Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Экологи, нийгмийн мэдээллийн алба

Ч.Хишигсүрэн: Дрон кодчиллын төрөлд Ц.Сүлд түрүүлж, дэлхийн аваргад оролцох эрхтэй боллоо

Робот кодчиллын улсын аварга шалгаруулах "Enjoy AI" тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийслэл болон 21 аймгаас 5-17 насны 330 орчим сурагч оролцсон бөгөөд дрон кодчилолын төрөлд  Говьсүмбэр аймгийн  Ч.Хишигсүрэн багшийн шавь Ц.Сүлд түрүүлж Шанхай хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа Говьсүмбэр аймгийн Хоёрдугаар сургуулийн багш Ч.Хишигсүрэнг урьж, ярилцлаа.

 

-Робот кодчиллын улсын аваргад таны бэлдсэн шавь тань түрүүлсэн байна. Баяр хүргэж, тэмцээний талаар яриагаа эхэлье?

-Робот кодчилол, дрон кодчилол, дэлгэцгүй кодчилолын улсын аварга шалгаруулах “ENJOY AI” тэмцээн энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдлаа.

Ингэхдээ дрон кодчилол дунд анги, ахлах анги, Робот кодчилол бага, дунд, ахлах анги, Дэлгэцгүй кодчилол цэцэрлэг, бага ангийн насны ангилалтайгаар зохион байгуулагдлаа.  “Unitel STEAM HUB” Говьсүмбэр сургалтын төвийн тамирчид маань амжилттай оролцож дрон кодчилолын төрөлд гурван сурагч оролцосноос зургаадугаар ангийн сурагч Ц.Сүлд маань түрүүлж арван хоёрдугаар сарын 7-нд Шанхай хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

-Дэлхийн аваргад оролцох бэлтгэлдээ хэдийн орсон байгаа байх. Бэлтгэлээ хэрхэн базааж байна?

-Монгол хүүхдүүд дрон болон робот кодчил талдаа бусад улсын хүүхдүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд байдаг гэсэн. Тиймээс сайн бэлдэж чадвал амжилт гаргах байх гэсэн итгэл найдвартайгаар бэлтгэлээ базааж байна.

-Дэлхий нийтээр хиймэл оюун ухаан, робот маш их хөгжиж байна. Зарим улс орон бага боловсролын сургалтын хөтөлбөртөө энэ төрлийн хичээлийг оруулж өгч байна. Манай улсын хувьд энэ төрлийн хөтөлбөрийг мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөртөө тусгаж өгсөн байдаг юм болов уу?

- Мэдээлэл технологийн салбарт код бичих чадвар маш чухал. Тиймээс хүүхдүүдэд багаас нь тоглоом хэлбэрээр хялбар код бичих программыг зааж, дунд, ахлах ангид нь мэргэжлийн программ бичих хичээлийг заах нь чухал байна. Энэ төрлийн хөтөлбөрийг мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөрторуулж өгөх шаардлага үүссэн байна. Өөрөөр хэлбэл, Мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр хоцрогдсон гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь уг сургалтын хөтөлбөр одоогоос 20 жилийн өмнө л World, Exel зэрэг дээр ажиллахыг заадаг байсан. Одоо ч энэ хөтөлбөр хэвээрээ байна. Гэтэл нөгөө талдаа хүүхдүүд AI ашиглаад л шивэх зэргийг хийж байна шүү дээ.

-Mon steam академи Unitel групптэй хамтран энэ төрлийн сургалтын төвийг аймгуудад байгуулсан гэсэн. Танайх бас тэдний сургалтын төв үү?

-Тийм ээ. Mon steam групп Unitel групптэй хамтран 20 аймагт “Unitel Steam hub” сургалтын төвөөрөө дамжуулан ирээдүйн инженерүүдийн суурийг тавьж, тэдний авьяасыг дэмжих зорилготой хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. RoboKID сургалтаараа дамжуулан код бичих, робот болон дрон угсрах, хөдөлгөх зэрэг инженерийн сэтгэлгээг хөгжүүлж, логик, бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг. Тус сургалтад өнгөрсөн жилийн байдлаар нийт 712 хүүхэд хамрагдсан гэсэн. Манай Говьсүмбэр аймагт болохоор энэ жилийн хоёрдугаар сард энэ хөтөлбөр хэрэгжиж, сургалтын төвийн багшаар миний бие ажиллаж байна.

-Таны хувьд багшаар хэдэн жил ажиллаж байна вэ. Энэ хугацаанд ямар амжилтуудыг гаргаж байв?

-Би 2004 оноос эхлэн Говьсүмбэр аймгийн Хоёрдугаар сургуульд мэдээлэл зүйн багшаар ажиллаж байна. Энэ хавраас “Unitel steam hub”-д давхар ажиллаж, дээрх сургалтыг хариуцан хичээллүүлэх болсон. Өнгөрсөн хугацаанд аймгийн болон улс, бүсийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.

-Бага наснаас нь хүүхдүүдэд код бичихийг заах нь илүү үр дүнтэй гэлээ. Хамгийн багадаа хэдэн насны хүүхдийг бэлтгэдэг юм бол. Мөн танай сургалт одоогоор хэдэн хүүхэдтэй байна вэ?

- Дэлгэцгүй кодчилол, дрон кодчилолыг бага насны хүүхдүүд сурахад маш хялбар байдаг. Тиймээс таван наснаас энэ төрөлд бэлтгэхэд тохиромжтой байдаг. Манай “Unitel steam hub Говьсүмбэр” төв маань таван төрлийн сургалт хичээллүүдэг. Цахилгаан хэлхээ, робот угсрах, дрон угсрах зэрэг сургалтыг ордог. Сардаа 10 орчим хүүхэд сургалтад хамрагдаж байна. Манай Говьсүмбэр аймаг 12 жилийн дөрөв, есөн жилийн нэг сургуультай. Сургуулиудаар сургалтынхаа талаар танилцуулж, робот болон дроноо угсарч, нисгэж үзүүлдэг. Хүүхдүүд маш ихээр сонирхдог ч төлбөртэй учраас хамрагдах нь бага байдаг. Сургалт маань сарын 85000 төгрөгийн төлбөртэй. Гэхдээ энэ утэмцээний дараа эцэг эхчүүд олноор холбогдож, хүүхдээ явуулья гэж байна. Аливаа зүйлийг таниулахад цаг хугацаа ордог гэдэг шүү дээ. Удахгүй олон хүүхдүүд энэ төрлийн спортоор хичээллэх байх гэж бодож байна.

- Цаашид мэдээлэл технологийн чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн тулд өнөөдөр бид юу хийх ёстой вэ. Энэ талаар салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Манай улс гурван сая хүн амтай хэр нь 300 гаруй хүүхэд энэ удаагийн тэмцээнд оролцлоо. Үүнээс харахад энэ робот болон дрон угсралт зэргийг хүүхдүүд маш их сонирхдог юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ерөнхий боловсролын мэдээлэл зүйн сургалтын хөтөлбөрт Steam боловсрол гэж бага ангийн сурагчдад заахаар тусгагдсан байсан ч өнгөрсөн жилээс энэ хөтөлбөр хасагдсан. Улаанбаатар хотын зарим сургуулиуд Mon Steam академитай хамтран хэрэглэгдэхүүнээ худалдаж авч хичээлээ заадаг гэсэн. Орон нутагт бол тийм боломж байхгүй байсан. Гэхдээ энэ нөхцөл байдлыг олж харж, инженерийн боловсролыг бага наснаас нь олгох нь илүү үр дүнд хүрдэг хэмээн үзэж “Mon steam” академийн захирал Ач-Эрдэнэ Unitel групптэй хамтран 2022 оноос орон нутагт сургалтын төвүүдээ нээсэн. Энэ нь үр дүнгээ эхнээсээ өгч улсын хэмжээний тэмцээн зохиох хэмжээнд хөгжсөн байна.  Хурдацтай хөгжиж буй технологийн салбарт багаасаа суралцах нь ирээдүйтэй хөл нийлүүлэх нэг боломж юм. Энэ чиглэлийн сургалт, хөтөлбөртйг хөгжүүлснээр сурагчдын сэтгэн бодох, өөрийгөө дайчлах, багаар ажиллах чадвар нэмэгдэнэ.. Улс орнууд цаашид хиймэл оюун ухаан, робот зэргээрээ өрсөлддөг болж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь ирээдүйд олон боломжуудыг авчрана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 201 (7698)