“ONDO Space” компанийн технологи хариуцсан захирал, сансрын технологийн инженер, доктор Д.Амартүвшинийг урьж ярилцав.
-“Ondo Spase” компани хэдэн онд байгуулагдсан. Ямар технологийг түлхүү хөгжүүлж байна?
-Манай “ONDO Spase” компани нь 2022 онд байгуулагдсан сансрын технологийн үйл хэргийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй компани. 2024 онд “ONDO Space” нь хиймэл дагуулууд туршилтаа амжилттай хийж, арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ONDO Space-н хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь юмсын интернэт төхөөрөмжүүдийн харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох замаар жижиг оврын хиймэл дагуулын сүлжээг ашиглан огт сүлжээгүй газраас мессеж илгээх, хүлээн авах цаашлаад дуудлага хийх боломжоор хангагдах ач холбогдолтой юм. Мөн мал амьтан, төхөөрөмжийн байршил, төлөв тогтоох төхөөрөмжөө туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлсэн. Уг төхөөрөмж нь Монголын нөхцөл байдалд тохирсон буюу мал амьтны байршил тогтоох боломжтой. Энэ хүрээнд 2025 онд холбооны зориулалттай бага хэмжээний дата агуулсан 10 хиймэл дагуулыг хөөргөсөн. Одоогоор манай компанийн 12 хиймэл дагуул сансарт ажиллаж байгаа.
Эдгээр хиймэл дагуул дээрээ 2025-2026 онд газарт ажилладаг жижиг төхөөрөмжийг хөгжүүлээд Монголын “Аргаль, янгир”-ын сантай хамтарч ховордсон ан амьтныг олж илрүүлэх, хамгаалах төслийн чиглэлээр ажиллаж байна. Ингэхдээ хоёр янгир дээр газрын төхөөрөмжөө тавьж улмаар хиймэл дагуулаараа мэдээллийг нь аваад байна. Мөн НҮБ-тай хамтран малчдад отор нүүдэл хийх, цасан шуургад өртөх зэрэг аюул тохиолдох үед интернэтийн сүлжээгүй газар хиймэл дагуулаар дамжуулж мэдээлэл өгөх, байршлыг тогтоох төслийг хэрэгжүүлж байна. Сансраас цаг агаарын мэдээ, аюулт үзэгдлийг долоо хоногийн өмнөөс мэдээлэх ажлыг нцгой байдлын газартай хамтарч эхний долоон айлд төхөөрөмжөө суурилуулан туршилтаар ажиллаж байна.
-Хоёр янгирт чип тавьж сансраас хянаад газар руу мэдээлэл солилцож байна гэсэн. Үүнийгээ сонирхуулаач?
-Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг “Аргаль янгир” сантай хамтарч хоёр янгирт төхөөрөмжөө байрлуулсан. Ерөнхийдөө өсөлт, хөгжилт хөдөлгөөнд нь (track) хийх зорилгоор. Өмнө нь зөвхөн хаана байгааг нь тогтоодог дата мэдээлэл авдаг байсан бол одоо зориулж хийсэн платформоор өвөл, хавар хаагуур нутагладаг эсэхийг харах боломжтой дата мэдээлэл авах зэргээр туршаад явж байна.
-Танай компани Монголд тохирсон хурдан морь, адуу зэрэгт track хийх төхөөрөмж бүтээж байгаа юу?
-Монголд адуу, үхэр, хонь, ямаа буюу амьтаны хөдөлгөөнд (track) хийдэг төхөөрөмж борлуулагдаад 10 орчим жил болж байна. Бага хэмжээний датаг хиймэл дагуулаар дамжуулаад хөдөлгөөнд хяналт (track) хийдэг байгаа. Эдгээр төхөөрөмжүүдийн судалгаа хийгдэж байна. Гадаадаас оруулж ирж буй төхөөрөмжүүд үнэтэй байдаг. Тиймээс бид малчдынхаа худалдан авах чадварт тохирох үнээр борлуулах төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна. Энэ оны сүүлээр бүрэн танилцуулах төлөвлөгөөтэй.
Монгол Улсын сая орчим иргэн мал аж ахуй эрхэлж байна. Нүүдэлчин, уламжлалт мал аж ахуй эрхэлдэг гээд технологи ашигладаггүй гэсэн ойлголт ард хоцорсон. Өнөөдөр малчид илүү технологжсон. Жишээлбэл, хиймэл дагуулын тусламжтай адуу, малынхаа байршлыг тогтоож, хянах төхөөрөмжийг өргөн ашигладаг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг манай компаниас гадна гадаадын 3-4 компани бий. Бидний тухайд үнийг өрсөлдөхүйц, монгол технологийг малчдад илүү ойр, монгол ахуй, өв соёлоо мэддэг хүмүүс нь үйлдвэрлэж хүргэж чадна гэсэн зорилгоор ялгарна гэж зорьдог. Нөгөөтээгүүр, гадагшаа грч өрсөлдөх шаардлагатай. Сансрын технологи хөгжүүлэлт өндөр зардалтай учраас тэр. Япон,Станы орнуудад гарч ажиллая гэсэн төлөвлөгөөтэй. Эдгээр орнуудын инженерүүд өөрсдөө хиймэл дагуул хийж хөөргөсөн туршлагатай.
- Сансрын технологийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ярьдаг. Үүнд та байр сууриа илэрхийлнэ үү?
-Сансар судлалыг Засгийн газрууд батлан хамгаалах салбарт ашигладаг байсан бол одоо бизнесийн нээлттэй талбар болсон.Тиймээс сансрын салбарт монголчууд шинэ технологийг гаргаж ирэх боломжтой. Сансар судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани дэлхийд ховор байдаг. Тухайлбал, Япон улсад 20 орчим л компани бий. Олон улсад том хурал зохион байгуулахад 1000 хүрэхгүй компани ирдэг. Анх 2007 онд хувийн нэг жижиг компани пуужин хөөргөснөөс хойш эдгээр компаниуд бий болсон. Үүнээс хойш жижиг хиймэл дагуулуудыг хямд зардлаар хийж турших боломж нээгдсэн. Ингэснээр мэдээллийн технологи,хиймэл оюуныг хөгжүүлээд бусад салбарт ашиглах боломжтой болсон. Эдгээрийн нэг нь манай “Ondo Spase” компани.
-Сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн талаар яригддаг. Ялангуяа “Mars” төсөл гэх мэт. Монголын говийг сансар руу нисэх бэлтгэлийн бааз болох хамгийн тохиромжтой гэдэг. Та энэ тухайд юу хэлэх вэ?
-Сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх, сар руу гарах төсөл, төлөвлөгөөгөө боловсруулсан хэд, хэдэн улс судалгаа, шинжилгээ, туршилтаа хийж байна. Тухайлбал, бидний сайн мэдэх “SpaceX” компанийн Starship хөлөг нь сарыг эзэмших төлөвлөгөөтэй. Энэ бол мөрөөдөл биш төлөвлөгөө. Саран дээр хотхон байгуулах том зорилготой. Энэ ажил шат дараалалтай явж байна. Үүний дараа саран дээрээсээ Марс руу явах төлөвлөгөөтэй. Энэ бол дараагийн шатны ажил нь. Энэ төслүүдийн гол зорилго нь хэзээ нэгэн цагт дэлхий дээр янз бүрийн зүйл болбол хүн төрөлхтөн өөр гараг руу суурьших боломж Сар болон Марс гариг байх болно харж байгаа юм. Энэ төсөл дээр маш олон компани ажиллаж байгаа. “Mars” төслийг дэмждэг. Ялангуяа Монголын говь шөнө нь маш хүйтэн, өдөр нь маш халуун. Температурын энэхүү өөрчлөлт мөн Марс гариг манай дэлхийтэй ойролцоо гэдгээр туршилт судалгаа, бэлтгэл хийх тохиромжтой бааз газар нь болно гэдэгт эргэлздэггүй. Хятадын сансрын туршилтын бааз Өвөр монголд байдаг. “SpaceX”-ийн инженерүүдийн ярьж байгаагаар бол “Марс гариг бол дэлхийд хамгийн ойр байдаг, хамгийн тохиромжтой гариг юм. Марс гариг бол 225.3 сая км зайд байрладаг, хамгийн их нартай өдрүүдтэй, атмосфер нь нүүрсний хүчил, азот, аргонтой, ургамал тарьж ургуулах боломжтой гариг гэдэг. Одоогоор Mарс гариг дээр хүн очоогүй. Харин роботууд буусан. Тэд Марсын газрын зургийг хийх, rubber хийх зэргээр ажиллаж байна. Дэлхийгээс Марс руу гурван удаа хиймэл дагуул хөөргөсөн. Ер нь сансарт хүн хөөрнө гэдэг нь сансрын технологит хүн итгэж байгаагийн нэг илрэл. Нөгөөтээгүүр, тухайн хүнээс эр зориг шаардана. Тэгэхээр сансрын технологи нь бидний өдөр тутамд ашигладаг технологиудаас илүү найдвартай байх гээд олон талаас нь бодож хийдэг. Ер нь сансрын технологи бол технологиудын оргил нь. Цаг хугацаа, санхүү их шаардана. Шинжлэх ухаан, нийгэмд тэр бүр ашиглагддаггүй мэдлэг, “но хау” шаарддаг. Тиймээс ч энэ технологи, “но хау”-гаа улс бүхэн хуулиараа хамгаалж байдаг. Тухайлбал, АНУ хиймэл дагуул болон пуужингийн хөдөлгүүрийг хийдэг технологи “но хау”-г зөвхөн америк эзэмшдэг байх жишээтэй. Тэгэхээр монголчууд ч гэсэн нэг технологийг барьж аваад сайн эзэмшээд, ашиглаад явах оюуны бүрэн потенциал мэдлэг давуу талтай гэж боддог.
-Та компанийн алсын хараагаа юу гэж тодорхойлж байна. Та яагаад сансрын технологийн инженер болсон вэ?
-Манайх арав орчим инженерүүдтэй. Бүгд Монголдоо мэргэжил эзэмшсэн 25 орчим настай залуучууд. Сүүлийн таван жилийн хугацаанд инженерүүдээ бэлтгэж Герман, Японд хиймэл дагуулынхаа туршилтыг хийсэн. Мөн АНУ-ын “SpaceX” пуужингаар хоёр удаа хөөргөлт хийсэн. Ингэснээр бид нэлээдгүй “но хау”-цуглуулсан. Цаашдаа хиймэл дагуулынхаа технологийг ашиглаж олон улсад бүтээгдэхүүн хийх чиглэлээр өрсөлдөнө гэсэн алсын хараатай. Одоогоор манай компани Монголдоо ганц бөгөөд анхных нь. Япон, Тайвань, Турк улсын залуучууд нь бидэнтэй яг ижил хиймэл дагуул хийгээд технологи хөгжүүлээд явж байна. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл Монгол Улс энэ зах зээлд бусад улстай өрсөлдөхүйц ижил түвшинд явж байна. Тиймээс ирээдүйтэй салбар. Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд аваачих сансрын технологийн салбарын хөгжил бусад улстай яг ижил гараан дээр байна.
Би анх Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа ахтай анх 2013 онд Монгол Улсын Засгийн газраас Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн баг МУИС дээр олон нийтэд танилцуулах үеэр танилцаж байсан. Тухайн үед жижиг лаазанд багтдаг хиймэл дагуулыг хөөргөх төслийн сургалтыг оюутнуудын дунд зохион байгуулж байсан юм. Тэр үед би I дамжааны оюутан байхдаа Ж.Гүррагчаа баатартай гар барьж танилцаж байснаа дурсахад таатай байна. Үүнээс хойш 13 жил болсон байна. Би сансрын технологийн инженерээр дотоод, гадаадад сураад судалгаа шинжилгээгээ хийгээд явж байна. Тэр үед Монгол хүн сансарт ниссэний 32 жилийн ойг тэмдэглэж байсан. Хүн сансарт амжилттай хөөрч, газардаад долоо хоног туршилт судалгаа хийнэ гэдэг технологийн хувьд маш том зүйл. Одоо ч гэсэн нэг улс дангаараа хийхэд маш их хугацаа, хөрөнгө зарцуулна. Энэ утгаараа өмнө хийсэн хүмүүсийнхээ амжилтаар бахархаад зогсохгүй, маш их хүндэтгэдэг. Тиймээс л энэ мэргэжлийг сонгосон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 55 (7797)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn