Өнгөрсөн амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдааг сонирхож гурван дүүргийн сонгосон талбайгаар орлоо. Өглөөний 10:00 цагт Чингэлтэй дүүргийн Хангай хотхоны гадаад талбайд очиход дараалал нь аль хэдийн талбай дүүрч худалдаа эхэлсэн байлаа. Худалдан авагч иргэдтэй уулзаж ярилцав. Иргэн Н.Жаргалтуяа ярихдаа “25 кг-аас дээш гулууз нь арай дээр өнгө зүстэй харагдах юм. Гэвч тэр нь ховор байна. Түүнээс доош жинтэй нь туранхай хальс харагдах юм. Өглөө 08:00 цагт ирэхэд 200 дугаар авсан” гэлээ. Иргэн Очир “Уг нь гулуузаар нь авчихвал бөөндөө амар гээд ирээд дугаарлаж байна. Дэлгүүрт жижиглэнгээр худалдаалж буй ч гуяны мах бараг байхгүй, яс голдуу ” гэв.
Өдрийн 15:00 цагийн үед Тэнгис кино театрын талбайд очиход мөн л дараалал их, хэрүүл маргаантай. Машин дээрээс борлуулалт хийж байгаатай таарсан юм. Иргэд “20-25 орчим кг -аас дээш гулууз бараг алга. Тэгсэн энд байгаа зарим хүмүүсийн яриагаар өглөө эрт ченж бололтой хүмүүс ирээд худалдаа эхлээгүй байхад машинаас мах ачаад явсан гэж ярьж байна” гэсэн юм.
Улмаар 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 19-ын автобусны арын талбайд байрлах талбайд очиход мөн л бөөн бухимдалтай иргэд угтсан юм. Иргэн М.Даш нь “өглөө 11:30 гэхэд ирэхэд 130 дахь дугаар авсан. Гэвч машин нь ирээгүй, худалдаа эхлээгүй байсан. 14:00 цагт нөөцийн махны машин замдаа эвдэрсэн гэсээр ирсэн. Гэтэл 17:00 цагт мах нь дуусаагүй байхад хаах ёстой гээд яваад өглөө. Яг цагтаа хаа гэж хэлсэн гээд. Энд өдөржин дугаарласан хүмүүсийг ингэж хохироож болохгүй биз дээ. Нийслэлд гомдлоо гаргана” гэв. Тэдний нэг ахмад настан хэлэхдээ “Ер нь гулууз мах авах бол бараг гэр бүлээрээ ирж илүү зохион байгуулалтайгаар дугаарласан л авч байна. Мань мэт шиг бяр чадал муу өндөр настнууд авна гэж саналтгүй юм байна. Тэгээд ч мах худалдаалж буй машины жолооч нарт учир байна” гэсэн юм.
Хаврын тарчиг цагт ийнхүү нөөцийн махны эрэлт өндөр байгаа ч олдоц, түгээлтийн систем нь тааруухан байсан юм. Хэдийгээр энэ жилийн тухайд Нийслэлийн хэмжээнд 5000 тонн нөөцийн мах бэлтгэж авсан, хүртээмжийн тухайд хангалттай ч гэсэн яг зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Үүрийнтуяа хэлэхдээ “ Нөөцийн махаа жижиглэнгээр 386 цэгээр борлуулж байна. Мөн амралтын өдрүүдэд дүүргүүдийн сонгосон талбайд машин дээрээс гулууз махны худалдааг нэмэлтээр зохион байгуулж байгаа. Гэхдээ иргэдээс гомдол мэдээлэл ирж байгаа учраас ирэх долоо хоногт гулууз махны худалдааг больж жижиглэнгээр бүх дэлгүүрээр худалдах арга хэмжээг авахаар болж байна. Гулуузаар нь авах сонирхолтой хэсэг байгаа ч ченжүүд авч дамлан худалдаж буй талаар иргэдийн мэдээллийг үндэслэн дээрх шийдвэрт хүрч байна” гэсэн юм. Жил бүр гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөө, эрэлтээ дагаад үнийн өсөлт үзүүлдэг махны үнийг тогтворжуулах зорилгоор хэрэгжүүлдэг нөөцийн махны энэ жилийн худалдаа, түгээлт зорилтод бүлэгтээ хүрэхгүй иргэдийг бухимдуулж байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр АИ92 шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр, ДТ-ний үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэхээр байгааг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлсэн. Мэдэгдлийг дагаад өргөн хэрэглээний сагс дахь 362 бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороод байна. Тэр дундаа бидний өдөр тутмын хоолны гол орц болох махны үнэд шууд нөлөө үзүүлжээ. Гэрийн гадаах “Найман нэрийн” дэлгүүр болон том супермаркетуудад худалдаалж буй махны үнэ жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлдэг хоёрдугаар сард өмнөх сараасаа 8.0 хувиар өссөн бол гуравдугаар сард нэмэх 2.0 хувийн өсөлт буюу нийт 10 хувийн өсөлт үзүүлж буй юм. Тухайлбал,“Хүчит шонхор” захад нэг кг үхрийн цул мах гуравдугаар сарын 30-ны байдлаар 30 мянган төгрөгийн үнэтэй бол том супермаркетуудад 32 мянган төгрөгөөр борлуулж байна. Зөвхөн өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.7 хувиар өсөж 26976 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсөж 30887 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Жил бүрийн хавар эрэлтээ дагаж махны үнэ өсдөг ч энэ жилийнх шиг эхний гурван сарын байдлаар 10 орчим хувиар өссөн удаагүй. Өмнө жилүүдэд хоёрдугаар сараас эхлэн өссөн махны үнэ зургаадугаар сар хүртэл үргэлжилж дунджаар 20 орчим хувийн өсөлт үзүүлдэг. Харин энэ жилийн тухайд энэ байдлаар бол 25 орчим хувьд хүрч өсөхөөр байгааг Үндэсний статистикийн хорооны Үнийн статистикийн дарга Д.Мөнх-Оргил хэлж байна.
Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс бага хэмжээний мах нөөцөлсөн бөгөөд тавдугаар сарын 31-нийг хүртэл өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Нөөцийн махны жижиглэнгийн 386 цэгт үхрийн мах нэг килограмм нь 15000, хониных 13000 төгрөгийн үнэтэй байна. Энэ жил есөн ААН нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэснээс 40 хувь нь үхрийнх, 60 хувь нь хонины мах байна. Харин өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13000 төгрөгөөр тооцож худалдан борлуулж буй.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат энэ өнгөрсөн ням гарагт томоохон худалдааны төв, гэр хорооллын дэлгүүрүүдээр явж махны үнийг судалж "E mart", "Номин"-гийн салбар, Баруун салааны "В mart", Зүүн салааны "Жинст" зэрэг дэлгүүрээр явж орлоо. Тэрээр “Талхны үнэ янз бүр байдаг шиг махны үнэ янз бүр байна. Фермерийн мах 30 мянга хүрэх гэж байгаа нь үнэн. Намар бэлтгээд одоо гаргаж зарж байгаа мах 25-26 мянган төгрөг байна. Иргэд нөөцийн махны чанарыг голохгүй байна. Харин түгээлт, хүртээмжид нь асуудал байна. Дэлгүүрүүд хөлдөөгчийнхөө багтаамжид тааруулаад нэг авахдаа 100-120 кг мах авдаг юм байна. Энэ нь ойролцоогоор гурав хоногт дуусдаг, дуусахаар нь дуудаж авах байдлаар түгээлт нь үргэлжилж байна. Нөөцийн махны гуравны нэг нь борлуулагдсан байна. Гуравны хоёрынх нь түгээлт, хүртээмжийг нь сайжруулах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдээд байна.
Хэдийгээр жилийн жилд нөөцийн мах бэлтгэж худалдаанд гаргаснаар махны үнийн өсөлтийг тогтворжуулна гэж үздэг ч дагнасан судалгаа одоогоор алга. Гэхдээ өндөр өсөж буй хурдцыг бага зэргээр сааруулах ч үнийн өсөлтөд нөлөөлнө гэсэн зүй тогтол алга. Өнгөрсөн хугацааны нийлүүлэлтийн тасалдал шатахууны хомсдолоос үүдэлтэй. Ялангуяа хөдөө орон нутагт өнгөрсөн оны 10-11 саруудад шатахууны хомсдол үүсэж Улаанбаатар хот руу тээвэрлэлт түр саатсан. Үүнээс үүдэлтэй сарын дотор 6.3 хувь, долоо хоногт 2.3 хувийн өсөлт үзүүлсэн байх жишээтэй. Түүнчлэн нөөцийн махыг жилд хоёр удаа бэлтгэдэг. Нэг нь халуун намар тухайлбал, наймдугаар сард нөөцийн мах бэлтгэж эхэлдэг нь ч учир дутагдалтай. Махны үнийн хамгийн доод цэгт хүрч буй үед нь нөөцийн махыг хямдаар авдаг ч хадгалалт, агуулах зоорь нь чанарын шаардлага хангахгүйгээс хэрэглэгчдийн хэрэгцээг хангадаггүй. Мөн аравдугаар сард малын тарга, тэвээргэ буурсан үед малчид онд орохооргүй муу малаа төхөөрдөг учраас компаниуд нөөцийн махаа бэлтгэдэг.
Тэгэхээр нөөцийн махны үнийг махны үнийг тогтвортой байлгая гэвэл тээвэрлэлт, нийлүүлэлт, түгээлт, хүртээмжийн сүлжээнд өөрчлөлт хийгүйгээр хэрэглэгчдэд үр дүнгээ өгөхгүй гэдгийг олон нийт болон салбарын экспертүүд хэлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn