Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эдийн засаг бизнес мэдээллийн албаны сэтгүүлч, тоймч

Емайл хаяг: tsmyagmarbayar@gmail.com

Facebook : Myagmarbayar Tsevegdorj

Аялал жуулчлалын менежментийг айл бүр хэрэгжүүлэх боломжтой

Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Энэ онд манай улс 1.0 сая жуулчин хүлээн авах амбицтай. Манай улсын аялал жуулчлалын ялгарах  үнэ цэн нь  нүүдлийн соёл иргэншил, түүх, байгалийн өвөрмөц тогтоц, тусгай зориулалтын аялал жуулчлал. Энэ үнэ цэнийг орон нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалаар бий болгох тухай ярьсаар ирсэн ч эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хомс байна.

Аймаг, сум бүр өөрийн онцлогийг харуулсан брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ялгарч ашиг, орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа ч хэрхэн яаж хийх маркетинг, дэд бүтэц сул байна. Гэхдээ хувийн хэвшлийн эрэлтийг дагасан шинэ чиглэл, маршрут бий болгосон туршлага олон. Тэд ирсэн жуулчин бүрд хүрч үйлчлэх цогц үйлчилгээг бирж маягаар тасралтгүй үзүүлэх үйл явцыг зохион байгуулж байна. Тиймээс төрийн болон  Аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын орон нутгийн уялдааг оновчтой болгох замаар эдгээр шинэ үйлчилгээг боловсронгуй болгох хэрэгцээ бий болжээ. Энэ жил аялал жуулчлалын шинэ чиглэл, маршрут эхлүүлэх, өргөжүүлэх хүсэлтэй 750 гаруй аж ахуйн нэгжийн нэг их наяд төгрөгийн хөнгөлөлтэй зээл авах хүсэлтээ илэрхийлсэн нь үүнийг гэрчилж байна. Харин манай улс энэ онд аялал жуулчлалын жижиг бизнест зориулж 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

Зүүн өмнөд азийн орнууд болон манай урд хөрш гэхэд бүх хошуу, тосгоны иргэд нь жуулчдын улиралдаа хамтаараа жилийн турш бэлтгэдэг онцлогтой. Аль болох ирсэн жуулчин бүрд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах, тав тухтай орчныг бүрдүүлэхийг хичээдэг. Ялангуяа, гэр бүлээрээ аялахад зориулж усан парк, тоглоом, алжаал ядаргааг тайлах рашаан сувилал, хоол унд, массаж сауны үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ тухайн хошуу, тосгоны иргэдээ хөтөч тайлбарлагчаар сургаж мэргэшүүлдэг онцлогтой. Тухайн аймаг, хошуу, тосгонд очсон хэн ч болов эхлээд заавал жуулчны мэдээллийн төвөөр орж танилцуулга, үйлчилгээ, зааварчилгаа, хөтөч, хөтөч тайлбарлагчийг авдаг дүрэмтэй. Үүнийг улсаараа мөрддөг. Тиймээс хөтөч, тайлбарлагчийг тухай сум, тосгоноосоо сургаж, чадавхжуулдаг байна.

Тэгвэл манай улсын 24 аймгийн 333 суманд аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь жуулчдад санал болгож бирж байдлаар ажиллах боломжтой. Ингэхдээ заавал шинэ орон тоо бүтэц хийх шаардлагагүй. Одоогоор аймгийн Засаг даргын тамгын газар болон сум бүрд  Соёл спорт, аялал жуулчлал залуучуудын газарт 1-5  соёлын ажилтан, номын санч ажиллаж байгаа. Тэд бүгд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Тэгэхээр энэ бүтцийг ашиглан тэдний ажил үүргийн хуваарьт аялал жуулчлалын хөтөч буюу замчин, хөтөч тайлбарлагчийг хавсран хийх боломжийг олгох. Ингэснээр тухайн Соёлын төв байнгын  ажиллагаатай болж жуулчдад хаагуур ямар, ямар үйлчилгээ авч болох цогц мэдээллийг өгнө гэсэн үг. Жишээлбэл, түүхэн газраар аялах чиглэл, хэдэн км, ямар тээврийн хэрэгслээр зорчих, хаана ямар гэр буудал, хауст байрлах, тэнд юу, юу үзэх боломжтой. Мөн хөтөч тайлбарлагч авах, хоол болон кофе шоп, сувинер шоп, халуун ус, 00, дугуй засвар, хувцас угаалга, нутгийн брэнд бүтээгдэхүүний худалдаа гээд бүгдийг нэг дороос "супермаркет" хэлбэрээр бүрдүүлэх юм. Учир нь сумын соёлын төвд өдөр болгон урлаг, уран сайхны үйл ажиллагаа тэр бүр болоод байдаггүй. Тиймээс уг төвөө жуулчдад зориулсан мэдээллийн төв, бирж хэлбэрээр ажиллуулах байдлаар хөрвүүлэх юм. Энэ бүх үйлчилгээг зөвхөн тухайн нутгийн өрх бүр үзүүлж орлогоо нэмэгдүүлэх боломжтой байхаар зохицуулалт хийх. Бүх сурталчилгаа, мэдээллээ аймаг, сумын болон гадаад зах зээлд холбох цахим орчинд түгээх. Мөн салбар яам нь энэхүү бүтцийг батлах, татаас, урамшуулал өгөх зэргээр дэмжих боломжтой гэж СЭЗИС-ийн Аялал жуулчлалын тэнхимийн багш, судлаач Б.Мөнхтогтох ярьсан юм.

 

Жарганатын аялал нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн

Манайд сүүлийн үед аялал жуулчлалын тулгуур төв болох баруун, төв болон зүүн бүсийн аймгууд сум бүрдээ өөрсдийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн үйлчилгээний маршрут бий болгожээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Дархад зоны нутаг өвөл хөлддөггүй Жарганат голын өвөл, зуны аяллыг Улаан-Уул, Ренчинлүмбэ гэсэн чиглэлд нутгийн иргэдийг оролцуулсан маршрутыг “Хөх баавгай” ТББ  санаачилж Жарганат  мэдээллийн төвийг ажиллуулж  аялагчдад санал болгож эхэлсэн байна. Энэ чиглэлийн дотоод, гадаадын аялагчдын урсгал, эрэлт  өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилж нийтдээ 20 мянган орчимд хүрчээ. Нэг аялагч тэнд тав хоноход  900.0 -1.0 сая төгрөгийн зардал гаргасан аж. Нийт 20 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт байгаа гэж тус төвийн тэргүүн Д.Мөнхнасан онцолж байна.

 

Хэнтийн найман гайхамшгийн аялал нэг удаад нэг тэрбум төгрөгийн зах зээлийн эргэлт бий болгоно

Мөн Хэний аймгийн Дадалын "Чингис хааны цогцолбор", “Дэлүүн болдог"-т аялах маршрутыг “Гурван голын нүүдэл” ТББ бий болгохоор зорьж байгаа аж. Тус аймагт Чингисийн онгон шүтээнийг түшиглэсэн найман цогцолбор газрыг байгуулсан ч тэдгээрийг холбосон байнгын ажиллагаатай  нэгдсэн маркетинг, маршрут бий болгож чадаагүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл ирэх сард аяллын шинэ маршрут, зураглал гаргах,эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор  аялал жуулчлалын 80 орчим бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарыг урьж хэлэлцүүлэг хийхээр бэлтгэлээ хангаж байгаа тухай тус ТББ-ын тэргүүн ярьсан юм. Судалгаагаар Биндэрт 10 мянга, Дадал суманд 30 мянган жуулчны урсгал татаж нэг удаад нэг тэрбум төгрөгийн зэх зээлийн эргэлт бий болох боломжтой гэж үзжээ. Энэ тухай аймгийн  хөтөч тайлбарлагч Н. Гансүх ярьж байна.

 

“Physical Asia” шоуны оролцогч Э.Лхагва-Очир энэ зун “ARA” -тай ажиллах гэрээ хийжээ

Мөн өнгөрсөн онд Баян-Өлгийн аймгийн Алтай таван богд чиглэлийн аялалд 10 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг хийсэн байна. Түүнчлэн 2023 онд эхэлсэн Архангай аймгийн “ARA” комплекст сар шахам үргэлжилсэн эвент арга хэмжээний үеэр 400 орчим тэрбум төгрөгийн эргэлт бий болсныг Монгол банкны судалгаа харуулдаг. “ARA” төвийн эргэн тойрон 50 км радиуст эдийн засгийн эерэг урсгал, бүтээн байгуулалт бий болсон гэж үздэг. Аймгийн төвд гурван зочид буудал баригдсан бол Цэнхэрийн халуун усны рашаан,Тайхар чулуу, Тэрхийн цагаан нуур, Шивэрт орчмын малчин өрх болоод бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгчдийн орлого эрс нэмэгджээ. Энэ жилийн тухайд тус төвд “Physical Asia” шоуны оролцогч уран нугараач Э.Лхагва-Очир “ARA” төвд сар шахам үзүүлбэрээ үзүүлэх гэрээ хийсэн аж.

 

Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг төрөөс урамшуулах, хөнгөлөлтэй зээлд хамруулах шаардлагатай

Энэ мэтээр бүх сумд өөрсдийн онцлогийг харуулсан шинэ бүтээгдэхүүн ,үйлчилгээг бий болгоход сумаараа нэгдэж ажиллах. Төрөөс түүнийг нь дэмжих урамшуулах хөшүүргийг хийх хэрэгтэй байна. Ер нь ихэнх орнууд аялал жуулчлалын компаниа дэмжих байдлаар хөнгөлөлт, татаас, урамшууллыг өгдөг. Жишээлбэл, “Хүннү эйр” нислэгийн компани шинэ нислэгийн зах зээл нээвэл нэг жуулчинд 50-100 ам.долларын татаас өгнө гэсэн уриалга гаргаж өртгөө хямдруулах маягаар аялал жуулчлалыг дэмжиж байна. Магадгүй нэг жуулчинд 50 ам.доллартой тэнцэх хэмжээний  дэмжлэг өгнө гэвэл  жуулчны тоо бодитоор өсөхөд шууд нөлөөлөх магадлалтай. Тиймээс хөнгөлөлт, урамшууллын системийг нэвтрүүлэх цаг нь болсон гэдгийг“Хүннү эйр” -ийн захирал П.Мөнхжаргал ярьж байна. Өөрөөр хэлбэл, нэг жуулчнаас олох өгөөжийн тухай ярих цаг болсон. Өвлийн аялал жуулчлалыг хүлээн авч байгаа баазуудад цахилгааны зардлыг хөнгөлөх ч юм уу бодлогын хувьд хамтаараа шийдэх ёстой олон асуудал байна. Монгол мөсөн барималчид дэлхийд түрүүлж байна. Тэгвэл ийм эвент, арга хэмжээг өвлийн улиралд  манайх яагаад хийж болохгүй гэж. Жуулчдыг татах санаачилга хэрэгтэй. Хаврын мал төлөлтийн үеийг ашиглан гадаадын жуулчдыг татах боломж байна. Ер нь масс аялал жуулчлал руу хошуураад чанартай жуулчдын тоо буурах хандлагатай. Тиймээс нүүдлийн ёс заншлаа ашиглан орчин үеийн хэлбэрт шилжүүлсэн шинэ бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй тухай ч судлаачид ярьдаг.

 

“Талын салхи”-ийн үеэр гадаадынхан 2.0 тэрбумыг Монголд оруулдаг бол “Playtime Festival” 20 тэрбум төгрөгийн  орлого олдог

 

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг том сэдэв. Тэгвэл манайд сүүлийн жилүүдэд энэ гээд нэрлэх бүтээгдэхүүн үйлчилгээ юу байна вэ гээд анзаарвал сүүлийн үед залуучуудад чиглэсэн эвент арга хэмжээнээс өөр дорвитой бүтээгдэхүүн алга. Тухайлбал, Налайх дүүрэгт жил бүр болдог “Талын салхи” Мото фестивал залуучуудын сонирхон очдог бүтэгдэхүүний нэг болсон байна. Дэлхий даяар эвент, фестивалуудын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл нь хурдацтай хөгжиж тэр хэрээр бие даасан томоохон үйлдвэрлэлийн салбарын нэг болжээ. Мото фестивалийн оролцоо нь тухайн арга хэмжээний нэр хүнд, байршил, цар хүрээ зэргээс хамаарч өөр өөр байж болох ч эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь “MotoGP” наадам нь ялангуяа аялал жуулчлал болон бусад зардлаар дамжуулан эдийн засагт ихээхэн үр өгөөж өгдөг. Тухайлбал, 2022 онд болсон “MotoGP” цуврал дэлхийн хэмжээнд 2.4 сая гаруй үзэгчийг татсан ба эдийн засагт эерэг нөлөөлөл бий болгож чадсан байна. Үүнд гадаадын жуулчид манайд 2.0 тэрбум төгрөг гарган Монголд аялсан байна. Тэгвэл  уг  арга хэмжээний бэлтгэл ажилд  зарцуулсан мөнгөн дүн 350 сая төгрөг байх жишээтэй. Түүнчлэн Налайх дүүргийн “Оргил” сүлжээ дэлгүүрүүдийн орлого 40 хувиар, Соёл урлагийн газар болон зам дагуух үйлчилгээний газруудаар үйлчлүүлэгчдийн тоо 20-50 хувиар өсжээ. Мөн “ЦонжинБолдог” хөшөөт цогцолбороор үйлчлүүлэгчдийн тоо арав дахин нэмэгдсэн. Дотоодын 10 мянга гаруй аялагч, оролцогчдын зарцуулсан мөнгөн дүн 500 сая төгрөг. Нийт зах зээлд 2.1 тэрбум төгрөгийн эргэлт бий болгосон байна. Монгол улсаас 30 мото клубын 1500 гаруй мотоцикл сонирхогчид болон гадаад улс орнуудаас БНХАУ-ын 70, ОХУ-ын 200, БНСУ-ын 10, Малайз, Вьетнам, АНУ зэрэг улсын мото сонирхогчид оролцжээ. Энэ талаар  Олон улсын аялал жуулчлалын сургалт судалгааны институтийн 2024 онд хийсэн судалгаа харуулж байна.

 

"Playtime Festival” хөгжийн наадмын 2026 тасалбар Shoppy.mn борлуулагдаж эхэлжээ

Налайхын Тайж ууланд жил бүрийн долоодугаар сарын  эхний долоо хоногт болдог "Playtime Festival” хөгжийн наадмын 2026 тасалбар Shoppy.mn ээр 80 хоногийн өмнөөс зарагдаж эхэлсэн байна. Ирэх долоодугаар сарын 2-4 хүртэл үргэлжлэх гурван өдрийн  тасалбар 700 мянган төгрөг. Тасалбараа эрт авах тусам 30 хувийн хямдрал үзүүлж 490 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Тэгэхээр жилийн турш зөвхөн энэ наадамд бэлтгэж зохион байгуулалтыг хийдэг “ Boston Consulting Group” 20  тэрбумын орлого олдог. Мэдээж дор хаяж 40 орчим хувь нь зардалд зарцуулагддаг гээд бодоход 3-7 хонгийн дотор ийм хэмжээний орлого олж байна.

Манай улс энэ жилийн турш гадаад болон  дотоодод 170 орчим эвент, арга хэмжээ зохион байгуулах хуваарьтай. Үүнд 180 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Гэхдээ үүний тал хувийг нь төр өөрөө зохион байгуулахаар байна. Уг нь хувийн хэвшлээ дэмжих байдлаар зохион байгуулах эрхийг өгвөл тэд аль болох дээрх жижиг шиг эдийн засгийг тэтгэх бодит гадаад жуулчдыг татах зэргээр эдийн засгийн эерэг тэлэлийг авчрах боломжтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7814)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn