Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Экологи, нийгмийн мэдээллийн алба

Б.Батхуяг: Нэн тэргүүнд хар тамхины нийлүүлэлтийг таслан зогсоох ажлыг эрчимжүүлнэ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.

 

-Ерөнхий сайд хар тамхитай тэмцэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор хяналт шалгалтыг сайжруулж эхэлж байх шиг байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Сүүлийн гурав хоногт Хар тамхитай тэмцэх газраас манай байгууллагын хяналтад байдаг мансууруулах бодис хэрэглэдэг этгээдүүд цуглардаг баар шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажиллагааг явууллаа. Уг газарт мансууруулах бодис худалдан борлуулж буй болон мансуурсан иргэд байж болзошгүй байгаа талаар удаа дараа иргэдээс дуудлага мэдээлэл ирүүлсэн. Шалгалтын хүрээнд 1100 орчим хүнээс биологийн дээж авахад 30 хүн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байгаа нь тогтоогдсон. Үүнээс эмэгтэй гурав, гадаадын дөрвөн иргэн  байсан. Гадаад иргэдийн хувьд АНУ, Нигери, Турк улсын иргэд байсан. Мөн эдгээр иргэдийн долоо нь мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг худалдан борлуулж байсан.

-Хар тамхитай холбоотой хэрэг гарсны дараа шалгалт явууллаа гэх иргэдийн шүүмжлэл их байна. Танайхаас энэ төрлийн шалгалтыг өмнө нь явуулдаг байсан уу?

-Баар, шөнийн цэнгээний газраар шалгалтын ажиллагааг үе үе цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг. Яг тухай бүрд нь мэдээлдэггүй байсан. Ер нь байнгын хийж хэрэгжүүлдэг ажлын нэг. Энэ удаа олон нийтийн анхааралд буй хэрэгтэй холбоотойгоор хийж хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд таниулах зорилгоор мэдээлсэн. Тиймээс өнгөрсөн долоо хоногт хийсэн шалгалтын ажлыг тогтмол хийгддэг ажил гэж ойлгож болно.

-Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу танайх ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Бид одоо байгаа хүний нөөц болон бусад боломж дээр тулгуурлан нийлүүлэлтийг таслан зогсоох ажлыг эрчимжүүлж байна. Манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодис хоёр урсгал байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсын нутаг дэвсгэрт ургаж буй зэрлэг олсны ургамал буюу мансууруулах үйлчилгээтэй энэ ургамлын тархцыг тогтоох, устах ажиллагааг жил бүр явуулдаг. Эргээд устгалын үр дүн нь ямар байна вэ гэдгийг найман сарын сүүлээр дахин шалгадаг.

-Энэхүү ургамал нь манай улсын хэдэн аймагт ургадаг вэ. Хангалттай хэмжээнд устгаж чаддаг уу?

-Монгол Улсын 11 аймгийн нутагт таван мянга орчим га газар тархан ургадаг. Устгах ажилд тухайн аймгийн ГХУСАЗСЗ буюу ИТХ нь тархцын хэмжээнд тохирсон зардлыг төсөвлөх ёстой. Гэтэл хүрэлцэхүйц хэмжээний төсөв, мөнгийг хуваарилж чаддаггүй. Нэг га газарт ургасан ургамлыг 500 орчим мянган төгрөгөөр устгаж хор цацах тооцооллыг Ботаникийн хүрээлэнгээс гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, жилд 2.5 тэрбум орчим төгрөг зарцуулах ёстой. Гэтэл энэ жил нийт 200 сая төгрөг төсөвлөгдсөн. Энэ төсвийн дагуу устах ажиллагааг хийсэн. Төсөв мөнгө нь хүрэлцээтэй байдаг бол энэ ургамлыг хэдэн жил дараалан устах ажлыг зохион байгуулж, бүрэн гүйцэт устах бололцоотой. Энэ ургамал устсан тохиолдолд манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэрэг 70 хувиар буурах боломжтой. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн дийлэнх нь зэрлэг олсны ургамлын түүж бэлтгэх, хадгалах, зарж борлуулахтай холбоотой гэмт хэрэг эзэлдэг. Үлдсэн 25 хувь нь Монгол Улсын хилээр гаднын улсад бэлтгэсэн синтетик төрлийн бодис, таван хувь нь Эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн зориулалтын орчинд эмчийн хяналтад хэрэглэдэг эм тариаг урвуулан хэрэглэж мансуурч буй гэмт хэрэг эзэлж байна.

