирчны  баяр, догдлол, харамсал бүх мэдрэмж дасгалжуулагчид ч хамт байдаг  гэж түүний хэлсэнчлэн Ц.Сэрээтэрийн дасгалжуулагчийн тамирчдынх нь хамгийн тод үлдсэн барилдаануудын нэг нь  2007 оны Бакугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн юм. Тухайн үед Б.Наранбаатар дэлхийн аваргаас атгаад мөнгөн медаль хүртсэн тэр цаг мөч  хамгийн дурсамж болон үлджээ.  Б.Наранбаатар шавийнх нь 2007 оны барилдаанууд сэтгэлд хоногшиж үлдсэн гэж байв. Харин 2008 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ч.Ганзориг   5:0  хожиж яваад  хожигдсон харамсалтай мөч байсан гэдгийг хэлж байлаа.  Багш дасгалжуулагч хүний хамгийн том бахархал нь шавь нар нь байдаг гэдгийг Ц.Сэрээтэр хэллээ.  Түүний бэлтгэсэн олон шавь тив дэлхийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа билээ. Одоо харин шавь нараас нь зарим нь багш, дасгалжуулагч болоод тив дэлхийд цуутай тамирчид бэлтгэж байна. Жишээлбэл,  Анх “Замчин” нийгэмлэгээс ажлын гараагаа эхлэхэд шавь болсон  улсын начин, гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү, гавьяат дасгалжуулагч Б.Баттулга гээд олон бий.

Түүний дасгалжуулагчийн оргил үе нь 2008 оны Бээжингийн олимпод оролцсон цаг хугацаа байв. Тэрээр  Б.Батзориг, Ч.Ганзориг, Б.Наранбаатар тамирчдын хамт 2008 оны Бээжингийн олимпод Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар оролцсон юм.  Энэ  тухайгаа “ Анх удаа олимпын наадамд тамирчдаа бэлтгэж  оролцсон. Мэдээж сайхан байсан. Б.Батзориг, Ч.Ганзориг хоёр маань ч анхны олимп байсан. Б.Наранбаатарын маань хоёр олимп байсан юм.  Бэлтгэл сургуулилт ч  сайн байсан. Олимпын наадмаас медаль авна  итгэл дүүрэн байсан.  Гэсэн ч  хувь тавилангийн төөрөг ч юм уу,  ялагдал хүлээсэн. Б.Батзориг зургаадугаар байрт орсон” гэлээ.

Тамирчин нь амжилт гаргаад  эх орны маань төрийн дуу эгшиглэж, төрийн далбаа намирах мөч хамгийн сайхан. Омогшил, бахархал төрүүлдэг.  Мэргэжлийн маань хамгийн том бахархал дүүрэн цаг хугацаа байдаг гэдгийг хэлж байлаа.

 

Аав хүү хоёр олимпын наадмыг дэнсэлсэн нь ховорхон тохиолдол байв

 

Нийтлэлийнхээ энэ хэсэгт түүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон,  шүүгч мэргэжлийнх нь тухай өгүүлье.

Тэрээр оюутан байхдаа барилдаж байгаад гараа хугалчихжээ. Тэр үед багш нь түүнийг шүүгчээр ажиллахыг санал болгож,  оюутны тэмцээнүүдэд дагуулж явдаг байсан гэв. Энэ нь  туршлага хуримтлуулсан  цаг хугацаа байжээ. Сургуулиа төгсөөд монголдоо ирээд 1989 онд Дархан хотод зохион байгуулагдсан Залуучуудын  улсын аварга шалгаруулах тэмцээнийг дэнсэлж шүүгчийн замналаа эхлүүлж байжээ. Тэрээр шүүгч мэргэжлийнхээ тухай “Аль ч салбарын шүүгч мэргэжлээр овоглож яваа  хүн бүхэн шударга  байх ёстой.  Шударга бус  байвал алдаа гаргана, үүнээс  болж тамирчин ялагдал хүлээнэ. Тамирчны хөдөлмөрийг  үгүй хийж байна гэсэн үг. Мэдрэмж сайтай, хурц хараатай, шударга байж шүүгчийн ажил зөв явна” гэсэн юм.

Ийнхүү түүний чөлөөт бөхийн шүүгчийн замнал тасралтгүй үргэлжилж, 2001 онд олон улсын шүүгч, 2011 онд олимпын зэрэглэлтэй шүүгч  болсон юм. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо "ФИЛА"-гийн Шүүгчдийн зөвлөлөөс "Лондон-2012" Зуны олимпын наадмын чөлөөт, сонгомол бөхийн тэмцээнд оролцох  57 шүүгчийн нэрсийг зарласны дотор Ц.Сэрээтэрийн нэр багтсан юм. Анх дасгалжуулагчаар олимпын наадамд оролцож байсан бол энэ удаа тив дэлхийн шилдэг тамирчдыг дэнслэхээр Лондонг зорьсон нь энэ.  Энэ үйл явдал нь аавынхаа захиасыг биелүүлсэн цаг хугацаа байв. Аав О.Цэрэндагва нь мөн гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч бөгөөд 1964, 1968, 1972, 1976 оны олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцож байсан түүхтэй. Ийнхүү аав, хүү хоёр олимпын дэвжээнд шүүгчээр ажилласан Монгол Улсад төдийгүй дэлхийд ховорхон агшин болсон юм. Тэрээр “Аав маань анх шүүгчээр ажиллаж эхлэхэд их зүйл ярьдаггүй байсан. Тухайн үед сэтгэлд нь хүрэхээр байгаагүй байх. Аав маань шүүгч, дасгалжуулагчийнхаа оргилд хүрсэн хугацааг минь харж чадаагүй. Тэнгэрээс харсан байх” хэмээн өгүүлэв.

Ц.Сэрээтэр одоо Сонгомол бөхийн холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Тэрээр эх орондоо сонгомол бөхийн спортыг хөгжүүлж, тамирчдыг бэлтгэхээр ийнхүү зорин ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 21 (7763)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn