"Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Чичин багийн “Чичин” нэртэй газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумаас баруун урд зүгт 20 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 26-ны 17:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 72 хүн, 10 автомашин, 20 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 04.28-ны өдрийн 18:55 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна” гэж онцгой байдлын албанаас мэдээлэв.
Энэ мэт ой, хээрийн гал түймрийн дуудлага онцгой байдлын байгууллагад “цурам хийх завгүй” ирсээр. Сүүлийн жилүүдэд ой хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж, түүний дийлэнх нь хүний болгоомжгүй үйлдлээс үүдэж байна. Ганц очноос ноцсон аюул эрчээ аван тархаж, байгаль орчин төдийгүй хүний амь нас, эд хөрөнгөд хэмжээлшгүй хохирол учруулсаар байна.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 10 аймгийн 41 суманд 72 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн тоон мэдээлэл бий. Үүнээс онцгой байдлын алба хаагчид сүүлийн долоо хоногт Увс, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймагт нийт есөн удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж ажиллажээ.
Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, найман автомашиныг авран хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 528.222 га талбай өртсөн байна.
Иймд ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, шалтгааны талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттүвшинээс тодруулахад “Ой хээрийн түймрийн дэгдэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ онд гарсан түймрийн ихэнх тохиолдол нь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байна. Тухайлбал, үнс нурам, хогоо ил задгай шатаах, иргэд орон нутагт зорчихдоо баталгаагүй тээврийн хэрэгслээр зорчиж машин шатах, автомашины янданд өвч хуримтлагдаж оч хаяснаас, өвөлжөө хаваржааны бууцнаас ихэвчлэн гал түймэр гарч байна. Энэ жилийн хувьд олон хоногоор үргэлжилсэн түймэр цөөн байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймэр, Дорнод аймгийн Булган сумын нэг удаагийн хээрийн түймрийг онцгой байдлын албаныхан болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан унтраахаар ажиллаж байна. Ой, хээрийн түймрийг унтраахад алба хаагчдын хувцас хэрэгслийг бүрэн хангаж, түймрийн голомт руу хүргэх туулах чадвар сайтай автомашинуудаар шуурхай дуудлагад ажилладаг. Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ний хугацаа бол түймэр гарах эрсдэл өндөр, аюултай үед тооцогддог. Тиймээс энэ хугацаанд иргэд хөдөө орон нутагт зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахих. Ил задгай үнс нурам асгалгүй зориулалтын саванд асгадаг байх. Бага насны хүүхдийг эзэнгүй орхихгүй, асаасан чүдэнз, галаа бүрэн унтраах зэрэг энгийн мөртөө заавал анхаарах дадлуудыг хэрэгжүүлж хэвшээрэй” гэлээ.
Эрчээ аван дүрэлзэх галыг цаг алдалгүй унтраахаар Онцгой байдлын алба хаагчид цаг минутгүй ажилласаар байгаа ч түймрийн дуудлага нэмэгдсэн хэвээр байна. Цаг агаарын хэт халалт, хуурайшилт, хүний буруутай, санамсар болгоомжгүй үйл ажиллагаанаас үүдэн онгон дагшин байгаль, хүний эд хөрөнгө, халуун амь нас эндэж, үгүй болж байна. Гал сөнөөгчид түймрийг хохирол багатайгаар, хурдан хугацаанд унтраахад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хамгийн чухал хэрэгцээ нь байдаг. Гэвч Онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалттай хэмжээнд байж чаддаггүй байна. Түймэр гарсан бүс нутгийн газарзүйн байршлаас хамаарч унтраах тактикийн хувьд өөр өөр төдийгүй ой, хээрийн түймэр унтраахад автомашин бүү хэл морьтой ч хүрэлцэж очих боломжгүй газар байдаг талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд өмнө нь мэдээлж байв.
Иймд “Техник, тоног төхөөрөмжийг сайжруулан 100 хувьд хүргэхэд ойролцоогоор 800-900 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Бид жилд дунджаар 20-25 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж байна. Техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглах явцад эвдэрч гэмтэх, засвар хийх гээд байнгын ашиглалтад байдаг учраас асуудал гардаг” хэмээн албаныхан хэлж байв.
Ой хээрийн гал түймрээс учирсан хохирлыг тухайн орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь хохирлын үнэлгээг гаргадаг. Мөн гал түймэр унтарсны дараа цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл явуулж хохирлын хэмжээнээс хамаараад Зөрчлийн, Захиргааны, Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.

Цаг агаарын нөхцөл байдал дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэрийн нийт нутаг, Увс, Булганы баруун, Завханы зүүн, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Баян-Өлгий, Сүхбаатарын хойд, Төв аймгийн баруун, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна. Харин Баян-Өлгийн өмнөд, Булганы зүүн, Завхан, Хөвсгөлийн өмнөд, Хэнтий, Сэлэнгэ, Төв, Дорнодын зарим газраар хуурайшилт ихтэй байгаа аж. Харин Эрдэнэт, Дарханы нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна. Иймд иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, гал түймрийн аюулаас сэргийлэхийг албаныхан сануулж байна. Мөн гал түймэр гарсан тохиолдолд чанга дуугаар хашгирч бусдад мэдэгдэх, боломжтой бол унтраах арга хэмжээ авах, 101 дугаарт яаралтай холбогдож дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Түүнчлэн галд өртсөн тохиолдолд хэвтэж, өнхрөх, утаа ихэссэн үед сууж эсвэл мөлхөж гарцаар гаран өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой гэдгийг сануулъя.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7824)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn