Өвдөгний гэмтэл болоод үе солих мэс заслын талаар Монгол Хьюндай эмнэлгийн Гэмтэл согог заслын эмч Б.Эрдэнэболортой ярилцлаа.
-Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг ажиглаж байхад үений үрэвсэл аль насны хүмүүст илүү ихэвчлэн тохиолдож байна вэ ?
-Манай Монгол Хьюндай эмнэлгийн тухайд Солонгосын Хьюндай нэгдсэн эмнэлгийн монгол дахь салбар эмнэлэг гэдэг утгаараа Монгол эмч нар маань Солонгосын шилдэг доктор, профессоруудтай хамтран өдөр тутмын эмчилгээ үйлчилгээгээ явуулж байгаа. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйчүүлэгчдийн дийлэнх хувийг өвдөгний мэс засал, үений янз бүрийн өвдөлттэй хүмүүс эзэлж байгаа.
Манай эмнэлэг спортын гэмтлүүд, жийргэвчний болон холбоосын гэмтэл, өвдөгний үений шинжилгээ, ЭХО, рентген, мэс засал гээд үений бүх төрлийн эмчилгээг маш өндөр үр дүнтэйгээр хийж гүйцэтгэж байгаа. Сүүлийн үед манай улсад өвдөгний, үений үрэвсэл нас харгалзахгүй маш их элбэг тохиолдож байгаа. Ерөнхийд нь насны ангиллаар авч үзвэл 15-40 орчим насныхан ихэвчлэн спортын гэмтэлтэй холбоотойгоор өвдөгний үений холбоосын гэмтэл болон жийргэвчийн асуудал, ясны үрэвслүүд илүү их тохиолдож байна. Харин 40-өөс дээш насныхан бол ясны болон мөгөөрсний үрэвсэлтэй холбоотойгоор үе мөчний үрэвслүүд ялангуяа өвдөг дээр остеоартритын өөрчлөлтүүд илүү давамгайлан үүсэж байна.
-Залуус спортын гэмтэл аваад халуун, хүйтэн жин тавих элдэв тос түрхэх зэргээр оролдоод хүндрүүлээд байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгвэл спортоор хичээллэдэг залуустаа анхааруулж хэлэх зөвлөмж байна уу?
-Ер нь бол өсвөр насны хүүхдүүд сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох, фитнесээр хичээллэх, биеийн хүчний ямар нэгэн ажил хийх, үндэсний болон жүдо бөхөөр хичээллэж байгаа хүүхдүүд маань ихэвчлэн холбоосын гэмтэлд их өртөж байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд гэмтсэний дараа мэс засал хийх болоход ихэвчлэн өсөлтийн зоон дайрах гээд байдаг тул , мэс заслыг их болгоомжтой хийх шаардлага тулгадаг. Тиймээс яг өвдөгний мэс заслын эмчид хандах нь зүйн хэрэг. Эмчилгээ буруу хийгдсэнтэй холбоотойгоор насан туршийн өвдөгний үений үрэвсэл давамгайлах магадлал их өндөрсдөг. Тухайлбал, манай эмнэлэгт яг энэ асуудалтай тулгарсан 10 хэдэн настай охин үйлчлүүлсэн. Тэр охин шигшээ багийн тамирчин байсан. Тэрбээр манай эмнэлгээр үйлчлүүлэхээсээ өмнө гадаад, дотоодын олон эмнэлгээр яваад, 2-3 удаагийн мэс засал хийлгэсэн. Тухайн үйлчлүүлэгчийн өсөлтийн зоон хаагдаагүй байсан ч өвдөгний үений доторх олон гэмтэл хавсарсан , үрэвслийн өөрчлөлттэй болж үлдсэн. Иймэрхүү санамсаргүй алдаанаас болоод насан туршийн спортын карьер дуусах хүртэл хүндрэл гардаг байх нь. Тиймээс спортын гэмтлийн үед нарийн мэргэжлийн сайн эмч, эмнэлэгт хандаж эмчилгээ үйлчилгээ хийлгэх нь туйлын чухал байдаг.
-Цаг алдалгүй эмнэлэгт хандах нь чухал юм байна?
-Тийм ээ. Өсвөр насны залуус маань ямар нэгэн байдлаар эвгүй хөдөлгөөн хийгээд хавдах, улайх, алхахад хүндрэлтэй болох, шатаар өгсөж, уруудахдаа хөл алддаг болж зэрэг асуудал үүссэн бол яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Дунд эргэм насныхан болоод ахмадууд маань өвдөгний үеэр шажигнаж дуугарах нугалж суухад хүндрэлтэй болох зэрэг тохиолдлуудад нарийн мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ оношилгоо хийлгээд, тохирсон эмчилгээ үйлчилгээг авах нь зүйтэй. Түүнээс ам дамжсан яриагаар мэргэжлийн бус аргаар эмчлэх гэж оролдоод бүр хүндрүүлж болохгүй.
-Ахмадууд маань өвдөгний үе солих мэс засал их хийлгэдэг. Энэ төрлийн мэс засал хийлгэх гэж байгаа хүмүүст анхаарах зүйлсийг хэлж өгөөч?
-Өвдөгний үе солих мэс заслыг 1978 оноос протез анх дэлхий дахинд үүсэнтэй холбоотойгоор хийгдэж эхэлсэн байдаг. Манай улсад бол сүүлийн 2000-аад оноос өвдөгний үе солих мэс засал дэлгэрсэн. Манай эмнэлгийн тухайд дунд эргэм нас болоод настай хүмүүст өвдөгний үе солих мэс заслыг тогтмол хийж байгаа. Өвдөгний үе солих мэс заслын дараа дахин солих хугацаа нь протезын чанартай холбоотойгоор янз бүр 5, 10, 20 жил байдаг. Тэгвэл манай эмнэлэг дэлхийд хамгийн анх үйлдвэрлэгдсэн буюу хамгийн их судалгаанд хамрагдсан АНУ-ын сайн чанарын 20-25 жилийн насжилттай протезыг ашиглаж, өвдөгний үе солих мэс заслыг хийж байгаа. Тиймээс өвдөгний үе солих мэс засал хийлгэхээр зорьж байгаа бол эхний ээлжид протезын чанартаа маш сайн анхаарах нь чухал шүү гэдгийг хэлмээр байна.
-Магадгүй богино насжилттай протез ашиглаад үе солих мэс засал хийлгэсэн бол давтан хагалгаа нь нэлээн хүнд мэс засал хийгддэг байх?
-Олон жилийн насжилттай сайн чанарын протезыг ашиглаж үе солих мэс заслыг хийлгэж чадаагүйгээс болоод магадгүй таван жилийн дараа үрэвсэл үүсээд, сулраад дахин үе солих мэс засалд орох шаардлага үүсдэг. Магадгүй санхүүгийн асуудал мэдээлэл дутмаг байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад буруу сонголт хийж мэс засалд орсон тохиолдол их гарч байна. Манай эмнэлэгт энэ төрлийн буюу давтан мэс засал их хийгдэж байгаа. Мэдээж, давтан мэс засал буюу хоёрдогч, гуравдагч мэс засал анхны мэс заслаас хэд дахин үнэтэй, хэд дахин хүнд мэс засал болдог. Тиймээс та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө маш сайн мэдлэг мэдээлэлтэй байж, чанартай сайн тусламж үйлчилгээг авдаг байх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 40 (7782)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn