Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Экологи, нийгмийн мэдээллийн алба

Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна

Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоно гэвэл өрөөсгөл болно. Учир нь амгалан дөлгөөн зантай, холыг туулах, ачаа, өл даах чадвараараа гарамгай, уналга эдэлгээнд амархан сурдаг, тэвчээртэй, дуулгавартай гээд олон сайн чанарыг агуулсан монгол тэмээ Монгол орны говь, цөлийн экологийн   гайхамшигтай дасан зохицсон амьтан юм. Түүнчлэн хоёр бөхт монгол тэмээний генефондыг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм. Тиймээс ч төр, засгаас хоёр бөхт монгол тэмээг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн.Тэр ч утгаараа жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагддаг тэмээчдийн баяр энэ жил "Тэмээн дээрээс наран ойрхон" нэртэйгээр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт зохион байгуулагдсан юм.

Монгол тэмээг сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмын үеэр тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээ, тором, тайлагны уралдаан, ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдааныг зохион байгуулсан юм.

 

“Их говийн тэмээ" наадам Дорноговь аймагт зохион байгуулагдана

 

Дорноговь аймагт 2024 оны жилийн эцсээр 58.119 тэмээ тоолуулсан бол 2025 онд 61.900 болж өссөн байна. Дорноговь аймгийн ЗДТГ-аас “Их говийн тэмээ-2026” наадмыг нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-нд Сайншанд сумын нутаг, Хилэнцтэй хөшөөний орчимд зохион байгуулна. Монгол тэмээг сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмыг энэ жил “Гиннест хүрэх зам” уриан дор зохион байгуулах юм. Энэ үеэр тэмээний соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээний холын зайн уралдаан, ойрын зайн уралдаан, шилбэн тайлагны уралдаан, хөгшин тайлагны уралдаан, торомны уралдаан, мөн ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах уралдаан болно. Мөн цагаан идээ, үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээн тэрэг шалгаруулах, жуулчдад зориулсан тусгай хөтөлбөрийг толилуулах юм.

 

Өмнөговь аймаг “Түмэн тэмээний” баяраа тэмдэглэнэ

 

Өмнөговь аймаг тэмээн сүргийн тоо толгойгоор улсад тэргүүлж, 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 155 мянга гаруй тэмээ тоолуулсан юм. Аймгийн үе үеийн удирдлагууд тэмээний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн тэмээ судлалыг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласаар байгаа юм. Тэгвэл Өмнөговь аймгаас өнөөдрийн байдлаар гурван тэмээ судлаач,  таван Хөдөлмөрийн баатар тэмээчинтэй. Тодруулбал, 1960онд Д.Жижээ, 1966 онд Х.Гомбосүрэн, 1986 С.Чимэддорж, 1993 онд Д.Хамар, 2021 онд М.Тогтохсүрэн нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан бол Хүрмэн сумын тэмээчин Г.Бүд, Мандал-Овоо сумын тэмээчин А.Батбуян, Ханбогд сумын тэмээчин Д.Хүүхэн нар Монгол Улсын гавьяат малчин цол хүртэж байсан юм.  Мөн нутгийн эрдэмтэд болох Б.Лувсан, Ө.Эрдэнэбилэг, Т.Балдан нар хоёр бөхт тэмээний үүлдэр, угсааг судлан ХАА, мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалж, “Тэмээ судлал”-ын төвийг улсдаа анхлан байгуулсан юм. Түүнчлэн Монгол Улсын Тэмээн соёл, уралдааны холбоог шинэчлэн байгуулах ажлыг 2025 онд зохион байгуулж, ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Р.Сэддорж, дэд ерөнхийлөгчөөр Б.Чандмань болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар сонгогдон ажиллаж байна.

Өмнөговь аймаг орон нутгийн бодлогын хүрээнд орон нутагт ажиллаж буй мал зүйч, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, мөн тэмээн судлалын эрдэм шинжилгээ, судалгааг орон нутагтаа хэрэгжүүлэх зорилгоор улсдаа анхлан “Тэмээ судлалын төв”-ийг байгуулжээ. Тэгвэл тус аймаг “Түмэн тэмээний баяр-2026”-ыг хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Даланзадгад суманд 29 дэх жилдээ зохион байгуулна.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2016 онд “Монгол тэмээ-999” арга хэмжээний үеэр 1108 тэмээ уралдуулсан нь Гиннесийн номд бичигдэж байсан. Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын 1115 хурдан тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон удаатай юм.

Баярын өдрүүдээр МИАТ компани Улаанбаатар–Даланзадгад чиглэлийн нислэгийн тийзэд хямдрал зарласан байна.  Даланзадгад–Улаанбаатар чиглэлийн нэг талын тийзний эхлэх үнэ 188.100 төгрөг байх бол хоёрдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар–Даланзадгад чиглэлийн нэг талын тийзний эхлэх үнийг 193.050 төгрөгөөр тогтоохоор төлөвлөжээ. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан хөнгөлөлттэй үнээр зорчих боломжтой юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 20 (7762)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn