Базарбямбын НЯМСҮРЭН

Улс төрийн албаны тоймч Б.Нямсүрэн. МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, АНУ-ын Stratford university-н Олон улсын бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг тус тус төгссөн.

"Зууны мэдээ" сонинд найм дахь жилдээ ажиллаж байна.

Нийгэм, улс төр, олон улсын чиглэлээр голлон бичдэг.

Хөрөг унших, баримтат нэвтрүүлэг үзэх дуртай.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн. МСНЭ-ийн "Ган үзэг" шагналтай.

Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя

ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах “Цэнгэлдэх” хотхоны 23 давхар барилгын 20 дугаар  давхарт өчигдөр гал гарлаа. Азаар Нийслэлийн Онцгой байдлын газар шуурхай ажиллаж галыг унтрааж чадлаа. Лав л галын зургаан машин ажиллаж, хажуу айл, доод дээд айлаар дамжин хүмүсийг аварч, иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэв.

“Цэнгэлдэх” хотхоны хувьд 23 давхар, нэг давхартаа дөрвөн айлтай, нийт найман блок бүхий том хотхон. Энэ том хотхоны аль нэг айлд гал гарлаа гэхэд давхрынх нь бусад гурван айлаас гадна дээшээ доошоо хамгийн багадаа найман айлын аюулгүй байдал яригдана.

Тэгэхээр энэ мэт өндөр барилгад дахин гал гарахгүй гэх баталгаа байхгүй. Тэр үед иргэдээ аварч, тусламж үзүүлэх бодит нөхцөл боломж хэр байгааг дахин сөхөхөөс аргагүйд хүрч байна.

“Зууны мэдээ” сонин өмнө нь эл асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж дуугарч байсан билээ.

 

Өндөр барилгын галыг өндөр шатанд найдаж болохгүй

Юуны өмнө өндөр барилгын галыг унтраах тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудлаар бид ОБЕГ-аас тодруулсан юм. Одоогоор ОБЕГ-ын хувьд 32 метр шаттай хоёр, 42 метр шаттай хоёр автомашин бүрэн ажиллаж байгаа тухай мэдээллийг өгсөн. Нэг үеэ бодвол галын машины хүрэлцээ нэмэгдсэн нь сайн боловч машин байгаад ч хүчрэхгүй өчигдрийн нөхцөл байдал дахин бий болвол яах вэ.

Өчигдрийн хувьд галын машины шат 11 давхраас дээш хүрч чадаагүй гэдгийг тухайн үед байсан иргэд ярьж байна. Гэтэл гал 20 давхарт гарсан. Тиймээс ч техникийн хүчээр бус аврах багийнхны ур чадвараар, дээд болон хажуу айлаас нь дамжиж хүмүүсийг аварлаа. Гэтэл нөгөө талаар галын асуудал яригдах бүрт машинд найдах нэг өрөөсгөл хандлага бий. Шуудхан хэлэхэд, иргэд бид өндөр шаттай галын машинтай л бол болчихно гэж найдаж суудаг. Гэтэл өндөр шаттай байгаад ч 20 давхар барилгад хүрэх болом үгүй. 42м шаттай машин гэхэд дунджаар нэг давхрыг гурван метр гэж тооцоход 13-14 давхарт л хүрэх боломжтой. Тэгэхээр машинтай л бол болчихно гэдэг ойлголт мэргэжлийн талаасаа маш буруу гэдгийг бид харж байна. Дэлхийн практикт өндөр барилгын аюулгүй байдлыг шаттай машинаар хэмждэггүй юм байна. Учир нь 30–40 давхар барилгын галыг гаднаас очиж унтраах боломжгүй. Гэхдээ үүгээрээ өндөр шаттай машин хэрэггүй гэсэн үг биш. Хамгийн гол асуудал барилга өөрөө галын үед хамгаалалтын систем болж ажиллах ёстой хэмээн үздэгийг бидний хэд нь сайн мэдэх вэ. Нөгөө талаар галын хамгийн гол аюул зөвхөн дүрэлзэн асаж буй улаан гал бус, уугиж байдаг галын утаа байдаг. Тиймээс галын үед хүмүүсийг аврах гол нөхцөл нь шатаар доош буух боломж төдий биш, утааг тусгаарлаж, аюулгүй гарцыг хэдэн минут хадгалж чадах инженерийн систем байдаг. “Цэнгэлдэх” хотхоны хувьд айл бүрт гал мэдрэгч мэдрэгч байдаг, давхруудад галын гидрант байдаг гэсэн. Гэхдээ тухайн үед 20 давхрын галын гидрант ажиллаагүй тухай цугласан оршин суугчид хэлж байв.

Тэгэхээр өндөр барилгын аюулгүй байдал нь гал гарсны дараах асуудал биш, зураг төсөл батлах үеэс эхэлдэг инженерийн том шийдэл юм. Галын дохиолол, автоматаар ажиллах усан шүршигч систем, утаа сорох болон даралтат агаарын хамгаалалттай шат, галд тэсвэртэй хаалга, давхар хооронд гал тархахаас сэргийлэх тусгаарлалт, дотоод усан шугам буюу галыг усаар шүршиж унтраах механизм, аврагчдын ашиглах тусгай лифт зэрэг нь өндөр барилгын үндсэн шаардлага болдог.

 

Хонгконг хяналтаа чангатгасан, харин манайх хэзээ анхаарах вэ

 

Дэлхий даяар өндөр барилгад гарсан харамсалтай олон тохиолдлыг бид мэднэ. Хамгийн сүүлд гэхэд Хонконгт өнгөрсөн онд болсон томоохон гал энэ асуудлыг дахин дэлхийн анхааралд оруулсан. Тай По дүүргийн өндөр орон сууцны цогцолборт гарсан гал хажуу дахь барилгууд руу тархаж, хэдэн мянган хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Нэгэнт эрчээ авсан энэ том хэмжээний галыг унтраахад өндөр барилгын стандартын бус хийцлэл, хэт шигүү, галын машин орох ч боломжгүй нөхцөл байдал хамгийн их саад болж байсныг тухайн үед шүүмжилж байлаа. Хонгконгийн гашуун сургамжийг зүгээр нэг айлгах гэж жишээ болгон татсангүй. Харин ч хүн ам шигүү суурин газруудад өндөр барилгад гарсан эрсдэл ямар аюулд хүргэж болзошгүйг сануулах гэсэн төдий. Олон мянган хүний амь насыг авч одсон түүхэн дэх хамгийн том галд тооцогдож байгаа энэ гэнэтийн аюулын дараа Хонконг болон Хятадад өндөр барилгын галын аюулгүй байдлын шалгалтыг өргөн хүрээнд эхлүүлээд байгаа.

Харин манайх энэ талаар хэр дуугарч байна вэ. Сүүлийн жилүүдэд цементэн ширэнгэ гэж нэрлэгдэх болтлоо Улаанбаатар хот шигүү суурьших болсон. Тэдгээрийн тэргүүн эгнээнд “Хурд” группын барьсан олон гоё нэртэй хотхон, хорооллууд бичигддэг. Ер нь үндсэндээ хуучны хэдэн хорооллоос бусдаар хотын төв ялангуяа Натурын хавцал гээд олон газарт галын байтугай явган хүний стандарт байхгүй. Бөөр бөөрөөрөө нийлсэн олон барилга дунд галын том машин бүү хэл жижгэвтэр хоёр машин ч зөрөлдөхөд хэцүү байдаг. Мэргэжлийн хэллэгээр бол галын машин эргэх зай, аврах ажиллагааны коридор гэж зүйл манай хотод бараг үлдээгүй гэхэд болно. Тэгэхээр муу амлаж байгаа юм биш. Хонгконгийн галаас сургамж авч галын хор, аюулгүй байдал, өндөр барилгын стандарт нормоо эргэн харах цаг болжээ. Өнөөдрийн 20 давхрын гал унтарна. Харин маргааш 30 эсвэл 40 давхар барилгад ижил нөхцөл үүсвэл бид зөвхөн шатны өндөр ярьсаар байх уу, эсвэл барилгын норм, хот төлөвлөлт, галын инженерчлэлийн бодлогоо илүү нухацтай авч үзэх үү. Шил дараалан баригдаж байгаа шилэн фасадтай гоё барилгуудын хэд нь галын аюулгүй байдал, стандарт нормыг хангасан байдаг вэ. Хотын барилгын стандарт нормыг хангах үүрэгтэй Ерөнхий архитектур нь АТГ-д шалгагдаж байгаа цөвүүн цагт бид хэнээс энэ асуултын хариултыг нэхэх вэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 102 (7844)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn