Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Экологи, нийгмийн мэдээллийн алба

Цахим гавын цаана зөрчигдөх хүний эрх

Цахим технологи хууль сахиулах үйл ажиллагаанд өргөн хүрээнд нэвтэрч байгаагийн нэг жишээ цахим гав юм. Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын ялын шинэчлэлийн томоохон алхам болсон ч түүнийг дагасан хүний эрхийн зөрчил гарсаар байна. Тиймээс бид энэ удаад цахим гавтай холбоотой хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг хөндөж байна.

Зорчих эрх хязгаарлах ялаар 2021 онд 1690 хүн, 2022 онд 3079 хүн, 2023 онд 2934 хүн, 2024 оны эхний долдугаар сарын байдлаар 2068 буюу нийт 9771 хүн ял шийтгүүлээд байна.  Үүнээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж эдлүүлсэн ялтны тоог 2021 онд 182, 2022 онд 429, 2023 онд 291, 2024 оны долдугаар сарын байдлаар 168, нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон 1070 хүн байна.

 

Зөвхөн Unitel-ийн сим ашигладаг

Цахим гав нь ялын хугацаа дуустал салгах боломжгүй, хүний хувийн мэдээллийг байнга цуглуулж, хяналтын систем руу дамжуулдаг тул уг төхөөрөмжийн ялтанд нөлөөлөх байдал, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хувийн нууц, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг хангах баталгааг бий болгох нь маш чухал. Хүний гарын бугуй, хөлийн шилбэ, шагайнд зүүх зориулалтай олон төрлийн байршил хянах төхөөрөмж буюу цахим гав бий.

Манай улсын хувьд гарын бугуй, хөлийн шилбэнд зүүдэг, ялтан өөрөө тайлах боломжгүй цахим гавыг БНХАУ-аас худалдан авч, ашиглаж байна. Цахим гав төхөөрөмж GPS (global position system) технологиор ажилладаг. Өөрөөр хэлбэл, зорчих эрх хязгаарлах ял эдэлж буй ялтны байршлыг цахим гав үүрэн телефоны операторын сүлжээг ашиглан мэдээллэдэг. Уг мэдээллийг дэлхийн тойрог замд байрших хиймэл дагуулаар дамжуулан төв серверт хүлээн авч, хяналт тогтоодог.

Тэгвэл одоогоор зөвхөн ЮНИТЕЛ компанийн үүрэн телефоны сүлжээг ашиглаж байна. Нэг оператор компанийн сүлжээг ашиглан хэрэгжүүлж байгаа нь ялын үр нөлөө буурах, хяналтад алдаа гарах, сүлжээний тархалтад хамаарахгүй газар оронд амьдарч буй хүмүүст энэ ялыг оногдуулах боломжгүй болж, хүнийг ялгаварлах нөхцөлийг үүсгэж байна.

Энэ талаар Ховд аймгийн ШШГГ-ын алба хаагч “...Одоогоор хяналтад  22 хүн байна. Үүний долоо нь суманд байдаг. Юнителийн сүлжээ ашиглаж хяналтыг гүйцэтгэж байна. Шүүхийн шийдвэрээр тогтоож өгсөн нутаг дэвсгэрээр хяналт тавьдаг. Ялтан яаралтай тусламж, үйлчилгээ авах үед хүсэлтийг прокурорт уламжилж, зөвшөөрөл олгож байгаа. Сүлжээтэй холбоотой алдаа заах, хяналтаас гарах тохиолдол бий. Шөнийн цагаар алдаа заалаа гэхэд хол байгаа хүн дээр очих боломжгүй учраас хянахад хүндрэлтэй. Энэ үед утсаар тодруулж, сануулга өгдөг. Утас нь холбогдохгүй үед тухайн сумын хэсгийн төлөөлөгч цагдаад ханддаг. Ялтан малдаа яваад уул тойроход л сүлжээнээс гардаг тохиолдлууд байдаг ч тэр болгонд зөрчлөөр тооцдоггүй. Бугуйн цаг (гав) цэнэг хураахгүй байна гэх асуудал гардаг. Гэхдээ анх гав зүүж өгөхдөө нэмэлт зөөврийн цэнэглэгч, илүү батарей олгодог. Бугуйн гавыг ялтан салгасан тохиолдол одоогоор гараагүй” гэжээ.

Харин Баян-Өлгий аймгийн ШШГГ-ын алба хаагч “Манай аймаг өндөр уулс ихтэй, уулын нөгөө талд гарахад л сүлжээ унаж байдаг тул сүлжээний тархцаас хамаарсан хүндрэл их гардаг. Сүлжээнээс хамааралтай зөрчил их гардаг боловч дохио нэг цагийн дараа ирдэг учраас хяналт тогтоох шуурхай арга хэмжээ авахад ч хүндрэлтэй. Нэг уул тойроод намаржиж, өвөлжиж, хаваржиж, зусдаг айл байдаг. Гэтэл намарждаг газарт нь сүлжээ барихгүй бусад газарт нь сүлжээ барьдаг бол зөрчилд шууд тооцохгүй, дараагийн сүлжээнд орж ирэхийг нь харж, хянаж байдаг. Эрүүл мэндийн шалтгаан бусад ар гэрийн шалтгаанаас хамаарч сүлжээнээс гарсан тохиолдлууд байдаг, бид түүнийг зөрчил гэж үзэхгүй асуудлыг тодорхойлоод сануулж байгаа. Суман дээр байгаа иргэнд тогтмол хяналт тавьж чадахгүй байгаа. Шүүх анх шийдвэр гаргаж өгөхдөө тэр сумын сүлжээний бүсээс гарж болохгүй гэдэг байдлаар тогтоож өгвөл болох юм билээ. Хууль хэрэгжсэнээс хойш нэг удаа гаваа салгаж, сүлжээтэй газар орхисон тохиолдол гарсан” гэсэн юм.

Аль ч улс оронд интернэт, үүрэн телефоны сүлжээгүй бүс байдаг боловч энэ байдал нь зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд алдаа гарах, гажуудал үүсэх нөхцөлийг үүсгэхгүй байхад байнгын хяналт тавьж байна. Дохио дамжуулалтын хувьд Монгол Улсад ашиглаж буй цахим гавын төхөөрөмжүүд ноцтой алдаа гарах харьцангуй бага магадлалтай, хиймэл дагуулын зураглал зэргээс хамаарч байршил “үсрэх”, өөр байршилд заах тохиолдол гардаг боловч ийм тохиолдолд дохио дамжуулалтын алдааг зөрчилд тооцож, хорих ялаар сольсон тохиолдол гараагүй болохыг ШШГЕГ-аас мэдээлсэн юм. 

 

Цахим гав нь цэнэгээ 4-6 цаг барьдаг

Насанд хүрсэн хүн хоногт найман цаг унтахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэтэл уг цахим гав нь 4-6 цаг цэнэгээ барьдаг ажээ. Үүнээс үүдэж тухайн хүн шөнө сэрж төхөөрөмжөө цэнэглэх эсвэл төхөөрөмжийг цэнэглэж хонуулах зэрэг асуудал тулгардаг байна. Мөн цахилгааны хязгаарлалт, цаг уурын нөхцөл байдал, суралцах, хөдөлмөр эрхлэх зэрэгт төхөөрөмжийг тогтмол богино хугацаанд цэнэглэх нь эргээд ял эдэлж буй ялтны хувьд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгодог байна.

Энэ талаар ял эдэлж буй Ц хэлэхдээ “Цахим гавын цэнэг хурдан дуусдаг. Би гадаа ажилладаг. Өвлийн улиралд цэнэг нь илүү хурдан дуусаж, ойр ойрхон цэнэглэх шаардлага үүсдэг. Хөлийн цахим бугуйвч хүйтний улиралд түрүүтэй гутал өмсөхөд хүндрэл үүсгэдэг. Биеэсээ салгахыг хориглодог тул түүнийг цэнэглэх процесс нь хүндрэлтэй байдаг. Тодруулбал, бүрэн цэнэглэгдэх хүртэл барьж суудаг, бугуйвч цэнэглэхэд халаад гар түлчих гээд байдаг. Үүнээс үүдэж бугуйвчаа нэг солиулж, батарейг нь хоёр удаа солиулж байсан. Мөн гар, нүүрээ угаах, усанд орох зэрэгт саадгүй, ус чийг ихтэй ажлын байрны орчин, байгаль цаг уурын нөхцөлд хэвийн ажиллах боломжтой, ус, тоосны хамгаалалттай байх шаардлагатай байна” гэсэн юм. 

Ярилцлага хийх үед төхөөрөмжийн төмөр хийц нь төмрийн харшил үзүүлсний улмаас хэрэглэх боломжгүй болж бугуйвчийг солиулж байсан болон усанд норгосноос болж гэмтсэн гаваа үзүүлсэн юм. Усанд норгохгүй байх зорилгоор хүнсний гялгар цаасаар ороож усанд ордог тухайгаа ярьж байлаа.  Тиймээс цахим гавыг ашиглахад төхөөрөмжийн цэнэгээ барих чадвар, ялангуяа Монгол Улсын эрс хүйтэн өвлийн улиралд найдвартай, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Цахим гавыг цэнэглэж, байнгын ажиллагаатай байлгах нь нэг талаас ялтны хариуцлага мөн боловч нөгөө талаас шаардлага хангасан төхөөрөмж хэрэглээнд нэвтрүүлэх нь төрийн үүрэг юм. 

Энэ талаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг “ХҮЭК-оос ял эдлүүлэх ажиллагаанд ашиглаж байгаа GPS хяналтын төхөөрөмжийн тэжээлийн үзүүлэлтүүдийн харьцуулсан судалгаагаар Монгол Улсад ашиглаж буй цахим гавын цэнэгээ барих хугацаа нь бусад улс оронд ашиглаж буй ижил зориулалт бүхий төхөөрөмжүүдээс бага байна. Мөн цахим гавыг хүний гарын бугуй, хөлийн шилбэнд авах боломжгүйгээр бэхэлдэг тул төхөөрөмж хүний өдөр тутмын үйлдэл, ердийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг үнэлж, хүний эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарлахгүй баталгаа, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Шилбэ, шагайнд зүүдэг төхөөрөмж нь бугуйны төхөөрөмж шиг ил харагдахгүй, жин, хэмжээний хувьд том учраас тэжээлийн багтаамж сайн байх давуу талтай байна. Харин ийм төхөөрөмж хүйтний улиралд гутлын түрийнд багтахгүй зэрэг сул талтай. Сүүлийн үед ухаалаг цагнаас төдийлөн ялгаагүй загвартай, эсхүл хөлийн шилбэнд оосорлож зүүдэг хяналт төхөөрөмж бий болсныг судлах, технологийн шинэчлэлд анхаарах шаардлагатай.

Мөрдөх ажиллагааны шатанд яллагдагчийн хувийн байдлыг сайтар тогтоох, гэр бүл, үр хүүхэдтэйгээ холбоотой өдөр тутмын үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь шаардлагатай зорчих чиглэлийг зөвшөөрөгдсөн маршрутад нэмж тогтоолгох хүсэлт гаргах зохицуулах шаардлагатай байна. Ялтан үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, гэр бүлийн гишүүдийг эмнэлгийн тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх, сахиураар хамт байх зэрэгт хүндрэлтэй талаар хүмүүс ярьдаг. Шүүхийн практикт ихэвчлэн ялтны оршин суух сум, баг, хороо, дүүргээс гарч явахыг хориглож, ялын нөхцөлийг тодорхойлж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад багагүй хязгаарлалт бий болж байна” гэсэн юм.

Ял эдлэх явцдаа ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, нийгмээс тусгаарлагдахгүй байх нь зорчих эрх хязгаарлах ялын үндсэн зорилго юм.  Тиймээс ялын нөхцөлийг зөвхөн оршин суугаа баг, сум, аймаг, дүүргээр тогтоож байгаа нь засаг, захиргааны өөр нэгжид байрлах ажлын байр, зайлшгүй шаардлагатай бусад газарт очиж, амьдралаа ердийн байдлаар үргэлжлүүлэхэд саад болж байна.

