Базарбямбын НЯМСҮРЭН

Улс төрийн албаны тоймч Б.Нямсүрэн. МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, АНУ-ын Stratford university-н Олон улсын бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг тус тус төгссөн.

"Зууны мэдээ" сонинд найм дахь жилдээ ажиллаж байна.

Нийгэм, улс төр, олон улсын чиглэлээр голлон бичдэг.

Хөрөг унших, баримтат нэвтрүүлэг үзэх дуртай.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн. МСНЭ-ийн "Ган үзэг" шагналтай.

Б.Агнууш: Нийгмийн бизнес бол трэнд биш, амьд үлдэх шийдэл

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад Монголын Сошиал Энтерпрайзын холбоог үүсгэн байгуулагч, нийгмийн энтерпренёр Б.Агнууштай уулзаж, нийгмийн бизнес гэж юу болох, цаашид энэ салбар өргөжих боломж нөхцөлийн талаар ярилцлаа.

 

Алсын хараа үнэт зүйлдээ хөрөнгө оруулдагаараа үнэ цэнтэй

 


Блиц:

Боловсрол:

• Раффлес олон улсын институт, Бизнес Санхүү, Бакалавр, 2014

• Москвагийн Их Сургууль, Сэтгүүл зүйн сургууль, фото сурвалжлагын тэнхим, 2020

• Родченко урлагийн сургууль, Баримтат гэрэл зургийн анги, 2020

Ажлын туршлага:

• Монголын Сошиал энтерпрайзуудын холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

• impact LAB, “Тойрог”, “Шкаф”, “Retoirog” төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч

•  Тогтвортой хэрэглээ, ахин загварчлал (upcycling), залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр нийгмийн бизнесийн загвар хэрэгжүүлж буй. Залуучуудын хаб, дизайнеруудын хамтын ажиллагааны орон зай бүрдүүлэгч, импакт төвтэй бизнесийн экосистем хөгжүүлэхээр ажиллаж байгаа.


-Монголд “сошиал энтерпрайз” буюу нийгмийн бизнес гэх ойлголт шинэ мэт боловч дэлхийд аль хэдийнэ бодлогын түвшинд дэмжигдэж, тогтолцооны шийдэл болж хөгжсөн загвар юм. Сошиал энтерпрайз-ийг үгчилж ойлгох юм бол нийгмийн бизнес гэж орчуулж болно. Нийгмийн бизнес гэхээр мэдээж ашгийн төлөө, зах зээлд бүтээгдэхүүн гаргаж санал болгож борлуулалт хийнэ. Түүгээрээ өөрөө өөрийнхөө санхүүгийн тогтвортой байдлыг авч явна. Нийгмийн гэдэг утга агуулга яагаад байна вэ гэхээр тухайн бизнесийн алсын хараа, үнэт зүйл нь нийгмийн эрх ашгийн төлөө байна гэдгээрээ ялгаатай.

Анхнаасаа энэ зорилгын төлөө үүсгэн байгуулагдсан, алсын хараа нь ийм учраас түүнийхээ төлөө үйл ажиллагаа явуулж, олсон орлогынхоо тодорхой хувийг эргээд тухайн нийгмийн асуудлыг шийдэхэд хөрөнгөө ахин зарцуулдаг. Тэгэхээр ТББ шиг алсын хараа, үнэт зүйлтэй мөртлөө бизнес загварыг ашиглаад илүү өндөр нөлөөллийг урт хугацаандаа бий болгодог хосолсон хэлбэр гэж ойлгож болно. Монголд ТББ-ууд ихэвчлэн грант, хандаивлагчдаас хамааралтай байсаар ирсэн. Ялангуяа 2025 онд USAID хаагдсанаас болоод Монголд бараг 70 хувийн санхүүжилт зогсчихсон. Өөрөөр хэлбэл, Монголын иргэний нийгмийн байгууллагууд олон жилийн турш грант, донорын санхүүжилтэд тулгуурлан ажилласан болохоор тодорхой хугацаанд үр дүнтэй байсан ч санхүүжилтийн урсгал хумигдах үед тухайн байгууллагуудын оршин тогтнох чадвар, нийгэмд үзүүлэх нөлөөлөл шууд буурдаг эмзэг бүтцийг бий болгосныг бид харж байна. Гэтэл нөгөө талд уламжлалт бизнесийн зах зээл бол ашиг л ярьдаг. Хөрөнгө оруулагч нар хэдэн жилийн дараа би энэ мөнгөө хэд дахин үржүүлж эргүүлж авах юм бэ гэж л асуудаг. Тэд ашгийн хувиасаа алсын хараандаа зориулдаггүй. Бизнесийн үйл ажиллагаа нь нийгмийн бодит асуудалтай хэрхэн огтлолцож байгаа, ямар эерэг нөлөөлөл үүсгэж байгаа зэрэг нь харьцангуй сул хэвээр байна. Энэ хоёр орон зайн дунд “гибрид” буюу нийгмийн бизнесийн загвар гарч ирэх бодит шаардлага үүссэн нь сошиал энтерпрайз юм.

 Тэгэхээр ТББ-ын орон зайгаас өөрсдийнхөө санхүүжилтийг тогтвортой байлгах модель руу шилжих хэрэгцээ үүсчихсэн. Нөгөө талдаа бизнесүүдээс нийгэмд ээлтэй зүйл хийж байгаа, импакт нь юу юм гэдэг талыг нь хайдаг залуу хэрэглэгч нар маш их болж байгаа. Тиймээс бизнесүүдийн талаас тэр талын юмаа хөгжүүлэх хэрэгцээ бас үүсчихсэн. Ер нь бол яг нэг ийм шилжилтийн үе яг одоо явагдаж байна гэж би хувьдаа харж байгаа. Товчхондоо бол ТББ-уудын гол сорилт нь санхүүгийн тогтвортой байдал бол бизнесүүдийн гол сорилт нь нийгмийн үнэ цэнийг системтэй шингээх. Тэгэхээр нийгмийн бизнес энэ хоёрын огтлолцол дээр бий болж байгаа юм. Ингэж аль аль талаа нөхсөн байдлаар урт хугацаанд тогтвортой байж чадвал нийгмийн асуудлыг “төслийн хугацаагаар” биш, тогтолцооны түвшинд шийдэх боломжтой.

 

“Тойрог” хуучин хувцасны шинэ хандлагыг өөрчилсөн

-Монголд хуучин хувцасны зах зээл 30 орчим жил оршин тогтнож ирсэн маш том зах зээл. Гэвч түүнийг ихэвчлэн “ядуу хүмүүсийн хэрэглээ” гэх хандлагаар харж ирсэн нь нууц биш. Би баримтат гэрэл зурагчин мэргэжилтэй. Гадаадад амьдарч байгаад Ковидын үед Монголд ирэх болоод ер нь хуучин хувцсыг яагаад трэнд болгож болохгүй вэ гэж бодсон. Ингээд “Тойрог” гэдэг хуучин хувцасны дэлгүүрээ нээж байлаа. Ингэхдээ ер нь хуучин хувцасны соёлыг түгээн дэлгэрүүлье, залуучуудын дунд хуучин хувцсыг күүл болгочихъё гэж зорьсон. Энэ нь алсын хараа талаас нь харвал хуучин хувцас бол тогтвортой хэрэглээ, байгальд ээлтэй сонголт, хуваалцах эдийн засгийн нэг хэлбэр юм. Ингээд таван жилийн турш явсан, яалт ч үгүй маш олон трифт шопууд нээгдээд эхэлчихсэн. Онлайн болон биет дэлгүүрүүд байгуулагдаад залуучууд өөрсдөө хэрэглэдэг, нээдэг, энэ соёлыг дэлгэрүүлдэг болчихсон. Манай нэг дүү над дээр ирээд эгчээ, дүү нь трифт шоп нээгээд байр авсан гэж хэлэхэд би маш их баярлаж байлаа. Энэ бол нийгмийн импакт буюу нөлөөлөл. 30 жилд байсаар байсан хуучин хувцасны зах зээлийг яаж трэнд болгосон бэ гэхээр бидний ялгарсан гол зүйл бол олсон цэвэр ашгаасаа эргүүлээд нөгөө соёлоо түгээхийн тулд хөрөнгө оруулалт хийгээд байсан. Жишээ нь хуучин хувцсыг задлаад ахин загварчлаад гоё дизайнтай болгочихож болж байна. Бид дизайнеруудыг цуглуулаад “Hub” байгуулаад тэрийгээ санхүүжүүлдэг ч юм уу. Тэгэнгүүт дизайнерийн мэргэжлээр сурч байгаа оюутан хүүхдүүд хүрч ирээд туршлага хуримтлуулаад тэгээд тэр upcycling гэдэг цоо шинэ ахин загварчилсан хувцасны соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил “Тойрог” дээр нэмэлт болж орж ирдэг ч юм уу. Ингээд өөрөө өрсдөө цаашдаа юу хийх гэдэг шинэ санаачилгуудаа гаргаад хөгжүүлээд ирсэн. “Тойрог” өнөөдрийг болтол таван жил болоход би нэг ч удаа илүү цалин авч, ашгаасаа цааш нь хийсэнгүй. Нөгөө л хуучин хувцсаа түгээн дэлгэрүүлэх, күүл болгох, янз янзын тэмцээн уралдаан зохион байгуулах залуучуудыг урамшуулах гэх мэтээр эргээд дараа дараагийн ажлаа санхүүжүүлдэг. Манай дээр 13-аас 22 насны хүүхдүүд ирдэг, зарим нь сургалтын төлбөрөө ч төлж байна. Бидний оршин тогтноод байгаа гол агуулга нь ерөөсөө залуучууд. Бараг 50 гаруй залуучуудаас бүрдэж байна. Тэгэхээр энэ чинь өөрөө нөгөө залуучуудын хөгжлийн бас нэг хөтөлбөр болчихож байгаа юм. Мөн таван жилийн хугацаанд зээл авалгүй, дампууралгүй, өөрийгөө санхүүжүүлэн ажилласан нь нийгмийн бизнес Монголд ажиллах боломжтойг харуулсан бодит кейс юм.

 

“Яаж амьд үлдэх вэ” гэдэг асуулт нийгмийн бизнесийн хэрэгцээг илүү тодорхой болгосон

 

-Өнөөдөр хэрэглэгчийн сонголт ихэнхдээ үнэ дээр төвлөрдөг. Нийгмийн нөлөөлөл, орлогын хуваарилалт, байгаль орчинд үзүүлж байгаа үр дагавар үэрэг асуудлууд системтэй хэмжигдэж, ойлгогдож чадаагүй нөхцөлд байна.

Жишээлбэл, нэг лангуун дээр бизнесийн байгууллагын оруулж ирж буй ашиг хийж байгаа 6,000 төгрөгийн саван, нөгөө талд нь өрх толгойлсон эмэгтэйн гэртээ үйлдвэрлэж байгаа 8,000 төгрөгийн саван байлаа гэж бодъё. Хэрэв 8,000 төгрөгийн саван нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийн орлогыг дэмжиж буйг хэрэглэгч мэдэхгүй бол хямдыг нь сонгох хандлагатай. Гэтэл тэр нэг саван борлуулах процессоос өрх толгойлсон ганц бие ээж нар өөрсдийн санхүүгийн тогтвортой байдлаа хангаад авчихаж байна. Энэ нь өөрөө аймаар том нийгмийн асуудлыг шийдэж байгаа процесс юм. Тэгэхээр асуудал хэрэглэгчид “муу” байгаадаа биш. Харин бухайн байгууллагын үнэ цэн үнэт зүйлийг нь нийгэмд таниулах процесс нь байхгүй, маркетинг байхгүй байгаагаас хэрэглэгчид мэдэхгүй байна. Зарим талаар өөрсдөө нийгэмд хэрэгтэй гоё юм хийж байгаа гэдгээ ч мэдэхгүй байгууллагууд ч маш их байна. Өөрөөр хэлбэл, байгууллагууд нөлөөллөө хэмжиж, ил тод тайлагнах чадвар сул, зах зээл импактыг ялгаж таних механизмгүй, медиа, бодлого, стандартын түвшинд ангилал тодорхой бус байгаагаас болж байгаа юм. Тэгэхээр бид нарын гол ажил бол ерөөсөө тэр байгууллагуудыг ялгадаг болгох, өөр зах зээл үүсгэх, тухайн байгууллагуудыг ойлгодог, үнэлдэг, хэрэглэдэг, худалдан авдаг хэрэглэгчдийг нь бэлдэх тэгээд хөрөнгө оруулагч нарыг нь холбож өгөх, тухайн байгууллагуудаа чадавхжуулах, стандартжуулах гээд олон ажил байна. Яг ямар байгууллагыг энтерпрайз гэх юм гэдэг стандартыг бий болгож чадах юм бол бид Монгол дотроо цоо шинэ зах зээлийг бүтээх боломжтой.

Ковидын дараа бизнес болон иргэний нийгмийн аль алинд нь нэг асуулт бодитоор гарч ирсэн нь цаашид ийм пандемик болоход бид яаж тогтвортой, “амьд үлдэх вэ” гэдэг асуулт. Энэ асуулт сошиал энтерпрайзын хэрэгцээг илүү тодорхой болгосон гэж хэлж ч болно. Мөн нөгөө талаар залуу үеийн хандлага ч өөрчлөгдөж байна. Тэд аливаа зүйлийг харахдаа шууд ашиг гэдгээр бус ямар үнэ цэн бүтээж байгаа вэ, миний сонголт нийгэмд ямар нөлөө үзүүлж байна вэгэдэг өнцгөөр асуудалд ханддаг болсон. Тиймээс ч Монголд сошиал энтерпрайз хөгжих хөрс суурь хангалттай байна гэж харж байгаа. Энэ утгаараа цаашид хийж байгаа ажлаа улам өргөжүүлж бид экосистемийн түвшинд хийхийг зорьж байна. Мэдээж экосистемийн талаас харахад олон асуудал байгаа, амаргүй. Нөлөөллийн экосистемийн шийдлээ бид “Impact Lab” гэж харж байгаа. “Impact Lab”бий болгохын тулд хоёр жилийн өмнө Монголын сошиал энтерпрайзуудын холбоо байгуулсан. “Impact Lab” гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр нь нөлөөллөө хэмжих аргачлалыг хөгжүүлэх, байгууллагуудаа чадавхжуулах, томоохон бизнес, корпорацуудтай стратегийн холболт хийх, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, нэг цэгийн импакт орон зай бүрдүүлэх гээд илүү өргөн хүрээгээр харж зорьж байна. Товчхондоо бол яг одоогийн нөхцөл байдалд “Сошиал энтерпрайз” гэхээс илүү нөлөөлөл гэдэг асуудалд илүү төвлөрч, экосистемийнхээ суурь хөрсийг бэлдэж байгаа хэрэг. Энэ ойлголтоор бизнес, ТББ, олон нийтийг нэгтгэх стратеги барьж байна гэж хэлж болно.

Яагаад энэ чухал вэ гэж хэлэхэд, зарим корпораци компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд нэг удаагийн арга хэмжээ, хандивын төсөл хэрэгжүүлдэг. Гэвч урт хугацааны нөлөөлөл үүсгэхэд стратегийн хамтын ажиллагаа шаардлагатай.

ESG тайлан, тогтвортой байдлын шалгуур нэмэгдэж буй өнөө үед импактыг анхаарч, хамтарч ажиллах нь зөвхөн ёс зүйн бус, бизнесийн ач холбогдолтой болж байна. Мөн нөгөө талд нийгмийн бизнесүүд корпорацуудын ханган нийлүүлэлтийн сүлжээнд орсноор тогтвортой мөнгөн урсгал, санхүүжилттэй болох боломжтой. Ингээд хоёр талаасаа бизнес нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоо импакт лаб-д даатгаад, нийгмийн бизнест төвлөрч чадвал нийгмийн асуудал тогтвортой шийдэгдэнэ. Бизнесийн нэр хүнд, стратегийн үнэ цэнэ өснө. Нөгөө талд энэ босгож байгаа нийгмийн бизнесийн экосистем маань тэр хэрээрэ өргөжиж өөрөө тэлнэ.

 

Асуудал бол боломж юм

 

-Дэлхийд нийгмийн бизнес үүсээд 20 гаруй жил болж байгаа. Ялангуяа гадны орнуудад төр нь өөрсдийн хийж чадахгүй, амжихгүй байгаа нийгмийн ажлуудаа хийх гол хүч гэж хардаг, тэр утгаараа маш сайн дэмждэг. Сингапурт гэхэд төр нь асуудлуудыг шийдэх хамгийн супер хэрэгсэл гэж хараад сошиал энтерпрайзуудад зориулсан хөнгөлөлттэй зээл, грантын мөнгийг банкуудаар дамжуулаад олгочихдог юм байна. Сошиал энтерпрайз нь урт хугацаанд тогтвортой өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой учраас нэг удаагийн зээл, грант авахад цаашид санхүүжилтээ өөрсдөө аваад явчихна. Төр яагаад хамгийн супер хэрэгсэл гэж хараад байна гэхээр сошиал энтерпрайзууд нь эдийн засгийн өсөлтөө ч авчирчихна, хөдөлмөр эрхлэлтээ ч хангачихна, мөн хөдөлмөр эрхлэлт дотор нь нөгөө нийгмийн эмзэг бүлэг даунтай, аутизмтай гээд хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүсээ ч ажиллуулж дэмчихдэг. Мөн дээрээс нь бүтээгдэхүүн нь ч нийгмийнхээ төлөө байна. Алсын хараа нь нийгмийнхээ төлөө учраас цэвэр ашгаасаа нийгэмд хэрэгтэй нөлөөлөл бий болгоод байгаа байхгүй юу. Ийм хэрэгтэй “амьтад” үүсээд байгаа учраас энэ чинь том агуулгаараа харах юм бол бизнесээсээ ч илүү төрд хэрэгтэй, ашигтай болж таарж байгаа. Зарим улсад бүр нийгмийн бизнес нь маш сайн хөгжсөн учраас хийх ажил ч олдохгүй болчихсон байх жишээтэй. Гэтэл Монголд нийгмийн бизнес хөгжих маш том давуу тал байгаа нь бид хаашаа ч харсан шийдэх боломжтой асуудлууд байна. Манай эдийн засаг бол маш өвөрмөц. Асуудал бэрхшээл гэдэг бол сул тал биш. Харин шийдэл турших, шинэ загвар бүтээх боломжийн хөрс юм. Ер нь хувь хүн ч бай бизнес ч бай бид бүгдээрээ л нийгэмдээ эерэг нөлөөлөл бүтээхийг хүсдэг. Гагцхүү “яаж” гэдгээ тэр болгон мэддэггүй. Тус тусдаа бодоод тус тусдаа гацчихдаг.Компаниуд мөнгөтэй байлаа ч нийгэмд нөлөөлөх нийгмийн ажлаа яаж хийх аргаа тэр бүр мэддэггүй. Тэгвэл энийг системтэй холбож, ойлгуулж, хэмжиж, стандартжуулах юм бол асуудлууд ар араасаа аяндаа шийдэгдээд явах боломжтой байдаг. Тэгэхээр үүнийг нь хүн болгонд ойлгомжтой байлгахын тулд импакт гэдэг үг дээр нь илүү төвлөрч байна. “Чи импакт бүтээхийг хүсдэг үү? Окэй, ороод ир, “Чи импакт бүтээдэг үү? Окэй нэгдээрэй” “Чи импакт хийхийг хүсэж байна уу? Яаж хиймээр байна? Мэдэхгүй байна уу? Тэгвэл заагаад өгье” гэдэг энэ замаар төрийн бус байгууллагуудаа ч, бизнесүүдээ ч татаад Импакт Лаб гэсэн цогц орон зай бий болгоод байгаа юм. Тэндээ хамтарсан хурал, семинар, workshop ч явчихдаг, сургалт ч явчихдаг, эвент ч зохион байгуулагдчихдаг. Ийм нийгмийн харилцааны хаб байгуулаад нэг удаагийн биш аль болох хамтарсан, олон удаагийн тогтмол үйл ажиллагаа хийгээд ирэхээр илүү үр дүнд хүрч чадаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд нийгмийн бизнес гэдэг ашгийг үгүйсгэх тухай биш. Харин ашгийг нийгэмдээ буцаан оруулж, тогтолцооны өөрчлөлт хийх тухай юм. Би гэдгээс илүү “бид” гэсэн нэгэн зорилго, том зорилго бидэнд хэрэгтэй байна. Түүгээрээ нөлөөллөө хэмжиж ч болно. Ингэж импактыг хэмжиж, үнэлж, холбож чадвал нийгмийн бизнес Монголд тренд биш, тогтолцоо болох боломжтой. Бид ч энийг бий болгохын төлөө зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 32 (7774)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn