Чулуунхүү БЯМБАХАЖИД

Улс төр, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч

Хүмүүнлэгийн ухааны их  сургуулийг 2024 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Нийгмийн асуудал чиглэлээр голлон бичдэг.

Бусдын хуулиар хүлээсэн эрхээ эдлэхэд хөндлөнгөөс оролцохоо болъё

Улс төрийн намд элсэх нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулиар  баталгаажсан иргэний сайн дурын, чөлөөт сонголт юм. Энэ нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, нийгэм, улс төрийн амьдралд оролцох хувь хүний суурь эрх бөгөөд намаас гарах, эс элсэх нь мөн адил эрх чөлөөнд тооцогддог. Гэвч цахим орчинд олны танил эрхмүүдийг аль нэг улс төрийн намд элссэний төлөө эсэргүүцэх, дургүйцэх, хэл амаар гүтгэн доромжлох хандалга цөөнгүй ажиглагдах болсон. Энэ мэтээр хэн нэгэн олны танил хүн улс төрийн намд хувийн ашиг сонирхол, албан тушаалын төлөө элсэж байгаа мэтээр сөрөг хандлага төрүүлэх  хэвшмэл ойлголт нийгэмд дэлгэрч буй.

 

Энгийн хүмүүсийг намд элсэхэд шүүдэггүй хэрнээ олны танил хүмүүсийг үгүйсгэж эхэлдэг

 

Дээрхтэй холбоотой зарим жишээг энд дурдая. 

Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”  гуравдугаар сарын 1-нд тохиосон.  МАН энэхүү арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэн, намын шинэ гишүүдэд батлахыг нь гардуулсан үйл явдал болов. Энэ үеэр МАН-д шинээр 39 гишүүн элссэний нэг нь хүмүүсийн сайн мэдэх дуучин Б.Алтанжаргал байсан юм. Тэрээр “МАН-ын дарга Н.Учралыг дэмжих шалтгаан бол надад байна. Залуу хүний хурц, соргог, дайчин зан чанар дээр би нэгдмээр байна" гэсэн юм.

Харин олон нийтийн зүгээс түүнийг МАН-д элсэж буйд ихээхэн шүүмжлэлтэй хандаж “Ирэх сонгуулиар их хурлын гишүүн болоод гараад ирж магадгүй л байх даа. Төрийн түшээ болоход баримтлах шалгуур олигтой юм байх биш”, “Дуугаа л дуулаад явж байх нь сайхан шүү дээ”, “Одооноос эхлээд дууг нь сонсохоо болилоо” гэх зэргээр цахим орчинд иргэд сэтгэгдлээ илгээсээр байлаа.

Энэ бол зөвхөн ганц л жишээ. Энгийн хүмүүсийг “улс төрийн намд элслээ” гэж хэн ч шүүдэггүй хэрнээ олны танил байсных нь төлөө тухайн хүний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг үгүйсгэх нь зохисгүй үйлдэл юм. 

Өмнө нь бас МУАЖ С.Жавхлан, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гээд нэр нөлөө бүхий хүмүүсийг улс төрийн намд элссэний төлөө элдвээр гүтгэх шүүмжлэл тэднийг тойроогүй.

 

18 насанд хүрсэн иргэн үзэл бодолдоо нийцсэн намдаа чөлөөтэй элсэх эрхтэй

 

“Улс төрийн намд гишүүнээр элсэх нь хувь хүний сонголт, тухайн хүний эрх ээ, үүнтэй хэн ч маргахгүй. Намд  элсэхдээ “Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах” биш, “хувиа бодох” байдал газар аваад байгаа учраас л хүмүүс дургүйцээд байна шүү дээ. Нам нь үнэхээр хөгжлийн зөв бодлого гаргаад явбал  гишүүнээр элсээд, зөв өрсөлдөөд л яваад байж болно.

Хамгийн зөв зам бол бүгдээрээ шахаж шаардаж байгаад, зөв намуудыг, зөв улстөрчдийг гаргаж ирэх зам юм даа. Гэхдээ, үүний тулд ард иргэд ухамсар төлөвшлийн өөр түвшинд хүрсэн байх ёстой. Энэ л харин асуудал болчхоод байна” гэж япон судлаач Д.Төмөрбаатар гуай цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Иймээс сайн дурын үндсэн дээр 18 насанд хүрсэн иргэн үзэл бодолдоо нийцсэн намдаа чөлөөтэй элсэх, эсвэл татгалзах эрхтэй. Мөн иргэний  зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн гэж тодорхойлохыг хуулиар хориглодог.

Идэвхтэй оролцооны хувьд нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлэгч, нийгмийн амьдралд идэвхтэй нөлөөлөх хэрэгсэл болдог. 

Намд элсэх нь улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх нэг хэлбэр боловч хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшлээс хамаарсан сонголт байдаг. Тиймээс хэн нэгний хуулиар хүлээсэн эрхээ эдлэхэд хөндлөнгөөс оролцож, шүүн тунгаадаг ойлголтоо эвдэцгээе. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn