Чулуунхүү БЯМБАХАЖИД

Улс төр, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч

Хүмүүнлэгийн ухааны их  сургуулийг 2024 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Нийгмийн асуудал чиглэлээр голлон бичдэг.

Аймгуудын онцгой байдлын газрыг хэн удирдаж байна вэ

Аймгуудын Онцгой байдлын газрын даргын албан тушаалд томилогдсон хугацаа болон тухайн удирдлагуудын талаарх мэдээллийг "ЗМ-ний лавлах" буландаа онцолж байна.

 

Архангай

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тусдаа өөр чиг үүрэгтэй байсан Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах отряд, Улсын нөөцийн салбарыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харъяа Гамшгаас хамгаалах штаб байгуулагдах анхны даргаар хурандаа Д.Ринчиндорж томилогдон ажилласан. 

Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар Хурандаа Д.Цэрэндорж ажиллаж байна. Тэрээр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Хурандаа цолоо хүртжээ.

 

Баянхонгор

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01 тоот тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан түүхтэй. Одоогоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны Б/1337 дугаартай тушаалаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргаар хурандаа Д.Бат-Эрдэнэ 2024 оноос томилогдон ажиллаж байна.

Тэрээр салбартаа олон жил хичээнгүй зүтгэж байгаа төдийгүй Онцгой байдлын байгууллагын 2025 оны  “Шилдэг удирдагч”-аар тодорчээ.

 

Өвөрхангай

Өвөрхангай аймгийн Хархорин сумын гал унтраах 45 дугаар анги нь  БНМАУ-ын  СнЗ-ийн 1972 оны  148, 157 дугаар тогтоол ,  Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны 1972 оны 101 дүгээр тогтоол гарч НАХЯ-ны сайдын 1972 оны 534 дүгээр тушаалаар Хархорин суманд хоёр гэртэй анх байгуулагджээ.

Өдгөө ОБЕГ-ын даргын 2011 оны гуравдугаар сарын 30-ний өдрийн 160 тоот тушаалаар тус хэлтэс нь Онцгой Байдлын Газар  болон өргөжин үйл ажиллагаа явуулж байна. Мөн онцгой байдлын газар, гал унтраах 12, 45 дугаар анги, Хархорин, Сант суманд улсын нөөцийн салбар, Нарийнтээл суманд  улсын нөөцийн цэгт  нийт 96  албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Одоогоор Өвөрхангай аймгийн онцгой байдлын газрын даргаар Хурандаа Д.Одонбаяр ажиллаж байна.

Тэрээр “Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 104 жилийн ой”-гоор Жанжин штабын даргын тушаалаар хурандаа цолоо хүртжээ. Ингэснээр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар 10 жилийн дараа хурандаа цолтой Онцгой байдлын газрын даргатай болсон байна.

 

Орхон

1976 оны зургаадугаар сарын 21-нд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 39 тоот тушаалаар “Гал команд” нэртэйгээр анх байгуулагдаж 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 282 тоот тушаалаар Онцгой байдлын газар болон өргөжжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар Хурандаа Ш.Баасандорж ажиллаж байна. Тэрээр 2024 оны долоодугаар сарын 8-нд одоогийн албан тушаалдаа томилогджээ.

 

Дархан-Уул

Дархан хотод 1962-1963 онд, Гурил тэжээлийн үйлдвэр, Нефт бааз, Дархан, Шарын гол, Хөтөл, Эрхэтийн гал командууд, Цахилгаан станц, Цементийн завод, Хөгжимт драмын театр, Шарын голын шатах тослох материалын агуулах галын постууд байгуулагдсан үйл ажиллагаа  явуулж эхэлсэн.

Дээрх гал командууд галын постуудыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор НАХЯ-ны сайдын тушаалаар 1981 оны наймдугаар сард Дархан хотын галын аюулаас урьдчилан сэргийлэх тасаг нэртэйгээр Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд байгуулагдаж анхны даргаар дэд хурандаа Осорын Жанцан томилогдон ажиллаж байжээ.

2025 оноос Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын даргаар хурандаа А.Алтансүх томилогдон ажиллаж байна. Түүнийг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргаас Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргаар шилжүүлэн томилжээ. 

 

Өмнөговь

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргаар хурандаа М.Адъяабаатар 2023 оны нэгдүгээр сарын 11-нд томилогдон ажиллажээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар 2025 оны ажлаа "А" үнэлгээтэй дүгнүүлжээ.

 

Сэлэнгэ

1934 оны наймдугаар сарын 22-нд Ерөнхий сайдын 17 дугаар тушаалд зааснаар Сэлэнгэ аймагт Дотоодын хамгаалах ангийн дэргэд таван хүнтэй галын аюулаас хамгаалах комисс байгуулсан нь эдүгээ Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хөгжлийн үндэс суурь тавигджээ.

Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар Хурандаа С.Пүрэвсамдан ажиллаж байна. Тэрээр 31 жил Онцгой байдлын албанд зүтгэж буй нэгэн юм.  

 

Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар Дэд хурандаа С.Ганболд ажиллаж байна. Тэрээр 2024 оноос уг албан тушаалдаа томилогдон ажиллаж байгаа юм.

 

Хэнтий

Засгийн газрын 2004 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 51-р тогтоолоор тус аймгийн Улсын нөөцийн салбар, Байгалийн гамшгаас аврах салбар, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн үйл ажиллагааг нэгтгэж Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр анх байгуулагдаж байжээ.      

Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар Хурандаа Ж.Эрдэнэбат ажиллаж байна.  

 

Дорнод

Анх 1939 оны тавдугаар сард Дотоод явдлын яамны шийдвэрээр Баянтүмэн хотод /Одоогийн Чойбалсан хот/ Дотоодыг хамгаалах хэлтсийн харьяа Гал команд нэртэйгээр байгуулагдаж байсан.

Одоо тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар Хурандаа Г.Нармандах ажиллаж байна.

 

Сүхбаатар

БНМАУ-ын СнЗ-ийн 1972 оны 266 дугаар тогтоолоор  Сүхбаатар аймагт Гал команд байгуулахыг НАХЯ-нд зөвшөөрсөнөөр тус аймагт анх гал команд үүссэн түүхтэй.

2020 оноос Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын даргаар Дэд хурандаа Б.Анхбаяр томилогдон ажиллаж байна. Тэрээр Онцгой байдлын албанд 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан байна. 

 

Ховд

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь Булган, Зэрэг, Манхан, Мөст, Жаргалант сумын анги, салбар нэгжийн бүрэлдэхүүнтэй, нийт 200 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2025 оноос Дэд хурандаа Г.Нэргүй томилогдон ажиллаж байна.

 

Баян-Өлгий

Анх Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар 1971 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Баян-Өлгий аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн дэргэд “Гал команд” нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар Ц.Банди томилогдон, 25 хүнтэй, гал унтраах хоёр автомашинтай үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.

Одоогоор тус Онцгой байдлын газрын даргаар Дэд хурандаа З.Азат ажиллаж байна.  Түүнийг 2021 онд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны Б/786 тушаалаар томилжээ.

 

Завхан

Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэс нь ОБЕГ-ын даргын 2003 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар  төрийн тусгай 87 албан хаагч, гурван гэрээт албан хаагчийн бүрэлдхүүнтэй зохион байгуулагдаж, ажил үүргээ гүйцэтгэж байна.

Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар Хурандаа Ө.Болд ажиллаж байна. Түүнийг алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дорвитой, аймаг, орон нутагтаа анхдагч ажлуудыг санаачлан өрнүүлдэг удирдагч гэж алба хаагчид нь тодотгодог байна.

 

Говь-Алтай

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 236-р тогтоолоор НАХЯ-ны харъяа Говь-Алтай аймгийн НАХХ-ийн харъяалалын мэдэлд байгуулагдах шийдвэр гарч 1977 оны долоодугаар сарын 6-нд Говь-Алтай аймгийн даргын тушаалаар байгуулагдан 1977 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 25 хүний бүрэлдэхүүнтэй, гал унтраах зориулалтын авто насос хоёр, ус тээвэрлэгч авто цистерн нэг, нийт гурван нэгж техниктэйгээр гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх, гарсан гал түймрийг унтраах үүрэгтэйгээр  үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Тус газрын дарга, дэд хурандаа Л.Баянбаатар Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар шилжин томилогдсонтой холбогдуулан тус газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Лувсанжамц 2022 оноос Онцгой байдлын газрын  даргаар ажиллах болжээ.

Хурандаа Ц.Лувсанжамц нь гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж, салааны захирагч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах мэргэжилтэн, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга зэрэг шаталсан албан тушаалд салбартаа олон жил зүтгэж яваа нэгэн юм.

 

Дундговь

Дундговь аймгийн Онцгой байдлын газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 644-р тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1977 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 143-р тушаалаар “ Гал команд” нэртэйгээр офицер хоёр, ахлагч 28, бүгд 30 хүний орон тоотой ЗИЛ-130 /АЦ-40У/ гал унтраах үндсэн албаны автомашин хоёр, ус тээвэрлэгч ЗИЛ-130 автомашинтай аймгийн төвд анх байгуулагдсан байна.

Тус газрын даргаар Хурандаа Ц.Төрбилэг ажиллаж байна. Тэрээр 2025 онд Хурандаа цол хүртжээ.

 

Говьсүмбэр

Говьсүмбэр аймгийн онцгой байдпын хэлтэс нь анх 1991 онд Чойр хотын гал унтраах анги, 1992 онд Говьсүмбэр аймгийн Гал түймэртэй тэмцэх алба, 2003 онд Говьсүмбэр аймгийн Гамшгаас хамгаалах штаб, Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2005 оны 24-р тушаалаар аймаг, нийслэл, дүүрэгт Онцгой байдлын газар, хэлтэс зохион байгуулагдсанаар Онцгой байдлын хэлтэстэй болжээ.

Одоогоор тус газрын даргаар Хурандаа А.Алтанбагана ажиллаж байна.

Тэрээр 2024 онд тус албан тушаалд томилогджээ.

 

Дорноговь

 БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1968 оны тавдугаар сарын 23-ны өдрийн  168-р тогтоолоор нэгдүгээр сарын 6-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод Гал команд байгуулагдан өдгөө 44  дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж  байна.

 Монгол Улсын Засгийн Газрын 1991 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Гал Түймэртэй тэмцэх алба, 1999 онд Засаг даргын захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөжсөн.

2003 онд Гамшгаас хамгаалах штаб байгуулан, 2005 онд Монгол Улсын Засгийн Газрын 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болгосон түүхтэй.

Тус газрын даргаар 2025 оноос Дэд хурандаа И.Идэргарав томилогдон ажиллаж байна. 

 

Увс

Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар Хурандаа Л.Чинбат ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн онд Онцгой байдлын газрын даргын нэрэмжит шагналаар шагнагджээ. Мөн өмнө нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад томилогдон ажиллаж, салбартаа үнэнчээр зүтгэсээр ирсэн нэгэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 24 (7766)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn