Базарбямбын НЯМСҮРЭН

Улс төрийн албаны тоймч Б.Нямсүрэн. МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, АНУ-ын Stratford university-н Олон улсын бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг тус тус төгссөн.

"Зууны мэдээ" сонинд найм дахь жилдээ ажиллаж байна.

Нийгэм, улс төр, олон улсын чиглэлээр голлон бичдэг.

Хөрөг унших, баримтат нэвтрүүлэг үзэх дуртай.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн. МСНЭ-ийн "Ган үзэг" шагналтай.

Freedom 250: Америк 250 жилийн ойгоо ингэж угтаж байна

АНУ-ын нийслэл Вашингтон хот аль хэдийн баярын уур амьсгалд умбажээ. Гудамжаар алхах хүмүүсийн олонх нь төрийн далбааны улаан, цагаан, цэнхэр өнгийг шингээсэн хувцас өмсөж, төрийн байгууллагууд баярын чимэглэлээ зүүсэн нь Америкчууд Тусгаар тогтнолын тунхаглал батлагдсаны 250 жилийн ойгоо хэрхэн угтаж буйг илтгэнэ. Энэхүү түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Freedom 250” үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өчигдөр Вашингтон хотноо болж, Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэллээ.

Энэхүү түүхэн ойг сурвалжлахаар "Зууны мэдээ" сониноосоо томилолт өвөртлөн Вашингтон хотод хүрэлцэн ирсэн миний хувьд буусан даруйдаа Freedom 250 хөтөлбөрийн нээлтийг зорив. National Mall нь Линкольны дурсгалын хөшөөнөөс Конгрессын ордон хүртэл үргэлжлэх, АНУ-ын төр, нийгэм, үндэсний хэмжээний томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагддаг бэлгэдэл бүхий задгай талбай юм.

Арга хэмжээ Америкийн түүх, эрх чөлөө, эх оронч үзлийг онцолсон уур амьсгал дор эхэлж, АНУ-ын Агаарын цэргийн хүчний сүрт үзүүлбэрээр үргэлжиллээ. F-16, F-35, B-2 Spirit зэрэг орчин үеийн байлдааны нисэх онгоцнууд Вашингтоны тэнгэрийг нүргэлэн огтолж, үзэгчдийн анхаарлыг татав. Талбайд цугласан хүмүүсийн олонх нь төрийн далбааны өнгийг шингээсэн хувцас, малгай, энгэрийн тэмдэг зүүсэн нь үндэсний баярын өнгө аясыг улам тодотгож байлаа. Мөн төрийн байгууллагуудын барилгууд баярын чимэглэлээр гоёж, үүдэндээ төрийн далбаагаа мандуулжээ.

Арга хэмжээний эхэнд Трампын засаг захиргааны гишүүд үг хэлж, Америкийн 250 жилийн ойн ач холбогдлыг онцоллоо. Үүний дараа эх оронч дуу хөгжмийн тоглолт үргэлжилж, Америкийн кантри хөгжмийн нэрт дуучин Ли Гринвуд "God Bless the USA" дуугаа дуулсны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп тайзан дээр гарч ирэв. Үе үе Вашингтоны тэнгэрт нүргэлэн өнгөрөх байлдааны онгоцнууд арга хэмжээний сүр хүчийг улам нэмэгдүүлж байлаа.

Трампын илтгэл зөвхөн Америкийн төрсөн өдрийн баярын тухай байсангүй. Тэрээр үндэсний аюулгүй байдал, хууль бус цагаачлал, батлан хамгаалах бодлого зэрэг улс төрийн өнгө аястай асуудлуудыг ч хөндсөн юм. Трамп Freedom 250-ийг "Америкийн дараагийн 250 жилийн эхлэл" хэмээн тодорхойлж, "America is Back" гэсэн гол мессежээ дахин онцлов. Мөн өөрийн засаг захиргаа хууль бус цагаачлалыг эрс бууруулж, Вашингтоныг "АНУ-ын хамгийн аюулгүй хотуудын нэг" болгосон гэж мэдэгдэв.

Түүнчлэн ирэх долдугаар сарын 4-нд болох үндсэн баярын арга хэмжээ Америкийн түүхэнд болж байгаагүй өргөн хүрээтэй зохион байгуулагдана хэмээн онцолж, урьд өмнө үзэж байгаагүй хамгийн том салютын шоу болохыг амлав.

1776 оны Тусгаар тогтнолын тунхаглалаас эхлээд өнөөг хүртэлх АНУ-ын амжилтын талаар бахархан дурдсан Трампын илтгэлийг үзэгчид алга ташилт, уухайгаар хүлээн авч байлаа. Харин АНУ-ын 50 мужийг танилцуулсан үзэсгэлэнгийн асрууд төв тайзнаас нэлээд зайтай байрласан тул илтгэлийн үеэр тийш зорих хүн харьцангуй цөөн харагдав.

Freedom 250 нь зөвхөн нэг өдрийн арга хэмжээ бус. Энэ нь Америкийн Тусгаар тогтнолын 250 жилийн ойг угтсан жилийн турш үргэлжлэх үндэсний хөтөлбөрийн эхлэл юм. Оргил арга хэмжээ ирэх долдугаар сарын 4-нд Вашингтон хотноо болох бөгөөд АНУ даяар олон зуун баярын арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 121 (7863)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn