Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эдийн засаг бизнес мэдээллийн албаны сэтгүүлч, тоймч

Емайл хаяг: tsmyagmarbayar@gmail.com

Facebook : Myagmarbayar Tsevegdorj

Д.Чинцогт: “News cafe” бол контент бүтээх, хөгжүүлэх орчин

Хэвлэл мэдээллийн салбарынхан, контент бүтээгчид, сэтгүүлзүйн мэргэжилтнүүд нэгэн дээвэр дор чөлөөтэй уулзан, хамтран ажиллаж, сайн туршлагаа солилцох шинэ орон зайг бүрдүүлсэн “News Café” үүдээ нээгээд удаагүй байна. Start-Up булангийн энэ удаагийн дугаарт “News cafe” студийг үүсгэн байгуулагч, график дизайнер Д.Чинцогтыг урьж ярилцав.

 

- Сэтгүүлчдэд зориулсан зах зээлээ мэдэрсэн ийм орчныг байгуулах санаа хэрхэн төрж байв?

- 2021  онд www.graph.mn сайтаа байгуулсан. Тэр үед 20 хүрэхгүй м.кв талбайтай жижигхэн өрөөнд нэг ширээ тавиад л дүүрчихдэг.

Контент хийх мэргэжлийн тоног, төхөөрөмж муу. Бүгдээрээ нийлээд нэг дор суугаад ярилцах зай багтаамж багатай байсан.

Өөр суух газрууд төлбөр өндөр. Кофе шоп-д суух гэхээр оюутнууд болон  үйлчлүүлэгчдээр дүүрсэн  бужигнасан  орчинд ярилцлага хийх боломжгүй гэх мэт төвөгтэй байдлууд анзаарагдсан. Энэ үед л сэтгүүлчдэд зориулсан бага төлбөрөөр контент бүтээх тоног төхөөрөмжтэй студи байгуулах, тэндээ кофе-гоо уучихдаг ийм орчин нээх санаа төрсөн. Өнөөдөр хэвлэл мэдээлэл ихэвчлэн цахим платформд дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сэтгүүлчид, уншигчид, иргэд, салбарын экспертүүдийн амьд оролцоотой контент бүтээвэл илүү үр дүнд хүрэх юм шиг санагддаг байсан. Ер нь давхар олон санааг агуулж  найзууддаа санал тавьж  улмаар бодол биелдэг гэгчээр өнөөдөр 200 м.кв бүхий контент бүтээх мэргэжлийн студи,кафе, оффисоо нээсэндээ баяртай байна.

Найз сэтгүүлч Ц.Шинэбаяр, Г.Улсболд, Г.Балжинням, Г.Энэбиш, О.Одгэрэл гээд бид зургуулаа нэгдэж байгуулсан. Цаашдаа хамтрагчдаа нэмээд явна. Сэтгүүлчдэд зориулсан учраас манайхан илүү  олуулаа, хамтдаа хөгжих ёстой. Тиймээс  салбарынхандаа нээлттэй газар болгож эндээс шинэ бүтээл, контент олноор төрж гараасай гэдэг зорилгыг агуулсан. Мөн сэтгүүлчдээ мэргэшүүлэх, залуу дунд, ахмад үеийнхнийг хооронд нь уулзуулж туршлага мэдээллээ хуваалцдаг таатай орчин бий болгох алсын хараатай. Мэдээж бизнесийн зорилго байгаа ч гэсэн бид мэргэжлийн сэтгүүлч, уран бүтээлчид нэгдэж байгуулсан гэдгээр бусад байр болон техник, тоног төхөөрөмж, боловсон хүчний хүрэлцээ бага жижиг редакц, студиүдэд туслах, хамтарч контент бүтээхийг л гол зорилгоо болгож байгаа.

Удахгүй бид долоо хоногийн нэг өдрийг салбартаа танигдсан туршлагатай экспертүүдийг урьж уулзалт хийхээр товлож байна. Мөн зарим мэргэжлийн клубийн хүсэлтээр өглөөний уулзалтуудыг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн шинэ хууль төрөхийн өмнөх хэлэлцүүлгүүдийг хийнэ. Аяндаа үйл ажиллагаа жигдрээд ирэхээр бусад олон төрлийн арга хэмжээнүүдийг хийнэ. Энэ бүгдээс мэдээж тодорхой хэмжээний үйл ажиллагааныхаа зардлуудыг зохицуулаад явах боломж бүрдэнэ гэж харж байна.Салбарын нөхөдтэйгөө санаа бодлоо хуваалцан, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, тухлан суун ажиллах таатай орчин, мэргэжлийн нэгдэл бидэнд зайлшгүй хэрэгтэй байсан. Тэр газар нь манайх байх болно.

-Контент бүтээх  өрөөнүүдээ сонирхуулаач?

-“News café” маань нэг талаас кофе шоп, нөгөө талаасаа мэргэжлийн студи юм. Студи нь дотроо олон хувилбартай. Олуулаа суугаад хэлэлцүүлэг хийх боломжтойн зэрэгцээ хоёулхнаа суугаад подкаст хийх эсвэл 4-5 уулаа нийлээд видео контент хийх зэргээр булан, тохой бүрийг ашиглаж болох байдлаар тохижуулсан. Түүнчлэн дуу, шум шингээсэн аудио /aкустик/хоолойн уншилтын жижиг өрөө бүхий студи, хурлын заал, өглөөний  уулзалт хийх өрөө гээд тус, тусад нь тохижуулсан. Мөн компьютероо авч ирээд оффис байдлаар ашиглах бүрэн боломжтой. Ийм гурван төрлийн үйл ажиллагаа явуулах орчны нэгдэл гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл, ганцаараа ирээд оффис байдлаар ашиглаж болохын зэрэгцээ контент бүтээж болно, эсвэл кафед ирээд сууж болно гэсэн үг.

Түүнчлэн цомхон хүрээний уулзалтуудыг хийх боломж бас бүрдсэн. Учир нь ажлын өрөөнд хийх уулзалт, кофе уунгаа амрах маягтай ажил хэрэг ярих хоёрт үр дүнгийн зөрүү байдаг гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, халуун дулаан яриан дундаас ажил хэргийн шинэ санаа төрдөг шүү дээ. Тиймээс үүнд зориулсан уулзалт, хурлын өрөөг хүртэл бодож тохижуулсан. Мөн 30-уулаа нийлээд эвент арга хэмжээ хийх боломж бас бий. Тухайлбал, номын нээлт бусад багахан хэмжээний арга хэмжээ зохион байгуулах зэргээр хабрид маягийн орчныг бүрдүүлсэн гэсэн үг. Мөн вип өрөө хүртэл байгаа. Дулааны улиралд гаднаа суухаар тохижуулсан. Ерөнхийдөө үндсэн том өрөөнөөс гадна дөрвөн өрөөтэй. Подкастын, уулзалтын, амралтын, хурлын гэсэн.

-Манайд ийм төрөлжсөн кофе шоп ер нь бий юу. Эсвэл танайх анхных нь уу?

-Яг манайх шиг сэтгүүлчдэд зориулсан гэсэн оффис, кофе шоп гэж сонсож байгаагүй. Харин  нийгэмд паблик оффисс олон байгаа. Өөрөөр хэлбэл, цагаар эсвэл өдрөөр түрээсэлдэг. Эдгээрээс яг сэтгүүлчдэд зориулсан бол нэг ч байхгүй. Тэгэхээр манайх Монголдоо анхдагч нь болж байна. Өөрөөр хэлбэл, манайхтай ижил төстэй  үйл ажиллагаатай ийм газар бараг байхгүй байх. Харин зарчмын хувьд ойролцоо газрууд бий болов уу. Бидний байгуулсан энэ кафе маань контент бүтээх зорилго руу чиглэсэн гэдгээрээ бусад кофe шопоос ялгаатай. Контент ямар замаар бүтдэг вэ гэдэг зарчмаа мэддэг учраас энэ чиглэлд илүү чиглэсэн үйлчилгээгээ үзүүлнэ гэсэн үг. Тиймээс бид хотын төвд байрлалтай хэр нь нэг давхрыг сонгоогүй зургаан давхрыг сонгосон нь илүү зорьж ирэх үйлчлүүлэгч, сэтгүүлчдэдээ зориулсан гэсэн үг. Жишээлбэл, энд ярилцах зочноо дагуулж ирээд бичлэгээ хийлгүүлэх боломжтой. Гэрэл, тайз, мэргэжлийн зураглаач бүгд бэлэн байна гэсэн үг. Мөн хийсэн бичлэгээ авч ирээд монтаж, эвлүүлэг хийлгэх бүрэн боломжтой. Нэг ёсондоо манайх контент бүтээх техник, дэд бүтцийг цогцоор  шийдсэн. Мэдээж энэ бүхэнд нэмүү өртгөө шингээж үйлчилгээний төлбөрөө гаргана гэсэн үг. Нөгөөтээгүүр, жижиг редакц, студийн зай багтаамж муу бол заавал манай техникийг ашиглахгүйгээр өөрсдийнхөө камер тоног төхөөрөмжөөр манай тайз, гэрлийг ашиглаад бичлэгээ хийж болно. Тэгэхээр эрэлт, хэрэгцээ болгоныг хангасан хэд, хэдэн меню цэстэй байх юм. Сая нээлтийн арга хэмжээний үеэр ирсэн зарим  сэтгүүлчид Хонконг, Сингапурт иймэрхүү газар орж үзсэн гэж ярьж байсан.

- Эдгээр үйлчилгээнүүд ямар  төлбөртэй байх бол ?

-Мэдээж контентын төрөл цаг, хугацаа зэргээс хамаарч харилцан адилгүй л байна. Жишээлбэл, манай хоолой уншилтын өрөөг нэг цаг ашиглавал 20-30 мянган төгрөг байх болов уу. Камерын  бичлэг бас цагаасаа хамаарч өөр, өөр байна. Гэхдээ сэтгүүлч, уран бүтээлчдээ сайн контент бүтээхэд нь туслах, салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой учраас төлбөрийг аль болох зах зээлийн үнээс хямд байлгах бодлого барина. Цаашдаа ачаалал нэмэгдэх хэрээр бид тоног төхөөрөмжөө нэмэх, өргөжүүлэх гээд хөрөнгө оруулалт байнга хийгдсээр байх болно.

- Анхны хөрөнгө оруулалтаа хаанаас хэрхэн босгов. Мэдээж сэтгүүлчид ийм баян юм уу. Эсвэл ард нь хөрөнгө, мөнгө  эрх мэдэлтэй хэн нэгэн байна уу гэсэн хардлага байгаа байх?

-Бид өөрсдөдөө байсан тав, арван төгрөгөө нийлүүлж, зарим нь машинаа барьцаанд тавьж зээл авах зэргээр энэ байрныхаа тохижилт, түрээс зэргийг зохицуулж байна. Найман сард мөнгөгүй  болчхоод хэсэг засвараа зогсоосон. Гэхдээ маш хямд түүхий эд ашиглаж засвараа өөрсдөө хийсэн. Хамгийн орчин үеийн шийдлийг ашигласан. Мөн зах зээлийн судалгаагаа маш сайн хийсэн. Түүнээс биш эрх мэдэлтэй хэн нэгнээс хөрөнгө оруулаач гэж гуйгаагүй. Анхнаасаа тийм зорилго агуулаагүй. Цэвэр сэтгүүлчид өөрсдийнхөө чин сэтгэлээрээ нэгдэж байгуулсан. Цаашдаа энэ оруулсан хөрөнгө оруулалтаа өөрсдөө нөхөх бүрэн боломжтой. Манай байгууллага нь одоогоор “News cafe” ХХК. Мэдээж тодорхой хэмжээнд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх учраас аж ахуйн нэгж болсон.Гэхдээ үндсэн үйл ажиллагаа маань гишүүнчлэлтэй, гишүүддээ үйлчилдэг ТББ-ын зарчмаар явуулна. Тэгэхээр гишүүнчлэлийн татвар, хандиваар бас зарим үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ. Харин тогтмол үйл ажиллагаа эрхэлдэггүй, гэхдээ хааяа нэг манай дэд бүтцийг ашиглаад контент бүтээх байгууллага, редакц байвал тэднээс авах татвар нь тогтмол манайхыг ашигладаг редакцаас бага байх гэх мэтээр л төлбөрөө тогтооно. Одоогоор дөнгөж үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа учраас нарийн боловсруулж амжаагүй байна. 

-Уран бүтээл хийдэг хүссэн хэн бүхэн л энд ирж контентоо  хийх юм байна. Аюулгүй ажиллагааг хэрхэн хангасан бол. Уран бүтээлийн санаа эхэндээ нууц байдаг шүү дээ?

-Тухайн сэтгүүлч нар энэ хаалгаар орж ирсэн л бол тэдний уран бүтээлийн яриа, санаа болсон бүх зүйл эндээ л үлдэнэ. Гадаадын детектив нэг кино байдаг л даа. Нэг зочид буудлын өрөөг хэсэг алуурчид эзэмшдэг гэх үү дээ. Тэгээд тэр өрөөнд орсон хүн бол тэдний зарчмыг зөрчих эрхгүй. Тэнд ярьсан зүйл тэндээ л үлддэг гэсэн зарчим. Яг түүн шиг дүрэм мөрдөнө. Энд болсон бүх зүйл эндээ л үлддэг байна гэсэн үг. Мэдээж гишүүнчлэлтэй болоод ирэхээр аюулгүй байдлыг хангах тал дээр тодорхой дүрэм боловсруулж гэрээгээр мөрдөнө. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 226 (7723)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.