-Манай улс руу орж ирж байгаа синтетик төрлийн бодис ихэвчлэн аль улсаас орж ирж байна. Энэ асуудлыг шийдэх ямар боломж байна?

-Манай улсад одоо нийлүүлж байгаа синтетик төрлийн бодисын 75 хувийг Бүгд найрамдах Турк улсаас нийлүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад манай улсаас гадны улсад оргон зайлсан гэмт этгээдүүд тухайн улс орноосоо нийлүүлэгч болж гэмт бүлэглэл болон хүмүүсийн гар хөл болж буй асуудал их байна. Энэ тохиолдолд тухайн улсад Хар тамхитай тэмцэх ажил хариуцсан атташе ажиллуулж гэмт этгээдүүдийг хурдан шуурхай баривчилж Монголд ирүүлэх, ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтын одоо ажиллагааг өргөжүүлж Монгол Улс руу одоо нийлүүлж байгаа нийлүүлэлтийг таслан зогсоох чиглэлээр гаднаас нь ажиллах шаардлага үүсэж байгаа юм. Турк улс руу зугтаж гарсан бас гэмт этгээдүүд нэлээдгүй олон байна. Одоо интерполын шугамаар нийт 17 иргэнийг эрэн сурвалжилж байна. Долоон иргэнийг гаднын улс орноос баривчилж албадан ирүүлсэн. Мөн дотооддоо хилийн байнгын ажиллагаатай боомтууд дээр дэлхийн улс орнуудыг ашигладаг өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Хар тамхитай тэмцэх газар, ГЕГ ХХЕГ тагнуулын байгууллагуудтай хамтран энэ гаднын сентетик төрлийн урсгал нийлүүлэлтийг таслан зогсоох чиглэлээр бас тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна.

-Таван хувь нь эм хэрэглэж мансуурч байна гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүн амын эмчилгээнд хэрэглэдэг мансууруулах үйлчилгээтэй 13, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй 33 буюу 46 төрлийн эрүүл мэндийн сайдын 2015 оны 68 дугаар тушаалаар батлагдсан хавсралтад заасан эм байдаг. Эдгээр эм, тариаг эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналт дор хэрэглэх ёстой. Гэтэл эмчилгээний явцад тухайн эм тарианы донтолт үүсч, эсвэл олдоц ихтэй эмнэлгийн байгууллагын хяналт сул байдлыг ашиглан эм тариаг олж авч урвуулан хэрэглэх байдлаар хэрэглэж мансуурдаг хэрэглэгч, донтогч нар бий болсон. Тиймээс эдгээр хүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бусаар эм тариа зарж борлуулж буй үйлдэлд хяналт тавих ажил нэн шаардлагатай байна. Учир нь цахим орчинд морфин хэрэглэгчдийн групп, хүнд өвчтэй хүмүүсийн группүүд дээр эм тариаг чөлөөтэй худалдан борлуулж байна. Ингэхдээ “Ойр дотны минь хүний бие муу байна. Яаралтай энэ тариа, эм байвал өгөөч” гэхээр иргэд бие биедээ одоо туслах зорилгоор өгчихдөг. Гэтэл ард нь хүүхдүүд байдаг. Өвөө эмээ минь ирж авч чадахгүй учраас намайг явууллаа гээд өсвөр насны хүүхэд очиж аваад хэрэглэчихдэг. Тэгэхээр энэ байдлыг хяналтад авах ажлыг улам эрчимжүүлэх хэрэгтэй байна. Мөн эдгээр эм нь хүн амын эмчилгээнд өргөнөөр хэрэглэгддэг. Мансууруулах эм сэтгэц нөлөөт бодисын жагсаалтад багтдаггүй учраас Эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байдаг. Энэ байдлыг ашиглан Эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, олдоц ихтэй, үнэ хямд, хяналт сул байдлыг ашиглан хүүхэд, залуучууд энэ эмийг хэрэглэх хэрэглээ ихсэж байна. Учир нь тусгай жороор биш энгийн жороор олгогдоод байна. Өрхийн эмч бичээд өгөх бололцоотой энэ эмийг урвуулан хэрэглэж мансуурч байгаа асуудал сүүлийн дөрвөн жилд маш их газар авсан. Ходоодоор уусгаж хоногт нэг ширхэг уух ёстой эмийг 10-20 ширхгээр нь тарианы устай найруулаад тарьж хэрэглэдэг. Ходоодоор шингээгддэг тухайн эм нь тарианы усанд бүрэн найрагддаггүй учраас хялгасан судасны бөглөрөл үүсгэж гар, хуруугаа тайруулах тохиолдол маш их байна. ГССҮТ-ийн гар сарвууны тасгийн өгсөн мэдээгээр 45 хүүхэд гар хуруугаа тайруулж, 13 хүүхэд амь насаа алдсан байна. Тиймээс эмийн жорыг цахим болгох нь чухал байна. Гадны улс оронд эмийн жорыг цахимаар өгдөг. Эмийн сангаар үйлчлүүлэхэд тухайн хүнд олгогдсон жор нь хаагддаг. Өөр эмийн сангаар үйлчлүүлэх боломжгүй болдог гэсэн үг. Гэтэл манайд цаасан жорыг маш олноор хувилж, хэвлэж, хууль бусаар үйлдэх асуудал гарсаар байна.

-Сүүлийн үед хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт их холбогдож байна. Хүүхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?

-Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналт дутмаг. Үүнээс үүдэж хүүхдүүд утаат тамхи боон архи, пиво хэрэглэж, сүүлдээ янз бүрийн газ, цавуу ч юм уу ахуйн хэрэглээний зүйлийг хэрэглэж мансуурч цаашид ургамлын гаралтай мансууруулах бодисыг хэрэглэж байна. Энэ нь хүчтэй донтолт өгч, сүүлдээ илүү хүчтэй мансуурахын тулд синтетик төрлийн бодисын хэрэглээтэй болж байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд энэ төрлийн мэдлэг ойлголт муутайгаас гадна зөвхөн баян айлын хүүхдүүд хэрэглэдэг гэж буруу ойлголттой байх хооронд хар тамхи гэдэг зүйл айл бүрийн хаалгыг тогшиход бэлэн болсон байна.

Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 10 хүүхэд тутмын долоо нь сониуч зангаасаа болж бусдыг даган дуурайж гэмт хэрэгт холбогдож байна. Мөн 10 хүүхэд тутмын дөрөв нь чөлөөт цаг ихтэй ямар нэгэн урлаг, спортоор хичээллэдэггүй, эцэг эхийн хараа хяналт сул хүүхдүүд байгаа юм.  Харин хоёр хүүхэд тутмын нэг нь буруу эх сурвалжаас буюу найз нөхдөөсөө мэдээлэл авч хэрэглэгч болж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, энэ талын мэдлэг ойлголтыг өгч, ямар ч тохиолдолд хар тамхи хэрэглэхгүй байх дархлаатай болгомоор байна. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтнууд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх урлаг спортоор хичээллүүлэх боломжийг нь хангах хэрэгтэй.

Жишээлбэл, Хоёр жилийн хугацаанд өсвөр насны ах дүү хоёр хар тамхи хэрэглэсэн байсан боловч ээж нь мэдээгүй. Цагдаад хүүхэд нь баригдаад явсны дараа л ээж нь хүүхдүүдээ хар тамхичин болсныг мэдсэн. Энэ хоёр жилийн хугацаанд тухайн хүүхдүүд байрныхаа болон хамаатан садан, ангийнхан зэрэг 21 хүүхдэд хар тамхи хэрэглэхийг зааж өгч хэрэглүүлсэн байсан. Тиймээс хүүхдийнхээ найз нөхөд, танилын хүрээлэлд анхаарал тавьж , хүүхдийнхээ гарын шуу хэсэгт зүү оромны мөр байгаа эсэх талаар мөн цахим орчин, халаас, цүнх зэргийг маш сайн шалгах хэрэгтэй.

Мөн хар тамхи хэрэглэсэн тохиолдолд зан араншин, биеэ авч яваа, байдал найз нөхдийн хүрээлэл гэх мэт өөрчлөгддөг. Энэ гарах шинж тэмдгүүдийг мэдэж авснаараа хүүхдээ аль болох хэрэглэгч донтогч болохоос нь эрт үед нь илрүүлэх боломжтой. Нэгэнт хэрэглэгч болоод донтолт явагдаад эхэлсэн бол эмчлэхэд хүнд.

-Эцэг эхчүүд хүүхдэд нь ямар шинж тэмдэг илэрвэл сэжиглэх хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд биеийн байдал өөрчлөгддөг. Нүд болоод хүүхэн хараанд, архи согтууруулах ундаа үнэртэхгүй байгаа хэрнээ гуйвж дайвж биеэ авч явах. Мөн ил харагдах шууд таньж мэдэх бололцоотой шинж тэмдгүүд байна. Бөөлжих, огих, гүйлгэх шинж тэмдгүүд илэрнэ. Ам цангах, зүрх дэлсэх, толгой өвдөх, нойр хоолны байдал нь маш их өөрчлөгддөг. Тодруулбал, сэргээшний төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд олон хоног унтахгүй, юм идэхгүй байдаг. Харин тайвшруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд олон хоногоор унтах, хэл яриа нь ээдэрдэг. Хамгийн гол мэдэгдэх зүйл нь хүүхэн хараа маш том болдог. Нүдний салстууд улайж олон хоногоор арилахгүй байх юм бол сэжиглэх хэрэгтэй. 

Мөн зан байдал маш их өөрчлөгддөг. Жишээлбэл, 2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр БЗД-ийн 14 дүгээр хороонд 14 настай хүүхэд 13 настай эрэгтэй хүүхдийг 45 удаа, төрсөн эгчийг нь буюу 14 настай эмэгтэй хүүхдийг 54 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг бүртгэгдсэн. Мөн каннабис буюу зэрлэг олсны ургамлын хэрэглэсэн үедээ согтуу явж байсан эмэгтэйг хүчирхийлж, амь насыг нь хөнөөж жорлонд хаясан тохиолдол бий. Саяхан Хан-Уул дүүрэгт мансуурсан үедээ хамтран амьдрагчаа амь насыг нь бүрэлгэж, мөчлөөд нохойд хаяж өгсөн хэрэг гарлаа. Тэр хүн нь маш их хэмжээний мансуурсан байдалтай байсан бөгөөд синтетик төрлийн их хэмжээний бодис гэрээс нь хурааж авсан. Тэгэхээр донтсон хүмүүс бусдыг өрөвдөх хайрлах ямар сэтгэлгүй, догшин хэрцгий зантай болдог.

Мөн сүүлийн үед хар тамхи хэрэглэгчдийн хүйсийн байдал өөрчлөгдөж  охид хэрэглэх нь ихэссэн. Нийт хэрэглэгчдийн 90 хувь нь эрэгтэй 10 хувь нь эмэгтэй байна. Охидын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор манай байгууллагаас саун массажны газар, тайчих үзүүлбэртэй баар зэрэг нийт 22 байгууллагын нийт 255 иргэнд шалгалт хийхэд 44 эмэгтэй буюу нийт одоо шалгагдсан хүмүүсийн 17,2 хувь нь мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Мөн шөнийн цэнгээний газруудад шалгалт явуулахад тэнд үйлчлүүлж байгаа нийт иргэдийн одоо 60-аас дээш хувь нь охид байна. Тэгэхээр эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдээ хаана юу хийж байгааг анзаараач ээ. Бааранд үйлчлүүлж байгаа хүмүүсийн одоо бараг ер орчим хувь нь 20 орчим насны охид, хөвгүүд байна шүү. Тэр газарт л танай хүүхдийг уруу татах хүмүүс отож байгаа гэдгийг сайн бодоорой.

-Өсвөр үеийн хүүхэд залуучуудаа хэрхэн энэ төрлийн гэмт хэргээс хамгаалах вэ. Ямар бодлого бидэнд хэрэгтэй байна?

 -Боловсролын байгууллагаас явуулах дунд ахлах ангийн сурагчдад энэ хорт зуршлаас ангид байх донтолтод өртөхгүй байх, утаат болон электрон тамхи, архи, хар тамхи хэрэглэхгүй байх талаар хор уршиг болон хуулийн хариуцлагыг таниулах хэрэгтэй байна. Хар тамхины хэрэгт холбогдсон хүүхэд гадаадад сургуульд явах боломжгүй, төрийн албанд орж ажиллах боломжгүй, ирээдүйн одоо зорилго, хүсэл мөрөөдлөө биелүүлэх бүх боломж нь хаагдана аа гэдгийг сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Харамсалтай нь 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-д байсан ЕБС-ийн дунд ахлах ангийн сургалтын хөтөлбөрт мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулсан сургалтын хөтөлбөртэй байна гэдэг заалтыг хүчингүй болгочихсон. Энэ заалт байхгүйгээс шалтгаалж одоо ЕБС дээр энэ төрлийн сургалтууд хийгддэггүй. Ирээдүйгээ хар тамхины аюулаас ангид байлгая гэх юм бол энэ ер Боловсролын яамнаас анхаарч энэ сургалтын хөтөлбөрт оруулж хүүхэд бүрийг насан туршийн дархлаатай, мэдлэг ойлголттой болгох нь чухал байгаа юм.

-Хар тамхи хэрэглэсэн хүн хаана хандах ёстой байдаг юм бэ. Хар тамхи хэрэглэсэн л бол хорих ял эдэлнэ гэж ойлгоод байдаг шүү дээ?

-Хэрэв таны хүүхэд болон ойр дотны хэн нэгэн хар тамхи хэрэглэсэн бол Цагдаагийн байгууллагад сайн дураараа хандаж шалгуулсан тохиолдолд ямар нэгэн эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдоггүй. Мөн хэрэглэж байсан эм бодисоо сайн дураар гаргаж өгөх, гэмт этгээдүүдийг зааж өгсөн, хамтран ажилласан тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гээд заачихсан байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авах нь зүйтэй гэж иргэдэд хэлмээр байна.  Цагдаагийн ерөнхий газрын “ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР”-ын пэйж хуудас, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх 116 тусгай дугаарын утас болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

-Эм хэрэглээд байна гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эмнэлгийн байгууллагууд хүн амын эмчилгээнд хэрэглэдэг эм тариаг урвуулан хэрэглэж байна. Эмнэлэг, эмийн сангийн ажилчид өөрсдөө хэрэглэх ёсгүй хүнд хуурамч өвчний түүх зохиож, бичиж шунахай зорилгоор зарж борлуулж байна.  Тухайлбал: 2025 онд “Туншил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж 41 хүнд холбогдох 18 гэмт хэргийг илрүүлж, эм тариаг нь хураан авч устгах ажлыг зохион байгуулсан. Мөн Хар тамхитай тэмцэх газрын хяналтад байдаг энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй бүлэг зохион байгуулалттай энэ сэжигтэй этгээдүүдэд цохилт өгөх зорилгоор “Бүлэг 2025” арга хэмжээг зохион байгуулж зургаан бүлгийн 73 хүнд холбогдох 46 гэмт хэргийг илрүүллээ. Мөн дулааны улиралд зохиогдож байгаа урлагийн олон тоглолтууд дээр зарим дуучид өөрснөө хэрэглэсэн байдалтайгаар одоо уран бүтээлээ хийдэг. Тэгэхээр энэ уран бүтээлчдийг шалгах, уг шоу тоглолтод очсон иргэд мансуурсан зөрчлүүдийг олж тогтоох ажлуудыг зохион байгуулж 25 хүнийг олж тогтоон 14 гэмт хэрэг илрүүлсэн. Нийт 185 хүнээс биологийн дээж авч шалган 29 хүн мансууруулах бодис хэрэглэснийг олж тогтоосон. Цаашид энэ зохиогдох урлагийн тоглолтууд дээр шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.  

-Эрэлт багасвал нийлүүлэлт ч дагаж багасдаг бизнесийн зарчим байдаг. Хар тамхи худалдан борлуулах асуудал ч гэсэн үүнтэй адил байх.Өөр бусад улс оронд хар тамхитай хэрхэн тэмцдэг юм бол?

-НҮБ-ын мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албаны зөвлөмжөөр нийлүүлэлтийг таслан зогсоохоос илүүтэйгээр эрэлтийг бууруулах нь маш үр дүнтэй гэсэн зөвлөмжийг өгдөг. Эрэлт буурснаараа нийлүүлэлт буурна гэж дэлхийн улс орнуудад зөвлөж байгаа. Эрэлтийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн явуулах ёстой. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус газраас “Анзаар”, “Анзаар2” аяныг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний гол зорилго нь иргэдэд мэдлэг олгох юм. Учир нь иргэд уран сайхны кинон дээр гардаг шиг төсөөллөөр хандаад байдаг. Уран сайхны кинон дээр цүнхтэй доллар бариад л нэг нунтаг цагаан зүйлийг булаацалдаад л байлдаад байдаг. Ингэхээр хөрөнгөтэй хүн хэрэглэдэг гэж ойлгоод миний хүүхдээс, биднээс хол асуудал гэж ойлгодог. Гэтэл манай улсад ургаж байгаа энэ ургамлын тархац эзэнгүй хяналтгүй газар ургаж байна. Эдгээрийг түүж бэлтгэхэд ямар ч мөнгө төгрөг орохгүй. Өндөр үнэтэй бодисыг мөнгөтэй, үнэ хямд бодисыг хөрөнгөгүй хүмүүс өөрсдийн хэрэгцээнд тохируулан авч хэрэглэж байна. Мөнгөгүй болсон үедээ бусдын эд зүйлийг хулгайлах, залилан хийх, биеэ үнэлэх гэх мэт гэмт хэргүүд үйлддэг. Тэгэхээр таны хүүхдээс тийм ч хол биш болсон.

-Манай улсаас одоо өөр улсад энэ чиглэлийн ял шийтгэл эдэлж байгаа хүмүүс байдаг уу?

-Байгаа. Монгол Улсын 49 иргэн гадаад улсад ял шийтгэл эдэлж байна. Тухайлбал, БНХАУ-д 34, БНТУ тав, БНСУ долоо, Япон улсад нэг хүн ял шийтгэл эдэлж байгаагаас 10-аас доош жилийн хорих ялтай-24 иргэн, 10-20 жилийн хорих ялтай-22 иргэн, 20-иос дээш жилийн хорих ялтай гурван иргэн байна . 2024-2025 онд Монгол Улсын зургаан иргэн Хонгконгод шалгагдаж байна. Гаднын улсад иргэд маань тээвэрлэгч болж баригдах тохиолдлууд бас нэлээдгүй өсөх хандлагатай байна.

-Манай улсад гаднын иргэн ял эдэлж байгаа тохиолдол бий юу. Өнгөрсөн долоо хоногт хэрэгт холбогдсон дөрвөн иргэнд ямар арга хэмжээ авах вэ?

-Манай улсад шалгагдаж байсан гадаадын иргэд бүгд ялаа эдлээд гарсан. Өнөөдрийн байдлаар нэг ч хүн байхгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт хэрэгт холбогдсон дөрвөн иргэн зөрчлийн хуулиар 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.

-Ялтан солилцоо эсвэл шилжүүлгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэдийг авч ирдэг үү?

- Манай улс ялтан шилжүүлж авах гэрээгээр 2015 оноос хойш  гурван ялтан шилжүүлж авсан. Одоогоор Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн улмаас ял шийт­гэл эдэлж байгаа гадны иргэн байхгүй тул ялтан шилжүүлэх боломжгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (7635)