Чулуунхүү БЯМБАХАЖИД

Улс төр, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч

Хүмүүнлэгийн ухааны их  сургуулийг 2024 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Нийгмийн асуудал чиглэлээр голлон бичдэг.

ХЭҮК-оос хүүхдийн эрх, AI технологи, Засгийн газрын тогтоолыг онцлов

2025 онд ХЭҮК-т хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй, хүний эрхийг зөрчсөн гэх асуудлаар иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдол мэдээлэлтэй холбоотойгоор хийсэн хяналт шалгалтын талаар өчигдөр мэдээлсэн. ХЭҮК-ийн үндсэн чиг үүргүүдийн нэг нь иргэд, ТББ-уудаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөнтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэх байдаг.

Иймд өнгөрсөн онд ХЭҮК-т ямар гомдол, мэдээллүүд дийлэх ирсэн болон хэрхэн шийдвэрлэсэн талаар тоймлон хүргэж байна.

 

Өнгөрсөн онд соёлын болон төрийн үйлчилгээний салбаруудтай холбоотой гомдлын тоо өсжээ

 

ХЭҮК 2025 онд нийтдээ 1461 гомдол мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэжээ. Энэ нь 2024 онтой харьцуулбал, 15.3 хувийн өсөлттэй буюу тус онд 1267 гомдол мэдээллийг хүлээн авч байсан байна.

Уг гомдол мэдээллийн тоо өссөн шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй хэмээн үзэж байгаа юм.

Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Нийгэмд хүний эрхийн нөхцөл байдал сайнгүй байна. Үүнээс үүдэлтэйгээр хүний эрхийн зөрчил гарч буй салбарууд нэлээдгүй байгаа учраас комисст ирж байгаа гомдол, мэдээллийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Мөн иргэдийн зүгээс өөрийнхөө эрхийг хамгаалах тал дээр тодорхой хэмжээний мэдлэг, ойлголттой болсонтой холбоотойгоор гомдол мэдээллийн тоо нэмэгдэж байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн онд ирүүлсэн нийт гомдлын 77.1 хувь нь нийслэл хотод амьдарч байгаа иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл байна. 22.6 хувь буй 330 гомдол мэдээллийг орон нутгийн иргэдээс ирүүлсэн. Мөн 0.3 хувь буюу дөрвөн гомдлыг гадаадад оршин сууж байгаа иргэдээс ирүүлсэн.

2025 онд бүртгэгдсэн гомдол мэдээллийг авч үзвэл, 318 буюу 21.8 хувийг нь холбогдох байгууллагууд руу шилжүүлж шийдвэрлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдлыг бид хуульд заасан харьяаллын дагуу шилжүүлдэг. Мөн салбарын хяналттай холбоотой ирүүлж байгаа гомдол мэдээллийг салбарын хяналтын газрууд болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд руу шилжүүлж байна. 882 буюу нийт гомдлын 60.4 хувийг ХЭҮК-ын тухай хуульд заасан комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд бид шийдвэрлэдэг.

Мөн ХЭҮК эрх нь  хязгаарлагдсан иргэдийн байгаа газар буюу хорих анги, цагдан хорих байр, Зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги нэгтгэлүүдэд тогтмол хяналт шалгалтын ажил зохион байгуулдаг. Эндээс хэрэгжиж байгаа тодорхой санал хүсэлт, уулзалтуудыг тогтмол хэрэгжүүлж ирсэн.

Манайд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг битүүмжилж байгаатай холбоотой гомдол нэлээдгүй ирж байсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, холбогдох арга хэмжээ авсны үр дүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2025 оны А302 дугаар тушаалаар хуульд заасан төлбөр гаргаж болохгүй орлогыг битүүмжлэхгүй, уг орлогын хэмжээгээр дансны гүйлгээг хязгаарлахгүй байхыг арилжааны банкнуудад мэдэгдэх заалтыг журамдаа тусгасан” гэв.

Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан хүний эрх, эрх чөлөөний заалттай холбоотой нийт гомдол ХЭҮК-т ирдэг ч үүнээс давамгай буюу жил бүр ирдэг гурван төрлийн эрхийн гомдол байдаг байна. Үүнд, шударгаар шүүлгэх эрх, хөдөлмөрлөх эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал хөндөгдөж байгааг комиссын гишүүд хэлсэн юм. ХЭҮК сүүлийн таван жилд ирсэн гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд дээрх гурван төрлийн эрхтэй холбоотой гомдол дийлэнх хувийг нь эзэлсэн  байна.          

Өнгөрсөн онд ХЭҮК-т хорих анги болон цагдан хорих ангиас нийт 407 иргэн гомдол ирүүлжээ. Энэ хүрээнд орон нутагт 72, Улаанбаатар хотод 54 буюу нийтдээ 126 удаа комиссын бүрэлдэхүүн тус байгууллагуудад биечлэн очиж ажилласан гэв.

Мөн ХЭҮК-ын гишүүний шаардлага зөвлөмжийг хүргүүлэх болон холбогдох гомдол шалгах  ажиллагааны хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлэх замаар  нийт 151 иргэний эрхийг бодитойгоор сэргээн эдлүүлжээ.

Өнгөрсөн онд соёлын болон төрийн үйлчилгээний салбаруудтай холбоотой гомдлын тоо өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн оны сүүл хэсэгт Улаанбаатар хотын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол мэдээлэл комисст нэлээдгүй ирсэн байна.

Нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн тухай хуульд “Хүүхэд нас барсан бол оршуулгын тэтгэмж авах” зохицуулалт тусгагдаагүй байсан. Иймд ХЭҮК-оос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад “Энэ зохицуулалтыг бий болгох шаардлагатай” тухай албан бичиг хүргүүлжээ.

 

“AI технологид суурилсан замын хөдөлгөөний хяналтыг хүний эрхийг дээдэлсэн, ил тод болгох шаардлагатай”

Энэ үеэр ХЭҮК-ын үндсэн чиг үүргийн нэг хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой мэдээллийг ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга C.Ганзориг өгсөн юм.

Тэрээр “2024 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын 86 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд теле камерын дэд төвүүд 21 аймаг, есөн дүүрэгт байгуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд тодорхой стандартын дагуу теле камерын төвүүдийг байгуулсан. Гэвч дэд төвүүдтэй холбоотойгоор иргэдийн дуу, дүрсний бичлэгийг бусдад тараах зөрчил гардаг. Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой хариуцлага оногдуулах зорилгоор ашиглаж байна. Дээрх асуудалтай холбоотойгоор ХЭҮК-оос 2023 оноос эхлэн камерын дэд төвүүдэд 2024 онд батлагдсан тогтоолтой холбоотой судалгааг хийсэн.

Мөн 2019 онд камерын хяналтын стандарт батлагдсан байдаг. Үүнд, чиглэлийн болон хөдөлгөөнт камеруудыг байршуулах стандарт, шаардлагын талаар тодорхой заасан байдаг. Гэвч хиймэл оюун ухаанд  суурилсан зохицуулалтын талаар тухайн стандарт хэрэгжихгүй байгаа юм. Иймд Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор Стандарт хэмжил зүйн газар болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад стандартыг батлах үүргийг өгсөн байдаг.

Дэд төвүүдийг Кибер аюулгүй байдлын тухай хуулиар онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага гэж үздэг. Тиймээс тухайн байгууллагуудад ажиллаж буй ажилтан, албан хаагчид мэдээллийг нууцлах, хадгалж хамгаалах  шаардлагатай байгаа.

Үүнтэй холбоотой нийслэлд теле камерын мэдээллийг хадгалах, ашиг­лахтай холбоотой журам гарсан. Харин аймаг орон нутгуудад эдгээр журам хараахан батлагдаж, хэрэгжээгүй байна” гэлээ.

2023 онд “ISO:42001 хиймэл оюун ухааны менежментийн тогтолцоо” гэх олон улсын стандарт батлагдсан байдаг. Энэ стандартыг цаашид хэрэгжүүлэх, баталж мөрдүүлэх ажлыг холбогдох яам, байгууллага хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэд хэлж байлаа.

Мөн үйлчилгээний төвүүдэд байршиж буй камер дахь дуу, дурсний бичлэгт иргэд зөрчил гаргасныг цагдаагийн байгууллагад дамжуулалгүй олон нийтийн сүлжээнд цацах зөрчлүүд гарч байгаа аж. Цаашид Засгийн газрын 86 дугаар тогтоолын дагуу камерын стандартыг баталж, хиймэл оюун ухаанд суурилсан замын хөдөлгөөний хяналтыг хүний эрхийг дээдэлсэн, ил тод, хариуцлагатай тогтолцоотойгоор хэрэгжүүлэх ёстойг  анхаарууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 5 (7747)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn