Манай улсад хэвлэлийн эрх чөлөөний асуудал өдөр ирэх тусам сорилт, саад бэрхшээлүүдтэй нүүр тулсаар байна. Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын 2025 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 180 орноос 102 дугаар байрт жагссан бөгөөд “асуудалтай” орны ангилалд багтсан. Иймд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дэмжлэгээр зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлгийн нээлтэд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, “Глоб интернэшнл” төвийн ТУЗ-ын дарга Х.Наранжаргал нар оролцож үг хэллээ. Харин НҮБ-ын Суурин төлөөлөгч Яап ван Хиердэн, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал, профессор Шабхаз Хан нар видео мэндчилгээ ирүүлсэн юм. ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал, профессор Шабхаз Ханы мэндчилгээнд “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “Энх тайван ирээдүйг бүтээх нь” хэмээх энэ жилийн сэдэв нь тодорхой утга санааг агуулж байна. Үнэнгүйгээр энх тайвныг цогцлоох боломжгүй. Чөлөөт, хараат бус сэтгүүл зүйгүйгээр үнэн оршихгүй. Сэтгүүлчид дарамт шахалт, айдас дор, хамгаалалтгүй ажиллаж байгаа цагт олон нийтийн итгэл тогтвортой байхгүй. Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн хэвлэл мэдээллийн салбарын асуудал биш юм. Энэ нь ардчилсан нийгмийн тулгуур суурь юм” гэж онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Глоб Интернэшнл төвийн гүйцэтгэх захирал Б.Онон “Сэтгүүлчдийн аюулгүй байдал, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж буй асуудал, нөхцөл байдал” сэдвээр илтгэл танилцуулсан юм.
Тэрээр “Манай байгууллага 2021 оноос хойш жил бүр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж “Сэтгүүлчдийн аюулгүй байдал”-ын судалгааг хийж ирсэн. Энэ удаагийн судалгаанд маань 346 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан оролцсон байгаа. Судалгаанд оролцсон нийт сэтгүүлчдийн 20 орчим хувь нь эрх нь зөрчигддөг гэх хариулт өгсөн. Тэгвэл тэдгээр сэтгүүлчдийн эрхийг хэн хамгийн их зөрчиж байна гэхээр эрх мэдэл бүхий албан тушаалтан, хууль хүчний байгууллагынхан байна. Зөрчлийн хэлбэрийн хувьд бие махбод, техник хэрэгсэлд халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх зэрэг нь давамгайлж байна. Мөн судалгаанд хамрагдсан сэтгүүлчдийн 79 хувь нь ямар нэгэн байдлаар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа сэтгэл зүйн дарамтад ордог гэж хариулсан. Иймд сэтгүүлчдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгдүгээрт, хууль эрхзүйн орчныг сайжруулах, хоёрдугаарт, цалин хөлс, нийгмийн хангамжийн байдалд анхаарах шаардлагатай нь чухал үзүүлэлт болж байна” гэлээ.
Түүнчлэн дээрх судалгаанд оролцсон сэтгүүлчдээс сайтын сэтгүүлч, зураглаачид аливаа дарамт, шахалтад өртөх эрсдэл өндөр байсан аж. Иймээс сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахын тулд хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар цаасан дээр бичээд орхих биш хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.
Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх хэвлэлийн эрх чөлөө ямар байх, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтын талаар ХЗДХЯ-ны ХЗБ-ын газрын Нийтийн эрх зүйн ахлах шинжээч Ж.Амгалангаас тодруулсан юм.
Тэрээр “Засгийн газраас “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулга хэлбэрээр боловсруулж 2025 онд УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслөөр сэтгүүлзүйн үйл ажиллагаа хамгаалагдах гол концепцтой. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар сэтгүүлзүйн үйл ажиллагааны тухай ойлголт тодорхой бус байгаагаас болж энэ салбарын нэр хүнд унах, олон нийт сөргөөр хүлээж авах хандлагатай болчихлоо. Тэгэхээр сэтгүүлзүйн салбарын үйл ажиллагааг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар ялгаж өгч, энэ салбарт баримтлах зарчмуудыг тодорхой болгож өгснөөр сэтгүүлзүйн үйл ажиллагаа хамгаалагдана. Сэтгүүлч төрөөс, хэвлэл мэдээллийн байгууллагын эздээс хараат бусаар хэрхэн ажиллах, ил тод байдлыг хангах замаар сэтгүүлзүйн үйл ажиллагааг яаж хамгаалах талаар гол зохицуулалтуудыг тусгасан. Дээр нь өөрийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааны талаар зохицуулалтыг оруулж өгсөн байгаа. Ингэснээр сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой асуудал дээр төрийн оролцоогүй өөрсдийн зохицуулалтын байгууллагаараа шийдүүлэх боломжтой” гэсэн юм.

ЮНЕСКО-гийн 2022-2025 оны “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн чиг хандлага” тайланд дурдсанаар дэлхий даяар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө 2012 оноос хойш 10 хувиар буурсан нь ноцтой ухралт болсон гэж үзжээ. Ийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж буйд анхаарлаа хандуулахыг уриалж, олон нийтийн мэдэх эрх ба нийтийн албан тушаалтны мэдээлэл өгөх үүргийн талаар МҮОНРТ-ийн ТУЗ-ын гишүүн, доктор Ж.Цэсэн “1998 оны “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуульд “Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй” тухай заалт байдаг. Гэтэл одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд бүгд пэйж, вэбсайттай болсон. Үүндээ зориулаад бүх яам, агентлаг, төрийн өмчит компаниуд дэргэдээ том хэмжээний студитэй болчихсон. Тэдгээр нь ажилтнууд, тоног төхөөрөмж гээд хэвлэл мэдээллийн байгууллагаас дутахааргүй түвшинд байдаг. Уг студиогуудыг төрөөс цалинжуулж, эдгээр нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын орон зай, зах зээлийг булаацалдсан ийм нөхцөл байдалтай байна. “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” шинэчлэгдвэл энэ асуудлыг зохицуулах шаардлагатай гэж харж байгаа. Төрийн байгууллагууд хэвлэлийн албатай байх нь хэвлэл мэдээллийн редакцуудын эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлж байна. Нөгөө талаас, төрийн эрх сурвалжууд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж өөрсдийнхөө бэлтгэсэн бэлэн текст, дүрс, яриаг өгч байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг түгээх хэрэгсэл төдий болгож байна. Энэ нь олон нийтийн мэдэх эрхэд сөрөг нөлөөтэй байна” гэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс хууль тогтоогчдод зориулсан мэдэгдлийн төслийг танилцуулсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 83 (7825)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn