Нүүдлийн соёл иргэншлийн бат суурь болсон мал аж ахуй өнөөдөр малын эмчгүйгээр оршин тогтнох боломжгүй. Гэвч малын аюулгүй, эрүүл байдлыг хангаж, шантралгүй зүтгэх тэдний мэргэжлийг үнэлэх үнэлэмж огт байхгүй. Тиймээс ч залуучууд цаашид мэргэшин ажиллах нь ховор болсныг салбарынхан хэлдэг. Нэг үгээр бол мал эмнэлгийн салбар “хөсөр” хаягдсан гэж болох юм.
Иймд өчигдөр 21 аймгийн малын эмч нарын төлөөлөл төр засагт дуу хоолойгоо хүргэх, бодит нөхцөл байдлаа танилцуулах, тодорхой шаардлага хүргүүлэхээр тайван жагсаал өрнүүллээ. Уг жагсаалд 21 аймгийн 200 гаруй малын эмч оролцсон юм. Тэд “Одоо мал эмнэлгийн салбарыг бодлогоор дэмжихгүй бол элгээрээ хэвтлээ. Мөн 2025 оны үйлчилгээний хөлсөө аваагүй байгаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Мал эмнэлгүүдийг 1997 онд хувьчилснаас хойш 27 жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд төр засгаас хувийн мал эмнэлгийн нэгж болон эмнэлэгт үзүүлсэн дэмжлэг тун бага гэв. Үүнээс болж шинэ, залуу эмч нар хөдөө орон нутагт очиж ажиллах боломж бага байна.
Мөн “Мал эмнэлгүүд хувийн хөрөнгөөрөө төрийн үйлчилгээг хүргэж ирэхэд төр засгаас хөрөнгө оруулалт олгосон зүйлгүй. Үйлчилгээний хөлсөөр цалинжиж “амь зогоон” өнөөдрийг хүрлээ. Мөн өнөөдөр манай салбарт ажиллаж байгаа хүмүүсийн насжилт өндөр болж, орон нутагт ажиллах нөхцөл боломж муу, нийгмийн асуудлууд шийдэгдэхгүй байсаар байна” хэмээн жагсаалд оролцогчид хэлж байлаа.
Энэ үеэр Үндэсний Мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг “Малын эмч нар бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, малын эрүүл, аюулгүй өсөлт, хүн амын эрүүл аюулгүй хүнсний хэрэгцээг хангаж байдаг. Мал эмнэлгүүдийг хувьчилснаас хойш хувийн секторт олгох хөрөнгө оруулалт байхгүй болсон. Мөн малын эмч нар зээл авах гэхээр орлого нь зээлийн нөхцөлд хүрдэггүй. Үүнээс болоод ажил, үйлчилгээ явуулах боломж нь хаагддаг. Мал эмнэлгийн салбарыг анхаарч, төр бодлогоор дэмжих шаардлагатай байна. Малын эмч нар үйлчилгээний хөлсөөр цалинждаг. Энэ үйлчилгээний хөлс нь ажил, үйлчилгээ явуулахад хаана нь ч хүрэхгүй. Мал эмнэлгийн холбоо жагсаал зохион байгуулахаасаа өмнө 21 аймгийн малын эмч нараасаа санал авсан. Хүний эмч “хүнийг” эмчилдэг бол малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг. Иймээс хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа мал эмнэлгийн салбарынхныг бодлогоор дэмжиж өгөхийг хүсэж байна” гэв.

Мал аж ахуйн гол үндэс хөдөө орон нутагт ажиллах малын эмч хүрэлцээгүй байгаа нь тус салбарт тулгамдаж буй асуудлын нэг. Малын эмчээр ажиллаж байгаа боловсон хүчний 60-70 хувь нь 50-с дээш насныхан байна. Жагсаалд оролцогчид “малын эмч бол мал, амьтан эмчлэхээс гадна эдийн засаг, нийгэм соёлыг ч “нуруун дээрээ” авч явдаг шинжлэх ухааны ажил, мэргэжил гэдгийг тодотгож байв.