 

Сар бүр 39-42 мянган төгрөг төлж байна

 

Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан холбогдох зардлыг өөрөө хариуцах эрх зүйн зохицуулалттай байдаг аж. Заримдаа энэ төлбөр нь ялтанд эдийн засгийн болон сэтгэлзүйн дарамт, ачаалал болдог байна. ХЭҮК-ийн судалгаанд хамрагдсан ялтнууд цахим бугуйвчны төлбөртэй холбоотой бэрхшээл тулгардаггүй, өдөрт 1500 орчим төгрөгийн төлбөр төлж байгаа нь санхүүгийн хүндрэл үүсгэдэггүй гэжээ. Харин энэ талаар иргэн С “Цахим бугуйвчны хэрэглээнд сард 39-42 мянган төгрөгийн ашиглалтын зардал төлдөг. Өдрөөр нь тооцвол 1300-1500 төгрөгийн зардал төлдөг. Энэхүү төлбөрт цахим бугуйвчны болон үүрэн холбооны сүлжээний ашиглалтын зардал багтдаг” гэсэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, нөхөн төлүүлэх, санхүүжүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журмыг Засгийн газрын 2021 оны 94 дүгээр тогтоолоор баталсан байна. Уг журмаар асран хамгаалах хүнгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 60 ба түүнээс дээш насны хүн, эрх бүхий байгууллагаас хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь тогтоогдсон хүн, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, гурав хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, бүтэн өнчин хүүхдийг зорчих эрх хязгаарлах ялын зардлаас чөлөөлөхөөр зохицуулжээ.

Эцэст нь, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, уг ялыг эдлүүлэхэд хүний эрхийг хангах үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүхийн практикт ялыг ялгамжтай тогтоож буй байдлыг засаж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох шаардлагатай байна. Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа тав хүртэл жил байхаар хуульчилсан нь дэлхий жишгээс хэт урт байна. Энэхүү ялыг оногдуулах хугацааг улс орнууд богино хугацаагаар буюу хэдэн долоо хоног, дунд хугацаагаар буюу хэдэн сараас нэг жил хүртэлх, урт хугацаагаар буюу хоёрт жил хүртэлх хугацаагаар тогтоожээ.

Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд нийслэлээс, тодорхой дүүргээс, хорооноос, аймгаас, сумаас, багаас гарч явахыг хориглох зэрэг байдлаар бүсчлэлийг хэрхэн тогтоосноос энэхүү ялын үр нөлөө хол зөрүүтэй байгааг анхаарч зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтооход илүү объектив шалгуур тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна. Учир нь ялтан шаардлагатай үйлчилгээнүүдийг авахад бэрхшээлтэй байгаа юм.

Энэ тухай эрхээ хязгаарлуулсан иргэн С энэ асуудлыг  “Миний зорчих эрхийг хязгаарлаж бүсчлэл тогтоосон. Миний оршин суудаг Хөтөл сум нь Орхон аймгийн нутаг дэвсгэртэй хиллэдэг. Гэтэл харьяаллын эмнэлэг маань Орхон аймгийн бүс нутагт байрладаг. Бага насны хүүхдүүдтэйгээ эмнэлэг орох шаардлага гарвал яахаа мэдэхгүй байгаа...” гэсэн юм.

Өөр нэг иргэн “...Зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлж зорчих бүсээ хязгаарлуулсантай холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад тухайлбал MRI шинжилгээ өгөх гэхэд бугуйвчтай учраас өгч болохгүй. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгч, прокурорын зөвшөөрлөөр түр салгах боломжтой. Мөн хязгаарлуулсан бүсээс өөр газраас эмнэлгийн тусламж авах шаардлага үүсэхэд хүндрэл үүсдэг...” гэсэн юм.

Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нь давуу талтай ч хүний эрхийг хангасан буюу зорчих бүсийг тухайн хүнд тохируулж, амьдарч буй газарт нь байгаа үүрэн телефоны сүлжээг ашиглуулах, өөрийн улс орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон байх зэргээр зохицуулж хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад анхаарах хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 229 (7726)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.