2023/12/14
2609.0 USD
-9c

Насантуяагийн ЖАРГАЛМАА

"Ахмад үеийнхэн залуусын идэвхийг бууруулж байна"

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Америкчуудын төдийгүй дэлхийн олон улсын хувьд энэ сонгууль өндөр ач холбогдолтой. Өнөөдөр хүн төрөлхтөн геополитикийн сөргөлдөөнтэй, зарим бүс нутагт хүмүүнлэгийн хямрал үргэлжилж байгаагаас гадна уур амьсгалын өөрчлөлт асар хүнд түвшинд хүрээд байна. Хэдийгээр эдгээр асуудлууд нь дэлхий хэмжээний асуудал ч тэргүүлэгч их гүрний хувьд АНУ-ын байр суурь чухал ач холбогдолтой юм. Олон улсын харилцааны систем эргэлттэй байгаа энэ цаг үед тус сонгуулийн дараа олон улсын харилцааны шинэ систем эхлэх магадлалтай.

Ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын улс төрийн хоёр голлох хүчин болох либерал Ардчилсан нам, социал демократ Бүгд найрамдах намын тэргүүнүүд өрсөлдөнө. Бид бүхний мэдэж буйгаар өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп болон одоогийн ерөнхийлөгч Жо Байден нар билээ. Тэдний анхны халз мэтгэлцээн энэ пүрэв гарагт болно. Тиймээс хоёр нэр дэвшигчийн талаарх АНУ-ын залуу сонгогчдын байр суурь ямар байгаа талаар товч мэдээлэл хүргэе.

 

Хамгийн өндөр настай нэр дэвшигчид

 

АНУ-ын ерөнхийлөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден энэ жил 81 настай бол түүний өрсөлдөгч, экс ерөнхийлөгч Дональд Трамп 78 настай. Тэдний анхны халз мэтгэлцээн Жоржиа мужын Атланта хотод өрнөх юм. Нийт 90 минутын хугацаанд өрнөх тус мэтгэлцээнийг орон даяар өргөн нэвтрүүлгээр цацна. Харин энэ үед анхаарал татаж буй зүйл бол тэдний нас. Нэр дэвшигчдийн хувьд одоогоор эрүүл мэнд болон бие бялдрын ноцтой асуудалгүй. Гэхдээ тэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн өндөр настай нэр дэвшигчид болжээ.

Тэдний халз мэтгэлцээн эдийн засаг, гадаад харилцаа, геополитикийн мөргөлдөөнөөс эхлээд ардчиллын ирээдүйн талаар өрнөнө. Мэтгэлцээний турш тэдний үзэл баримтлал, бодлогод дэвшүүлж буй санал санаачилгууд чухал ч үүнийг хүртээмжтэй, итгэл төгс хийхэд нэр дэвшигчдийн хэл ярианы хөгжил чухал үүрэгтэй. Гэвч насжилтаас үүдэн гацах, түгдрэх асуудал гарч болзошгүй хэмээн ажиглагчид үзжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан Ардчилсан намын стратегич Жим Мессина “Ерөнхийлөгч Жо Байден 81 настай, Дональд Трампын хувьд ч тэд бараг чацуу. Гэвч сонгууль бол насны өрсөлдөөн бус, бодлого, үзэл баримтлалын өрсөлдөөн” гэж тайлбарласан байна. Энэ оны гуравдугаар сард “New York Times”-аас Сиена коллежид явуулсан санал асуулгаар сонгогчдын 73 хувь нь ноён Байденыг "үр дүнтэй ерөнхийлөгч болоход хэтэрхий хөгшин" гэж үзсэн байна. Судалгаанд бүх насны бүлгийн сонгогчид оролцсон ба 65-аас дээш насны сонгогчид ерөнхийлөгч Жо Байдены насны хувьд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн нийт судалгаанд оролцогчдын 42 хувь нь гурван насаар залуу Дональд Трампыг мөн ерөнхийлөгчийн албанд хөгшиднө гэж үзэж байгаа аж. Виржиниагийн их сургуулийн улс төрийн төвийн захирал Ларри Сабато “Насны тухай асуудал мэдээж хоёр нэр дэвшигчийн хувьд ижилхэн яригдах сэдэв. Гэхдээ Дональд Трампын хувьд тэрээр олон нийтийн өмнө илүү эрч хүчтэй байдаг бол Жо Байден яг л насандаа харагддаг” гэжээ. Оны эхээр цагаан ордны эмч түүний эрүүл мэндийг сайн “албан тушаалдаа тэнцэхүйц” хэмээн тодорхойлсон ч хөгшрөлтийн шинж тэмдэг сүүлийн жилүүдэд улам тодрох болсон гэжээ. Тухайлбал, дуу хоолойны өнгө илүү намуухан болж, ой санамж нь муудах буюу юм мартах шинж ажиглагдах болжээ. Тэрээр өнгөрсөн оны зургаадугаар сард Агаарын цэргийн хүчний академийн төгсөлтийн үйл ажиллагааны үеэр бүдэрч унасан нь үе мөчний үрэвсэлтэй гэх таамгийг гаргах үндэс болсон байна.

Харин түүний өрсөлдөгч Дональд Трампын хувьд өнгөрсөн долоо хоногт “All-in” подкаст нэвтрүүлэгт оролцохдоо ерөнхийлөгч Жо Байденыг зохистой өрсөлдөгч хэмээн таамаглаж буйгаа хэлсэн байна. Мөн өөрийгөө давхар стандартаар шүүмжлэхгүй байхыг хүссэн байна. Тэрээр мужийн компанит аяны илтгэлүүддээ “Хэрэв намайг нэг л үг буруу хэлбэл оюуны чадамж доройтсон, танин мэдэхүйн бэрхшээлтэй гэж үзнэ” гэжээ. Гэвч нэгдүгээр сард болсон Бүгд найрамдах намын анхан шатны өрсөлдөгчөө өөр нэгэнтэй андуурсан байх магадлалтай  гэх яриа бий. Үүний дүнд 75-аас дээш насны улстөрчдөөс “сэтгэцийн чадамжийн сорил” авах хэрэгтэй гэх уриалга гарсан. Харин ноён Трампын хувийн эмч түүний оюуны чадамж маш сайн хэмээн тодорхойлсон юм.

 

Залуу сонгогчид тийм ч таатай биш байна

 

Өнгөрсөн хугацаанд олон нийтэд түгсэн богино бичлэг, мэдээлэл болон хэд хэдэн судалгааны дүнгээс харахад ерөнхийлөгч Жо Байдены нас  түүний сонгуульт ажилд том нөлөө үзүүлж болзошгүй байна. Үндэсний хэмжээний сонгуульд Бүгд найрамдахчуудаас илүү Ардчилсан намынхан залуу сонгогчдын санал чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Ардчилсан намын стратегич, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн дараагийн үеийг бэлтгэж, дэмждэг "Run For Something" байгууллагын үүсгэн байгуулагч Аманда Литман “Энэ удаагийн сонгууль залуу сонгогчдын нүдийг нээх шинэ туршлага болох боломжтой” гэжээ. Тэрээр нэр дэвшигчдийн насны тухайд “Хоёул ижил өндөр настай байгаа нь ахмад үеийнхэнд удаан хугацаанд засгийн эрхэнд үлдэх давуу эрх олгогдсон улс төрийн бүтэц гэж би харж байна. Тиймээс залуу сонгогчид итгэлгүй, идэвхгүй байх нэг шалтгаан гэж болно. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийгөө улс төрийн манлайллаас ангид гэж харж болох юм” гэжээ. Хэрэв АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуульд ялалт байгуулвал тэрээр бүрэн эрхийн хугацаа дуусах үед АНУ-ын ерөнхийлөгчийн насжилтын шинэ рекорт тогтоох ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 126 (7370)