Малын эмч нарын төлөөлөл “Өнөөдөр жагсаж байгаа нэг шалтгаан бол бид 2025 оны үйлчилгээний хөлсөө аваагүй. Бид хавар гуравдугаар сараас эхлээд төлөвлөгөөний дагуу намар арваннэгдүгээр сар хүртэл ажилладаг. Зуны 1-2 сар л амардаг. Төр засаг малчдыг их дэмждэг шүү дээ. ЖДҮ-гийн төсөл, Ногоон зээл гэх мэт зээлийг олгодог. Энэ дэмжлэг, хүү багатай зээл тусламж малын эмч, мал эмнэлгийн салбарт олддоггүй. Үүнийг олговол бид хүү багатай зээлээ аваад үйл ажиллагаандаа ашиглах боломж байна. Энэ тогтолцоог өөрчилж өгөөч. Мал эмнэлгийн салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд хувийн мал эмнэлгүүдийн эрх зүй, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байгаа” гэлээ.
Мөн Баян-Өлгий аймгийн Толбо сумын малын их эмч Б.Токтоктамурат мал эмнэлгийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

Тэрээр “Социализмын үед бидний нийгмийн байдал сайн байсан. Харин одоо төрөөс огтхон ч харж үзэхгүй, манай салбарыг тоолгүй орхиж байна. Тиймээс мал эмнэлгийн салбар хөгжихгүй байгаа юм. Манай салбар “элгээрээ хэвтэж” байна. Залуу хүмүүс малын эмчээр сурах нь их байгаа ч төгсөөд энэ мэргэжлээрээ ажиллах нь бага байна. Манай суманд ажиллаж байгаа малын эмч нарын ихэнх нь тэтгэврийн хөгшид байдаг. Залуучууд энэ салбарт ямар ч дэмжлэг байхгүй тул суманд очиж ажиллахгүй байна шүү дээ. Иймд мал эмнэлгийн салбарыг дэмжиж, тогтолцоог сайжруулахыг хүсэж байна” гэв.

ХААИС-ийн мал эмнэлгийн ангийг жилд 150-200 гаруй оюутан төгсдөг гэх тооцоолол бий. Тэдний арав хүрэхгүй хувь нь салбартаа ажилладаг байна. Ихэнхдээ эцэг эх нь малын эмч бол үе дамжин мэргэжлийг нь уламжилж энэ мэргэжлээр ажиллаж байна. Харин цөөн хувь нь адууны мэргэшсэн эмч болох, мөн жижиг амьтны эмнэлэгт ажилладаг байна. Залуус малын эмчээр ажиллахаас илүүтэйгээр гэрийн тэжээмэл амьтад, жижиг амьтны эмнэлэгт ажиллавал цалингийн хувьд илүү боломжийн, орлого их олж, цаашид хөгжих боломжтой гэж үзэх болжээ.

Энэ талаар сургуулиа төгсөөд удаагүй залуу эмч нарын төлөөлөл Дорнод аймгийн Дашбалбар сумын малын эмч “Малын эмч бол нийгмийн эрүүл мэндийг хамгаалж байдаг чухал, үнэ цэнтэй мэргэжил. Биднийг төрөөс дэмжээд өгвөл залуучууд ч салбартаа ажиллана. Миний хувьд ээжийнхээ мэргэжлийг өвлөж малын эмч болсон. Түүнээс биш энэ мэргэжилд залуучууд одоогийнх шиг ийм нөхцөл байдалд нэг их таатай хандахгүй. Бид цаг наргүй, маш их ажилладаг. Хийдэг ажлаа тоочвол өнөөдөр дуусахгүй. Малын эмч нар сарын цалин гэж авдаггүй, хийснээрээ л цалинждаг. Бид төрөөс вакцинжуулалтын мөнгө л авдаг. Мөн дөнгөж төгссөн залуучууд хувиараа мал эмнэлэг байгуулах боломж хомс. Миний хувьд ээж маань хувийн мал эмнэлэгтэй учраас өвлөж авч байгаа. Тиймээс нэг талаараа боломжтой. Харин төгсөж ирээд л шинээр эмнэлэг нээнэ гэдэг бол маш хэцүү. Энэ тал дээр ямар ч дэмжлэг байхгүй” гэлээ.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын малын их эмч н.Минжбадгар “Хувийн хэвшлийн мал эмнэлэгт ажиллаад есөн жил болж байна. Малын эмч нарын нийгмийн асуудал хаягдчихсан байдаг. Манай сумын мал эмнэлгүүдэд 2015 оноос хойш төгссөн залуус ажилладаг. Бид гуравласан гэрээнийхээ дагуу ажиллаж график дахь хугацаанд нь ажлаа хийж дуусгадаг боловч санхүүжилт нь нэлээд удаж байж ордог. Дээрээс нь вакцинжуулалт график дахь хугацаандаа ирээгүйгээс шалтгаалж бидний ажил ч хойшилдог. Сая гэхэд л шүлхий өвчний вакцин арванхоёрдугаар сараас хойш хийгдсэн. Тэгэхээр мөн л жилийн эцэстээ багтаж санхүүжилт нь орохгүй байгаа юм. Энэ нь бидэнд их хүндрэл учруулдаг. Бидэнд тогтсон цалин гэж байхгүй. Зөвхөн вакцинаас ирж байгаа санхүүжилтийг туслахын хөлс, зүү, унаа тэрэг гээд бүх зардалдаа зарцуулдаг. Мөн сүүлийн хоёр жилд зудын эрсдэл үүссэнээс шалтгаалж малын тоо цөөрч, малчдын амьжиргаа муудсантай холбоотойгоор хөдөө амьдрах залуучууд цөөрсөн. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа малын эмч нар нэг нь төрд, нөгөө нь хувиараа ажиллахгүй хоёулаа хувийн хэвшилд ажиллавал мөнгө санхүүгийн гацаанд орчихдог. Тиймээс бидэнд хөдөө ажиллах бодол төрөхгүй. Боломжийн ажиллаж амьдрах газар хаана байна, тийшээ л чиглэх болдог” гэв.
Жагсаалд оролцогчид “Мал төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байна”, “Гуравласан гэрээг шинэчилье”, “70 сая малд 1000 эмч”, “Хүнсний аюулгүй байдал банк бусын гарт байна” гэх зэрэг төрөл бүрийн уриа, лоозонгоор салбартаа тулгамдаж буй асуудлыг гаргаж, байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн тэд “Хувийн мал эмнэлгийн бизнесийн сүлжээ алдагдсан буюу төрд дараа төлбөрт үйлчилгээг олон жил хэрэгжүүлсний улмаас энэ салбарын бизнес урагшлахгүй байна. Мал төрийн хамгаалалтад байгаа л юм бол ажилтан мэргэжилтнүүдийг нь дэмжих ёстой. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд мэргэжлийн бус хуулийн этгээд мал эмнэлгийн үйлчилгээ ажиллуулж болохоор заасныг хасуулахаар уламжилж байна.
Мал эмнэлгийн тогтолцооны улсын болон орон нутгийн санхүүжилтийг тухай бүрд нь гэрээний үндсэн дээр урьдчилгаа хэлбэрээр өгдөг байх. Жил ирэх тусам бэлчээрийн даацдаа тохируулж малын тоо толгойг цөөлөх шаардлага үүсэж байна. Улмаар малын эмчийн үйл ажиллагаа багасна. Иймд мал эмнэлгийн тогтолцоог бүрэн өөрчлөхгүй бол энэ байдлаар олон жил явахгүй” зэрэг шаардлагуудыг тавьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 7 (7749)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn