“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзоригтой шүүгч нарын сахилга хариуцлага, ёс зүйн зөрчлийн асуудлыг хэрхэн шийвэрлэж байгаа талаар ярилцлаа.
-Шүүх гэж байгаа л бол хажууд нь сахилга хариуцлага гэж байх ёстой гэдэг ойлголт Чингис хааны үеийн Их засаг хуульд ч байсан.
1992 онд Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд Шүүхийн тухай хууль батлагдсан юм. Тухайн хуулиар бол шүүх бүрт дотоодод нь 2-3 шүүгчээс бүрдсэн орон тооны бус Сахилгын хороо байдаг. Гомдол ирсэн тохиолдол энэ сахилгын хороо нь хуралдаад сахилгын асуудлыг шийдчихдэг байсан. Одоогийн төрийн байгууллагад байдаг зарчмаар Ёс зүйн дэд хороо хариуцаад, зөрчил гаргасан ажилтанд дүгнэлт гаргаад явдаг шиг бүтэцтэй гэсэн үг. Харин 2012 онд Шүүхийн тухай багц хууль батлагдахад Ёс зүйн хороо гэдэг ойлголтыг бий болгосон. Ёс зүйн дүрмийг батлаад хэм хэмжээг нь зааж өгсөн. Ёс зүйн хороо тодорхой мэргэжлийн хүмүүс, орон тооны бус хэлбэрээр бүрдсэн. Энэ Ёс зүйн хорооны Ажлын алба нь ШЕЗ-н Ажлын албаны харьяанд ажилладаг байсан. Үндсэндээ 2021 он хүртэл ийм зохицуулалттай явсан. Тухайн үед Ёс зүйн хороо эхэлж хэлэлцээд тэндээс гарсан шийдвэрийг буруу гэж үзвэл дараа дараагийн шатанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол хэлэлцдэг зохицуулалттай байв. 2013-2021 оны хооронд Ёс зүйн хороо гэсэн бүтэц ажиллаж байсан ч тун цөөхөн буюу хоёроос гурван шүүгчид л эцэслэн хариуцлага тооцсон байдаг. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Сахилгын хороо байгуулан ажиллана гээд заачихсан. Үүний хүрээнд 2021 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулсан. Энд зааснаар Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнээс бүрдэнэ. Үүний тав нь УИХ-ын нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдож, дөрөв нь нийт шүүгч нарын сонгуулиар сонгогддог. Тэгэхээр дөрвөн гишүүн бол нийт шүүгч нарын итгэлийг хүлээсэн, олонхийн санал авсан гишүүд байна гэсэн үг. УИХ-ын нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдох гишүүдийн хувьд ч мөн адил шат шатны шалгаруулалтыг давж, олон удаа хэлэлцэгдэж байж энэ албан тушаалд томилогддог. Энэ утгаараа Сахилгын хорооны гишүүнийг нийт шүүгчдийн сонгуулиар гарч ирж байгаа нь шударга гэж боддог. Ер нь салбарын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй байж нийт шүүгчдийн саналыг авна. Их хурлаас томилогдоход ч мөн адил нэг даргын гарын үсгийн томилгоо биш олон шатлалттай сонгон шалгаруулалт давж эцэст нь УИХ-н чуулганаар хэлэлцэн тогтоолоор томилогддог.
Монгол Улсад анхан болон давж заалдах, хяналтын гэсэн гурван шатны шүүх байгаатай адил сахилгын хэрэг маргаан ч мөн гурван шатаар шийдэгдэж байгаа. Үндсэндээ эхний хоёр шатыг Сахилгын хороо хариуцан ажиллаж байна. Анхан шатны хуралдаан шүүгч бус хоёр, шүүгч нэг гэсэн гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргана. Дараагийнх нь шатанд хоёр шүүгч, нэг шүүгч бус гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. Түүний дараа хэргийн оролцогчид хуралдаан тов мэдэгдээгүй, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад эрхийг нь эдлүүлээгүй гэх 2 үндэслэлээр Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
-Шүүхийн сахилгын хороо байгуулагдсанаас хойшхи дөрвөн жил гаруйн хугацаанд 1596 өргөдөл, мэдээлэл ирсэн байна. Үүнээс 49 шүүгчид 65 төрлийн сахилгын шийтгэл оногдуулсан байна. Шүүгч нарт холбогдуулан ирүүлж байгаа гомдол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50,51.1,52,53 дугаар зүйлд заасан шүүгчид ХОРИГЛОСОН, ХЯЗГААРЛАСАН, ҮҮРЭГ БОЛГОСОН зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд шүүхийн сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргаж болно гэсний дагуу гаргадаг. Энэ хуулийн 50 дугаар зүйлийн 1.1 дэх заалт буюу “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэдэг үндэслэлээр өргөдөл мэдээлэл илүү их ирдэг. Өөрөөр хэлбэл, шүүгч нарт оногдуулж байгаа шийтгэл ч энэ үндэслэлээр ихэнх нь гардаг.
50.1.1-ээс гадна дараагийн их холбогдож байгаа нэг зөрчил бол 50.1.23 гэсэн заалтад хамаардаг. “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн заалт. Маш тодорхой хуулийн заалтыг зөрчих юм бол сахилгын зөрчил гэж үзнэ. Жишээ нь шүүгч хуралдаанаас гаргасан шийдвэрээ 14 хоногт багтаан албажуулах ёстой байтал 30 хоногийн дараа албажууллаа гэж бодъё. Хуульд 14 хоног гээд маш тодорхой заачихсан учир дээрх заалтыг илт зөрчиж байгаа хэлбэр юм. Мөн шүүгдэгч шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцоно гэхэд оролцуулаагүй байх зэргээр хуулийн иймэрхүү тодорхой заалтыг ноцтойгоор, эсвэл удаа дараа зөрчих нь цөөнгүй, иймэрхүү тохиолдолд сахилгын шийтгэл хүлээнэ.
Шүүхийн Сахилгын хороо таван төрлийн шийтгэл оногдуулдаг: 1. хаалттай сануулах, 2. нээлттэй сануулах, 3. цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, 4. шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, 5. огцруулах гэсэн. Эхний 3 шийтгэл бол төрийн албан хаагч нарт нийтлэгээр оногдуулдаг хариуцлага байгаа. Харин дараагийнх нь 2 нь онцлоготой сургалтад суулгах шийтгэлийн хувьд тухайн шүүгчийн гаргасан зөрчлөөс хамаарна. Шүүгч ямар зөрчил гаргасан эсвэл хууль хэрэглээний аль чиглэлийн мэдлэгээ сайжруулах шаардлагатай байна тэр чиглэлийнх нь сургалтад суулгахаар Шүүхийн академи руу шилжүүлж, зөвхөн тухайн шүүгчид мэдлэг олгох тухайлсан хөтөлбөр бүхий сургалтад хамруулна. Хамгийн сүүлийн шатны хариуцлага бол шүүгчийг огцруулах. Өмнө нь зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийг томилж чөлөөлж, огцруулдаг байсан бол 2021 оноос Сахилгын хороо шууд огцруулах шийдвэр гаргадаг болсон. Өөрөөр хэлбэл ихэнхдээ албан тушаалтныг томилсон этгээд нь чөлөөлж, огцруулдаг бол шүүгчийн хувьд ноцтой сахилгын том алдаа гаргавал Сахилгын хороо огцруулдаг болсон.
Манайд жилд 330 гаруй гомдол мэдээлэл ирж байгаагийн дунджаар 40 гаруй хувь нь сахилгын хэрэг болж цааш шалгагдаж байна. Бусад 50 гаруй хувь нь анхнаасаа сахилгын хэрэг биш байдаг. Ер нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай нь холбоотой гомдлууд буюу ихэнхдээ хэргээ буруу шийдсэн гэсэн гомдол ирдэг. Хэргээ буруу шийдсэн гэж үзвэл хуульд заасны дагуу дараа дараагийн шатны шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлүүлэх ёстой болно. Энэ төрлийн гомдол Сахилгын хороогоор биш хуульд заасны дагуу эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдэгдэнэ. Үүнийг иргэд төдийлөн ялгаж салгаж ойлгодоггүй. Шүүхийн шийдвэртэй холбоотой гомдлоо ёс зүй, сахилга хариуцлага, ажил мэргэжлийн алдаатай андуурч гомдол гаргах нь түгээмэл.
Иргэдээс ирсэн өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгээд холбогдох нотлох баримтууд цуглуулаад, гэрчийн мэдүүлэг аваад шалгахад хэрэг биш болох нь ч их байна. Ингээд үзэхээр нийт 330 гаруй гомдлоос 2025 онд 19 шүүгч нь сахилгын шийтгэл хүлээсэн. Нөгөө талд гомдол бүр зөрчил байдаггүй. Эргээд шүүгч нар ажлаа зөв хийгээд, хуулиа хэрэгжүүлсэн байхад эсрэг талд гарсан шийдвэрт гомдоод манайд хандах тохиолдол их. Тэгэхээр Сахилгын хороо шалгаад хэрэгсэхгүй болгож байгаагаараа шүүгчийн нэр хүндийг хамгаалаад авч үлдэж чаддаг. Ер нь сэтгэлийн хөөрлөөр, албаар харлуулах гэсэн зорилготой гомдлууд ч их ирдэг. Тэгэхээр Сахилгын хороо гэдэг зөвхөн шийтгэл оногдуулдаг байгууллага биш, үнэхээр сахилгын зөрчил биш бол шүүгчдийнхээ нэр хүндийг хамгаалж чаддаг газар.
-Сахилгын хорооны үйл ажиллагаа хэрхэн явагддаг нь олон улсын практикаар ч ил тод байдаг. Бид Сахилгын хорооны цахим хуудсаар холбогдох мэдээллээ байнга өгдөг. Хэзээ, хаана ямар хурлууд болох тухай нийтэд ил тод мэдээлдэг, мөн хурлаас гарсан шийдвэр, тухайн шийдвэрийг хэрхэн биелүүлж байгаа гээд бүх мэдээллийг авч болно. Хуулиараа хүчин төгөлдөр болсон шийдвэрийг цахим хуудастаа 21 хоногийн дотор эх хувиар нь тавих үүрэгтэй. Мөн шийтгэл оногдуулсан шийдвэрүүдийг нэгтгээд эмхэтгэл болгон гаргалаа. Мөн сахилгын хороонд өргөдөл мэдээлэл хэрхэн гаргах, гомдол гаргасны дараах процесс болон сүүлийн үеийн статистик гээд гурван цуврал видео контент бэлтгэж олон нийтэд түгээж байна. Энэ мэтээр өөрсдийнхөө хувьд мэдээллийг аль болох ил тод байлгахыг хичээж байна. Нөгөө талаас хүмүүс мэдэхгүйдээ ч тэр үү тэр болгон Шүүхийн сахилгын хороонд хандахгүй байна. Шүүхийн сахилгын хороог үйлдвэр гэж үзэх юм бол тухайн үйлдвэрийн түүхий эд нь иргэдийн өргөдөл мэдээлэл, бүтээгдэхүүн нь сахилгын шийтгэл эсвэл хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр. Тэгэхээр манайд иргэд өргөдөл мэдээллээ сайн өгч байж шүүгч нарын сахилга, хариуцлага, ёс зүйн асуудлууд тэр хэрээр илүү их шийдэгдэнэ.
Гомдол гаргахдаа утсаар залгах, цахим порталаар, эсвэл имэйлээр холбогдож болно. Хуульд өргөдөл мэдээлэл гаргагч тодорхой байх ёстой гэж заадаг учраас цахимаар хандаж байгаа тохиолдолд ДАН системээр баталгаажуулдаг. Гэхдээ нэрээ нууцлаад аюулгүй байдлаа хамгаалаад бидэнд өргөдөл, мэдээлэл имэйлээр илгээж болно. Манайд ирүүлсэн хэд хэдэн өргөдөл, мэдээлэл иргэд нэрээ нууцалж гомдол мэдүүлээд түүнийг нь сахилгын хорооны ажлын албаны албан тушаалтан өөрсдийн нэрээр мэдээлэл болгон өгч шийдвэр гаргуулсан тохиолдол байна. Хуульд хүн, албан тушаалтан болон хуулийн этгээд өргөдөл мэдээлэл гаргах боломжтой гэж заасан байдаг.
Ирүүлсэн өргөдөл мэдээллийг гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн байгууллагад, авлига, албан тушаалын шинжтэй бол АТГ-д шилжүүлнэ. Тэгэхээр ямар нэгэн сувгаар хандах боломжтой. Гэхдээ иргэд гомдол мэдээлэхгүй байна гээд хараад суудаггүй.
Олон нийтийн сүлжээгээр цахим орчинд шүүгчтэй холбоотой сахилгын зөрчил байж болзошгүй тохиолдол гараад байвал Ажлын албаны ажилтны нэрээр мэдээлэл Сахилгын хороондоо гаргаад шийдвэрлүүлэхээр журамласан.
-Одоогийн байдлаар нийтдээ 12 шүүгчийг огцруулсан. Сахилгын хорооны шийдвэрээр огцруулсан нь зургаан тохиолдол байна. Үүнээс гадна гэмт хэрэгт холбогдоод тэр нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон тул Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөнөөр хэлэлцэн огцруулсан зургаа гээд нийт 12 тохиолдол гарсан байна.
Өмнө хэлсэнчлэн Шүүхийн сахилгын хороо байгуулагдахаас өмнө зөрчил мэдээлэл болон хариуцлага тооцож байгаа тоо харьцангуй бага байсантай холбоотойгоор шүүх өөрсдөө өөрсдийгөө хамгаалж үлддэг үү гэдэг асуудлууд яригдаж эхэлсэн. Шүүхийн сахилгын хороо байгуулагдаад ажиллаж эхлэхэд бүртгэгдэж байгаа сахилгын шийтгэлийн тоотой харьцуулахад маш бага байсан нь ч нэг талаар ийм хардлагыг ттөрүүлж байгаа юм. Харин одоо хэлэлцэгдэж байгаа зөрчлийн тоо ч нэмэгдсэн, энэ тоог олон улстай харьцуулахад ч өндөртөө орно. Канад улс гэхэд жилдээ хоёроос гурван шүүгчид л арга хэмжээ авдаг. Гэтэл манайд 20 орчим гэж яригдаж байна. Энэ бол улсын хөгжил, эрх зүйн хөгжил, хувь хүмүүсийн хандлага, зан төлөв, эдийн засагтай холбоотой байх. Мэдээж зүгээр байгаа шүүгч нарт хариуцлага тооцохгүй. Тэгэхээр шүүгч нартай холбоотой асуудал ч нэлээд байгааг харуулж байна.
-Аль ч улсад шүүгч хүн бол хуульчдын ноён оргил гэж үздэг. Тийм учраас цалин хангамж, нийгмийн баталгаа өндөр байж ажиллана. Гэтэл цалин хөлсний асуудлаас болоод ч юм уу маш сайн чадвартай олон жилийн туршлагатай хуульч нарын зарим нь шүүгчийн сонгон шалгаруулалтад ордоггүй. Шүүгч болсны дараа эрдэм шинжилгээний ажил хийх, багшлахаас өөрөөр ажиллах боломжгүй учраас орлого нь хягзаарлагдана гэж үзээд шилдэг мундаг хуульч нар шалгалт өгдөггүй. Тэр хэрээр шүүгчийн сонгон шалгаруулалтын босгыг цөөн хуульчид давж шүүгчийн дутагдал үргэлжилж нэг шүүгчид ногдох хэргийн тоо их ачаалал их хэвээр үргэлжилж байна. Олон нийтийн хувьд шүүгч нар хамгийн өндөр цалинтай гэсэн ойлголт байдаг. Гэхдээ яг үнэндээ тийм өндөрт орохгүй. Үндсэн цалин өндөр боловч нэмэгдлүүдтэйгээ нийлэхээр гар дээр авч буй орлого нь бусад тусгай албаны ажилтнуудынхтай харьцуулахад дундаж болсон.
Шүүхэд итгэх иргэдийн итгэл бол ардчиллын амин сүнс. Иргэд итгэж байж л шүүх жинхэнэ утгаар ажиллана. Шүүхэд итгэхээ боливол эмх замбараагүй байдал бий болно. Тэгэхээр иргэдийн итгэл гэдэг хамгийн чухал. Манай байгууллагын алсын хараа бол “..сахилга, ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бүрдүүлнэ” гэсэн байдаг. Эрхэм зорилго нь “...шүүн таслах чиг үүргээ шударгаар, хараат бусаар хэрэгжүүлдэг шударга, ёс зүйтэй хариуцлагатай шүүгчийг төлөвшүүлнэ” гэж заасан. Сахилга ёс зүйтэй сайн шүүгч нарыг бэлтгэж, сайн шүүхтэй ирээдүйг бий болгохоор зорьж байгаа юм. Ер нь Сахилгын хороо гэдэг байгууллага иргэд, сэтгүүлчид иргэний нийгмийнхэн мэддэг байгаасай. Ямар нэг байдлаар шүүгч алдаа гаргасан, зөрчил гэж үзвэл өргөдөл мэдээллээ манай байгууллагад өгдөг байгаасай. Шүүхийн сахилгын хороо шалгаад шийдвэрээр гаргачихна. Энэ л манай байгууллага байгуулагдсаны гол ач холбогдол, зорилго юм. Сахилгын хороонд ямар ч хэлбэрээр өрөгдөл мэдээлэл гаргаж болно. Бичгээр : Манай хаягаар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж 18,
Утсаар: 77113838 -/1/, Цахимаар: www.contact.judiscom.mn, info@judiscom.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 69 (7811)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn